Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1950 онд эхэлсэн Солонгосын хойгийн дайны үеэр Америкийн нисэх хүчин тэнгэрт бүрэн ноёлж, Хойд Солонгосын цэргийн болон стратегийн ач холбогдол бүхий газруудыг бараг ямар ч саадгүй бөмбөгдөж байжээ. Дэлхийн 2-р дайны үед Японы олон хотуудыг бөмбөгдөж, газартай тэгшилж байсан Boeing B-29 «Superfortress»-ыг энэ дайнд мөн ашигласан бөгөөд Ким Ир Сен-ий цэргүүдэд өөдөөс нь сөргүүлж тавих юм байсангүй. Энэ аймшигт, агуу бөмбөгдөгчийг ялагдашгүй гэдэгт АНУ байтугай дэлхий дахин итгэж байлаа.
Зогсоо зайгүй бөмбөгдөх бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд Хойд Солонгос ЗХУ-аас тусламж гуйж оросууд ч “Супер цайз"-ын эсрэг өөрийн хамгийн шинэ сөнөөгчийг Солонгост нийлүүлж эхэлсэн байна. Бас тодорхой тооны сайн дурын нисгэгчийг Солонгост илгээсэн ба тэдгээр нь бараг бүгд их дайны утаа үнэрлэж үзсэн туршлагатай нисгэгчид байв.
Хойноос ирсэн нисгэгчид нь Хойд Солонгосын баруун хойд хэсгийн жижиг бүсийг агаараас хамгаалах үүрэгтэй ажиллаж эхэлсэн бөгөөд Зөвлөлтийн Миг-15 онгоц байнга жижүүрлэх энэ бүсийг америкчууд “Миг-ийн хөндий” хэмээн нэрлэдэг болжээ.
1951 оны 4-р сарын 12. "Хар пүрэв гариг"
Энэ өдөр Америкийн 48 B-29, тэднийг хамгаалсан бараг 70 гаруй сөнөөгч онгоц Сигисю хэмээх хотыг бөмбөгдөхөөр нисэж явлаа. Энэ хот "Миг-ийн хөндий"-д байрлах учир оросуудтай таарах магадлалтай гэж үзсэн удирдлагууд нь ийм олон тооны сөнөөгчөөр бөмбөгдөх багуудыг хамгаалах нь зөв гэж үзсэн бололтой. Гэхдээ тэд өөрсдийн техникийн чадал, нисэх багийн бүрэлдэхүүн, тооны олондоо найдаж байсан учир айхтар хэцүү зүйлтэй тулгарна гэж бодсонгүй.
Удалгүй Зөвлөлтийн Миг-15 сөнөөгчүүд тэнгэрт гарч ирэн, хоёр хэсэг болон салж байлдааны эгнээнд орж байгааг харсан Америкийн нисгэгчид ч мөн бэлэн байдалд орох үед “иванууд”-ын эхний хэсэг шууд л хамгаалалтын сөнөөгч онгоцууд руу дайрч эгнээг нь эвдэж эхэлсэн байна. Эгнээгээ алдаж, замбараагүй байдалд орсон сөнөөгчийн зарим нэг нь утаа татуулан унаж байх үед өөр бусад нь бөмбөгдөгчөө хаяад тэнгисийн зүг рүү зугтааж эхэллээ. Гэсэн ч B-29 бол супер цайз. Сөнөөгчтэй сөнөөгчгүй өөрийгөө хамгаалж, үүргээ биелүүлж чаддагийг япончууд яс махаараа мэдэрсэн улс. Оросууд ч энэ аймшигт мангасын сайн мууг мэдэж байлаа.
Америкийн сөнөөгч онгоцуудыг тулалдаанаар хавчиж, зугтаалгаж эхлэх тэр үед үлдсэн Миг-үүд өндөр аван B-29-ийн ард гарчээ. Бөмбөгдөгч онгоцууд нягтран хамгаалалтын эгнээндээ шилжиж байхад нь оросууд араас, өндрөөс дайрсан ба тэд ганц л оролт хийж, байгаа бүх л их буугаараа ээлжийн гал нээсэн байна. Үр дүн нь 10 "Супер цайз" газарт унаж, өөр бусад олон онгоц хүнд гэмтэл аван тулалдааныг орхилоо. Гэмтсэн онгоцууд "Миг-ийн хөндий"-гөөс яаран гарч Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцны агаараас хамгаалах бүсэд орох гэж зүтгэсний хүчинд бүр ч илүү их хохирол амсахаас зайлсхийж чаджээ. Америкчуудын хувьд энэ бол ёстой сүйрэл байлаа. Есхөн минут үргэлжилсэн агаарын тулалдаанд нийт 14 онгоцоо алдсан (10 бөмбөгдөгч, 4 сөнөөгч) 100 гаруй нисгэгч нь шүхрээр үсрэхдээ олзлогдсон байна.
Тухайн тулалдаанд оролцсон Зөвлөлтийн нисгэгчийн дурсамжаар бол нэг дайралт хийгээд эргэн өндөр авах үедээ харахад тэнгэр тэр чигээрээ цагаан шүхрээр бүрхэгдсэн, яг л агаарын десант бууж байгаа юм шиг санагдсан гэж байжээ.
Мэнд үлдсэн B-29 онгоцууд эргэн буусны дараа техникийн үзлэг хийхэд 15 онгоц дахин ашиглах боломжгүй гэмтсэн байв. Америкчуудын хувьд хамгийн эвгүй зүйл нь тооны болон техникийн хувьд давуу гэж итгэж байсан нисэх хүчин нь дайсныхаа ганц ч онгоцыг унагаж чадалгүй, өөрсдөө ийм их хохирол хүлээсэн явдал байв. Америкчууд өөрсдөө энэ өдрийг “Хар пүрэв гариг” хэмээн нэрлэсэн.
1951 оны 10-р сарын 28. "Хар мягмар гариг"
Зөвлөлтийн Миг-15
Америкийн 21 супер цайзыг дагалдан бараг 200 гаруй сөнөөгч онгоц нисэж явах үед 44 Миг-15 мөн л өндрөөс дайрч их тулалдаан эхэллээ. Дагалдан явсан гэх боловч яг үнэндээ арай зайтай, шаардлагатай үед дайсны сөнөөгчийг амдан дайрах хурдны нөөц авах зайтай байхаар төлөвлөж байсан ч яг цагаа тулахад Миг-үүдээс хоцорсон байлаа. Илүү хүчирхэг их буутай, маневрлах чадвараар илүү Миг-үүд өөрөөс нь техникийн бусад үзүүлэлтээр илүү дайсныхаа сөнөөгчтэй “нохой зодоон” (ойрын зайн тулалдаан) хийхэд илүү тохиромжтой байсан бөгөөд дайсныхаа сөнөөгчийг мөн л тулалдаанаар хавчиж, бөмбөгдөгч рүү ойртуулахгүй барьж байх хооронд нөгөө хэсэг нь цайзуудыг сүйдэлсээр тулалдаан дуусахад Америкийн 12 супер цайз, 4 F-84 Thunderjet (сөнөөгч) унасан ба Зөвлөлтийн талаас нэг Миг-ийн хохирол хүлээжээ. Энэ явдлаас хойш Америкчууд B-29-ийг өдрийн цагт нисгэхээ байж зөвхөн шөнийн бөмбөгдөлтөд хэрэглэх болсон ба энэ нь ч олигтой үр дүнд хүрээгүй юм. Дэлхийн 2-р дайн, Номхон далайн дайны театрт гялалзаж байсан B-29 онгоцны алдарт зам мөр үүгээр дууссан билээ.
Солонгосын хойгт болсон хамгийн том хоёр агаарын тулалдааны тухай түүвэрлэн бичсэн маань энэ бөгөөд зарим нэг хүн үүнийг уншаад Солонгосын тэнгэрт ЗХУ-ын нисэх хүчин ялан дийлж байжээ гэж ойлгож болох юм. Үнэндээ бол тийм биш бөгөөд өөр олон жижиг тулалдаан болж байсан, оросууд ч, америкчууд ч хүнд хохирол хүлээж ялж, ялагдаж байсан түүхтэй юм.
Энэхүү нийтлэлд дурдсанчлан Солонгосын дайны эхэн үед Зөвлөлтийн шинэ онгоц болох Миг-15-ууд В-29-ийн эсрэг маш үр дүнтэй тулалдаж, нэгэн цагт ялагдашгүй гэж байсан супер цайз онгоц нь, тэр онгоцонд зориулж боловсруулсан агаарын дайны тактик нь хуучирсан гэдгийг америкчуудад харуулсан юм. Үнэхээр ч дээрх хоёр тулалдаанд тооны хувьд хамаагүй илүү сөнөөгч бүхий Америкийн том цуваа бөмбөгдөгчүүд, Зөвлөлтийн цөөхөн сөнөөгч онгоцны довтолгооныг тэсэж чадаагүй нь энэ бүхний баталгаа биз.
Цаашдаа америкчууд олон тооны том бөмбөгдөгчийг, олон сөнөөгч дагадаг арга барилаасаа татгалзан өдрийн бөмбөгдөлтийг цөөн тооны сөнөөгч-бөмбөгдөгч онгоцоор, олон удаа хийх байдлаар ажиллаж эхэлсэн нь харин зохих үр дүнгээ өгсөн байна. Том бөмбөгдөгч онгоцонд наалдчихсан мэт арчаагүй байдалтай тулалдаж байсан Америкийн сөнөөгчүүд “бие даасан” тулаан хийж эхэлсэн цагаас, шинэхэн сөнөөгч Сейбр (North American F-86 Sabre) Солонгост нисэх болсон тэр цагаас эхлэн Миг-ийн хаанчлал ч үгүй болж, хүч тэнцүү өрсөлдөгч болон хувирсан гэхэд буруудахгүй болов уу.
Солонгосын тэнгэрт хүчний харьцааг өөрчилсөн Америкийн F86 Sabre