Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн бүтэлгүй төрийн эргэлтүүдУншсан30,274

Бедуинууд Катарт очиж, Доха хотод хааны ордныг хайж эхэллээ. Хаа дайралдсан хүмүүсээс ширүүн дуугаар хааны ордон хаана байгааг, хаагуур явж очихыг асуусаар байгаад зохих хүмүүсийн анхаарлыг татсан бололтой ордон хүрээгүй явахдаа баригдсан байдаг.

Манхеттенд гарсан бослого

Манхэттен гэдэг нь АНУ-аас Тайландад бэлэг болгон өгсөн байлдааны усан онгоц юм. Уг онгоцыг хүлээн авах ёслолыг сүр хүчтэй тэмдэглэхээр шийдэн Ерөнхий сайд нь очсон боловч тус улсын усан цэргийн дарга офицерууд харин өөр бодол санаатай байжээ. Тэд Ерөнхий сайд Плек Пибунсонграмыг барьж аван онгоцонд хорьж, төрийн эргэлт хийх эхний шатаа давлаа. Нэгэнт энэ одон медалийн цуглуулгын гол болсон хүнийг барьж авсан хойно цаашдын ажил амжилттай болоход элдэв саад болох ёсгүй. Гэтэл нэг том бэрхшээл гарсан нь энэ сайдыг барьж авч хориод дараа нь юу хийх талаар ямар ч бодсон төлөвлөсөн зүйл үгүй байв. Анх сэтгэл хөөрсөн үеийн бодлоор бол Ерөнхий сайдыг барьж авангуут усан цэрэг төдийгүй бүх арми тэднийг дэмжин, бүх зүйл өөрөө бүтчихмээр санагдаж байсан боловч ямар нэг юм огт болсонгүй. Үгүйдээ Ерөнхий сайдын талынхан ямар нэг хэлэлцээ хийж, буултад хүрэх юм бодогдож байсан нь ч бас бүтсэнгүй.

Гайхаж ангайсан хуйвалдагчид яахаа мэдэхээ байн хоорондоо зөвлөлдөж байх үед буюу сайдыг барьцаалснаас хойш зургаан цагийн дараа цэрэг арми болон цагдаагийнхан шууд хөлөг онгоцыг дайрч эхэлсэн байна. Хөлөг дотор Ерөнхий сайд байгааг ч үл тоон арми цагдаагийнхан буудаж эхэлсэн төдийгүй удалгүй бүр уг онгоцыг бөмбөгдөн живүүлжээ. Хамгийн сонирхолтой нь уг усан онгоц живэх үед ганцхан хүнээс бусад нь бүгд үхсэн бөгөөд тэр амьд гарсан хүн нь Пибунсонграм байсан гэдэг. Магадгүй хэви металл рокын од баймаар энэ хүнийг үхвэл ч үхэг гэж аль аль тал нь бодож байсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Мохаммад Уфкирын алдаа

1960-аад оны үед Мароккогийн хаан Хасан II-т хамаг муу муухайг нь хийж гүйцэтгэдэг баруун гар, шадар туслах байсан нь Мохаммад Уфкир гэдэг нөхөр байв. Тэрээр хааны зөвлөхийн ажил хийж, эзний эсрэг үзэл бодолтой хүн, байгууллагыг олж тогтоон алж хядах зэрэг хийхгүй зүйл гэж бараг үгүй. Харин хааныг харахаараа ёстой нугасгүй амьтан шиг бөхөлзөн налигнах гэж жигтэйхэн.

Улс дотроо бараг л хаан шиг байж, хэн хүнийг өмнөө бөхөлзүүлэх энэ нөхрийн толгойд өөрөө хаан болох нэгэн сайхан санаа гэнэт төржээ.

1972 онд хаан Францад болсон олон улсын хуралд явах үед Уфкар хамгийн тохиромжтой үе ирсэн гэж ойлгон яаран сандран бэлдэж эхэлсэн байна. Хааныг Францаас нисэн гарсныг мэдсэн Уфкир нислэгийг нь хянаж байгаад өөдөөс нь найдвартай гэсэн бололтой гурван сөнөөгч онгоц хөөргөжээ. Газар дундын тэнгисийн орчимд хааны сууж яваа Боинг 727-г олж очсон сөнөөгчүүд шууд дайран буудаж эхэлсэн ба байлдааны сөнөөгч онгоцоор иргэний агаарын тээврийн онгоцыг тулгаж буудна гэдэг бол далавчгүй ялааг сонингоор цохиж алахаас яавч хэцүү зүйл биш байлтай. Гэтэл өнөө нисгэгч нар нь байлдааны сумаар биш сургуулийн сумаар л байгаа буудаад байж. Газарт онгоц бэлдсэн техникч нар, нисгэгч нар бүгд л яаран сандарсных гэх үү эсвэл улс үндэстнийх нь нэг онцлог болсон алив зүйлд цалгар назгай ханддагтай холбоотой юу, юу ч гэсэн жинхэнэ байлдааны сумны оронд хоосон сургуулийн сум хийснийгээ хэн ч мэдсэнгүй.

Буудаад байдаг, буудаад байдаг юу ч болдоггүй. Энэ үед нэгэн нисгэгч нь эх орныхоо төлөө баатарлаг үйл хийх гэсэн үү, Уфкирын аймшигт зангаас айсан уу ямар ч байсан бай болсон онгоцыг мөргөн дайрахаар шийдлээ.

Яг энэ үед буудуулсан онгоц дотроос “Дарангуйлагч хаан үхлээ, одоо тайван буцаж болно. Бид ч бас та нартай адил үзэл бодолтой....” гэсэн мундаг үгс радиогоор цуварч эхлэх үед сөнөөгч онгоцны нисгэгчид болон Уфкир нар яаж баярлаж байсан бол.

Үхсэн гэсэн хааныг тээж яваа онгоц газардах үед дотроос нь хаан ямар ч гэмтэлгүй гарч ирсэн гэдэг ба уур нь хүрсэн дарангуйлагч тэр даруй олон зуун офицерыг баривчилж цаазалсан бөгөөд гол дайсан Уфкир нь зугтаж амжсан байна. Гэхдээ тэрээр гарах газаргүй болж маргааш нь л амиа хорлосон гэдэг.

Энэ явдалд нэг сонирхолтой зүйл болсон нь буудуулж буй онгоцноос хааныг үхсэн тухай мэдээ дамжуулсан явдал юм. Хааны сууж явсан онгоц хэзээ мөдгүй мөргүүлэх дээрээ тулж байх тэр үед хаан радио холбоог булаан авч дайрч байгаа нисгэгч нарыг тайвшруулсан үгийг өөрөө хэлсэн байна. Зурагт радиогоор байнга элдэв юм ярьж танил болсон дуугаа таниагүй нисгэгчдийг хөөрхий гэх нь хаашаа ч юм.

Кенийн радиостанцыг эзлэн авч төрийн эргэлт хийх гэсэн нь

Кени дэх Би Би Сигийн ажилтан Езакия Очука хэмээх нэгэн залуу төрийн эргэлт хийж засгийн эрх авахаар шийджээ. Өөрийн талын хэдэн хүнтэй болж амжсан тэрээр 1982 оны 8-р сарын 1-нд төрийн эргэлт хийхээр төлөвлөж хамгийн эхний хийсэн ажил нь Кенийн дуу хоолой радио станцыг эзлэн авсан байна. Радиогоор төрийн эргэлт болж байгааг зарлаж, ард иргэдээ өөрийг нь дэмжихийг уриалсан явдал нь нисэх хүчний баазад байгаа өөрийн талынхандаа эхлээд гэсэн дохио байжээ. Тэдгээр хүмүүс нь радиогоор мэдээ явангуут цэргийн нисгэгч нарыг барьж аван онгоцонд нь цуг сууж хөөрөн засгийн эрх баригчдын байгаа ордонг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байв.

Хэд хэдэн нисгэгч барьцаалсан босогчид онгоцонд орсон хойноо нисгэгч нарын хийж байгаа үйлдэл үг яриаг ойлгосонгүй. Цэргийн нисэхийн хүмүүсийн хийдэг л юм бололтой ажиггүй тайван радиогоор ярьж байгаа нисгэгч нар зүв зүгээр л хөөрчээ. Гэнэт тэнгэрт гарсан хойноо эргэлдэн хөрвөлдөж юу ч болж байгаа юм бүү мэд, сүйд хийж эхэлж. Хянагч нар бөөлжис, гэдэс дотор нь холилдох зэрэгтэйгээ тэмцэлдэж байх хооронд өнөө нисгэгч нар “бөмбөгөө хаясан, яг оносон” гэсээр эргэн ниссэн байна. Үнэндээ тэд бөмбөгөө хаа хамаагүй ой дээр хаясан юм байж.

Дайсныхаа толгойлогч нарыг зад бөмбөгдсөн гэж итгэсэн эдгээр нөхдүүдийг хэдхэн цагийн дараа барьж авснаар бас нэг бүтэлгүй төрийн эргэлт дууссан билээ.

Катарт төөрсөн нь

1995 онд Катарын эмир гадаад улсаар айлчилж явах хооронд түүний өрсөлдөгч нь сайд нарын танхим, армийнхантай нийлэн хаан ширээг нь булаан авчээ. Өрсөлдөгч гэдэг нь Катарын эмир байгаад ширээнээсээ буусан шейх Хамад аль-Тани. Хүү нь аавынхаа араар төрийн эргэлт хийсэн нь энэ.

Хуучин хаан Францад жил гаруй орогнож байгаад Францын хөлсний цэргүүд болон 600 гаруй бедуиныг хөлслөн хаан ширээгээ эргүүлэн авахаар шийджээ. Хэрдээ л нарийн нягт төлөвлөгөө гаргаж бэлдэж байсан гэдэг.

Бедуинууд Катарт очиж, Доха хотод хааны ордныг хайж эхэллээ. Хаа дайралдсан хүмүүсээс ширүүн дуугаар хааны ордон хаана байгааг, хаагуур явж очихыг асуусаар байгаад зохих хүмүүсийн анхаарлыг татсан бололтой ордон хүрээгүй явахдаа баригдсан байдаг. Тэднийг харсан хүмүүсийн хэлж байснаар бол улаан Ланд-Ровер машин унасан хэсэг аймшигтай царай зүстэй нөхдүүд хааны ордон хаана байгаа тухай асууж байгаа нэртэй бараг л загнаж, буудчих шахаж байсан юм байх. Бас хоорондоо байнга л маргалдаж, хэрэлдээд л. Уг нь Дохад хааны ордонг олох шиг амархан юм үгүй юм гэнэ лээ.

Харин хөлсний Францууд нь далай талаас аюулгүй байдал хангах үүрэгтэй байсан ба тэдэнд авчирч өгөх хурдан завиар эрэг дагуу эргүүл хийж төрийн эргэлт гарахад гаднаас учирч болох саадыг зайлуулах учиртай байв. Францчууд Дохад таван одот зочид буудалд буугаад дараа нь эрэг рүү явсан боловч тэнд тэднийг хүлээж байх ёстой завинууд яагаад ч юм ирээгүй байлаа. Юу болсон, яагаад төлөвлөгөөний дагуу ажил төрөл явахгүй байгааг анхаарч арга хэмжээ авах ёстой боловч франц нөхдүүд ашгүй гэсэн байдалтай даруй буцаж таван одот буудал дотроо тансаглаж эхэлсэн байна. Ингэж төрийн эргэлтээр алдсан суудлаа эргүүлж авах гэсэн өөр нэгэн төрийн эргэлт бүтэлгүй болон дуусжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]