Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Би өмнөөс нь үхье"Уншсан17,576

Газар доорхи, хорт утаагаар хордуулах өрөө болох 18 дугаартай өрөө нэртэй хонгилд дээрх хоригдлуудыг орууллаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1941 оны 7-р сарын 29-ний өдөр дунд. Аушвиц хорих лагерийн түшгүүрийн дохио хангинаж эхэллээ. Бодвол бас нэг хоригдол оргох гэсэн бололтой, энэ удаа тэр нөхрөөс болж бусдыг нь яаж шийтгэх бол гэсэн айдас хүн болгоныг эзэмдэнэ.

 СС-ийнхэн тэр даруй хоригдлуудыг цуглуулж, жагсааж эхэлсэн ба зарим гадуур үйлдвэрт ажиллаж байсан хоригдлуудыг ч гэсэн гүйлгэсээр авчран жагсаалаа. Шалгалт хийж үзэхэд 14-р блокын нэг хоригдол байдаггүй. 14-р блокынхноос бусад бүх хоригдлыг тараан ажлыг нь хийлгэхээр явуулсан бол жагсаалаараа үлдсэн хэдийг яах нь мэдэгдэхгүй зогсоосоор. Энэ жагсан үлдсэн хүмүүст тэдний байгаа байдал нь жинхэнэ аймшиг байлаа. Одоо хорих лагерийн дарга ямар нэг аймшигтай шийтгэл оногдуулах нь тодорхой бөгөөд харин хэнд, хэдэн хүнд, ямар шийтгэл оногдуулах нь л тодорхойгүй.

Цаг хугацаа явах боловч дарга ирэлгүй хоригдлууд жагссан чигээрээ. Удалгүй харанхуйлж эхэлсэн боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Шөнийн турш номхон зогсох хоригдлууд харанхуйг далимдуулан хэд хэдэн удаа байраа сольсон ба гадуур эгнээнд байсан хүмүүс дотогш орж дулаацах, ядаж хөл өвдгөө жаахан ч гэсэн нугалах ба хэсэг хугацааны дараа тэд дахиад гадна эгнээд гарах зэргээр тэсч байсан боловч бие муудсан, настай хоригдлууд унаж эхэлжээ.

Ингэсээр өглөөтэй золгох үед лагерийн дарга (комендант) Фрицш ирэхэд нь шөнөжин чичирч хоносон хоригдлууд тараах болов уу гэж битүүхэн найдаж байсан боловч хамаг юм дөнгөж эхэлж байжээ.

“Танай блокоос хоригдол оргосон байдаг. Оргох гэж байгааг нь, бэлтгэж байгааг нь мэдсээр байж бидэнд хэлээгүй, оргоход нь та нар саад болоогүй учир та нарын дундаас 10 хүн өлсөж үхэх болно. Амьд үлдэх хэдэд нь оргох гэсэн ямар ч үйлдлийг хатуу ширүүнээр таслан зогсоох болно гэдгийг ойлгуулахын тулд шүү дээ“ хэмээн дарга хэллээ.

Дарга эгнэн жагсах хоригдлуудын дундуур явж хүн болгоны нүд рүү харах үед тухайн хоригдол өөрийг нь сонгох нь гэж айхдаа чичрэх, шээс алдах гээд янз бүрийн л юм болно. Ийм сонголтоос мултарч үлдсэн хүмүүс дараа нь энэ тухай ярихдаа "над руу хуруугаараа заачих вий дээ гэж бодох үед зүрх лантуугаар цохиж байгаа мэт цохилж, толгой шуугин, шанаан дээрх судас хагарч байгаа мэт санагдан одоохон хамар ам чихээр цус сад тавих гэж байгаа мэт болж өөр юу ч ойлгохгүй болдог” гэж ярьж байсан байна.

Хорих лагерийн дарга өөрт “таалагдсан“ нөхдүүдийг таалан сонгосоор. Хамгийн сүүлд тэрээр Польшийн цэрэг 40 настай Франтишек Гайовничекийг заахад өнөөх нь “Ийсус минь! Гэгээн мария! Би чинь эхнэр, хоёр хүүхэдтэй хүн шүү дээ” гээд дуу алдан уйлж эхэлжээ. СС-ийнхэн түүний юу хэлэхийг огт тоосонгүй дугаарыг нь бичиж аваад бусад сонгогдсон нөхдүүдтэй нийлүүллээ.

Үлдсэн хоригдлууд амьд үлдсэндээ баярлан одоо л тараан буцааж ажилд нь хөөх байх гэж найдан байтал гэнэт нэг хоригдол жагсаалаас эгнээгээ орхин СС-ийнхэн рүү аажуухан алхан очиж байх  юм... Энэ бол аймшигт зүйл байв. Жагсаал, эгнээг орхих байтугай эвгүйхэн хөдлөхөд нь буудаж алсан тохиолдол энд хэд хэд бий болохоор хоригдлууд байтугай СС-ийнхэн ч эхлээд гайхан мэлэрчээ. Тэд урьд өмнө гарч байгаагүй энэ хачин явдлыг хараад юу хийх, яах ёстойгоо ойлголгүй дэмий л нэг нэгэн рүүгээ харсаар.

Шоронгийн дарга гайхсандаа тэр үү нэлээд зөөлнөөр “Энэ Польш гахай яах гэсэн юм бол...” гээд асуусан зүйлийг орчуулах хэлмэрч хайх тушаал өгтөл өнөөх Польш эр Германаар “би энэ хүний оронд үхье” гээд Франтишек Гайовничекийг  заалаа.

...Максимилан Мария Кольбе хэмээх нэгэн ламтан 1894 оны эхээр төрж 16 насандаа шашин номын мөр хөөхөөр сэтгэл шулуудсан байна. Нэгэнт лам болсон хойно, номтой сайн лам болсон учир сахилын нэртэй болсон, шашны олон мундаг цол хэргэмтэй болж түүнийг нь даган бас бус нэр нэмэгдсэн, тухайн шашны урсгалын онцлогоос болж өөр нэрүүд зүүх гэх зэргээр мань эрийн нэр аажимдаа ихээхэн урт болсон гэдэг (Мария гээд эмэгтэй нэр ч тууж явааг анзаарсан байх) бөгөөд Польшид өөрийн урсгалын Niepokalanów хэмээх сүмийг нээгээд удалгүй Ази нутгаар тэнэж шашин номоо сурталчилсаар хаа холын Японы Нагасаки хотод хүртэл сүм байгуулж амжсан эр байж. 1936 онд нутагтаа эргэн ирж шашин номынхоо ажлыг хийж байсаар дайнтай золголоо.

Дайны үер дүрвэгчид, еврей нарыг орогнуулан тусалж дэмжиж байсан түүний сүмийг 1941 оны 2-р сард хориглон хааж, мань эрийг өөрийг нь ч Варшав дахь шоронд хорьсон байна. Гурван сарын дараа ламтан маань Аушвиц хорих лагерьт хуваарилагдан 16670 гэсэн дугаартай болсон байлаа.

“Би энэ хүний оронд үхье” гэж хэлсэн хүний хоригдох дугаар нь 16670 байжээ.

...Түүний хэлсэн үгэнд цочирдсон хорих лагерийн дарга “Та яагаад энэ хүний өмнөөс үхэх гээд байгаа билээ” гэж асуусан бөгөөд тэрээр урьд хэзээ ч хоригдолтой та гэж харьцаж байгаагүй боловч энэ удаа тэрхүү хүндлэлийн үгийг хэлсэн нь польш ламтны ер бусын үг шоронгийн даргад зохих сэтгэгдэл төрүүлсэн бололтой.

Ламтан уйлан байгаа хоригдлыг хараад “энэ хүн чинь эхнэр, хоёр хүүхэдтэй шүү дээ“ гээд л чимээгүй боллоо. Ламыг гайхан харж байсан шоронгийн дарга «Gut»  гэж хэлэн зөвшөөрснөөр Гайовничек амь аврагдах болж ламтан түүний оронд үхэх болжээ.

Газар доорхи, хорт утаагаар хордуулах өрөө болох 18 дугаартай өрөө нэртэй хонгилд дээрх хоригдлуудыг орууллаа. Тэнд орсон хүмүүст ямар ч хоол, хувцас өгөхгүй бөгөөд бүр ус ч өгөхгүй. Угаасаа тамирдаж сульдсан хоригдлууд энд ороод ямар ч ирээдүйгүй болсныгоо, аймшигтай үхлээр үхэх болсныгоо мэдээд хүн биш зэрлэг махчин араатан болдог бөгөөд нэг нэгнийгээ барьж идэж байсан явдал ч урьд өмнө тохиолдож байж. Харин ламтны орсон тэр үхлийн өрөөнд байнга л шашин номын уншлага, маань мэгзэм сонсогдож байсан бөгөөд үхэж байгаа хоригдлуудыг чухам тэр дуу чимээ тайвшруулж, хүн төрхтэй чигээрээ бурхны оронд залрахад нь тус болж байлаа. Хоёр долоо хоногийн дараа энэ өрөөнд ердөө 4-хөн хүн амьд үлдсэн байсны нэг нь ламтан байв. Дараагийн хоригдлуудыг өлсгөж  алах цаг болсон учир өрөөг суллахын тулд амьд үлдсэн дөрөвт хортой тариа тарьж алахаар болоход ламтан маань амандаа бурхан багшийгаа дуудсаар хорт тариагаа тариулан амь тавьсан юм гэнэ лээ.

Шашин номын хүн гэж чухам ийм хүмүүсийг хэлдэг болов уу хэмээн Америкийн 4 каппеланы тухай (Тэнгисийн цэргийн Титаник буюу эрэлхэг лам нар) нийтлэлдээ бичиж байсан билээ. Энэ удаа ч гэсэн дахин хэлмээр санагдлаа. Шашин номын хүн гэж ямар нэг мухар сүжиг, ид шид ярьсан хүн биш харин Максимилан Мария Кольбе шиг хүнийг л хэлэх байх.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]