Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эцэг Путин дайны үеэрУншсан9,890

Зөвлөлтийн жирийн нэг байлдагч Владимир Спиридонович Путин хэмээх энэ хүн фронтод биш харин ард талд ажиллах ёстой хүн байсан боловч хоёр ч удаа хүсэлт гаргаж байж сайн дураар фронт явсан

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэдэг хүнийг дэлхий даяар мэдэхгүй хүн ховор байх. Түүний тухай сайнаар дурсахдаа бараг л бурхан мэт ярьдаг нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь дарангуйлагчийн хэмжээнд ярих нь ч энүүхэнд. Улс орноо сүйрлээс аварч улс шиг улс болгож байгаа гэж магтах нэгний эсрэг өөр нэг нь түүнийг дарангуйлагч гэх. В.В.Путин гэж хэн ч байлаа гэсэн манай хойд хөршийн, дэлхийн нэгэн том гүрний одоогийн удирдагчийн аав нь Орос болон ЗХУ-ын хувьд агуу их эх орны дайн хэмээн нэрлэгдэх тэр их дайны үеэр (1941-1945 он) чухам юу хийж байсан талаархи мэдээлэл сонин байх болов уу.

Владимир Путин дурсаж байна:

Аав маань энэ дайнаар тулалдаж байсан хүн юм. Түүнийг НКВД-ийн (манайхаар Дотоод явдлын яам.орч) дайралтын батальон хэмээх бүлэгт хуваарилсан ба энэ бүлэг нь дайсны ар талд хорлон сүйтгэх ажил гүйцэтгэдэг байж. Үнэндээ аав маань нэг л удаагийн ийм ажиллагаанд оролцсон бөгөөд тэдний групп нь 28 хүнээс бүрдэж байсан юм. Энэ группийг Кингисеппийн ойролцоо хаясны дараа тэд ойд төвхнөж аван дайсны хангамжийн зарим нэг галт тэрэгний цувааг устгаж амжсан боловч удалгүй хүнс хоол нь дуусжээ.

Ингээд тэд нутгийн ардууд болох эстончууд дээр очиход хоол хүнсээр тусалсан боловч удалгүй немцүүдэд мань нөхдийг зааж өгсөн байдаг.

Амьд үлдэх арга бараг үгүй, немцүүд (герман хүнийг нэрлэх нэр, орч) бүх л талаас бүсэлж хаасан боловч аав болон өөр цөөхөн хүн бүслэлтээс ямар ч байсан гарч чадсан юм. Зугтаж гарч чадсан хүмүүсийг хөөж эхэллээ. Отрядын үлдэгдэл фронт чиглэн зугтаж байхдаа дахиад хэдэн хүн алдсаны дараа тарж бутран фронт сэтлэхээр  шийдсэн байна. Аавыг маань нохойтой немцүүд хөөх үед намаг дотор ургамлын иш амандаа зуун амьсгалж байж мултарч чадсан гэдэг. Ийм байдлаар тэмцсээр 28 хүнээс ердөө 4-хөн хүн л эргэн ирсэн юм.

Аавыг мань тэр даруй байлдаж байгаа армид хуваарилсан бөгөөд энэ нь бас л ихээхэн хүнд хэцүү хэсэг болох Невский пяточок буюу Нева мөрний зүүн эрэг, Ладог нуурын ойролцоо газар байлаа.

Энэ хэсэгхэн түшиц газрыг эс тооцвол Германы цэргүүд тэр үед  энэ хавийн бүх л газрыг эзэлж авсан байсан бөгөөд манайхан нэгэн цагт бүслэлтийг сэтлэх үед (Ленинградын бүслэлт) энэ газар шийдвэрлэх үүрэгтэй байх болно гэж бүслэлтийн турш уг газрыг хамгаалж байсан юм. Тухайн газрын нэг метр квадратад санаанд оромгүй их бөмбөг ногдож байсан гэдэг бөгөөд бүр тэр их дайны хэмжээнд ч энэ нь их тоо байсан бололтой. Ёстой л аймшигтай хядлагын газар байлаа.

Аав маань энд хүнд шархдсан юм.

Түүнд болон өөр бас нэгэн цэрэгт амьд хэл барих даалгавар өгчээ. Тэр хоёр мөлхсөөр Германы цэргийн блиндажд дөхөж ирэн байдлыг ажиглах үед гэв гэнэт нэг немц гарч ирсэн ба бүгд л сандран яахаа мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрч, герман цэрэг эхэлж сэхээ авсан бололтой гранатаа шидээд цаашаа орчихсон байна.

Бодвол тэр цэрэг манай хоёрыг алсан гэдэгтээ огт эргэлзээгүй бололтой. Гэхдээ аав маань амьд үлдсэн бөгөөд бөмбөгний хэлтэрхий хөлийг нь хүнд гэмтээсэн байж. Хэдэн цагийн дараа манайхан аавыг минь тэндээс авсан боловч амийг нь аврахын тулд ойрхон байгаа эмнэлэгт буюу хотод аваачих хэрэгтэй байдаг. Хотод аваачихын тулд бүх л Нева мөрнийг хөндлөн гарах хэрэгтэй.

Нева мөрний сантиметр болгоныг буудах боломжтой байсан учир их мөсөн мөрөнг хөндлөн гарна гэдэг нь  амиа хорлосонтой адил хэрэг байсан юм. Сайн дураараа аавыг маань аваад явах хүн олдоогүй, цаг удах тусам цус алдаж байгаа учир ямар нэг юм хийхгүй бол удахгүй үхэх нь тодорхой байлаа.

Энэ үед түүний хөрш байсан нэг цэрэг тохиолдлоор таарсан ба тэрээр байдал ямар байгааг харангуут ойлгож илүү дутуу үггүйгээр үүрэн Нева мөрний мөсөн дээгүүр алхаж эхэлжээ. Дайсны хувьд сайхан бай байсан боловч тэд Нева мөрний нөгөө эрэгт гарсан төдийгүй хөрш маань аавыг бүр эмнэлэгт хүргэж өгөөд буцаад тэргүүн шугам руу явсан байна. Явахын өмнө тэрээр “бид дахиж уулзахгүй биз ээ” гэж л хэлсэн гэдэг.

Аав эмнэлэгт хэдэн сарыг өнгөрүүлсэн бөгөөд энэ хооронд ээж түүнийг олоод өдөр болгон эргэдэг болж. Гэхдээ эргэдэг байсан гэхэд их хэцүү бөгөөд ээж маань өөрөө хагас амьтай шахам. Аав маань ч ээжийг ямар байдалтай байгааг сайн ойлгосон учраас сувилагч нараас нуун байж өөрийнхөө хоолноос өгдөг болж. Аав маань үе үе сульдаж өлссөнөөс ухаан алдаж байгааг эмч нар анзааран чухам юунаас болж байгааг дор нь мэдээд ээжийг аавтай уулзахыг хүртэл хориглож байсан гэдэг ба иймэрхүү байдлаар тэр хоёр маань хоёул амьд үлдсэн юм. Харин аав маань насан туршдаа доголон болсон юм даа.”

Путин ээжийн хамт

Геворкян Н.Колесников, А.Тимакова нарын бичсэн Владимир Путинтай хийсэн ярилцлага номоос товчлон орчуулав.

Зөвлөлтийн жирийн нэг байлдагч Владимир Спиридонович Путин хэмээх энэ хүн фронтод биш харин ард талд ажиллах ёстой хүн байсан боловч хоёр ч удаа хүсэлт гаргаж байж сайн дураар фронт явсан хүн бөгөөд өөрөө амиа алдах шахсан, хоёрхон настай хүүгээ бүслэлтийн үеийн өлсгөлөнгөөр алдсан... тэр үеийн хамгийн энгийн гэмээр түүхтэй хүмүүсийн нэг байжээ.

Путин аав, ээжийн хамт
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]