Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Го.Аким: Монголын түүхийн авдрын цуургыг тайлсан нэгэн түлхүүрУншсан2,769

Гонгор гуайн тухай дуулсан нэг шогийг ярья л даа, яадаг юм. Гонгор гуай Сайд нарын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байж л дээ. Тэгсэн нь нэг найз нь эргэж очиж.

Түүхч Олхонуд Д.Гонгор нь 1967 онд Улаанбаатар хотноо “Халх Монголчуудын өвөг дээдэс ба Халхын хаант улс” /VIII-XVII зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1974 онд Москва хотноо  “Овгийн байгууллаас феодализмд шилжих үеийн түүхэн зааг дахь Монгол орон” /XI-XIII зуун/ сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж байсан. Энэхүү түүхч абугайн талаар Хатагин Го.Аким гуай хэрхэн тэмдэглэснийг уншигчдадаа сонирхуулж байна.


Д.Гонгор абугайг би огт танихгүй. Нүүр учирч байгаагүй, тэр ч байтугай холоос ч зүс хараагүй. Гэхдээ танина. Танихгүй гэчихээд танина гэдэг ямар шоглоомтой нөхөр вэ гэж зарим хүмүүс бодож мэдэх. Хүн юу л гэж бодвол бодог. Тэр нь над хамаагүй. Үнэхээр танина. Яагаад гэвэл энэ их түүхчийн бичсэн “Халх товчоон” ном миний ширээн дээр бүүр нийгэм журмын гэдэг үеэс л байсаар байгаа юм. Тэр ямар шидтэй, ямар идтэй ном болоод ширээн дээр чинь байдаг билээ? гэж шалгаах хүн бас гарч магад. Яагаад гэвэл зохигч эрдэмтнийг нь одоо мэдэх хүн, “Халх товчоон”-г гартаа барьж үзсэн хүн өдрийн од шиг болсон. Гэгээн өдөр гэрэл барьж яваад ч олоход бэрх өвлийн цэцэг шиг болсон. Иймд номынх нь шидийг нь товч хүүрнэсү. Идийг нь цухас өгүүлсү. “Халх товчоон”-ы нэгдүгээр дэвтэр 1970 онд гарсан юм. Чингэхэд “цэдэнбализм” гэдэг гаарч, ‘чингисизм’ хоригдож  байсан үе гэвэл зарим нь уурлах л байх, уушиг нь сагсайх л байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Тэр үед Чингис гэж дуугарсан хүн шоронд орж, халх Монгол гэвэл үндэсний үзэлтэн болох аюул нүүрлээд олон жил болсон байв даа. Д.Гонгор яг тэр аюулыг сөрж л “Халх товчоон”-оо туурвисан юм.

Тэр үед Монголын түүхийн олон сурвалж бичиг номын сангийн тоост тавиур дээр хураалгаастай, тоотой ганц нэг хүн л салхи оруулбал оруулдаг, ялангуяа мань мэт нь олон сурвалж бичгийн нэрийг дуулснаас цаашгүй, эдгээрт хүрэх аргагүй байсан юм. Гонгор абугайн “Халх товчоон” хэвлэгдсэн нь мань мэт “нусан жур”-уудын сүвийг үнэхээр нээгдүүлсэн билээ. Магадгүй, Гонгор гуайн хувьд ч эр зориг байсан байх аа.

Гонгор гуайн тухай дуулсан нэг шогийг ярья л даа, яадаг юм. Гонгор гуай Сайд нарын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байж л дээ. Тэгсэн нь нэг найз нь эргэж очиж. Чингэхдээ нэг “гожгор юм” аваад очиж гэнэ. Гонгор гуай өрөөндөө хоёулаа байж. Нөгөө нөхөр нь хаашаа ч юм алга болчихоод ирж өгдөггүй гэнэ. Хүлээж ядаад, нөгөөхөөсөө нэг хийгээд залчихаж. Нөгөө нөхөр нь байдаггүй. Уг нь нөхөртэйтээ хуваах гээд л хүлээгээд байгаа хэрэг л дээ. Гэтэл хажуугийн хүн орж ирдэггүй. Бага багаар татсаар байтал лонхтой нь дундаа орж байна гэнэ. Нөгөө нөхөр бас л байдаггүй. Тэгтэл үдийн хоолны цаг хариугүй болох гээд байж. Гонгор гуай бодож дээ. “За энэ үлдсэнийг орхиод гарвал сувилагч, эмч энэ тэр үзчихвэл бөөн хэл ам болно” гэж бодож дээ. Тэгээд эд мөрийн баримт үлдээхгүйн тулд нөгөө лонхтойгоо гүйцээгээд татчихаж. Тэгсэн нь... Тэгсэн нь, яах вэ дээ, ухааны чагтага тас үсрэхгүй юү. Нэг сэргэсэн нь, цав цагаан бүтээлэгтэй ширээ засчихсан, халбага сэрээ өрчихсөн ширээнд сууж байна гэнэ. Хажууд нь хүмүүс шуугилдаад л. Гонгор гуайн чагтага нь тасарсан ухаанд “За би нэг найран дээр ирээд сууж байгаа юм байна” гэсэн бодол бүүр түүрхэн орсон гэдэг. Тэгээд “За би нэг үг хэлчих үү?” гээд босоод ирж дээ. Тэгээд яасан? Тэгээд үү? Яах вэ дээ, эмнэлэгт архидаж согтуурсан хэргээр Академийн хэргэмтэнд хаягласан дагалт бичигтэйгээр эмнэлгээс хөөгдөхгүй юү. Ганц бөөрөнхий юмны бөглөө мулталсан их эрдэмтнээ, эмчилгээг нь дуусгалгүйгээр эмнэлгээс хөөнө гэдэг инээдтэй байгаа биз? Гэтэл тэр үед энэ нь инээд биш ханиад болон эргэж мэдэх байсан. Миний л хар санахад энэ нь “Халх товчоон”-ыг бичсэн эр зоригтой холбоотой байж магад. Гонгор гуайг өөлөх гээд өөлөх юм олдохгүйд ийм л нэг шалтаг гаргасан хэрэг. Мөнөөхөн архи аваачиж өгсөн хүн нь ч хэн юм? Хэн мэдлээ! Тэр үеийн Академийн удирдлага дагалт бичигний мөрөөр ямар арга хэмжээ авсаныг би мэдэхгүй. Ямартай ч толгойг нь илээд өнгөрөөгөөгүй байх. За ингээд, нөгөө номын идийг өгүүлэх хүн хадуураад явчихлаа.

Үгүй нээрээ, тэгээд тэр ид нь юу юм бэ? Би дээр өгүүллээ л дээ. Бидний оюуны сүвийг нээгдүүлсэн юм аа гэж! Бүр нарийвчлан хэдэн өгүүлбэр хэлхэе л дээ.  Бидний чихний үзүүр шүргэсэн төдий, бүр шүргээгүй ч сурвалжуудыг ашиглаж, ашиглахдаа зүгээр нэг ишлээд өнгөрөөгүй, санаа бүрийн утгыг тайлсан, чингэхдээ коммунист суртлын үүднээс биш, шинжлэхүй ухааны үүднээс хужрыг тунгааж, өөрийн өнцгөөс цэгнэсэн байгаа юм. Энэ нь л тэр үед бидний хувьд гайхамшиг байсан. Чингэхэд, би л гэхэд “Шашдирын чуулган” (“Судрын чуулган” Д.Г.)-д юу юу өгүүлсэн тухайтад мэдэхгүй л байв даа. Гонгор абугай бичсэн нь: “Судрын чуулганаас Хэрлэн, Онон, Туул гурван голын Монгол аймгийн удам угсаа, аймаг тус бүрийн хураангуй түүхийг сэргээн мэдэж, Монголын нэгдсэн улс байгуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг, Монголын эзэнт гүрний үед халхчуудын өвөг дээдэс Чингис хааны отгон хүү Тулуйн мэдэлд харъяалагдан захирагдаж явсан зэрэг олон чухал асуудлыг нээн олж, сэргээн тодруулж болох юм” гэжээ. Энэ бүхнийг уншаад тэр “Шашдирын чуулган”-ыг “бүхлээр нь унших юмсан, болж өгвөл орчуулах юмсан” гэсэн сэтгэл төрөгдөж байсныг нуух юун. Тэгээд тэр бодлоо манай нэртэй нэг эрдэмтэнтэй хуваалцахад “Тэрүүнийг орчуулж яах юм” гэж их л голонгуй дуугарахад нь гайхаж байсан сан. Тэгсэн нь, манай түүхчид “Шашдирын чуулган”-аас будаа идээд өөрөө бичсэн мэтээр зүүлт тайлбаргүй гаргадаг байсан юм билээ л дээ. Хэрэв орчуулаад гаргачихвал тэдний булхай баригдах байсан юм билээ л дээ. Гэвч молхи би олон жил сэтгэлийн мухарт тээж явсан нандин мөрөөдлөө өдгөө ажил болгосондоо баярлаж буй бөлгөө. Сайн ном гэдэг хүнийг заавал нэг сайн юманд өддөгийн жишээ энэ биш гэж үү! Цаашилбал, “Юань улсын судар” байна. Энэ хөлгөн судрыг би Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал болж байж л, албан тушаалаа ашиглан байж л барааг нь харав шүү дээ. Гонгор абугай бичихдээ: “Юань улсын сударт XIII зууны хоёрдугаар хагасаас XIY зууны тэргүүн хагасын шувтарга хүртэлх зуугаад жилийн Монголчуудын түүхийн үндсэн тулгар гэрч баримт буй” гэжээ. “Мэн-да-бэ-лу” (“Монгол татарын бүрэн шастир”), “Хэй-да-ши-лю” (“Хар татарын тэмдэглэл”) зэргийн тухайтад гэвэл миний хувьд үнэхээр сураггүй байсан даа, нуугаад яах вэ. Гонгор абугайн “Халх товчоон”-г уншихад “Монголын нууц товчоон”-г тайлбартай уншиж байгаа мэт л болдог.  “Гал барс жил буюу 1206 онд Онон мөрний хөвөөнд Монгол ноёдын хуралдай болж, Монголын нэгдмэл төвлөрсөн улсыг байгуулж, Тэмүжинийг эзэн хаанд өргөмжлөж, “чингис” цолыг дахин хүртээжээ. Ийнхүү Чингис цолыг хоёрдох удаагаа олгосон нь Хамаг Монголын хаан төдийгөөс бүх Монгол туургатны их улсын нийтийн далай хаанд өргөмжилснийг илэрхийлсэн” гэж Гонгор абугайн дүгнэсэн нь маш оновчтой агаад энд нэг ажигласнаа хэлэхэд, чингис гэж толгойн үсгийг жижгээр тавьж үзэл суртлынхны толгойг эргүүлээд, бүтэн цолыг зориуд тодоор ялгаж, үүнийгээ Чингисийг магтах байтугай нэр дурдаж болохгүй байсан тэр үед их хаанаа сэтгэлээрээ дээдлэх нэг арга болгожээ гэж үзэлтэй.

Миний бие түрүүхэнд “өөрийн өнцгөөс цэгнэсэн” гэж гурван үгийг бичсэн дээ. Үүнээ нутлах үүднээс нэг өгүүлбэр “Халх товчоон”-оос ишлэсү. “Хувилайн эсрэг нэр агчдын (Ариг бөх, Хайду) эсэргүүцлийг өнгөн талаас нь харвал хаан ширээ булаацалдсан мэт боловч чухамхүү хэргийн мөн чанар нь Монголын эдийн засаг, улс төрийн төвийг эх оронд байлгах чиглэлтэй, эзэнт гүрний нийслэлийг харь газар шилжүүлэхийг эсэргүүцсэн тэмцэл тул цаг тухайтад Монголын нийгмийн хэрэгцээ шаардлагыг зөв тусгасан дэвшилт хандлагатай зүйл гэж үзвэл зохилтой” гэжээ. Тэгвэл “Шашдирын чуулган”, “Юань улсын судар” хоёрт л лав Гонгор абугайн дүгнэлтээс хахь ондоо дүгнэлт байдаг. Ариг бөх, Хайду нарыг хаан ширээ булаалцалдсан төдийхэн улс мэтээр гаргасан байдаг билээ. Гэтэл Елюй Ахай, Едюй Тухуа гэдэг ах дүү хоёр хятан жанжин нь Чингис хааныг Төв хятадад нэвтэрч эзэн суух талаар санал болгоход, хаантан “Төв Хятадад нэвтэрч эзэн суух тухайд би ер бодоо ч үгүй зүйл байна” (Жү Яотин) гэж эрсхэн хариулсан байдаг юм. Чингэхлээр Хувилай хаан их өвгийнхөө гэрээсийг зөрчсөн болж таараад байдаг юм. Ер Гүюг хааны үед Өгэдэй, Толуй хоёрын үр садын хооронд улалзаж эхлэсэн түймрийн гал Мөнх хааны үед дүрсхийж, Хувилайн үед уулган түймэр болсон билээ. Ингээд л Их эзэн Чингис хааны маань Их Монгол Улс задрахын үүд нээгдсэн дээ.  “Хаан нэртэй ноёд олширсон” гэдгийг Гонгор абугай дурдсанаараа түүнийг л битүүхэн өгүүлээд байгаа юм аа. Түүхэн үнэн ийм бөлгөө. Түүхэнд сайн тал ч буй, сөрөг тал ч буй. Аль аль нь ил байх учиртай. “Халх товчоон” номын шид тэр бүхэнд оршино оо.

Дахин хэлэхэд,  Гонгор абугайн сийрүүлснээр:

Хангайн ар тур нутаглан сууж

Харид дайсанд чинү

Халх болсон

Халуун аминд чинү

Түшээ болсон

Ирэхийн үзүүр

Харахын харуул болсон

Халх түмнийхээ үнэн түүхийг үнэнийг нуудаг байсан тэр үед өгүүлсэнд л тэр номын ид шид, шинжлэхүй ухааны нь үнэ цэнэ оршдог билээ.

Гонгор абугайн “Халх товчоон” Монголын түүхийн авдарын цуургыг тайлсан нэгэн түлхүүр” гэж хэлсний минь ч учир ийм болой.

2014 оны арванхоёрдугаар сарын 7.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 6. 19:16
Зочин

"Халх товчоон" - ыг дахин хэвлэж олонд түгээвэл одоогийн болон хойч үеийнхэнд чухал ач тустай буян болно.

4 сар 6. 9:52
Зочин Баяраа

Гонгор гуайн "Ховдын хураангуй түүх " гэдэг ном манайд байсныг санаж байна, Хүүхэд байсан болохоор нэг их анзаарч байсангуй их л гоё зураг, түүх байсныг санаж байна, энэ мундаг эрдэмтний бүтээл өдгөө олонд хүрэх байгаад баяртай байна. Аким гуайд баярлалаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]