Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Survivorship bias буюу амьд үлдэгсдийн алдааУншсан10,989

Өөрөөр хэлбэл эргэн ирсэн онгоцны ямар нэг гэмтэл аваагүй тэр хэсгийг л хуяглах хэрэгтэй гэсэн санаа юм. Энэ нь хөдөлгүүр, нисгэгчийн бүхээг зэрэг хэсэг байжээ.

 Нийтлэлч "Чалчаа саарал".

1942 оноос Америк Английн бөмбөгдөгч онгоцны их цуваа Герман орныг нөмөрч тонн тонноор нь бөмбөг хаяж сүйд хийж байх үе. Олон зуун хүнд бөмбөгдөгч онгоцны тэр олон өөрийгөө хамгаалах хүнд пулемёт, их буунууд, хамгаалж яваа сөнөөгч онгоцны хамгаалалт зэрэгт холбоотны нисэх хүчний удирдагч нар ихээхэн найдлага тавьж байсан боловч хохирол асар их байлаа. Цэргийнхэн янз бүрийн дүн шинжилгээ хийж, гэмтсэн хэсэг, түүний нөлөө зэргийг өөрсдөө шинжлэн, зохион бүтээгч нарт иймэрхүү гэмтэл авахааргүй байх ёстой, үүний тулд тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн түмэн янзын шаардлага хүргүүлнэ. Өнөө зохион бүтээх товчооныхон ч элдэв зураг схем гарган бөмбөгдөгч онгоцны хуяг ямар байвал илүү дээр талаар дээрх мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж байгаад өөрчилнө, нэмнэ.

Ихэнхдээ онгоцны далавчны хэсэг, сүүл болон их биеийн доод хэсэг хамгийн их гэмтсэн, бүр шүүрэн шанага болсон ирдэг байж. Эдгээр хэсгүүдийг аль болох бөхөлж хуяглах хэрэгтэй. Хуяглаж бэхэллээ. Гэмтсэн болон буцаж ирээгүй онгоцны хувь хэмжээ одоо ихээхэн багасна хэмээн хүлээж байсан ч ... Бүтсэнгүй ээ.

АНУ-ын бөмбөгдөгч “цайзнуудын”  (B-17, B-29 гэх мэт) дотор  гадна тавьсан хуяг бүхий хавтангуудын жин сүүлдээ 900 кг хүрсэн гэдэг. 900 кг! Гэтэл энэ хүнд хуягууд нь агаарын их бууны сум шууд тусахаас хамгаалж чадахгүй, зөвхөн зенитийн их бууны сумны хэлтэрхий, зарим нэг бага калибрт пулемёт зэргээс л хамгаална.  Өөрөөр хэлбэл янз бүрийн арга хэмжээ аваад байгаа ч бөмбөгдөгч нисэх онгоцны даалгавраас буцаж ирээгүй хувь хэмжээ бараг хэвээр. Хамгийн гол нь энэ тоо нь урьдчилан тооцож байснаас нь хамаагүй өндөр байсан юм байх.

Цэргийнхэн яахаа мэдэхээ байсан гэх тэр үед нэгэн бага офицерын толгойд мэргэн санаа төрсөн нь Манхэттенд баахан “том толгойтой”, юм болгоныг мэддэг, далдыг харахад хэдхэн хуруу дутуу айхтар нөхдүүд байдаг гэсэн, тэдэнд энэ бэрхшээлээ хэлж, судлуулъя гэсэн зүйл байжээ.

Цэргийнхэн ч санаа оноогоо нэгтгэж байгаад болох, бүтэхгүй зүйлээ бичиж явуулсан байна. Хэдхэн хоногийн дараа тэр “том толгойнууд” бүх л төрлийн мэдээлэл, зураг зэрэг зүйлийг шаардсан бөгөөд цэргийнхэн байсан бүх л юмаа өгсөн боловч өнөө хэд нь өөр мэдээлэл алга уу гэж уурлаж байжээ.

Тэрхүү “том толгойтнууд” гэж хэн байв? “Том толгойтнууд” гэж нэгэн газар цуглуулж нэгтгэсэн янз бүрийн эрдэмтэд байх ба тэд нь олон төрлийн асуудал бэрхшээлийг шийддэг хүмүүс байв. Дайсныг хэрхэн бөмбөгдвөл илүү хор хохирол учруулах, ямар сэтгэл санааны нөлөө үзүүлэх, хэдий хэрийн архи ууж байж цэрэг эр зоригтой болох, ямар хоол цэргүүдэд нийлүүлбэл хамгийн сайн тэжээл өгөх, нэг цэрэг ер нь хэдэн кг гурил идэж байвал цатгалан, өлсгөлөн байх, түүний тулд хичнээн эрдэнэ шиш болон бусад зүйл тарих хэрэгтэй?... гэх мэтийн түмэн юм...

Тэдний дунд Унгараас зугтан ирсэн нэгэн математикч байсан нь Абрахам Вальд хэмээх хүн байжээ. Тэрээр аливаа судалгаа шинжилгээгээ хийхдээ “статистик дэс дараат анализ” хэмээх арга хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл ихээхэн нарийн төвөгтэй томьёогоор зөвхөн алив нэг бодлого (энэ тохиолдолд онгоцны хамгаалалтыг хэрхэн хийх талаархи бэрхшээл) бодох төдийгүй уг бодлогын нөхцөл нь хэр зэрэг зөв, бодлогын хариуд буруугаар нөлөөлөх элдэв зүйл байхгүй байх зэргийг хангадаг тийм арга юм байж.

"Том толгойтнууд" хэмээн нэрлэсэн Статистик Судалгааны групп нь (Statistical Research Group буюу SRG) нисэх хүчнийхнээс өөрсдөд нь тулгарч байгаа бэрхшээлийг шийдэхэд тус болооч гэсэн хүсэлтийг авсан даруйдаа шинжилгээ судалгаа хийж эхэлсэн бөгөөд энэ үед уг группийг удирдаж байсан Абрахам Вальд анхны захидлын дараа бусад мэдээллээ өгөхийг хүссэн байна. Цэргийнхэн хамаг байдаг бүх мэдээллээ, сүүлчийн зураг, хальстайгаа явуулсан ч Абрахам тэдгээрийг ёстой сөхөж үзэх төдий болоод өөр нэмэлт мэдээлэл шаарджээ.

Цэргийнхэн түүнийг ойлгосонгүй. “Өөр ямар мэдээлэл хэрэгтэй гэж. Бид байгаа бүхнээ, хамгийн жижиг ч гэсэн зүйлийг үлдээлгүй өглөө. Өөр яалгах гээд байгаа юм. Ар талын муу харх... чухал амьтан болох гэж ядсан мангуу...“ гээд янз бүрээр магтан дуулсан байж таараа. Гэсэн ч Абрахам Вальд цэргийнхнийг гайхшруулсан, нээрээ ч тийм шүү дээ гэж дуу алдуулахаас өөр аргагүй ганцхан зүйл хэлсэн ба Унгар эрдэмтэн ийм дүгнэлт хийхэд тэр олон зуун сая материалыг бүгдийг нь судлах хэрэг байсангүй, зөвхөн цэргийнхэн юу хүсэж байгааг мэдэх, тэр талаархи мэдээлэл яаж олсон арга нь л чухал байж.

Абрахамын цэргийнхнийг гайхуулсан тэр үг нь их энгийн, "Та бүхний авчирсан энэ мэдээлэл бол бүрэн бүтэн биш зүйл байна.  Та нарын тэр зураг дээр нисэх буудалдаа чадан ядан ч гэсэн бууж чадсан олон зуун бөмбөгдөгчийн буудуулсан, хугарч гэмтсэн, цоорч шатсан, хамгийн гол нь амжилттай бууж чадсан онгоцны тухай мэдээллүүд л байна. Харин надад буудалдаа буцан ирж чадаагүй сөнөсөн онгоцнуудын гэмтэл нь ямар байсан нь хамгийн сонин байгаа юм шүү” гэсэн зүйл байж.

Өөрөөр хэлбэл эргэн ирсэн онгоцны ямар нэг гэмтэл аваагүй тэр хэсгийг л хуяглах хэрэгтэй гэсэн санаа юм. Энэ нь хөдөлгүүр, нисгэгчийн бүхээг зэрэг хэсэг байжээ.

Иймэрхүү хэт их мэдээллээс болж логикийн алдаа бүхий дүгнэлт гаргахыг Survivorship bias  гэх бөгөөд ийм алдаа гаргаж байсан цэргийнхний бурууг богино хугацаанд олж харсан Абрахам Вальд нь үнэхээр онцгой агуу хүн гэж байж.  Тэр өчнөөн олон хүний цаг зав, олон сая долларын хэрэггүй зардал гарах аюулыг үгүй болгосон учир ингэж нэрлэхээс өөр арга үгүй мэт. Гэтэл  Абрахам Вальдтай салшгүй холбоотой гэх энэ онолоор бас өөр юм харагдана.

Дайны үед сөнөөгч нисгэгч нар нь дайсны онгоцны хамгийн эмзэг хэсэг болох хөдөлгүүр, нисгэгчийн бүхээгийг л буудахыг хичээдэг байсан ба техникчид нь ч гэсэн өөрийн хариуцсан онгоцны далавч, их бие зэрэг дээрх гэмтлүүдийг нэг их юм гэж үздэггүй модоор нөхөж таглаад дахиад нислэгт гаргадаг байсан тухай маш олон янзын дурсамж бий (Дорнод фронт дээр их тохиолдоно). Тэрхүү сөнөөгч нар, техникч нар нь энэ нарийн онолыг мэдэхгүй ч гэсэн байнга хэрэглэж л байж.

Тэгэхээр дээрх онолоор бол бид агуу Вальд гэсээр байгаад  тэр онолыг жинхэнээр нь  хэрэглэж байсан олон зуун хүний тухай ер боддоггүй байх нь.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]