Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их далай дахь Германы өөдгүй зан ба Лакониа тушаалУншсан12,754

Британичууд энэ мэдээллийг Германы нэг заль мэх гэж тооцож байх тэр үед Германы шумбагч флотын удирдагч Карл Дёниц нь үйл явдал болсон газар луу дахин гурван шумбагчийг (Германы U-506, U-507. Италийн Каппеллини) яаран явуулжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үеэр Германы Кригсмарине буюу тэнгисийн цэргийн флот, ялангуяа шумбагч онгоц нь дайсныхаа хөлөг онгоцыг устгачихаад амьд үлдсэн хүмүүсийг хаяад явсан хэд хэдэн тохиолдол бий. Энэ нь далай тэнгисийн бичигдээгүй хуулиар бол хамгийн өөдгүй, шившгийн зан байлаа. Яагаад жентельмэн ёсоор байлддагаа гайхуулдаг байсан германчууд ингэх болсон юм бол?

Их дайн ид өрнөж, италичууд Газар дундын тэнгисийг бүрэн хянах болсноор англичууд Ази болон Африк дахь холбоотнууд, цэрэгтээ хангамж хүргэх нөхцөл хүндэрлээ. Үүнээс гарах зам нь аль эрт, дундад зууны үеийн зам буюу Васко да Гамагийн мөрөөр явах байв.

Британичууд энэ замыг сонгох болсныг мэдсэн Германы Кригсмарин ч зүгээр суусангүй. Тэд “Цагаан баавгай” (Eisbar) хэмээх таван шумбагч онгоц бүхий хүчирхэг бүлэглэлийг тийш нь явуулсан ба эдний тоонд Вернер Харнштейн даргатай U-156 шумбагч багтаж байжээ.

1942 оны 9-р сарын 12-ны өдөр U-156 нь Кейптаун болон Сайн итгэлийн хошуу хавиар эргүүл хийж яваад нэгэн томоохон хөлөг ойрхон байгааг илрүүлсэн нь Их Британийн цэргийн тээврийн онгоц Лакониа байлаа. Чухам иймэрхүү хөлгийг л олох, устгах гэж Вернер Харнштейн энд бүтэн сар тэнүүчилсэн бөгөөд тэрээр уг хөлгийг илрүүлсэн даруйдаа л дайрахаар бэлтгэж эхэлсэн байна.

Ингээд шөнө болтол нууцхан дагаж байгаад хэд хэдэн торпед харвасны ихэнх нь байгаа онож, Лакониа ч  хөдлөх чадваргүй болсон ба 30 минутын дараа хөлөг бүрэн живжээ. Лакониа далайн гүн рүү явахыг холоос харж байсан Вернер даруй ослын газар очиж хэрэгтэй мэдээлэл, хөлгийн дарга болон багийнхнаас амьд үлдсэн хүмүүсийг авахаар шийдлээ. Энэ бол тэнгисийн цэрэг хүний хийх ёстой ажил.

Гэтэл онгоц живсэн газар очтол хөлөг онгоцонд явсан хүмүүсийн ихэнх нь энгийн ард иргэд, Италийн олзлогдсон цэргүүд байлаа. Бараг 3000 гаруй хүнийг өөрийн хөлөгтөө авах ямар ч аргагүй учир тэрээр шууд ил долгионоор доорхи мэдээллийг цацжээ.

“... Хэрвээ ямар нэг хөлөг онгоц Лакониа хөлгийн баг, зөөж явсан энгийн иргэд, цэргийн олзлогсдод туслах аврах хүсэлтэй байгаа бол бид тийм хөлгийг дайрахгүй гэдгээ мэдэгдэж байна. Мөн бидний эсрэг бас ямар нэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулъя! Одоогоор манай хөлөгт 193 аврагдсан хүн байна. Өмнөд өргрөгийн 4 градус, 52 минут, баруун уртрагийн 11 градус, 26 минут. Германы шумбагч онгоц.”

Британичууд энэ мэдээллийг Германы нэг заль мэх гэж тооцож байх тэр үед Германы шумбагч флотын удирдагч Карл Дёниц үйл явдал болсон газар руу дахин гурван шумбагчийг (Германы U-506, U-507, Италийн Каппеллини) яаран явуулжээ.

Герман Италийн дөрвөн хөлгийн аврах ажиллагаа гурван өдрийн турш үргэлжилсний дараа Гитлер энэ бүх ажиллагаагаа өөр хүмүүст шилжүүлж, Кейптауны боомтыг дайрах ажиллагаанд оролцохыг тушаалаа. Карл Дёниц хавь ойрын хамаг юмыг ухаж төнхөж байж Францын гурван хөлөг онгоцыг олж аван, тэдгээр хөлөгт бүх аврагдсан хүмүүсийг шилжүүлэхээр шийдсэн байна.

Дүүрэн хүн бүхий дөрвөн том завь чирсэн Вернерийн U-156 нь Францын хөлөг онгоцтой таарах ёстой газраа чиглэн түрүүлэн гарчээ. Олон “чиргүүлтэй”, ил хөвөн яваа Германы шумбагч онгоцыг Америкийн B-24 бөмбөгдөгч онгоц бараг тэр даруй илрүүлсэн ба энэ тухай мэдээгээ удирдах дарга нартаа өгөхөд хариуд “Зад бөмбөгдөөд живүүл” гэсэн тушаал өгсөн байна. Хэдийгээр U-156 нь дээрээ Улаан загалмайн том далбаа дэлгэж тавьсан, араасаа дүүрэн хүнтэй олон завь чирч яваа ч янкууд үүнийг бас л ямар нэг заль мэх гэж бодсон бололтой.

U-156-г илрүүлсэн онгоц хаашаа ч юм алга болж хэдэн цагийн дараа дахин үзэгдэхэд нь Лакониа онгоцноос амьд үлдсэн хүмүүс баярлан хөөрч, малгай толгойгоо шидлэн байсан бөгөөд тэд одоо Америкийн бөмбөгдөгчөөс эм тариа, хоол хүнс, хувцас хэрэглэл унана гэж бодож байжээ. Харин хүлээж байсан юмных нь оронд жинхэнэ агаарын бөмбөг унаж эхэллээ. Энэ бөмбөгдөгч дөрвөн удаагийн оролт хийхдээ хоёр завийг нь живүүлж, U-156 ч бас хүндхэн гэмтэл авсан байна.

Маргааш өдөр нь нөгөө шумбагчууд ч бас иймэрхүү дайралтад өртөж бас л тодорхой хэмжээний хохирол амссан гэдэг. Энэ бүх адал явдлын үр дүнд 1113 хүнийг аварч чадсан ч 1000-1500 хүн а м и а алджээ. Чухам эдгээрээс хэд нь Америкийн бөмбөгдөлтөд өртсөн талаар тодорхой тоо байдаггүй юм гэнэ.

Ийм явдал болсны дараа буюу 9-р сарын 17-нд адмирал Карл Дёниц нэгэн тушаал гаргасан нь “Лакониа тушаал” гэж алдаршсан ба энэ заавраар бол Германы шумбагч онгоц дайсны хөлөг онгоцыг живүүлж сөнөөсөн бол зөвхөн уг хөлгийн дарга болон, чухал мэдээлэл агуулж болох хүмүүсийг аврах, бусад хүмүүсийг тэр чигт нь хаях ёстой болжээ. Өөрөөр хэлбэл Германы шумбагч онгоцны флот одоо дайны хууль, тэнгисийн зан заншлыг огт мөрдөхгүй болсон гэсэн үг.

Германы шумбагч онгоцууд ч энэ тушаалын дагуу ажиллаж эхэлснээр “Их далай дахь Германы шившиг” хэмээх яриа гарсан юм. Хамгийн сонирхолтой нь  холбоотнууд ч гэсэн далайд иймэрхүү үйлдэл гаргаж байсан тохиолдол бий. (Хөлөг онгоц болон шумбагч онгоцны нэгэн хачирхалтай тулаан нийтлэлээс уншина уу)

Ямар ч байсан Карл Дёниц дээрх тушаалынхаа төлөө Нюрнбергийн шүүхээс ял авсан бөгөөд харин Холбоотнуудаас ийм хэргийн төлөө ямарваа нэг ял шийтгэл авсан тохиолдол огт үгүй бололтой. Ялагчдыг шүүх хүн байдаггүй хойно. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]