Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.М.Пржевальский монголчуудыг хэрхэн дүрслэв?Уншсан5,660

Монголчуудын хаана ч, хэзээ ч авч яван суудаг сууц бол эсгий гэр юм. Аль ч газар нутатт гэрийн хэлбэр нь ижил.

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.


II бүлэг. Монголчууд

 

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

...Дайран өнгөрч, эсвэл очсон газар орныхоо физик-газарзүйн шинж чанар, байгалийн төрхийг тодорхойлох, аяллын янз бүрийн адал явдлуудыг дүрслэн өгүүлэхдээ оршин суугчдын талаар бүлэг бүрт эрээвэр хураавар маягаар орсноор уншигчдын анхаарлыг татахгүй байж мэдэх билээ. Ийм байдлаас зайлсхийхийн тулд би Монгол орны оршин суугчдын талаархи тэмдэглэлүүдээ нэг бүлэг болгон цэгцэлж, нүүдэлчдийн ахуй амьдралын гол гол онцдог шинжүүдийг түүндээ өгүүлж, улмаар аяллын явцыг өгүүлэхдээ аахар шаахар зүйлүүдийг нэмэн оруулж, баяжуулахаар шийдсэн болно.

 

Хэрэв гадаад төрх байдлыг дүрслэн бичихээс эхэлье гэвэл цэвэр цусны монгол хүн хамгийн илүүтэй үлдэж хоцорсон Халхын оршин суугчдыг жинхэнэ, язгуурын монгол хүний үлгэр, эх загвар болгож авах хэрэгтэй нь эргэлзээгүй юм. Товгор шанаа түүш бүхий өргөн хавтгай нүүр, навтгар хамар, жижигхэн онигор нүд, гурвалжин маягийн гавал, том дэлдэн чих, ширүүн хар үс, маш шингэн сахал, наранд гандаж борлосон арьс, эцэст нь бахим, махлаг бие, дунд зэргийн болон ондөрдүү нуруу-энэ бүгд халх хүний гадаад төрх байдлын хамгийн гол онцлог шинжүүд юм.

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголчууд нутаг орныхоо бусад хэсэгт цэвэр цус, төрөлх хэв шинжээ хадгалж чадаагүй юм. Гадны, харийн нөлөө Төвөд, Хятадын эзэмшил нутагтай өнө эртнээс залгаа байсаар ирсэн Монголын зүүн өмнөд хязгаар нутгаар хамгийн хүчтэй илэрч байна. Хэдийгээр нүүдэлчин амьдрал нь суурин соёлын нөхцөлтэй нийцэхэд хэцүү боловч өнгөрсөн хэдэн зуун жилийн хугацаанд хятадууд янз бүрийн арга, ов мэх хэрэглэн зэрлэг догшин хөршүүддээ үзүүлэх нөлөөгөө маш их идэвхжүүлж чадсан учир өнөө үед нүүдэлчдийн тэн хагас нь Их хэрмийн ойр орших газар нутагт нэгэнт хятадчилагдаад байгаа ажээ. Зарим нэг онцгой зүйлийг эс тооцвол эндхийн монголчууд хуучнаараа мэт, эсгий гэртээ амьдарч, мал сүргээ хариулсаар байгаа боловч гадаад төрх шинжээрээ ч, түүнээс бүр илүү зан чанараараа ч умардын монголчуудаасаа эрс ялгагдах болж, хятадуудтай хавьгүй адилхан болжээ. Хятад эмстэй олноор гэр бүл болох болсноос бүдүүн хадуун, хавтгай нүүр царай нь өөрчлөгдөж, хятад хүний төрхтэй болжээ.

Хувцас хунар, гэр ахуйн нөхцөл байдлаа ч хятад янз маягтай болгосноо тэд сайн сайхан зүйлд тооцох болжээ. Нүүдэлчин ард олны зан чанар энд маш хүчтэй өөрчлөгдсон аж. Онгон зэлүүд говь цөлөөсөө илүү оршин суугчид нь хахсан хятад хотуудад татагдах болж, тэнд арай илүү соёлжиж иргэншсэн амьдралын нааштай талууд, жаргал цэнгэлийн амтыг мэдэрч мэдэж авчээ. Тэгэхдээ хятаджиж байгаа монголчууд өнгөрсөн үеэсээ бага багаар хагацан салахдаа хөршүүдээсээ зан чанарынх нь хамгийн өөдгүй муу талуудыг авч, өөрсдийнхөө ч өнгөрсөн амьдралын аль таагүй, тааруу шинжүүдийг хадгалан үлджээ. Эцсийн эцэст, Хятадын нөлөөгөөр урьдынхаасаа илүү сайн, ахицтай нийгмийн амьдралд очиж огтхон ч чадаагүй, харин ч эвдэрч, улам муухай болсон өөдгүй амьтад бий болсон болой.

Монголчууд хятадуудыг дууриан үсээ хутгаар хусан зөвхөн дагзан дээрээ багахан тав үс үлдээж, урт гэзэг болгон сүлжих болов. Лам нар бүр мулзан толгойтой болжээ. Монголчууд ч, хятадууд ч сахалгүй, тэгээд ч олигтой ургадаггүй юмсанж. Анх манжууд XVII зууны дундуур Тэнгэрийн эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлж, эрхшээлдээ оруулсны дараа урт гэзэг тавих заншлыг Хятадад оруулж дэлгэрүүлсэн бөгөөд тэр цагаас хойш Дайчин улсын эрхшээлд орсны гадаад илэрхийлэл нь гэзэг болжээ. Хятадын эрх захиргаанд байдаг бүх ард түмнүүд энэ ёсыг дагах ёстой болсон байна.

Монгол эмэгтэйчүүд үсээ хусуулалгүй хоёр салаа гэзэг болгон сүлжиж, тууз, шүр, өлбөн зэргээр чимэглэн хоёр энгэр рүүгээ унжуулна, нөхөрт гарсан эхнэрүүд үсээ ганц сүлжин ар нуруугаа дагуулан унжуулдаг. Монголд ихэд үнэтэйд тооцогддог улаан шүр шигтгэсэн мөнгөн товрууд үс гэзгэндээ хатгаж гоёно. Ядуучууд шүрний оронд ердийн өлбөнгөөр чимэглэсэн мөнгөн, хааяа зэс товруугаар үсээ чимнэ. Энэ гоёлоо магнайдаа тогтоохоос гадна хоёр чихэндээ бадриун мөнгөн ээмэг зүүж, гарынхаа хуруунд бөгж, гартаа бугуйвч хийнэ.

Монголчуудын хувцас гэвэл ихэвчлэн хөх өнгийн хятад даавуугаар хийсэн дээл, хятад гутал, гадна хүрээг нь дээш эргүүлсэн хавтгай оройтой бүрх агаад нүүдэлчид ихэнхдээ дотуур хувцас үл өмсөнө. Өвөл нь тэд дулаан өмд, нэхий дээл, зузаан малгайтай явдаг. Гоё ганган харагдахын тулд зуны тэрлэгээ хятад торгоор хийхээс гадна нөёд түшмэлүүд нь хятад хүрэм өмсөнө. Дээл, тэрлэгний аль аль нь дээр цагт ямагт бүс бүсэлж, монгол эр хүн болгоны авч явдаг ууттай тамхи, хэт цахиураа ардаа юм уу хажуу ташаанд бүсэндээ хавчуулна.

Тэрчлэн халх эрчүүд хамрын тамхитай хөөрөг өвөртлөн явах ба уулзангуутаа хөөргөө гарган тамхилна. Тэгэхдээ нүүдэлчин монголчуудын хамгийн гол гоёл бол мөнгөөр чимэглэж гоёсон хазаар байдаг.

Эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээс арай өөр хийц эсгүүртэй дээлийг бүс бүслэхгүйгээр өмсөх агаад дээгүүр нь ханцуйгүй хантааз өмсөнө. Гэхдээ Монгол орны янз бүрийн газар нутагт эмэгтэйчүүдийн дээл хувцас ч, үс гэзэгний янзлалт ч өөр өөр ажээ.

Монголчуудын хаана ч, хэзээ ч авч яван суудаг сууц бол эсгий гэр юм. Аль ч газар нутатт гэрийн хэлбэр нь ижил. Гэр нь дугуй хэлбэртэй, шовх оройтой, чанх дээрээ утаа гарах, гэрэл орох зориулалт бүхий онгорхойтой. Гэрийн ханыг саваа модуудаар хийж, тэнийлгэсэн үед дөрвөлжин нүх үүссэн байхуйцаар зөрүүлж, хооронд нь холбож бэхэлнэ. Хана нь хэд хэдэн хэсэг бөгөөд гэрээ барихдаа тэдгээрийг тэнийлгэн, хооронд нь уяагаар холбож, нэг талд нь гурав орчим фут өндөр, түүнээс арай бага өргөнтэй модон хаалга суулгах зай үлдээнэ. Гэрт орж, гарч байх зориулалтаар хаалга гаргана. Гэрийн хэмжээ янз бүр, гол төлөв 12-15 фут голчтой, газраас орой хүртэл 10 орчим фут байдаг. Хаалга болон ханануудын дээд ирмэг дээр урт моднуудын нэг үзүүрийг гогцоо уяагаар бэхэлж, нөгөө сул үзүүрүүдийг мь гэрийн орой болох дугуй цагаригт нүхүүдэд шургуулж тоггооно. Эл цагаригийн голч нь 3-4 фут.

Гэрийн хана, хаалга, дээвэр болох урт саваа модууд, нэг үгээр хэлэхэд яс модыг нь бүрэн босгож, оосор уяагаар холбон бэхэлсний дараа тал бүрээс нь эсгийгээр хучиж бүрнэ, өвлийн цагт энэ бүрээсийг давхарладаг бөгөөд хаалга, дээд талын онгорхой хоёрт эсгий үүд, өрх тааруулж бэхлээд, гэр бэлэн болно. Дотор талд, гэрийн гол дунд голомт байх ба хаалганы эсрэг тал буюу хойморт бурхан тахилуудаа байрлуулж, баруун зүүн хоёр талаар гэр ахуйн эд зүйлийг тавина. Өдөржин гал асаж байдаг голомтын эргэн тойронд эсгий дэвсэх бөгөөд чинээлэг айлууд нь суух, унтах зориулалтаар хивс, олбог мэтийг дэвсэнэ. Баян айлууд, гол төлөв ноёд түшмэлүүд гэрийн дотуур цаасан юм уу, торгон эдээр хөшиг татаж, модон шал дэвсдэг ажээ. Эгэл жирийн амьдралтай монгол нүүдэлчдийн хувьд гэр нь юугаар ч орлуулж үл болох сайн сууц юм. Гэрийг түвэггүй буулгаж, өөр газарт аваачин барих бүрэн боломжтойгоос гадна хүйтэн жавар, аагим халуун, салхи шуурганаас хангалттай сайн хамгаална. Үнэхээр ч гадаа хамгийн хүйтэн байхад гал түлсэн гэрт нэлээд дулаахан байдаг билээ. Шөнийн цагаар дээд онгорхойг эсгий өрхөөр бүтээж галаа унтраана, ийм үед гэрт нэг их халуун биш боловч асар, майхныг бодвол хамаагүй дулаан байдаг. Гэрийн эсгий бүрээс нь зуны цагт аагим халуун, хамгийн устай борооноос ч сайн хамгаална.

Үргэлжлэл бий.

Монсудар


Үргэлжлэл: Н.М.Пржевальский: Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 24. 14:17
Зочин

нэрийг нь дахиад хар даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]