Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Быковын эмгэнэлт төгсгөлУншсан33,177

Леонид Быков. Энэ хүнийг монголчууд бид сайн мэднэ. Түүний зохиолыг нь бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” хэмээх кино 1980-аад оны үед Монголд гарч олон хүний хайрыг татаж байсан билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Леонид Быков. Энэ хүнийг Монголчууд бид сайн мэднэ. Түүний зохиолыг нь бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” хэмээх кино 1980-аад оны үед Монголд гарч олон хүний хайрыг татаж байсан билээ. Сонирхолтой нь энэ киног Зөвлөлтийн нисэх хүчний нэгэн оргил болох Попковын амьдралаас сэдэвлэн хийсэн, киног бүтээхэд алдарт Покрышкин бүх л талын туслалцаа үзүүлж байсан гэдэг боловч агаарын дайн тулааны тухай нэлээд гэнэн гэмээр, бүр зугаатай ч юм шиг байдлаар гаргасан байдаг нэг дутагдалтай санагддаг юм. Гэхдээ уран сайхны хувьд ёстой ярих юм үгүй биз ээ.

Энэ киноны гол дүр болсон, хөгжилтэй сэргэлэн эрийн төрх байдал бидний сэтгэлд хоногшсон байдаг бол харин Леонид Быков гэдэг хүний бодит амьдрал нь кино дэлгэцнээ харагддаг тэр хөгжилтэй залуугаас ихээхэн өөр, бүр хатуу хэцүү явдлаар дүүрэн байсаар эмгэнэлтэйгээр дууссан гэдэг. Ингээд алдар жүжигчин, найруулагч Леонид Быковын амьдралын тухай.

Эх орны дайн эхэлсэн жил Быковынхон нь Украины Донбассаас дүрвэн Алтай хязгаарын Барнаул хотод ирж гурван жил болжээ. Энд дайны хүнд хэцүү цагийг өнгөрөөсөн нялх хүү амьдралаа хөөн явсан боловч олон жилийн дараа өөрийнхөө хийсэн шинэ киног танилцуулахаар энэ нутагт ирэхдээ шууд л “Нутаг нэгтнүүд минь ээ” хэмээн ярьж эхэлсэн гэдэг. Бараг л нулимс дуслуулан ярьж байхдаа “Би энд есөн жил амьдарч, та нарынхаа буянаар хүн болж. Зарим нь гурван жил гэж маргаж болох ч дайны нэг жил бол гурван жилтэй тэнцэнэ ээ... Энэ цугласан олон дотор Николай Алябьев сууж байгаа. Чухам тэр хүн л бидэнтэй ороо, хоолоо хувааж байж биднийг аварсан юм шүү дээ... Тийм учраас би энэ кинондоо Сибирийн нэгэн байлдагч байх ёстой, тэр байлдагчийн нэр нь чухам Алябьев байх ёстой гэж бодсоор энэ киног хийсэн юм шүү” хэмээн ярьж байжээ. Энэ бол орчин цагийн ямар нэг “пиар” байсангүй. Энэ бол өлсөж, ядарч зовсон хүүгийн сэтгэл зүрхэнд үлдсэн дурсамж байсан юм.

Леонид Быков нь хар багаасаа нисэх хүчин, онгоц сонирхдог, хэзээ нэгэн цагт нисгэгч болно гэж мөрөөддөг байсан боловч дунд сургууль төгсөх үед нь “малгай өмсөөд ч аршин хүрэхгүй” (өөрөө өөрийгөө тодорхойлсон үг. Аршин нь Оросын хэмжүүр-метр орчим урт) нөхрийг тэнд тоож авсангүй. Нэгэнт “анхны хайр” нь бүтэлгүйтсэн учир дараагийн дур сонирхол болох жүжигчний мэргэжлийг сонгон авчээ. Сургууль төгсөөд Харьковын театрын жүжигчин болж дундуур нь цөөнгүй кинонд тоглож байсан нь зарим нөхдөд ихээхэн атаархал төрүүлж байсан боловч жижигхэн эр маань улам бүр өндрийг авсаар. 1961 онд гарсан Алешкины хайр (Алешкина любовь) хэмээх киноны гол дүрд тоглосны дараа энэ хүн Зөвлөлтийн кино урлагийн хамгийн том одуудын тоонд багтжээ. Охид бүсгүйчүүд хоргоох нь эрс ихсэж, дарга цэргүүд ч хундага тулгах дуртай болж эхэллээ. Дараа нь Ленинград хотод очин ажиллаж, жүжиглэж хэдэн жил болсон бөгөөд тэрээр энэ хугацаагаа өөрийн амьдралын хамгийн сайхан цаг үе гэж хэлдэг байсан гэдэг.

Дараа нь...

Дараа нь эхнэрийнх нь бие муудаж, “град”-ын чийгтэй агаар зохихгүй болсон учир  Киев хотод ажиллаж эхэлсэн ч түүнийг хавчиж хяхах, хийж бүтээж байгаа юманд нь саад хийх зэргээр “агаарыг нь хааж“ байсан төдийгүй бүр хэдэн жилийн турш ямар ч кинонд тоглох боломж олгоогүй гэдэг. Ах дүү хамаатан садангаар, найз нөхөд, янз бүрийн бүлэглэлээр дүүрсэн газар ямар юм болдог тэр л газар Быков очиж таарч. Гэсэн ч тэрээр өөрийн хамгийн хайртай бүтээл болсон “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” гэсэн киногоо хийхээр ёстой л уралцан тэмцэлдэж байжээ. Кино зохиолыг нь голж, киноны төсвийг хасч, сонгож авсан жүжигчдийг нь янз бүрээр хольж солих гэж ихээхэн юм болж байсан бөгөөд уг кинонд техникч дүрээр гарах Смирновоос болж маш их хэрүүл гарч байв.

Зөвлөлтийн хошин урлагийн нэртэй жүжигчин, маанагдуу царайтай хүнийг ийм чухал сэдэвтэй кинонд тоглуулах гэлээ гэж өөнтөглөж байх үед Быков Смирновыг эх орны дайнд орж шархдаж явсан, гурван одонт цэрэг эр гэдгийг зарлан байж түүнийгээ кинондоо үлдээж чадсан юм.

А.Смирнов гэдэг хүнийг бид ч бас танина. Тэр бол Гайдайн найруулсан “Шурикын адал явдал” гэдэг инээдмийн  кинонд гардаг танхай нөхөр, Шуриктэй цуг барилгын ажил хийх гэж будилдаг Федя билээ. Энэ хүний амьдрал ч гэсэн бас л зовлонгоор дүүрэн байсаар дууссан гэдэг.

Киноны зураг авч байх үед Покрышкины явуулсан онгоц хэрэгсэл янз бүрийн хаалт сааданд тээглэн гацаж, жүжигчдийг бараг хүчээр солих зэрэг явдал болж байсан ч дуучин, хөгжимчин нисгэгчдийн тухай кино бэлэн болж, 1973 онд урлагийн зөвлөлөөр орох боллоо. Энэ киног шалгах гэж, дарах гэж “цензурын сүхээ ирлэсэн” олон хүн ирсэн бөгөөд кино дуусч гэрэл асах үед Покрышкин нулимсаа арчиж байхыг тэнд байсан бүх хүн харсан гэдэг. Энэ бол яах аргагүй амжилт байлаа. Гэсэн ч Зөвлөлт Украины Соёлын яам киног олон түмэнд үзүүлэлгүй хав дарж эхэлжээ. Үүнийг сонссон Попков өөрөө хөлөө хүрэх газар хүртэл зүтгэн, хэл ам хийж байж киног театруудаар гаргасан бөгөөд зөвхөн анхны жилд л 50 гаруй сая хүн үзсэн байна. Дараа нь кино энд тэндхийн олон шагнал хүртэж, дэлхийн хэмжээний алдартай болсон билээ.

Попков ба Быков

Энэ бүтээлийнхээ дараа "Аты-баты, шли солдаты" хэмээх мөн л дайны үеийн цэрэг эрийн тухай киногоо хийж, төрийн шагнал авч... найр наадмаа хэтрүүлсэн үү, асар их ачааллаа дийлээгүй юу анх удаа зүрхний инфаркт болжээ.

Удалгүй өөрийн хүүгээс болж хоёр дахь удаагаа инфаркт. Хүү нь үл бүтэх нөхөдтэй нийлж үнэт эдлэлийн дэлгүүр ухаж баригдсан учир эцэг нь болсон хойно бүх л арга чаргаа хэрэглэн байж олон жилийн хорих ял авах байсныг нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэхээр өөрчилж чадсан байна.  Эхнэр нь хууч өвчтэй, охин нь эхийн хараа хяналтгүй болсон, хүү нь “сэтгэцийн өвчтэй”... энэ бүхнийг Быковын сэтгэл тэсч чадсан ч зүрх нь тэвчээр алдаж байлаа. Чухам энэ үед тэрээр “Хэрвээ тэр явдал болох юм бол намайг элэгдэж дуусчээ гэж бодоорой” гэсэн үгтэй захидал бичин нэгэн хүнд үхсэн хойно минь задлаарай хэмээн орхисон байна. Удалгүй армид алба хаахаар явсан хүү нь мөн л хүн зодож, шорон оронд орох дээрээ тулж, Быков ч өөрөө хэрэг хийсэн хүн шиг болж, царай зүс алдаж эхэллээ.

Үүнээс хойш гурван жилийн дараа Быков хувийн Газ-24-өөрөө зуслан руугаа явж байх замдаа авто осолд орон нас барсан юм. Бороо орсны дараах хальтиргаатай замд өмнөх машинаа гүйцэж түрүүлэх үед өөдөөс явсан тракторыг мөн гүйцэн урд нь гарч байсан ачааны машины дор зүгээр өөрөө яваад орчихсон гэдэг. Гэхдээ тэрээр эцсээ хүртэл тормосоо гишгэж байсан нь дараа тодорхой болсон юм. Быковын үхэл өчнөөн олон цуу ярианы эх үүсвэр боллоо. КГБ нухчихсан гэнэ,  согтуу солиорч яваад тэгсэн байна...

Быковыг дайрсан жолооч дараа нь амиа хорлох гэж оролдсон ч бүтээгүй,  Чернобылийн их ослын үеэр сайн дураараа хамгийн хүнд хэцүү газар ээлж дарааллан ажиллаж байгаад цацрагийн өвчнөөр нас барсан билээ.

Мөрдөн байцаалтаар Быковын буруугаас болж энэ осол болсон гэж үздэг бөгөөд түүнд ослоос зайлсхийх боломж байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Харин тэр осолд “оролцсон” тракторыг барьж байсан хүн “Миний толгойноос илүү халзан дугуйтай машин яаж ийм зам дээр зогсож чадах вэ дээ” гэж хэлж байсан юм гэнэ. Гэхдээ Быковын үхлийн шалтгаан нь халзан дугуй, авто осол биш түүний уруудан доройтож байсан амьдрал байсан болов уу. Алдар хүндтэй болсон ч гэр бүлээ алдаж дуусч байсан энэ хүний амьдрал нь тэр чигээрээ тэмцэл, ялалт, ялагдал  байсан юм.

Быковын сайн найз, өмнө дурдсан Алексей Смирнов зүрхний шигдээс өвчнөөр эмнэлэгт хэвтэж байгаад эдгэн гарах цаг болжээ. Ялалтын баярын өдөр хуучин цэрэг эр маань эмнэлгээс гарах байсан бөгөөд “баяраа тэмдэглэн” эмч нартайгаа нэг татна хэмээн лонхоо задлан хундага өргөж байх яг тэр үед мань хүнээс нууж байсан Быковын үхлийн тухай хэн нэг нь ам алдсан байна. Смирнов андынхаа үхлийг сонсоод удаанаар хундагаа тавин, юу ч хэлэлгүй өрөөндөө ороод, эргэж гарч ирэлгүй, мөнхийн нойроор нойрссон юм. “Хошууч Титаренкогийн араас түүний техникч” явсан нь тэр.

P.S.

Энэ нийтлэлд Покрышкин болон Попков гэдэг хүний нэрс олонтаа гарсан бөгөөд нисэх хүчин сонирхдог хүмүүс эдгээр нэрийг андахгүй. Попковын тухай, “Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ” киноны тухай урьд нь бичиж байсан бол агуу Покрышкины тухай дараа нь тухтай “ярилцах” санаа бий.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 11. 18:41
Зочин

00

4 сар 14. 2:02
Зочин

mongold bas iim temtsel dund amidraad uhsen aldartan hen bdag bilee bicheeeech.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]