Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэгэн зургийн түүхУншсан21,136

Мэс засал амжилтгүй болж охины хөл олигтой сайн болоогүй төдийгүй ээж нь нэг хөлгүй үлдсэн байна.

Нийтлэлч "Чалчаа саарал" бичиж байна.

1985 онд залуу фото зурагчин Ливанд ид өрнөж байсан иргэний дайны үеэр нэгэн ээж, охинтой таарч гэрэл зураг авсан нь сүүлд дэлхий даяар нэрд гарсан алдартай зургуудын нэг болжээ. Энэ тохиолдлын зургийг Нью-Йорк Таймс мэтийн том сонинууд нүүрэндээ тавьж Ливан дахь иргэний дайны тухай, тэр дайны аймшигт хор хөнөөлийн тухай... гэх мэтийн зүйлүүдийг нийтэлж зургаар нь олон хүний сэтгэл санааг сэрдхийлгэн байсан гэдэг.

Залуу фото зурагчин Бейрутын ойролцоох Сабра хэмээх Палестины дүрвэгсдийн лагерьт очиж тэнд байнга шахам болдог (энд болсон хамгийн том мөргөлдөөн нь Израйлын дэмжлэгтэй католик шашинт ливанчууд палестинчуудыг хядсан явдал юм байна. Энэ зургийг авахын өмнө тэр явдал болжээ) янз бүрийн мөргөлдөөний зураг авах гэж бодож байсан нь ёсоор болж палестинчууд болон шиитийн Амаль хэмээх бүлгийн хооронд мөргөлдөөн эхэллээ. Зурагчин маань нэг л мэдэхэд мөргөлдөөний дунд хутгалдан орсон ба явж байгаад гэнэт толгойдоо цохиулж унасан байна. Чухам хэн босоход нь дэмжээд, хэн нь түлхэж унагаад, нудраад, гишгээд цохиод байгааг ч ойлголгүй мөргөлдөөний дундаас яаж ийж байгаад гаран, хүн багатай аюлгүй газар тэмцэн ирж газар чирэгдэн явсан аппаратаа харахад ашгүй бүтэн бололтой. Дурангаа шалгах гээд хотын гудамж талбай руу чиглүүлтэл энэ ээж, охин хоёр харагдлаа. Ээж нь нэг хөлгүй, охины бас нэг хөл бараг ажиллагаагүй болсон шинжтэй. Зүрх шимшрэм энэ дүрсийг фото зурагчин Махер Аттар хальсандаа мөнхөлж авчээ.

Ээж охин хоёрын түүх нэг талдаа энгийн гэж хэлж болохоор. Учир нь тухайн дайны үеэр иймэрхүү нөхцөл байдалд орсон олон зуун, мянган хүн бий гэнэ.

1982 онд гудамжинд болсон нэгэн буудалцааны үеэр Самар Бельтажи хэмээх энэ бүсгүйн гэрийн цонхоор тэнэсэн сум орж ирэн охиных нь хөлийг шархдуулжээ. Охины хөлийг тайруулахгүй, хамгаалан үлдээж бүрэн бүтэн байлгахын тулд эх нь сүүлчийн арга болох өөрийн хөлийн зөөлөн эдийг (? бодвол өөр олон л юм байдаг байлгүй ) охиндоо шилжүүлэн суулгах болж.

Мэс засал амжилтгүй болж охины хөл олигтой сайн болоогүй төдийгүй ээж нь нэг хөлгүй үлдсэн байна. Ийм байх үеийн зураг нь фото зурагчны хальсанд үлдсэн нь тэр юм гэнэ лээ. Удалгүй мэс заслын үеийн алдаанаас, арчилгаа сувилгаа муугаас болж бий болсон шарх нь эдгэлгүй байсаар улам хүндэрч бүсгүй маань хоёр дахь хөлөө ч тайруулан мөнхийн суугаа хүн болсон байдаг.

Хэдэн жилийн дараа Самар Бельтаж буюу охиныхоо төлөө хөлөө үгүй болгосон бүсгүйн нөхөр нь бурхан болж, түүнээс нэг их удалгүй энэ зураг дээр байх нөгөө охин буюу Несрин нь ээжийгээ, хоёр хөлөө өөрийнх төлөө үгүй болгосон төрсөн эхийгээ жижиг дүүтэйгээ цуг гэрээсээ хөөсөн байна. Ерөөсөө л аав нь өнгөрөөд л хэдхэн хоногийн дараа.

Одоо Самар маань ийм хүн болсон байна.

Цуг хөөгдсөн ганц хүү нь энд тэнд тохиолдлын ажил хийн зүгээр байлгүй байнга ажиллах боловч ядарсан хоёрт түүний олох мөнгө хүрэхгүй учир, амьдрахын эрхэнд Самара гудамжинд гуйлга гуйдаг боллоо.

Дээрх алдартай зургийг авсан фото зурагчин Махер нь нэгэн удаа Самар Бельтажтай бас л тохиолдлоор, анхны зураг авсан цагаас хойш 33 жилийн дараа уулзалдсан байна. Махер нь зурагчин хүний нүдээр үү эсвэл хувь тохиолдлоор тэр үү гуйлга гуйн тэргэн дээр суух хүнийг таньдаг санагдсан учраас очиж нэрийг нь асуужээ. Нэрийг нь сонсоод гайхан дуу алдахгүй байж чадсангүй. Олон жилийн өмнөх тэр зураг дээр байх европ маягийн хувцастай сайхан бүсгүй нь одоо  хоёр хөлгүй, тахир дутуугийн сандалд хадагдсан, 58 настай, гуйлгачин болсон бол тэр зургийг авч байсан үедээ залуухан фото зурагчин байсан хүн нь нас ахисан ч дэлхийд алдартай хүн болсон байна. Энэ хоёрын уулзалт анхны зургийг дахиад анхаарлын төвд авчирсан ба фото зурагчин маань энэ эмэгтэйтэй дахин уулзсан зургаа анхны алдартай зурагтай хамт энд тэнд нийтлүүлэх гэж хөөцөлдөж явсан нь энэ эмэгтэйг дэмжихийн тулд, түүний зовлонг нимгэлэхийн тулд, гуйланчлалаас нь салгахын тулд хийсэн ажил байж болох юм.

Энэ нь ч үр дүнд хүрч 2005 онд Ливаны иргэний дайны үеийн тухай томоохон нэвтрүүлэг бэлдэж байсан телевизийнхэн уг эмэгтэйг, фото зурагчныг хайж олон нэвтрүүлэгтээ урьснаар энэ зураг, энэ бүсгүйн түүх бүх дэлхий даяар дахин тархаж дайн дажин, тэр дундаа иргэний дайн гэж хүнийг, хүний амьдралыг хэрхэн яаж өөрчилдөг, хэдэн арван жилийн дараа ч уршиг нь мэдрэгдсээр байдгийг харуулсан юм гэнэ лээ.

Охинтойгоо хамт таягаа түшин яваа анхны зурагт харагдах тэр сайхан бүсгүй нь охиныхоо төлөө хоёр хөлөө тайруулсан боловч тэрхүү охиндоо хаягдаж, хөөгдөн, гуйлга гуйж амьдарч байсан зүрх шимшрэм түүх нь энэ буюу.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 28. 13:09
Зочин

Охин нь яадаг новш вэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]