Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дөрвөн дээрэмчний толгойлогч: Маогийн эхнэрУншсан54,016

Хятадын төв телевизээр 4 дээрэмчнийг шүүх хурлыг шууд дамжуулахад хатагтай Лань Пин нь ёстой нэг гялалзаж байсан гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хятадууд дөрвийн тооноос айдаг, зэвүүцдэг гэх ба бүр орон байрны лифтэнд дөрвөн давхар гэж байдаггүй гэсэн яриа сонсож л байлаа. Ямар ч байсан хятадууд муу муухайг дөрвийн тоотой холбохдоо их л дуртай юм шиг санагддаг ба тэдний нэн шинэ түүхэнд Дөрвөн хортон, Дөрвөн дээрэмчин... гэх мэтийн нэртэй кампанит ажлууд явагдаж шуугиан тарьж байсан билээ. Энэ удаа Дөрвөн дээрэмчин хэмээх бүлгийн толгойлогч, Маогийн эхнэрийн тухай.

Хятадын түүхэнд Манжийн Цы Ши хатны гүйцэтгэсэн үүргээс дутуугүй үр нөлөө үзүүлсэн энэ хүн 1914 онд Хятадын жирийн нэгэн мужааны гэрт төржээ. Ли Шумэн хэмээх нэрийг авсан охин өсөж том болохын хэрээр улам бүр бие даасан, эрх мэдэлд дуртай хүн болж байв. Сургуульд орох үедээ авсан Ли Юньхэ гэсэн нэр нь Үүлэн тогоруу гэсэн утгатай ба түүний эрх дураараа байхын илэрхийлэл болсон нэр байсан бололтой.

16 нас хүрсэн “тогоруу” хэсүүл жүжигчдийг даган гэрээ орхин гарч амьдралын хатуу ширүүнийг өөрийн биеэр туулж эхэллээ. Ер бусын царайлаг энэ бүсгүй 19 насандаа Хятадын Коммунист намын гишүүн болж Хуан хэмээх эрийн эхнэр болсон ч хоёрхон сарын дараа нөхрийг нь баривчилж шоронд хаясан байна. Залуу эхнэр нь Шанхай руу зугтаж амжин, Лань Пин (Хөх алим) гэсэн нэрээр театрт тоглож эхэлжээ.

Тун ч удалгүй залуухан жүжигчин нэрд гарч, Шанхайн том хэвлэлүүдийн нүүрэнд гарах болсон ба тухайн үеийн нэрт жүжигчин Тан На хэмээх эр энэ бүсгүйд ухаангүй дурлаж хэсэг хугацааны дараа энэ хоёр албан ёсоор гэр бүл боллоо. Лань Пин хоёр хүүхэд гаргасан ч театраа орхихгүй тоглосоор байсан төдийгүй хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжиж.

Гэтэл 1937 онд Лань Пин хамаг юмаа орхин Яньань хот руу явсан ба тэнд коммунистууд эзэн суусан цаг байлаа. Ард нь үлдсэн Тан На нь бараг л галзууран солиорч, амиа хорлох гэж хэд хэд оролдож, энэ явдлыг нь тухайн цагийн хэвлэл мэдээллээр их л сүртэй мэдээлж байсан гэдэг. Харин жүжигчний амьдралаа орхиж, улс төрөөр хөөцөлдөх болсон Лань Пинд энэ бүх явдал ямар ч хамаагүй мэт байлаа. Тэрээр Цзян Ци гэсэн нэрийг авсан ба үүнээс хойш түүнээс цааш дахиж нэрээ солиогүй юм.

Цзян Ци бүсгүй ХКН-ын улс төрийн товчооны гишүүн Кан Шэн гээчтэй учир ургуулж, яваандаа энэ хүнээр дамжин Маотой танилцсан ба угаасаа залуу царайлаг хүүхэнд дуртай Мао ч боломжийг алдахгүй гэсэн шиг шинэ хүүхнийг эргүүлж эхэлсэн байна.

Тэрээр Цзян Циг өөрийн болгохын тулд эхнэр болох Хэ Цзычжэнээс яаран салжээ. Гэтэл энэхүү Хэ эхнэр нь түүнтэй цуг “Их Аяны” (Их зугталт гэж ойлгоход нэг их буруудахгүй болов уу) хүнд хэцүүг хамтдаа үүрэлцэж байсан хүн билээ. Ийнхүү Мао дөрөв дэх удаагаа эхнэр авч, Лань Пин буюу Цзян Ци бүсгүй гурав дахь удаагаа нөхөрт гарсан нь энэ.

Их удирдагчийн эхнэр болсноор эрх мэдэл гээч мөрөөдөлдөө хүрэхэд тун дөхсөн боловч урьдын жүжигчин явсан болон тэр үеийн янз бүрийн “адал явдлууд” нь гай болж магадгүй байлаа. Тиймээс Лань Пин өөрийн гадаад төрхөө эрс өөрчлөн, хачин муухай нүдний шил зүүн, цэрэг малгай тавьдаг болсон ба өөрийн гоё сайхан царайг ийн муухай болгож байгаа нь урьдын будлиантай явдалтай жүжигчин гэж хэн хүний санаад орохооргүй болгох гэсэн нэг арга нь байжээ.  Коммунистууд бүрэн ялалт байгуулж засгийн эрхийг авах үед Хятадын ард түмэн энэ эмэгтэйг энэхүү шинэ дүрээр нь хүлээж авсан юм. Ийнхүү жирийн мужааны охин ертөнцийн эздийн нэг боллоо.

Тэрээр дэлхийн том гүрний удирдагч нартай нэг зиндаанд харилцаж байсан ба АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон зэрэг олон том төлөөлөгчдийг хүлээн авдаг том хүн болсон байв. 1953 онд Сталин нас барахад тэрээр Хятадын удирдагчдын бүлэгт багтан Москва орсон төдийгүй талийгаачийн авсыг хамгаалах хүндэт харуулын үүргийг гүйцэтгэж байсан юм. Энэ бол коммунист лагерьт амьдарч байсан хэн хүнд олдохгүй хувь байлаа.

Дэлхийд ийм хэмжээний танигдсан хүн Хятадад ямар байсан бол? Тэрээр Хятадын хамгийн алдартай эмэгтэй төдийгүй хамгийн эрх мэдэлтэй хүн болж хувирсан байв. Соёлын яамны сайд, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн,  хунвейбины хамгийн том толгойлогч... хамгийн гол нь Маогийн эхнэр!

Мао засаг барьж байгаа ч цаана нь түүнийг хөтлөн удирдаж байсан хүн нь чухамдаа Лань Пин байсан юм. 1976 онд Ерөнхий сайд Жоу Энлайг үхсэний дараа Хятад дахь засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн ширүүсч Дэн Сяопины бүлэг ихээхэн хүчийг олж эхэллээ. Маогийн нэр хүнд нэлээд унаад байсан цаг учир Лань Пин урьдын адил дайснаа бяц дарах хүч хүрэхгүй байсаар хоёр тал “тэнцэж”, хэний ч биш талын Хуа Гофэн хэмээх эрийг Ерөнхий сайд болгосон байна.

“Ялагдсан” Лань Пин зүгээр суусангүй. Хавар нь хэд хэдэн хотод ялих шалихгүй жагсаал цуглаан, бяцхан мөргөлдөөн гарч энэ бүхний буруутан, зохион байгуулсан дайснаар Дэн Сяопиныг тодруулан хамаг албан тушаалаас нь авч хаяжээ. Үнэн хэрэгтээ энэ бүхнийг зохион байгуулсан хүн бол мань хатагтай өөрөө.

“Жижигхэн Дэн”-ийг аваад хаясан хатагтайд одоо ямар ч дайсан байхгүй болж бүхний эзэн болсон мэт санагдаж байсан боловч... гэнэт Мао нас барлаа. Одоо Хятадын “хаан ширээ"-нд хэн эзэн суух вэ? Мэдээж Лань Пин. Хамаг дайснаа дарж, хязгааргүй эрх мэдэлтэй болсон Лань Пин ингэж бодож байсан ба түүний хувьд эхлээд Маогийн оршуулгын ажлыг л нэр төртэй зохион байгуулах, үүний дараа засаг төрийн бүх эрх мэдлийг гартаа авах ажлыг хийнэ гэж тооцож байсан юм.

Гэсэн ч оршуулга болсноос хойш хэдхэн хоногийн дараа Лань Пинийг, түүний ойрын гурван хүнтэй цуг баривчиллаа. Хэн хүний хараанд өртөхөөргүй сулхан амьтан гэж тооцож байсан Ерөнхий сайд Хуа Гофэний хийсэн ажил энэ байжээ.

Лань Пин болон нөгөө гурван хүнийг "Дөрвөн дээрэмчин" хэмээн зарлаад Циньжэний шоронд хийн тамлаж эхэллээ. Тэднийг засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэгт тулгаж байсан ба таван жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад бусад нөхдүүд бүгд гэм зэмээ хүлээн, өршөөл энэрэл эрсэн бол хатагтай Лань Пин л ямар ч буруугүй гэдгээ мэдэгдсээр байсан юм.

Хятадын төв телевизээр Дөрвөн дээрэмчнийг шүүх хурлыг шууд дамжуулахад хатагтай Лань Пин ёстой нэг гялалзаж байсан гэдэг. Ямар ч айсан гэмшсэн царайгүй, харин ч эрс шулуун, тэмцэлдэхэд бэлэн энэ настай эмэгтэй сүүлчийн үгээ хэлэхдээ “Би Мао даргын хэлсэн болгоныг л хийж байлаа. Би түүний нохой байж, хаз гэснийг нь хазаж, ялахад нь хамт ялж, зовоход нь хамт зовж явсан хүн нь. Би түүнээс алхам ч холдоогүй бол харин та нар Маог хэцүүдэж явах үед хаана байсан хүмүүс вэ” гэж хашхичиж байв.

Шүүх хурал болдгоороо болж Дөрвөн дээрэмчинд цаазын ял оноосон ба 1983 онд энэ ялыг нь бүх насаар хорих болгон өөрчилсөн юм. Тэрээр 15 жил шоронд суухдаа хоолойн хорт хавдартай болж өвдөж зовж байх үед засаг төр нь өршөөн сулласан ба шоронгоос шууд эмнэлэг рүү явсан энэ хатагтай 1991 оны 5-р сарын 14-ний өдөр эмнэлгийн өрөөндөө боож үхсэн билээ. Магадгүй боож үхсэн болгосон ч байж болзошгүй гэдэг бөгөөд нэгэн үе Хятадын хаан байсан энэ эмэгтэйг нас барахад Хятадын цорын ганц хэвлэл энэ үхлийн тухай маш жижигхэн нийтлэл (Шанхайн хэвлэл) гаргаж, бусад нь юу ч болоогүй юм шиг л өнгөрсөн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]