Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

PQ-17 цуваа (4-р хэсэг): Цувааны тухай маргаанУншсан1,165

Дараа дараагийн мэдээллийн амт оруулсан найрлагад Британийн өөрсдийнх нь гаргасан 1950 оны 10-р сарын мэдээллээр Оросын нутаг руу илгээгдсэн цувааны талаар адмирал Товийн илтгэлийг “Лондон газетт” сонинд дурджээ.

Хөрвүүлсэн Г.Дашнамжил


1-р хэсэг: "Морины нүүдэл" ажиллагаа

2-р хэсэг: Сэтгэлийн тамд унагасан нь

3-р хэсэг: Сүүлчийн онгоцууд

 
PQ-17 ЦУВАА: Төгсгөл

 

Тээврийн хөлгүүд ямар ч эрсдэл, хохирол үзэлгүйгээр Зөвлөлтийн боомтуудад хүрэхгүй байсан нь мэдээж. Гэхдээ дайн гэдэг бол ямар ч хохиролгүйгээр томоохон зорилго, зорилтод хүрдэг ч үйл явц биш. Бид бүхэнд тухайн үеийн ЗХУ-ын амссан хохирлыг тухайн үеийн дайнд оролцогч аль ч улс орныхтой харьцуулан жишихийн аргагүй гэдэг нь ойлгомжтой. PQ-17 цуваа сүйрсний дараа наймдугаар сард Тэнгисийн цэргийн яам Газрын дундад тэнгис дэх бүслэгдсэн Мальт арлын боомт руу хүргэх цувааг дагалдах флотын хамгаалалтын хүчийг өмнөх зургаа, долдугаар саруудад авч хэрэгжүүлсэн шиг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. ЗХУ руу дахин цуваа илгээхэд хамгаалах хөлгүүд хүрэлцэхгүй болсон тул есдүгээр сар хүртэл тусламжийн цувааг завсарлахаас аргагүйдэв.

Эцэст нь Тэнгисийн цэргийн яам өмнөх алдааныхаа сургамжаар эрс шийдвэртэй арга хэмжээ авчээ. Хамгаалалтын нэмэгдүүлсэн хүчээр цувааг дагалдуулж байх боллоо. Зөвлөлт рүү хүрэх цувааг агаараас халхлах 12 сөнөөгч онгоц “Харрикейн”, тагнуулын гурван “Сэлэмт загас” нисэх онгоцыг тавцан дээрээ тээсэн нисэх онгоц тээгч “Эвенжер” хөлөг дагалдах болов. Түүнчлэн бүрэлдэхүүнд нь крейсер “Сицилл”-ээр толгойлуулсан эсминец хөлгүүдээс бүрдсэн цохилтын бүлэг нэмэгдсэн байв. Адмирал Товийн тооцоогоор ийм тооны эсминецүүдээр Германы хүнд хөлгүүдийн дайралтыг няцаахад хангалттай байжээ. Цувааг ЗХУ руу хүргэх үед хурандаа Ф.Л.Хопсоор даргалуулсан Хатан хааны Агаарын цэргийн хүчний нисэх бүлгийг нэмж томилсон байна. Түүний бүрэлдэхүүнд агаарын тагнуул-фото зураг авах дөрвөн 4 “Спитфайр”, ”Хэмпден” торпедын бөмбөгдөгч онгоцны 144, 455-р эскадриль, алсын тагнуулын 210-р эскадрилийн “Каталин” онгоцуудаас бүрдсэн томоохон агаарын хүч дагалдаж байв. Нисэх ангиудад засвар үйлчилгээ, сумалгаа хийх газрын мэргэжилтнүүдийг татан ирүүлсэн байна.

Дагалдан хамгаалалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор цувааны хөлгүүд Исландаас бус Шотландын Лохоос гарах болов. Буцах чиглэлийн QP цуваа болон дараагийн бусад цуваанууд ирэх чиглэлийн PQ-18 зэрэг цуваатай зэрэгцэж гаралгүй хожуу гардаг боллоо. Энэ бүх арга хэмжээнүүд “Эсминецүүдийн цохилтын бүлэг”, дагалдан халхлалтын нисэх онгоц тээгчээр ирэх буцах чиглэлийн цувааны хамгаалалтаар дайсныг сүрдүүлэх зорилготой байсан юм. Түүнээс гадна адмирал Жон Тови Лондонтой шууд холбогдох Скапа-Флоугаас ажиллагааг удирдах болжээ. Энэ бол цувааг хамгаалах нэгтгэлийн удирдлагад Тэнгисийн цэргийн яамны зүгээс хутгалдан оролцохоос урьдчилан сэргийлсэн явдал юм.

Адмирал Жон Тови

Хариуд нь Германы командлалын зүгээс цувааг агаарын дайралтаар задалж болох байх гэсэн тооцоон дээрээ байсан нь алдаа болов. Германчууд усан дээрх хөлгүүд цувааг довтлох дараагийн тулалдаанд туслах чанарын үүрэгтэй, харин цувааг устгахад нисэх хүчний ба шумбагч завины довтолгоон хангалттай гэж үзжээ.

1942 оны 9-р сарын 2-нд PQ-18 цувааг ихээхэн хүч нэмэгдүүлсэн хамгаалалт дагалдуулсан боловч бас л хохирол амслаа. Тээврийн 40 хөлгөөсөө 13-ыг нь алдсан бол буцах замдаа 3 тээврийн хөлөг, эсминец, чирэгч онгоц алдсан юм байна. Дайсан ч мөн адил тодорхой хэмжээний хохирол амссан нь 3 шумбагч завь, 41 нисэх онгоцоо алджээ.

Цаашид Зөвлөлт рүү цуваа илгээхэд Хойд Африкт газардах Холбоотнуудын “Торч” ажиллагаа саад болов. Десантыг буулгахад дагалдан хамгаалалтын бүх хөлөг онгоцуудыг дайчилсан тул Туйлын шөнийн хугацаа өнгөртөл ЗХУ руу цуваа илгээх явдал саатсан. Сталиныг аргадахын тулд Холбоотнууд “Дуслын хангамж” хэмээх Арктикийн хангамжийн өөр замыг сонгох болжээ. Ганц нэгээр хүргэх энэ замаар ЗХУ руу 13 хөлөг зорьсон газартаа аюулгүй хүрчээ. Дараагийн бүрэн бүрэлдэхүүнтэй цувааг ЗХУ руу 1942 оны 12-р сард л JW-51хэмээх индекстэй илгээжээ.

Цувааны тухай маргаан дагуулсан түүх

Дайны үед цувааг устган живүүлэхтэй холбоотой үзэл суртлын шинж чанартай “Байгаа бүхнээрээ дайсандаа хохирол учруул, эсвэл чимээгүй суу“ гэсэн уриа бүхий журмыг Гуравдугаар Рейхын үзэл суртлын сайд доктор Хеббельс өөрийн зорилгодоо нийцүүлэн хэрэгжүүлж байв. Тухайлбал Лорд Хав-Хав (Английн тэнгисийн цэргийн яамны сайд Паундыг нацист Германы радио суртал нэвтрүүлгээр хав нохой болгон элэглэжээ) радиогоор авсан мэдээгээр живсэн хөлөг онгоцнуудынхаа жагсаалтыг тод улаанаар тэмдэглэж байна. Арктикт кино зураг авах зураглаачдын гурван баг томилогдон далай тэнгист Гуравдугаар Рейхийн байгуулсан ялгуусан ялалтыг сурталчлахаар ажиллана. Өөрийн холбоотон болон төвийг сахигч орнуудад германууд үзэл суртлаар тархи угаах зорилгоор живж байгаа хөлөг онгоц, тэдгээрийн зовлонд нэрвэгдсэн далайчдын тухай фото зургийн үзэсгэлэн болон баримтат киног өргөнөөр гаргах болжээ. Түүнийгээ дэвэргэхдээ Америкийн крейсер болон 35 хөлгийг живүүлж дайсандаа томоохон гарз хохирол учруулсан болгож харагдуулж байлаа.

Холбоотнууд ч тэднээс дутсангүйгээр хохирол гарз учирсан тухайгаа нуун дарагдуулахыг хичээж байв. Английн “Дейли Геральд” сонин л гэхэд болсон явдлаас хойш ердөө сарын дараагаар л богинохон хэмжээгээр “Цувааны төлөөх томоохон тулалдаанууд боллоо” гээд цувааг сүйрсэн тухай дурдаагүй байлаа. Америкийн “Лайф” сэтгүүлийн редакц наймдугаар сарын 4-ний дугаарт сарын өмнөх Тусгаар тогтнолын баярын өдрөөр сүйрсэн “Уэйнрайт” хөлгийн тухай Германы хэвлэлүүдэд тавигдсан зургийг хөндлөнгийн эх сурвалжаар дамжуулан авахдаа л "Үлэмж их гарз учирлаа" гэсэн тайлбар зүүлт анх хэрэглэсэн бөгөөд "Ихээхэн гарз хохирол учирсан боловч зорьсон газартаа хүрчээ" гэсэн байх юм. Ингээд 1943 оны хавар лорд Уинстерийн зүгээс Лордын танхимд тавьсан “Түүхэнд гаргасан хамгийн эмгэнэлт сүйрлийн цаад учир шалтгааны талаар тайлбар авах” тухай шаардлагаар л АНУ, Их Британийн олон нийт бодит үнэнийг олж мэдүүт уур хилэнгийн давалгаа буцалжээ.

Англи, Америкийн хэвлэлүүд Германы лагеруудад хоригдож байсан олзлогдсон далайчдыг Америкийн хөлгөөр авчирсан тухай 1945 оны 2-р сарын нийтлэлээр гаргасан нь бүр ч их газар авахуулжээ. Энэ мэдээллээр тарсан хэрүүл шуугиан нь Британийн Тэнгисийн цэргийн яамыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос аргагүйд хүргэв. Гэвч 7-р сарын 4-ний хэрэг явдлын цаашдын үйл явдлын өрнөл бүрхэг чигээрээ үлдсэн юм.

Дайны дараах Холбоотнуудын харилцаанд сэв суулгах багагүй шалтаг шалтгаан нь PQ-17 цувааны эмгэнэлт явдал. 1948 оны арванхоёрдугаар сарын “Красный флот” сонины дугаарт "Ямар ч үндэслэл шалтгаангүйгээр хамгаалалтыг татан буулгах тухай тушаалаар цувааг хамгаалалтгүй үлдээсэнд буруутгасан" хоёр хэсэг бүхий нийтлэл Британийн тэнгисийн цэргийн яамыг юугаар ч цагаатгашгүй шившиг болгосон байлаа. Англид шинээр дэгдсэн шуугиан нь Зөвлөлтийн эсрэг явагдсан үзэл суртлын кампанит ажлын нэгэн төрөл хэлбэр болж явагдсан. Тэнгисийн цэргийн яамнаас мэдэгдэхдээ цувааг задлах нь зайлшгүй байсан бөгөөд "Холбоотон асан Зөвлөлтүүд 40 удаагийн тусламжийн цувааны бүх өртөг зардлыг нөхөн төлөхдөө л санаа тавь" хэмээн хариу сануулсан юмсанж. “Правда” сонинд Тэнгисийн цэргийн яаманд хаягласан нийтлэлдээ хүртэл Англи, Америкийн флотууд цувааг хамгаалахдаа “Чин сэтгэл, эр зориг гаргаагүй” хэмээжээ.

Дараа дараагийн мэдээллийн амт оруулсан найрлагад Британийн өөрсдийнх нь гаргасан 1950 оны 10-р сарын мэдээллээр Оросын нутаг руу илгээгдсэн цувааны талаар адмирал Товийн илтгэлийг “Лондон газетт” сонинд дурджээ. Түүнд дурдсанаар цувааг илгээх явцад учирсан, амссан хохирлын бодит тоо баримтыг сөхөж тавьсан байна. Хэвлэлд цагийн байдлын улмаас цувааны хамгаалалтыг нэмэгдүүлэхийг сануулсан адмирал Товийн шаардлагад Тэнгисийн цэргийн яам хариу өгөөгүй гэдгийг улам тодотгосон байна.

Тушаал өгсөн хэргийн эзэнтэн эрхэм ноёнтон Дадли Паунд 1943 онд нас баржээ. Тэнгисийн цэргийн яамны түүхч Стивен У.Роскиллийн 1957 онд бичсэн “Дайн ба тэнгис“ номонд "Дадли Паундын цувааг задлах тушаал нь тун ноцтой алдаа байсан юм. Тэнгисийн цэргийн яамнаас PQ-17 цувааг хамгаалах ажиллагаанд оролцсон бүх далайчдад хэрэг явдлыг нууцлахыг тушаасан нь хоёр дахь алдаа болсон" хэмээжээ.

1968 онд Английн дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхээр мэргэшсэн зохиолч Дэвид Ирвинг Холбоотны хүчний командлалын PQ-17 цувааны талаар гаргасан алдааны талаар “Destruction of Convoy PQ-17” зохиолдоо буруутай шийдвэрийг цувааны дагалдан хамгаалалтыг хариуцан байсан адмирал Ж.Брумын алдаанаас гарсан байж болох юм гэж бичсэнээс болж Брум түүнийг иргэний нэр төрд халдлаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний нэхэмжлэлийг хангаж Ирвингэд тухайн үедээ ихээхэн хэмжээний мөнгөн дүн болох 40000 фунт стерлингийн торгууль ногдуулаад номыг цаашид хэвлэлтэд тараахыг хориглосон байжээ. Адмирал Жек Брум төд удалгүй цувааны радио бүртгэлийн дэвтэр болон бусад мэдээ баримт сэлтийг үндэслэн “Цувааг тарааж задалж байна” гэсэн ном бичжээ. 1971 онд Ирвингийн бүтээл “PQ-17 цувааны авсан цохилт“ нэртэйгээр ЗХУ-д хэвлэлтэд гарчээ.

Адмирал Жек Брум

Зөвлөлтийн болон Оросын түүх бичлэгт цувааны сүйрлйин тухай бичихдээ К-21 шумбагч завь Холбоотны хүчний хийж зүрхлээгүй “Тирпиц” хөлгөөр тэргүүлсэн Германы хөлгүүдийн нэгтгэлийн эсрэг ганцаар дайралт хийж торпедоор амжилттай харваж ноцтой гэмтэл учруулж зогсоосон тухай байнга дурддаг. Хөлгүүдийг хамгаалалтгүй орхисон нь ердөө хулчгар явдал бөгөөд ЗХУ-ыг дайны хамгийн хүнд бэрх үед хангамжийг саатуулсан нь Германуудыг давшилтаараа Кавказ, Сталинградын чиглэлд цөмөрч орох нөхцөл болж өгсөн юм. Сануулахад ЗХУ-ын зүгээс өөрийн хүрч чадах оперативийн бүсэд өргөн хэмжээний авран хайх ажиллагааг явуулахад Умардын флот хэтэрхий хүчин мөхөсдөхөөр байсан, нисэх хүчин нь зөвхөн Германы нисэх хүчний дайралтыг няцаах чадвартай байсан гэдгийг Зөвлөлтийн түүхчид дурддаггүй орхигдуулдаг хандлага ажиглагддаг.

Үүний ялдамд Британийн далайчдын гаргасан эр зоригийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Тэр үед буруутныг хайж, бие биедээ бурууг нялзаах тэмцэл хүчтэй өрнөж байснаас Английн хөлгүүдийн жирийн усан цэрэг, далайчдын шантаршгүй хатуужил, зориг, авхаалж самбааг хэн ч дурдаагүй нь харамсалтай. Цаг хугацааны явцад болж өнгөрсөн үйл явдлын мөрөөр нэхэн сурвалжлахад Английн далайчид нийтийн дайсны эсрэг тэмцэлд Холбоотныхоо үүргээ үнэнчээр биелүүлж байсан гэдгийг хожим илэрхий болжээ.

Адмирал А.Г. Головкогийн "Английн жирийн далайчид ба тэдний увайгүй эрх баригчдыг хооронд нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй" гэсэн үгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Энэ сэдэв нь эмгэнэлтэйгээр түүхэнд бичигдсэн үлдсэн юм. Энэ бүх материал эх сурвалж бол зөвхөн живсэн хөлөг онгоцуудын тухай бус Тэнгисийн цэргийн яамнаасаа авсан тушаалыг аргагүйн эрхэнд биелүүлж хамгаалж буй хөлгүүдээ орхисон крейсер, эсминец хөлгүүдийн багийнхны харуусал, цувааг орхих тушаалыг биелүүлээгүй зарим хөлгүүдийн багийнхан ба хөлгөө хамгаалан үлдсэн далайчид ба цэргийн нэгжүүдийн хатан зориг, авхаалж самбаа, аюул осолд өртсөн тэднийг аврахаар чадах чинээгээрээ тусламж үзүүлсэн Умард флотын хөлгүүд, нисэх хүчний ангиудын тусламж зэргийг давхар илэрхийлэх учиртай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]