Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөндлөн булгийн рашаанУншсан469

Унаж боссон олон зуун жилийн урт түүх намтартай монголчууд XIX зууны сүүл хүртэл зөвхөн мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж байж. Хөгжил дэвшлийн тухай ярих юм биш.

-ААВ, ЭЭЖ ХОЁРЫНХОО ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ САНАН БЭТГЭРЭХИЙН НУЛИМСТАЙ СИЙРҮҮЛЭВ-

ОРШЛЫН БЯЦХАН ОРНООР... 

Унаж боссон олон зуун жилийн урт түүх намтартай монголчууд XIX зууны сүүл хүртэл зөвхөн мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж байж. Хөгжил дэвшлийн тухай ярих юм биш. Харин 1921 оны ардын хувьсгал ялсанаас хойших ердөө 20, 30 жилийн дотор Монгол Улсын нүүр царай эрс өөрчлөгдөж уудам талд морин дэлэн дээр явсан ардууд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн замд хөл нийлүүлсэн байдаг. Хөгжлийн суурь тавигдахаас өмнө хонины сүүлний өөхөн дэнлүүний бүүдгэр гэрлээс өөр гялтайх юм хөдөөд байгаагүй гэдэг. Ээж маань ярьдаг байж билээ. Нэг өдөр гэрт нь лаа асахад цахилгаан чийдэн ассан юм шиг урьд хожид үзээгүй гэрэл гэгээ цацарч бөөн баяр хөөр болжээ.

Дөчөөд оны сүүл тавиад оноос эхлэн 60, 70, 80-аад онуудад үйлдвэржилтийн хамгийн оргил үе байв. Нийгэм эдийн засгийн гол цөм болсон Монголын нийслэл Улаанбаатар хот цаг минут сар өдөртэй уралдан хөгжин дэвжиж байв. Тавиад оны эхэн үе. Тэр үед хөдөөгийн залуучуудын хувьд хот гэдэг амьдралынх нь хүсэл мөрөөдлийн зүүд байжээ. Ер нь ийм бодлын урсгал он удаан жил үргэлжилж ирсэн дээ. Яг энэ цаг үед хөдөө орон нутгаас олон зуун залуучууд сайн дурын илгээлт өвөрлөн ирж энэ хотын их бүтээн байгуулалтад гар бие оролцож шинэ шинэ амьдрал бүтээж өнөөдрийн их хотоор овоглосон олон олон улаанбаатарчуудыг төрүүлсэн түүхтэй. Хатуу хорвоогийн жаяг, цаг хугацааны эрхээр нэгэн үеийнхэн дэлхий ээжийнхээ хэвлийд шингэж дуусах болж дээ. Намрын салхинд ганц нэгээрээ хийсэн унах навчис шиг. Тэдний нэгэн салаа мөчир ээж аав хоёр маань. Хөгжлийн агуу бодит түүхийг бүтээж үлдээсэн алтан үеийнхэнд би сөгдөн мөргөнөм. 

* * * * * * * * * 

Аавыг маань Хомбоогийн Банзрагч, ээжийг Нүрдийн Рэгзэдмаа гэдэг. Нутаг усныхан ураг төрлийнхөндөө Бааваа Аажаа хэмээн авгайлуулдаг сан. Аав ээж хоёр маань хэдэн малаа айлд орхиод илгээлт өвөрлөн холын Алтай буюу Говь-Алтайн Халиун сумаас гарч төмөр зам гэдэг айлын жирийн нэгэн ажилчин ангийн гишүүн болсон байдаг. Алтан үеийн салаа мөчир болсон аав ээж хоёрынхоо амьдралын цагаан зам мөрийг дурсан санахын хайр хүндлэлийн бахархал бас нэхээгүй ач тусыг нь хариулж чадаагүйн дотогшоо өөртөө гоморхох дэнсэн дор өнгөрсөн цаг хугацаанд эргэн очих олон жил хүлээсэн хүслээ уудлан дэлгэж бага ч атугай санаагаа зөөллөхийг хичээв. 

Тавиад оны эхээр аав ээж хоёр маань Зүүнхараад ирж цөөн жил амьдарч байгаад Улаанбаатарт нүүж иржээ. Нялх нойтон хүүхэдтэй залуу хосуудад мэргэжил мэдлэг байхгүйн улмаас төмөр замын замчины хүнд хар ажил хийж, залуу насны аагаар л амьдралаа залгуулдаг байж. Хүүхдийнхээ нойтон даавууг хатаахын тулд нуруугаараа ороогоод л ажилладаг байснаа ээж хожим дурсдаг сан.Бас халуунд төмөр замын хүнд ажил хийдэг байсан учраас ам нь цангахын хэрээр бамбасаатай хатуу чихэр ихээр хүлхэж цангаагаа тайлдаг байснаа ярина. Манайх гэж Төмөр замын ажилчдын эмнэлгийн урдах дан байшингуудын нэгэнд амьдардаг төмөр замын жирийн айлуудын нэг. Тэр үеийн төмөр замын тосгон гэж дундаа нэг их цэлгэр талбайтай түүнийгээ тойруулаад тэгш дөрвөлжин хашсан чулуун дан байшингуудтай байх. Тэр цэлгэр том талбайд бөмбөг өшиглөж, маатак, гахай, сагс тоглоно. Бас байрны том ах нарын хийсэн ширээний теннис тоглож хүүхэд насны нэгэн жаргалтай үе өнгөрсөн. 

Төмөр замын айл бүр том жижиг юм хадгалах модон сараатай байв. Бас худагтай.Өвөл хөлдсөн худгийн ус хүүхэд бидэнд мөсөн коток болчихдог байсан сан. Үндсэндээ бидний төрж өссөн хүүхэд ахуй цагийн Төмөр замын тосгоны өнгө төрх иймэрхүү л байлаа. Танигдахын аргагүй болсон тэр цаг... Төрсөн нутгаа санагалздаг хөдөөгийн нөхдүүд шиг эргэн санаж хааяа нэг уйтгарлах нь монгол хүний хувь тавилан юм уу даа. Манай аав гэж төмөр замын өртөө зөрлөгөөр томилолтоор ажилладаг вагон найруулагчийн ажилтай хүн. Ингэж явахдаа янз бүрийн мод чулуу их цуглуулна. Тэгээд манай байрнуудын нэг том сарааны бөөрөнд хураачихдаг байж билээ. Тэр моднууд дунд шувуу хүртэл өндөглөчихдөг байсныг бодохоор тэр үед хулгай зэлгий гэж айхавтар байгаагүй байх.

Аавын модон сарааны бөөрөнд хураасан мод олон жил болсон юмдаг. Төмөр замын эмнэлгийн урдах манай 103-2 тоот муу дан байшин хөдөө гадааны их хөлд дарагдсан дэн буудал аятай байв. Аажаа бааваа хэмээн ээж аав хоёрыг авгайлах Завханы Ургамал сумаас Баянхүү ах гэргий Даваа эгч манай ээжийн талын хамаатан тэргүүтэй тууварчид бас Говь-Алтайнхан ээлж дараалан ирж хонож буудаллаад явцгаана. Манайх хоёр өрөөтэй бөгөөд нэг өрөөндөө хөдөөнөөс ирсэн сургууль соёлд суралцах хамаатан садны хүүхдээс авахуулаад хотод орон байргүй нутгийнхныг үнэ хөлсгүй суулгаж их буян үйлдэнэ. Улсын дээд шүүхэд бичээчээр ажилладаг нутгийн нэг эгчийнх, хойно Харьков хотын их сургуульд суралцдаг байсан ээжийн талын хамаатан Доржбал ах төгсөөд Шинжлэх ухаан мэдээллийн төвийн дарга хүртлээ манайд суусан. За тэгээд ээжийн хамаатны Даваа эгчийн охин Таня түүний дүү Нямдэлэг гээд цуварч өгнө.

Зуны тэр нэг нартай өглөө аав гэнэтхэн нүүдэл суудал болоод явчихав. Хэзээ, хаана хэдий завандаа хийж амжуулсан юм бүү мэд, онгоцны хоёр жижиг дугуй бүхий жижиг хөнгөн гэж жигтэйхэн тэрэг хийчихсэн түүнийгээ будаж шунхадчихсан байж билээ. Тэр тэрэг хожим нь манайх гэж айлын моторгүй л болохоос амины ганц ачааны машин болсон юм даа. Энэ тухай сүүлд өгүүлье. Тэр өглөө аав гэрийн гадаа төмөр замын баазын пүүлэн хэмээх урт ачааны тэрэг авчирчихсан жолоочид нь хоёр шил архи бас 25 төгрөг өгөөд нүүхээр болов. Хаашаа нүүх гэж байгаагаа бидэнд хэлээгүй л байлаа. Харин тэр ачааны урт машинд нөгөө сарааны бөөрөнд олон жил хураалттай байсан урт урт хуучин банзнуудыг ачаалаад тэр том ачааны тэвш бараг дүүрэв. Ингээд Амгалан чиглээд Баянзүрхийн товчоогоор гараад Налайхын наахна нь орших Хонхорт хүрч ирэв. Налайх руу орохоос өмнөхөн автомашины замаас холгүй Хонхорын малчны хороо гэж цөөн хэдэн малтай, эмх цэгцтэй хашаа хороотой, нам гүм ноёлсон уугуул суугуул айлууд дээр манайх гэж нэг айл хотоос ам бүл нэмэх нь тэр. Ус агаар гэж ёстой намрын сэнгэнэсэн айраг л гэсэн үг.

Магадгүй аав маань унаж төрсөн Алтайн их говийнхоо Бурханбуудай уул, Намалзах, Уст чацраны голоо санан ойртохын сэтгэлийн хөгөөр хөглөгдөн нүүдэллэсэн биз. Бурхан буудай уулынхаа зэрлэг сонгино бас бус нутаг усныхаа тухай хааяа надад ярьдаг байж билээ. Хожим би сурвалжлагч болчихоод аав ээж хоёрынхоо төрсөн нутаг Алтайн их говиор олонтаа очиж байгалийн ер бусын гайхамшгийг мэдэрч, нутаг усаар нь ихэд бахархсан даа. Тухайн үед 90 оны дунд үе Говь-Алтайн Засаг даргаар ажиллаж байсан нутаг орондоо нэр хүндтэй Жанчивдорж буюу Жааяа ах “Нутгийн хүү ирлээ” хэмээн хүндэлж, машин тэргээр үйлчилж, аав ээжийн минь нутаг усны ажилсаг зон олон уул усны сайхныг таниулж өгдөг сөн. 

Аав маань хааяа алба амины ажлаар хот орно. Тэгээд бушуухан буцна.Хонхорын автобуснаас буунгуутаа л хоёр муу бакалан гутлаа тайлж сугадчихаад зүлгэн дээгүүр алхчихдаг сан. Харин хотын шороо тоосон дээр тоглоод дасчихсан манийн хувьд хот руу орохын түүс болно.Гэхдээ удалгүй аавын адил хот руу орох дургүй болсон. Миний хүүхэд ахуй насны бас нэг жаргалтай цаг мөч Хонхорын байгалийн үзэсгэлэн бүрдсэн малын сайхан өтөг бууц үнэртсэн энэ л газарт өнгөрч билээ. Бидний тэр үеийнхэн яг л “Зуслангийн найзууд” кинонд гардаг шиг дугуй унацгааж уул хадаар зугаалж, голын усанд сэлж бас хэн нэгнийхээ малын өвс хадланд явна.

Малчны хорооны хаяагаар урсах бяцхан голын эрэг дээрх сагсан бөмбөгийн шийд Малчны хорооны хүүхдүүдийн орой үдшийн их цугларалтын талбар болдог байв. Тэр үед төмөр замын ажилчид төмөр зам дагуу зундаа лагерт гардаг байлаа. Богд уулын Хүрхэрээ, Баянзүрх, Туул зөрлөг гээд улсаас зориуд барьж өгсөн олон жижиг модон байшингуудад цэвэр агаар салхинд зуны гурван сарыг өнгөрүүлнэ. Төмөр зам ажилчдынхаа лагерт гаргах асуудлыг онцгойлон авч үзэж бүр бодлогоор бүх талын арга хэмжээ авч өгнө. Зөвхөн лагерын айлуудад зориулж Налайх Улаанбаатарын хооронд явдаг суудлын галт тэрэгний тоог нэмж хоёр талаасаа зөрөлдөх суудлыг өглөөний зургаан цагаас оройн 22 цаг хүртэл цаг тутамд явуулдаг байлаа. Өглөөний зургаан цагаас хот руу явах суудал, орой 05.30-д хотоос хөдөлдөг Налайхын суудал дүүрэн ажилчидтай явна. Энэ үеэр төмөр замын зуслангийн буудлууд өнгө өнгийн цэцэгс алаглах мэт зорчигчдын их хөл хөдөлгөөнд дарагдах нь үнэхээр гоё. Энэ урсгал найман сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Энэ сайхан уур амьсгал ор мөргүй болоод даруй хагас зуун жил рүү дөхөж байна даа.

Харин энэ зун Хүй долоон худагт болсон Төмөр замын баярын нэг торгон агшин тэртээх он жилүүдийн сайхан цаг мөчийг санагдуулав. Давааны зөрлөгөөс суудлын галт тэрэгнээс буух баярын гоёлоо өмсөж зүүсэн төмөр замчдын өнгө жавхаа үнэхээр гоё байсан. Манайх хоёр жил шахам зүтгэж байж малчны хороондоо томд орох одоогийнхоор бол хаус барьж хэрэндээ л тансаг зэрэглэлийн байшинд амьдарна. Галт тэргээр Хонхорын өртөө рүү тойрон ороход хаанаас ч харагддаг тэр том байшинг барьсан түүх их сонин. Тэр үед ямар одоогийнх шиг барилгын дэлгүүр энэ тэр байх биш, бүх юм улсынх.Тэгэхээр хувийн орон сууц барина гэдэг том проблем байлаа. Манай байшингийн гол үндэс нь хотын төмөр замын байрны нөгөө сарааны бөөрөнд аавын цуглуулж хураасан моднууд байсан юм. 

Наяад оны сүүл хүртэл Хятад улстай Орос Монголын харилцаа хүйтэн хөндий муу байв. Өдөр бүр Налайхын орос цэргийн нисэх буудлаас их чимээ шуугиан хадаасан дуунаас хурдан байлдааны онгоц хөөрч ирж буцах нь жирийн үзэгдэл. Үүний хажуугаар орос цэргийн байлдааны зэвсэг техник бүхий авто цуваа хойш урагшаа тасрахгүй цуварна. Орос цэргүүдтэй хүүхдүүд бид орсоор ганц хоёр үг ойлголцож тэмдэг энэ тэр авчихна. Бас төмөр замаар орос цэргийн зэвсэг техник ачсан урт цуваа явах бөгөөд Хонхорын өртөөний ачаа шилжүүлэн буулгах талбай дээр өдөр болгон шахам ачиж буулгана. Оросын зэвсэг техникийн бэхэлгээнээс маш их мод гарна. Хонхорын өртөөн дээр Орос цэргийн зэвсэг техникийг бууж суухыг дурангаар харж байгаад л нөгөө аавын хийсэн хөнгөн тэргээ түрж очоод эвээс моднуудыг ачиж өгдөг сөн.

Манай том байшингийн боссон түүх бас тэр л орос цэргийн зэвсэг техникийн бэхэлгээний модтой холбоотой. Тэр аавын хийсэн тэрэг үнэхээр манай ачааны унаа болсон юм. Тэр ачааны тэргээ түрээд зэвэрсэн хадааснаас эхлээд энэ тэндээс мод чулуу цуглуулж байж байшингаа барьсан даа, аав бид хэд. Хонхорын зуны тэр сайхан мөчийг санах тусам сэтгэл гэгэлзэнэ. Хонхорын байгаль гэж ёстой хөхөө шувуу донгодсон хөвчийн хангайн өгөөж хишигтэй үзэсгэлэн бүрдсэн бичил ертөнц байлаа. Их л өндөр давааг Нам даваа гэнэ. Ээж манай охин дүү бид хэдийг Хонхорын Дарь эмээ газарчилж Нам даваа даваад жимсний оронд хүргэж байгалийн сайхныг мэдрүүлдэг сэн. Тэр үед Дарь эмээ лав л жар гарсан байсан. Уул хадаар тун ажирахгүй явна. Нам даваа даваад туул гол хүртэлх хөвчийн ой модод байгалийн сүр хүчийг илтгэнэ. Гүзээлзгэнэ, улаалзгана, хад, аньс, мойл гээд Хонхорын ар өврийн уулсын жимсний ойн төглийн анхилам сайхан орчин тойрон диваажингийн орон л гэсэн үг. Бас борооны дараа мөөг их гарна. Ээж ирээд жаахан түүсэн жимсээрээ амттайхан вариань хийдэг сэн. Ээж маань бас л тавь гарч байсан ч дүү бид хоёртой жимсэнд хамт их явна. 

Аав бид хэд бас хашаандаа жижиг амбаар барьж тэрэнд маань аавын дүү Тогтох Жүүжээ эгчийнх гарч зуны хэдэн сар Хонхорын цэвэр агаарт зусч хонь ямааны шинэ мах, сүү, өрөм цөцгий идэж уусан шиг алжаалаа тайлна. Малчны хорооны малтай айлуудтай цайны сүүний гэрээ хийчих нь.Тэр үед литр сүү төгрөг тавин мөнгө байлаа. Манайх бас орос цэргийн майхантай түүнийгээ зундаа барьчихаад хол ойроос зочин гийчин ирэхэд хүлээгээд авчихдаг, одоогийнхоор бол бичил жуулчны бааз байж. Нөгөө бичигдээгүй хууль ёсоороо хол ойрын айлчин гийчин манайхаас үл тасарна. Шинжлэх ухаан мэдээллийн төвийн залуу шинэ дарга Доржбал ахынх Сэлэнгээс Адьяа ахынхан хотоос Лхүндэв ахынх Жүүжээ эгчийн хүүхдүүд манай найз нөхөд ангийнхан гээд манай Хонхорын бичил бааз зуны хэдэн сард их хөлд дарагдана. 

Манай аав гэж үг дуу цөөтэй хэр баргийн дуугардаггүй сонин хүн. Харин бөхийн тухай яриа дэлгэчихвэл бөхийн хорхойтон байтугай айлын авгай нартай хүртэл урт яриа дэлгээд суучихна. Аав маань бөхийн барилдаан, тэр дундаа ганцхан үндэсний бөх л илүү үзнэ. Үнэндээ бөхөд дэндүү хорхойтой нэгэн байлаа. Манай хоёр ахыг 5,6 настай байхад нь үндэсний бөхийн зодог шуудаг зориулан хийлгэж сэтгэлээ баясгаж явсан нь тэр үед авахуулсан гэрэл зурагнуудаас мэдрэгддэг сэн. Бүр манай бага ахын нэг зураг Төвийн сонины судалбар зургийн буланд тавигдаж хүмүүсийн өхөөрдлийг төрүүлж байсан. Тэртээ 70-аад оны дундуур Спортын төв ордонд болсон Цагаан сарын барилдааны үзүүр түрүү бөхийг тааж тухайн үеийн “Спортын мэдээ” сонины бүтэн жилийн дугаараар шагнуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Аав маань заримдаа их омголон цэцэн цэлмэг үг холбоод хэлчихнэ. Төмөр замын удирдах газраар орохдоо нөгөө бөхөө л ярьж явна. Зарим дарга нар их явуулна. Тэгэхээр нь мань хүн (Тэр үед аав Хонхорын өртөөнд ажилладаг байсан) Хоолтын давааны хос төмөр зам салчихгүй бол миний холбож найруулсан вагон явдгаараа явна. Голын цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ дэнжигнэхгүй юм бол миний Алтай нутгийн хүү Давааням улсын начин баараггүй болно гээд л толгой холбож дарга нарын үгэнд хариу өгч хөгжөөгөөд авна.

Давааням зааныг анх улсын начин болоход их нөлөөлсөн хүн бол аав л даа. Далаад оны дундуур Давааням зааныг залуу бөх дөнгөж хотод ирээд байхад нь аав гэртээ урьж авчиран надаар Хятадын их гоё том аяга дүүрэн чихэр жимс өгүүлж ерөөл бэлгэдэл болж байлаа. Энд цухас дурдахад, аав маань далаад оны эхэн дунд үе хүртэл одоогийн Хятадын Эрээн хот буюу Орсоор Эрляний төмөр замд томилолтоор ажилладаг байв. Эрлянь гэсэн томилолтын үнэмлэх нь одоо ч байдаг юм.Тэр үеийн Хятадын бараа таваарын чанарыг ярих юм биш. Аав тэр үед их гоё гоё юм авчирдаг сан. 

Улсын баяр наадмаар аав намайг их дагуулж явна. Тэгээд голын цэнгэлдэхийн бөхчүүд ордог 10 , 11 дүгээр секцийн билет л авна. Бүр шагаар ч хамаагүй. Тэгээд бид хоёр жижиг манеркинд хар цай, жаахан чанасан мах, борооны цув гуравтай Голын цэнгэлдэхийн 10, 11 дүгээр секцэнд яс суугаад өгнө дөө. Нэг удаагийн наадмаар Давааням заан дөрвийн даваанд нэг бөхөд унаад өгөхөд аавын нутгийн нэг ах их л харуусахад нь "Зүгээрээ манай Давааням начин байтугай заан болох сайн бөх болно. Юм нэгээр дуусдаггүй юм" хэмээн сэтгэлийг нь засч байсныг тод санадаг юм. Яг л “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг. Улсын баяр наадам, төмөр замын баярт явах гэж сарын өмнөөс бэлтгэнэ.Тэгээд манай нэг дунд хэмжээний орос чемондамыг өмчлөөд авчих нь. Түүндээ юу хийдэг байсан гэхээр. Захыг нь өөрөө сольж хадсан дан дээл,угааж индүүдсэн дээлийн шар бүс,тослож зүлгэсэн хуучин муу хром за тэгээд Цэдэнбал даргаас гардаж авсан Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүндэт төмөр замчны тэмдэг тэгээд л болоо. Тэр чемоданаа наадам хүртэл өдөр бүр шалгана. Хүн хар ойртуулахгүй. Наадмын өглөө нөгөө дээлээ өмсөөд бүсээ бүслээд хромон гутлаа нэг арчиж аваад сэтгэл нь амраад наадмын бөх рүүгээ намайг дагуулаад явна.

Аав хүмүүстэй бөхийн тухай ярихдаа нөгөө Холливуудын алдарт жүжигчдийн гоё кино ярьж өгч байгаа юм шиг авч өгнө. Ямар сайндаа бөхийн талаар А ч үгүй манай ангийн Лувсан-Очир, Баярмагнай хоёрын аавуудыг уруу татаж бөхөд шимтэн оруулчихсан байхав дээ. Манай аав бас нэг их сонин нь айл их хэснэ.Тэгээд нөгөө бөхөө л ярьж явна. Ялангуяа Хайлаас дахь Давааням зааныд их очно. Их хүндэлнэ. Улсын баяр наадам,Төмөр замын баяр дуусаад л аав маань нөгөө наадмын гоёлын ганц дээл бүс, хромон гутлаа эвхэж далд хийчихээд ямар ч баяр наадам болоогүй юм шиг Төмөр замын найруулагчийнхаа дохионы улаан шар дарцаг,ажлын комбинзоноо өмсчихөөд гурван өнгийн гэрлэн фанороо бариад жирэлзэн урсах төмөр замынхаа ажилд ороод өгчихдөг сөн. 

Аав маань их ажилсаг хүн байсан даа. Шударга зарчим баримталдаг, дарга нарт ая тал засдаггүй, нэр хүндийн хойноос явж байгаагүй дээ. Төмөр замын холбогч найруулагчийн хүнд ажлыг тасралтгүй 40 гаруй жил хийчихээд аль далаад оны эхээр Цэдэнбал даргаас авсан ганц Хөдөлмөрийн хүндэт медальтай л үлдсэн. Аав Монголын төмөр замын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Замын-Үүд, Чойр зэрэг том өртөөнүүдээс эхлээд олон ч зөрлөг точикуудаар ажиллаад сүүлд Толгойт өртөө, УБТЗ-ын Ачих буулгах ангид ажиллаж байгаад 80 оны сүүлээр тэтгэвэртээ гарсан юм. Хорвоо гэдэг хатуу юм хойно нэг л өдөр аав маань тал цус харваж хүний гарт орсон. Тэгж их хөдөлгөөнтэй байсан хүн хүний гарт орохоороо сэтгэлээр их унадаг юм билээ. Үг дуу нь цөөрч өр дотроо л элдэвийг бодон муу чихэвч зүүгээд радиогоор л нөгөө ганц дуртай бөхөө үзэж бас ертөнцийн түмэн үйл амьдралыг тольдон мэдэрч амьхандаа сэтгэлээ онгойлгодог байсан байх даа. Сэтгэлийн тийм хүндхэн үед аавыгаа би нэг баярлуулж билээ.

Муу хүний заяа завагт гэгчээр миний бие Монголын радио хэмээх том айлын Мэдээллийн “Хурд” агентлагт сурвалжлагчаар ороод удаагүй байсан цаг.1994 оны намар. “Хурд” агентлагийн дарга М.Шийрав ах, миний хуурай ах багш Б.Эрдэнэ хоёр “Томилгоогүй томилолт” нэртэй нэвтрүүлэг хийж тэр нэвтрүүлгийг бэлтгэсэн уран бүтээлчдийн дотор Банзрагчийн Гаваа гээд оруулсныг аав маань радиогоороо сонсчихоод ёстой хязгааргүй их баярласан байж билээ. Үүрийн гэгээнээс эхлээд үдшийн бүрий болтол өөрийнх нь ганц хань болсон Монголын радиогоор нэр ус нь цацагдахад гэгэлзэн санах төрөлх Алтайн их уулс нуруутайгаа хамт Монгол даяар нэр усаа цуурайтуулсан мэт омогшин баярласан байх даа хэмээн бодож билээ. Дэлгэн онгойлгож хэлээгүй тэр их сэтгэлийн далайн түрлэгийг "Аав нь их баярлалаа” хэмээн хэлсэн тэр зөөлөн ганц үгнээс би мэдэрсэн. Аав маань 1996 онд бурханы орондоо очсон. 

Хүүхэд насандаа Халиун сумынхаа элсэн дээр нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржтой тоглож өнгөрүүлж явсан ээж маань аавтай гэр бүл болж юу ч мэдэхгүй хөдөөний бүсгүй ханиа дагаад хотод ирж амьдралынхаа урт замыг хот гэдэг энэ их айлын их хөл хөдөлгөөн дунд өнгөрүүлсэн. Ээж маань Төмөр замын ясли цэцэрлэгүүдэд асрагч хүмүүжүүлэгчийн ажлыг насаараа хийж хүний өөрийн олон хүүхдийг эхийн хайраар өсгөсөн жирийн сайхан ээжүүдийн нэг байсан юм. Ээжийн гар дээр өсч хүмүүжсэн олон зуун хүүхдүүд өдгөө эх орондоо хийгээд дэлхийн хаа нэгтээ ажил амьдралаа цогцлоон яваа гэдэгт бүрэн итгэнэм би. Тэр үеийн ээжүүд бүгд л хэдэн хүүхдийнхээ төлөө л явдаг байж дээ. Ээж 5, 6, 7 дугаар таван жилийн гавшгайч бас бус баярын бичгээс өөр шагналгүй ч түүндээ их сэтгэл өндөр байдагсан. Хааяа бас тэр үед тун ховор байсан халуун саваар шагнуулахаар бөөн баяр болно. За бүр улаан халуун сав таарвал бүр ч хөөрдөг сөн. Би бас ээжийг дагаад дэлгүүр их хэснэ ээ. Ялангуяа ээжтэй хамт Их дэлгүүр орох дуртай байж билээ. Ээж маань хэдэн хүүхдээ гэсээр яваад 90 нас гараад тэнгэр ээждээ очсон. Хорвоогийн жамаар ээж аав хоёрын үеийн хэдэн хөгшид ч бас цуварч буцсаар л байна. 

Аав ээж хоёр маань шинэ жилийн баяр, цагаан сарыг хэдэн хүүхэдтэйгээ тэрүүхэндээ тансаг тэмдэглэчихнэ. Цагаан сарын баярыг нэгдэлчдийн баяр хэмээн хотод тэмдэглэхийг хорьдог байсан ч манайх яаж ийгээд л хийчихдэг байж билээ. Ажил, сургуулиасаа хоцорч, тасалчихгүй бол нэг их цагдан хориод байгаагүй цаг байсан санагдана. Хонхор орохын өмнөхөн машин замын хажууханд Хөндлөн булгийн рашаан хэмээх хага ташсан булгийн усаар Налайхын замаар зөрөлдөх жолооч хол ойрын зорчигчид ундаалж зуны халуунд сэрүүцээд авна.

Хонхорын малчны хорооноос бараг гурван км зайтай Хөндлөн булгийн рашаанаас өглөө орой бүр рашаан зөөдөг сөн, би. Хэдийгээр малчны хороонд зөөврийн усны худаг байдаг байсан ч манайх нэг ч удаа ус авдаггүй зөвхөн Хөндлөн булгийн рашааны усаар унд цайгаа хийнэ. Энэ булгийн усаар хийсэн цай хоолны амт нэг л сайхан. Яагаад Хөндлөн булгийн рашаан гэж нэрлэснийг одоо хэр мэддэггүй юм. Ундарга нь хөндлөн гардаг учраас тэгж нэрлэсэн байж болох. Одоо харин энэ булаг мань мэтийн хүмүүсийн сэтгэл дотор л үлдэж дээ. Саяхан нэг очиход зүгээр л нэг хатсан жижиг толгод болчихсон тэр үеийн байгалийн нэгэн өвөрмөц гоё сайхан тогтоц өнгө төрх огт байгаагүй мэт уйтгар гунигийг дагуулж байлаа. Малчны хорооны тэр үеийн эмх цэгцтэй аж амьдрал ч бас үгүй болж галав юүлчихсэн мэт хайш яйш болжээ. Манайх гэдэг айл 80-аад оны сүүлээр Хонхороос нүүснээс хойш бас л олон жил өнгөрч Хөндлөн булгийн рашааны гомдлон үлдсэн жижиг толгод шиг л хоосон орон зай л үлдэж дээ.

 ТӨГСГӨЛИЙН БЯЦХАН ӨЧИЛ

 Соц үеийн жирийн нэгэн эгэл ажилчин ангийн гишүүн аав ээж хоёрынхоо амьдралын цагаан зам мөрийг санан дурсаж олон жилийн сэтгэлийн хатаа зөөллөх гэсэн гэгэлзсэн хүсэлдээ хөтлөгдөж тэнгэр газартаа шингэсэн аав ээж хоёртоо мөргөе. Бас ээж аавын хоёрынхоо алтан үеийн бүх сайхан хүмүүст мэхийн ёсолъё.

 Банзрагчийн Гаваа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]