Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Бид тэднээс мөнгийг нь авч хохироож байгаа юм”Уншсан4,331

Орос-Японы дайны дараа 1907 онд тэд нууц гэрээгээр өөрсдийн нөлөөллийн бүсийг тогтоож ялсан Японд Манжуур, Өвөр Монгол хамрагдсан бол ялагдсан Орост Гадаад Монгол ногджээ.

Нийтлэлч Баабарын "Хагаралдуулаад захир" нийтлэлийн хэсгээс хүргэж байна.

Divide et impera гэсэн латин үг хүний түүхэн дэх магадгүй хамгийн цуутай улс төрийн зарчмын нэг байх. Разделяй и властвуй, Divide and rule гэх мэт орос, англи орчуулгыг нь олон хүн сонсохоороо нэг болоо биз. Энэ хэллэгийг хуучны улс төр, философийн орчуулгын ном бүтээлд Монголоор "Хуваагаад захир" гэсэн байх нь харагддаг. Ингэхээр нэг бүтэн биетийг хэсэг бүлэг субъект олон хэсэгт хуваагаад тус тусдаа эзэмших гэж байгаа мэт дүр бий болно. Гэтэл хэлц үгийн утга нь бүр эсрэгээр, тухайлбал нэгэн цул биетийг биентэйгээ зөрчилдсөн олон хэсэг болгон салгачихаад нийтэд нь захирбал хялбар гэсэн санаа юм. Үүнийг "Хагаралдуулаад захир" гэж орчуулбал илүү дөхөм болох болов уу.

Хэрэвзээ аль нэг газар орон, улс нийгэм, бүлэглэл зэргийг эрхшээн захирах гэж байгаа бол тэрхүү улс орноо эхлээд дотор нь хагаралдуулан бутаргачихаад дараа нь хяналтандаа авч ноёлох хэрэгтэй гэсэн сургааль маягийн стратеги тактик ажгуу. Эртний Ромд баримталж байсан энэ зарчмыг хожим Макавилли задлан тайлбарласан ба уран зохиолд Александр Дюма "Шадар гурван цэрэг" романаараа нийтэд алдаршуулан ойлгуулсан.

Арга техникийн хувьд тухайн нэгдмэл бүлгийг хооронд нь хагаралдуулахын тулд:

    Ашиг сонирхлынх нь яльгүй ч хамаагүй зөрчөлдөөнийг гаднаас нь хөөрөгдөн дэвэргэх.

    Өөрийн захиргаа удирдлагатай зөрчилтэй байдаг жижиг бүлэглэлийг гаднаас нь дэмжих, туслах

    Тухайн удирдлага, захиргааны нэр хүндийг унагаж үл итгэх, дайсагнах уур амьсгал бүрдүүлэх.

    Тухайн захиргааг санхүүгийн хүндрэлд оруулж улс төрийн болон дайн тулааны талаарх шийдвэр гаргах бололцоог нь хаан боогдуулах.

Мэдээж түүхийн явцад энэ нь хөгжин боловсронгуйжсаар есөн шидийн арга технологи нэмэгдсэн боловч дээрх нэрэлсэн хэдэн тактик стратеги голлох үнэлэмж хэвээр. Ийм тактикийг хүн анх үүссэнээс хэрэглээ л биз, гэхдээ бичмэл түүхэнд дурьдсанаар хамгийн анх үр дүнтэй хэрэгжүүлж чадсан хүн нь Юлий Цэзарь. Эртний Ромын иргэншил буй болгосон хүчирхэг гүрнийг вандал, гот, сармат, хүннү, герман гэх мэтийн бүдүүлэг олон аймаг үргэлж сандаргаж байв. Галлийн дайн хэмээх номондоо Цэзарь өнөөгийн Францийг хэрхэн эрхшээлдээ оруулснаа бичсэн. Ялалтынх нь гол шалтгаан нь нэгдсэн Галлийн дунд Вэрцингэротиг удирдагчийг нь бусадтай нь муудалцуулж, үл итгэлцлийн гал өрдөж чадсанаа бахархан тэмдэглэсэн байдаг. Тэрээр Галлид нутагладаг герман овгийхны заримыг өөрийн цэрэгт элсүүлж, тушаал дэвшүүлж, харж үзэж, шагнаж урамшуулж байв.

Монголын эзэнт гүрний үед хагаралдуулаад захир аргыг цөөн хүн амтай Монголчууд сурамгай хэрэглэж байжээ. Тэд хятад хүнийг Төв Азийн лалын орнуудад өндөр албан тушаалд томилохын зэрэгцээ зөрүүлээд лал, христ хүмүүсийг Хятадад том зэрэг дэвд томилон эрх мэдэл олгоно. Ингэснээр харь элэгтнээр удирдуулах болсон аль аль талын дотоодод зөрчил үүсч таараа. Юань гүрний үед улсын нийт хүн амыг угсаа гарвалаар нь дөрвөн зэрэглэлд хуваан тус болгонд нь өөр хууль үйлчлэхээр тогтоосон нь хүн амын дунд хангалттай хагарал буй болгож байв. Нэг дүгээр зэрэглэлд хамаарах Монгол хүн бусдын амь хөнөөвөл бодоор торгуулна, харин дөрөвдүгээр зиндаанд хамаарах хятад хүн адил хэрэг үйлдвэл амийг амиараа төлнө.

Англичууд өөрөөс нь олон дахин том, хавьгүй эртний иргэншилтэй Энэтхэгийг гол нь шашны зөрчилдөөн дээр нь тоглон хагаралдуулсаар колончилж чадсан. Өчүүхэн Белги Африкт асар том колонитой болж чадсан нь хагаралдуулаад захир зарчмыг чадамгай хэрэглэсний үр дүн. Алс Америк тивийн ууган иргэншлүүд болох Ацтэк, Маяа, Инк-д өөрсдийг нь уулгалагч зэрлэг овгуудыг хооронд нь хагаралдуудах түмэн арга хэрэглэдэг байжээ. Орчин үед хагаралдуулаад захирах арга техник, технологи нь хөгжлөө дагаад улам төгөлдөршсөн. Хууль бусаар түлхэн унагагдсан Оросын төрийн эсрэг иргэний дайн дэгдээсэн большевикууд янз бүрийн хүчинтэй түр зуур эвсэн бутаргаж байсан. Тэд зүүн эсэрүүд, анархистууд, орос бус цөөнх үндэстнүүд, үндсэрхэг үзэлтнүүдтэй сүлбэлдэн, улмаар тэднийхээ дунд хагалан бутаргасаар дайн дуусахад гагцаар ноёлогч болжээ. Нацистууд Югославаас Хорватыг, Чехословакаас Словакийг, ЗХУ-аас Украин, Балтын орнуудыг салган өөрийн тал болгож байсан нь эдгээр улсын дотор оршсоор байсан ужиг зөрчлийг овжноор ашигласан хэрэг.

Хүчирхэг гүрнийг дотоод зөрчлийг нь ашиглах замаар сул дорой болгож байсан нэг жишээ бол Юаний дараах Монгол юм. Баруун Алтай, Сияаны нуруугаар нутаглах ойрд Монголчууд ой тайга уул хад ихтэй газартай учир билчээрийн нэн дутагдалтай, тэрнээсээ болоод мал цөөнтэй, ядуу тарчиг амьдралтай байв. Гэтэд Хангай Хэнтийн нуруу, тэрнээс урагш уудам талд нутагладаг халх Монголчууд хангалттай билчээртэй тул амьдралын төвшин нь харьцангуй дээгүүр байжээ. Ийм учраас нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлдэг халх ба ойрдууд дөрвөн зууны турш дайсагналцан уудам талын төлөө зөрчилдөн тулалдсан юм. Үе үеийн турш хүчирхэг байж эзлэн түрэмгийлэх уламжлалтай энэ орон, ард түмнийг хагалан бутаргах замаар доройтуулах сонирхол мингийн хятадуудад ч, төвдүүдэд ч, манж нарт ч байсан нь ойлгомжтой. Хүчирхэгжин гарч ирсэн Манж Чин улсын сонирхлыг Монголчууд руу чиглүүлж өөрсдийгөө аврах хүсэл төвдүүдэд байсан бол Манж Чин гүрэнд бүх Монголчуудыг өөртөө нэгтгэл сонирхол байв. Үргэлж довтолгон зовоох Монголчуудыг хооронд нь муудалцуулан доройтуулж өөрсдийн амар амгаланг төвштгөх зорилго мингийн хятадуудад байсан. Тэд гагц Ойрд-Халхын зөрчил төдийгүй ерөөс Монгол ихэс дээдсийн хээл хахуулинд шуналтай, цол хэргэмд шохоорхуу, бэлэг сэлтэнд унамхай занг ашиглан нэгийг нь хөхиүлэхийн зэрэгцээ нөгөөг нь зориудаар гомдоох, хооронд нь өрсөлдүүлэх тактикийг элбэг ашиглана. Манж нар Лигдэн хаанд шан өгөн Цагаан хэрэм рүү довтлуулдаг байсан чинь хятадууд уран арга сийлэн шанг хэд дахин өсгөн эргүүлээд түүнийг Манж гүрэн рүү дайлдаг болгох жишээтэй. Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараа ч хятадууд баруун Монголчуудад урьд өгч байсан цалин пүнлүүгээ тасалсангүй. “Улс орон чинь тусгаар болчоод байхад та нар юунд харийнхнаас харамж авсаар байгаа юм?” хэмээн асуухад ноёдууд “бид тэднээс мөнгийг нь авч хохироож байгаа юм” гэж хээв нэг хариулсныг А.Бурдуков хачирхан тэмдэглэсэн байдаг.

Орос-Японы дайны дараа 1907 онд тэд нууц гэрээгээр өөрсдийн нөлөөллийн бүсийг тогтоож ялсан Японд Манжуур, Өвөр Монгол хамрагдсан бол ялагдсан Орост Гадаад Монгол ногджээ. Оногдсон нөлөөллийн бүсээ баталгаажуулахаар Коростовец ирж Монголчуудтай хэлэлцээ хийв. Бардам ихэрхүү Монголчуудтай тохиролцох үнэхээр хэцүү байлаа. Алтан ургийн ноёд ба лам нар хоорондоо таарамж муутайг ажигласан Коростовец ноёдуудын талд орон Цэрэнчимэд тэргүүтэй лам нарыг шахаж эхлэв. Үнэндээ тэр үед лам нар нь нөгөөдүүлийгээ бодвол хавьгүй илүү өндөр боловсролтой, ном журам жудаг сахилга дээртэй байжээ. Үүнээс хойш лам ба ноёдын дайсагнал чинээндээ тулсаар Богд болон Ерөнхий сайд Бадамдоржийг хориглосоор байтал 1919 онд ноёдууд хүч залиар түрий барин хятад цэргийг урин залж, арай гэж олсон автоном эрхээсээ татгалзан, Хятадын бүгд найрамдах улсад нийлэх шийдвэр гаргажээ.

1921 онд дахиад өөрийн төртэй болов. Ноёдын, Түшмэдийн, Ардын гэсэн гурван нам Богд хаандаа үнэнч байлаа. Зөвлөлтүүд хооронд нь хагаралдуулж байгаад эхлээд Ардын намыг, дараа нь Түшмэдийн намыг устгасан юм. Хожим Хувьсгалт залуучуудын эвлэл гэх нэртэй болсон Бошгыг халах залуусын байгууллага шинээр буй болгон хөөргөн залуучуудаар бүрдүүлж тэднийг дээрх намуудыг устгахад ашигласан. Монголын удирдагчид 1928 хүртэл большевик нам болон Коминтерний үгэнд орохгүй тусгаар байдлаа хадгалах гэж мэрийн дотроо эв нэгдэлтэй байлаа. Тэгэхээр нь КУТВ, Морин цэргийн сургууль, Намын сургуулийн сурагчдыг өдөөн хатгаж “Худонская фракция” гэх орос нэртэй бүлэглэл байгуулан араас нь шордсоор төрийн эргэлт хийлгүүлж дөнгөсөн юм. Улмаар Ойрд-Халхын ужиг зөрчлийг ашиглан Монголын баруун хэсгийг Тува, Хойд Шинжаантай нийлүүлэн тусгаарлах санааг нам төрийн удирдлагын нэг хэсэг болох Шижээ, Бадрах нарт шургуулан үймүүлжээ. Эндээс Халхын Гэндэн-Дэмидийн бүлэг, Ойрдын Шижээ-Бадрахын бүлэглэл үүссэн түүхтэй. Дорно зүгт дайны сүүдэр тусч Япон, Хятад хоёр байлдаад унуут Алс Дорнодоо хамгаалахын тулд зөвлөлтүүд Японд эртхэн хүчээ харуулах шаардлага гарчээ. Гэвч мөргөлдөөнд өөрийн нутаг дээр биш, хот суурингүй зэлүүд нутаг Монголыг байлдааны полигон болгон сонгож авсан юм. Монголын удирдлагыг нутаг дээрээ зөвлөлтийн цэргийг оруул гэж байн байн шахсан боловч Гэндэн, Амар, Дэмид нар эрс эсэргүүцсэн төдийгүй Ерөнхий сайд Гэндэн “Орос Япон хоёр дуртайгаараа хоорондоо байлдана л биз, үүнд Манжго, манай Монгол хоёр ямар хамаатай юм!” гэж адарчээ. Төлөвлөсөн тулалдаанаасаа жил гаруйгийн өмнө тэд цэргээ зөвшөөрөлгүй оруулж ирэн байршуулсан. Ингээд Чойбалсанг заналхийлэн сүрдүүлж байж Монголын албан ёсны удирдлагын өөдөөс сөргүүлэн тавьсан ба япончууд Монголд аюул учруулах гээд байна гэсэн хуурмаг нэрийн дор Монголын сэхээтэн, лам, нам төрийн зүтгэлтнүүдийг японы тагнуул туршуул хэмээн гүтгэж хиаруулан хядсанд нь тухайн үеийн Монголын нийт эрчүүдийн тав тутмын нэг нь өртсөн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]