Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Суултуураас болж живсэн хөлөгУншсан12,876

Харин энэ удаа усан доогуур шумбагч хөлөг суултуураас болж живсэн тухай сонирхуулах болно. Суултуур гэж үү? Нөгөө юу яахдаа суудаг тэр л суултуур...

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Шумбагч онгоц янз бүрийн шалтгаанаар живж сөнөсөн олон тохиолдол бий. Дайсны торпед болон гүний мина, өөр хоорондоо болон усан доорхи хад уул мөргөх, орчин үеийн хэт  нарийн техникийн янз бүрийн шалтгаанаас болж гээд тоолбол олон юм гарч ирнэ. Гэхдээ бас санаанд оромгүй тохиолдол бий бөгөөд Энэтхэгийн нэгэн шумбагч хөлөг усны гүн рүү шумбахдаа хөлгийн дээд нээлхийг хаагаагүйгээс түүгээр нь ус орон сөнөж живсэн гэх мэтийн эмгэнэлтэй биш байсан сан бол инээдтэй гэмээр ч тохиолдол бас бий. Харин энэ удаа усан доогуур шумбагч хөлөг суултуураас болж живсэн тухай сонирхуулах болно. Суултуур гэж үү? Нөгөө юу яахдаа суудаг тэр л суултуур...

Норвегийн Берген дэх баазад саяхан засвараас гарч шинэ мэт болсон Германы шумбагч онгоц U-1206 ирж далайд гарах бэлтгэлээ хийж эхэлсэн тэр үе нь 1944 оны сүүл үе байв. Уг онгоц нь шив шинэхэн мэт болж засагдсан, багийн гишүүд ч гэсэн шинэ, Карл Адольф Шлитт хэмээх даналзсан сайхан капитантай (капитан-ахмад гэсэн цэргийн цол биш онгоцны дарга), ер нь л Германы Kriegsmarine-ны нүүр царай гэж хэлж болохоор гялалзсан сайхан амьтад.

Шинэ болсон хөлөг нь хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон, усан цэргүүд нь ч 1945 оны хавар болтол маш сайн бэлтгэгдсэн болохоор ахмад Шлитт бушуухан байлдааны даалгаварт гарч баатар болохоор яарч байв. Ингээд удаан хүлээсэн байлдааны даалгавар авч анхны тулаанаа хийхээр Шотландын эрэг хавийг зүглэсэн бөгөөд тэндээс гарах цувааг торпед харван устгах санаатай байлаа.

Очих газраа очиж отолт хийж эхлэх үед гэнэт шинэ дизель хөдөлгүүрт янз бүрийн жижиг доголдол гарч эхэлсэн учир хөлгөө 60 метрийн гүнд шумбуулж тэндээ дайсанд харагдах вий гэж айж зоволгүй тайвнаар хөдөлгүүрээ засаж янзалж эхэлсэн байна. Энэ хугацаанд ахмад зүгээр суухаар нэг “морь хармаар” болж. “Морь харах гэсэн” нь бүр цаашлах шинжтэй болоод ахмад ч шив шинэхэн суултуур дээр сууж байгаад хэргээ бүтээлээ.

Одоо энэ суултуурын тухай хэдэн үг хэлэх хэрэгтэй байх.

Тухайн суултуур нь маш нарийн бүтэцтэй, тохь тухтай эд байсан ба хамгийн гол нь өмнөх шумбагч онгоцнууд суултуурт орж ирсэн юмыг хурааж хадгалан явсаар бааздаа ирж байж, тэрийгээ гадагшлуулдаг нэг том дутагдалтай байсан бол (ийм шумбагч онгоцны доторх үнэр танар ямархуу байсныг төсөөлөхөд хэцүү биш байх. Үнэрийг гадагшлуулж агаар сэлгэхийн тулд дээшээ гарч хөвөх хэрэгтэй болох ба энэ нь нууц байх байдалд нь сөрөг нөлөөтэй) шинэ суултуур бүхий систем нь ялгадсыг далайн устай холилдуулан шууд гадагшлуулдаг нэг том давуу талтай байв. Янз бүрийн битүү сав хураагуур, элдэв даралт, шахсан хий, механизм болсон энэ системийг ашиглах арга дүрмийг усан цэрэг болгонд зааж сургасан байсан ба ингэхээс ч өөр аргагүй нарийн, хамгийн гол нь хэрэгтэй эд байжээ. Тэр хичээлийг хуурай газарт зааж, давтуулж сургасан боловч зарим нэг нөхдүүд хичээлээ тасалж байсан ба тэдний нэг нь ахмад. Бүхэл бүтэн хөлөг удирдаж явах хүн ганц нэг суултуурын учрыг олох ч ёстой яамай байна аа. Болохоо байхад ганц хашгираад муусайн усан цэргээр усаа татуулчихна.

Ингээд 60 метрийн гүнд ороод байх үед ахмад хүндэрчихээд усаа таттал юу ч болсонгүй. Хананд байгаа суултуур ашиглах гарын авлагыг уншаад сайн ойлгохгүй болохоороо энд тэнд байсан хэдэн хаалтыг нааш хөдөлгөөд  ямар ч өөрчлөлт гараагүй учир суултуурын мэргэжилтэн болох механикийг дуудлаа. Уг шумбагч онгоцны усан цэрэг болгон суултуур ашиглах хичээл заалгасан бол харин энэ механик нь бүр суултуур засварлах, үйлчилгээ хийх “курс  төгссөн” нөхөр байж.   “Курс төгссөн” механик яг энэ үед дизель хөдөлгүүрийн эвдрэлийг засах  чухал ажилтай учир ойрхон байсан туслагчаа ахмад руу явуулжээ. Өнөөх нь очоод юу болохгүй байгааг нь хараад ойлгон, шууд нэг хаалтыг нээгээд усаа татсан байна. Харамсалтай нь тэрээр хөлгийн ахмад өмнө нь өөр олон янзын хаалт, крантыг нааш цааш болгосныг анзааралгүй шууд усаа татаж. Суултуур дотор байсан юм гадагшлах биш харин гаднаас орж ирэх маш хүчтэй даралтын нөлөөгөөр 00-ын өрөөгөөр нэг цацагдаж араас нь далайн ус багтаж ядан орж ирлээ.

Юм буруугаар эргэж байгааг мэдсэн “курс төгссөн” механик сандран давхин ирж зохих хаалтыг хаах гэсэн боловч далайн маш хүчтэй орж ирж байгаа даралттай ус замыг нь хаагаад ойртох ямар ч боломж байсангүй.

Хөлөг дотор янз бүрийн юм болоод байгаа ч капитан ирэхгүй байгаад нэлээд гайхаж байсан туслах онгоцонд ус орж байдал хүндэрч байгааг мэдэн хөлгөө перископын  дурангаар (хөлгийн яндан дуран) харах хэмжээнд хүртэл дээшлүүлэх тушаал өгсөн боловч хоцорсон байв. Гаднаас орж ирэх ус хөлгийн аккумуляторын хэсэгт нэвтэрч утаа униар, хлор хөлгөөр нэг тархаж эхэллээ.

Энэ бүх явдал юунаас эхтэй, одоо юу болж байгааг өөрийн нүдээр харж, биеэрээ мэдэрсэн ахмад яаран өөрийн байранд ирэнгүүтээ шууд л ил гарч хөвөх тушаал өглөө. Бүрэн норсон, тэгээд энд тэнд нь “өөрийнх нь гаргасан юм” наалдсан ахмад харин өөрийн хөлгийн байгаа энэ бүсэд дайсны олон хөлөг онгоц байж болох тухай тэрхэн үедээ  мартсан бололтой.

U-1206 хөвж гарч ирэн утаа униараа хөөж гарган агаар сольж байх үед нь Их Британийн цэргийн хөлөг онгоцны цувааг хамгаалах тагнуулын онгоц яг дээгүүр нь нисэж таарсан бөгөөд утаа манаруулан байх дайсныхаа шумбагчийг хараад шууд л дайран орж бөмбөгдөж эхэлсэн байна.

Үр дүн нь онгоц маш ноцтой гэмтэж дахиж усны гүн рүү шумбаж чадахгүй болсон тул ахмадад бүх далайчдаа хөлгөөс гарахыг тушаах л үлджээ. Удалгүй тэдгээр далайчдыг Британийн хөлгийн цуваа ирж аварч-олзолсон байна.

Жирийн нэгэн суултуураас болж шумбагч онгоц живсэн түүх нь энэ буюу.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 7. 13:23
Зочин

хэхэ бэлтгэл сайн хийх ёстой шалгах сурах суралцах ёстойг харуулсан түүх байна одоо дахиж нэгч шумбагч онгоц суултуураасаа болж живэхгүй ээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]