Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аав минь том биетэй, сүрлэг, ширүүн хэдий ч дотроо маш зөөлөн хүн байсан"Уншсан8,884

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу" киноны Шагдарын дүрээр танихгүй хүн ховор.

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу" киноны Шагдарын дүрээр нь танихгүй хүн ховор.

Лайхансүрэнгийн Лхасүрэн 1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд мэндэлжээ. Багаасаа л олон төрлийн дугуйлан секцэд хамрагддаг нийгмийн идэвх сайтай хүүхэд байж, пионерийн ордонд жүжгийн дугуйланд явж анх урлагт сонирхолтой болсон. Тэрээр нийслэлийн II сургуулийн VII ангийг 1962 онд төгсөж, Улсын Хүүхдийн Төв театрт жүжигчнээр ажиллаж эхэлжээ. 1974-1978 онуудад Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д (ГИТИС) найруулагчийн мэргэжлээр суралцсан байна. Улмаар Улсын Хүүхэд Залуучуудын театрт 1978-1984 онуудад Ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1984 оноос УБИС, СУИС-д насан эцэслэтлээ багшилжээ.

Уран бүтээл

 Түүний хамгийн анхны дэлгэцийн дүр нь “Тус биш ус” киноны гол дүр болох Осор. Дараа нь “Агуйн нууц” киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөө гэсэн дүрүүдэд тоглосон байна. Үүнээс гадна “Ацаг шүдний зөрөө”-гийн Сорвит, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-ны Шагдар гэхчлэн дэлгэцийн, В.Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Корчагин зэрэг тайзны 100-гаад дүрийг бүтээжээ. 

Л.Лхасүрэн гуайн бүтээсэн дүрүүдээс үзэгчдийн хамгийн сайн мэдэх дүр бол яах аргагүй “Гарын таван хуруу” киноны Шагдар билээ. 1983 онд зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киног манай уншигчид андахгүй. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгааг харуулдаг. Мөн эцэг Шагдар нь Хорлоо хэмээх бүсгүйтэй гэрлэж тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг зэрэгцүүлэн харуулсан байдаг.

Тухайн үеийн нийгэмдээ Шагдар хамгийн ихээр жигшигдэж байсан дүр. Эхнэр, таван хүүхдээ орхиод залуу хүүхэн рүү тэмүүлсэн Шагдараар зарим нэг эрчүүдийг шүүмжимлж харуулсан ч цаад учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг хэмээн кино судлаачид хэлдэг. Гэвч тухайн нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байгаагүй юм.

 Энэ талаар түүний хүү Л.Энхбаатар “Аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс өнөөх Шагдар явж байна" гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа” хэмээжээ.

“Гарын таван хуруу” кино бол хоёр нийгмийг дамнан оршихдоо үзэгчдээ огтхон ч алдаагүй кино. Бид өнөөдрийг хүртэл Шагдарыг ярьсаар, үзсээр л байгаа. Энд л чухам киноны зохиолч, найруулагч, жүжигчин хүний авьяас билэг, уран чадвар оршиж байгаа бизээ.

Тэрээр кино, уран бүтээлд тоглохоос гадна сайн найруулагч байсан. “Гурван найз”, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Дээвэрт суудаг Карлсон”, Ж.Б.Мольер “Аргагүйн эрхэнд оточ”, “Бэрд” зэрэг жүжгийг найруулан тоглуулсан байна. Мөн СУИС-д олон жил багшилж залуу авьяастнуудыг урлагийн замд хөтөлсөн сурган хүмүүжүүлэгч тэрээр “Хүн хөрөө” кино зохиол бичиж, өөрөө найруулан дэлгэцнээ гаргасан байдаг. Л.Лхасүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч хүн. СУИС-ийн багш байхдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 7 сарын 5-ны 94 тоот зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэн байна.

 Тэрээр жүжигчин найруулагч төдийгүй сурган хүмүүжүүлэгч. Л.Лхасүрэн гуай олон сайхан дүрээрээ мөнхөрснөөс гадна үл тасрах урлагийн галыг маналцаж, уран бүтээл туурвиж, байгаа олон сайхан шавь нар бэлтгэжээ. Тухайлбал, 1987 оны төгсөгчид болох Эрдэнэтийн театрын Баярмагнай, “Язгууртан” театрын Наран-Амгалан, МҮОНТВ-ийн хөтлөгч Цовоо, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Хүрлээ, 1995 оны төгсөгчид болох Ундармаа, мөн УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, “Маск” продакшны жүжигчин Мөнхсайхан, Гэрлээ гээд олон уран бүтээлчийг урлагийн замд хөтөлж оруулсан ачтан нь юм.

 Түүний шавь Ц.Баярмагнай “Би 1983 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид ороход Л.Лхасүрэн багш маань биднийг дааж авсан. Төгсөөд Соёлын яамны илгээлт авч С.Баатарсүрэн, М.Саранцэцэг, Н.Оюунчимэг, Х.Наран-Амгалан, Х.Батсайхан, Б.Ууганчимэг, н.Энхболд гээд нэг ангийн найман хүн багшийгаа дагаад явсан даа. Тэгээд Хөгжимт драмын театр байгуулж “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр театр маань нээлтээ хийгээд бөөн баяр болж байлаа. Түүнээс хойш “Сар нуугдсан шөнө”, “Аргагүйн эрхэнд оточ” зэрэг олон томоохон бүтээл тавьсан. Мөн ихэвчлэн хүүхдэд зориулсан жүжиг дээр ажиллаж байлаа" хэмээжээ.

Гэр бүл

 Түүний гэргий Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, бага эмч мэргэжилтэй. Л.Лхасүрэн гуай гурван хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь мөн л урлагийн замыг сонгосон. Харамсалтай нь түүний том хүү УДБЭТ-д балетчнаар ажиллаж байгаад өвчний улмаас бурхан болжээ. Харин дундах хүү нь СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн байна. Хамгийн бага хүүхэд нь зураач мэргэжилтэй ажээ.

Түүний дунд хүү Л.Энхбаатар “Аав минь харахад их том биетэй, сүрлэг, ширүүн харагддаг хэдий ч дотроо маш зөөлөн хүн байсан. Ямар сайндаа л хүүхдүүдээ нусны алчуураар зоддог байх вэ дээ. Ах бид хоёрыг дүрсгүйтээд хэрэг тарих юм бол нусны алчуураар л цохих, илэх хоёрын хооронд хүрдэг байсан гэдэг. Бид хоёр ч сүйд болоод уйлдаг байсан гэдэг юм. Ер аав минь надад айхтар гар хүрч байсныг би мэдэхгүй. Тийм л их хайранд өссөн дөө” хэмээжээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 21. 23:37
Зочин

Сайхан бие хаатай хүн дээ бөх хүн шиг харагддаг шүү

5 сар 22. 12:12
Зочин зочин

Тийм шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]