Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөнч Ванга тагнуулын албанд ажиллаж, улсынхаа төсөвт 10 сая доллар оруулж байжээУншсан48,195

Заримдаа яахав алдаа гарч, хүн амьтан хольж будлих тохиолдол байж л таараа. Тэр үед нь Ванга орилж хашгиран “Ад зэтгэр, чөтгөр шулмас байна чи. Яв зайл” гээд л болоо.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Иймэрхүү юм харж байсан уу? Зөнч Ванга нь 9-р сарын 11-ний халдлага, Их Британи Европын Холбооноос гарах өдөр, ИГИЛ-ийн хүчирхэгжих тухай, ЗХУ задран бутрах тухай, 2021 онд илүү хүнд байх тухай... гээд урьдчилж хэлээгүй, мэдээгүй зүйл гэж юм байхгүй гэнэ. Үгүй дээ л манай янз бүрийн хэвлэл дээр ийм юм бичдэг. Бараг л хажуу байрны хар Цогоо харанхуй болоход "унгана" гэж Ванга хэлсэн нь яг үнэн боллоо гэх нь холгүй. Тэр Ванга гээч нь ямар айхтар хүн бэ? Бүр ковидыг хүртэл урьдчилж хэлж байсан гэх энэ хүн хэзээ хаана төрсөн юу хийдэг ямар хүн байв аа?

Болгарын жирийн нэг ядуухан тосгонд төрсөн энэ хүн 12 насандаа хараагүй болжээ. “Албан ёсны мэдээгээр” бол аймшигт хүчит бороо, шуурга эхэлж, цахилгаан цахиж сүйд болох үед 12 настай охиныг хуй салхи хаман авч 200 гаруй метр хол шидсэн ба тэр үед охиныг аянга ниргэж нүдгүй болгожээ. Тэр цагаас хойш Ванга ирээдүйг хардаг хүн болсон бололтой юм.

Ер нь бол хараагүй хүний бусад мэдрэх чадвар жирийн хүнийхээс хамаагүй илүү хөгждөг гэдэг нь одоо нууц биш бөгөөд тухайн үедээ алив дуу чимээг хэн хүнээс түрүүн сонсож, ялгаж чаддаг (сохор хүн зөвхөн чимээгээр нь хэн явж байгааг мэднэ гэдэг бол байдаг л зүйл юм гэнэ лээ) болсон Ванга Болгарын бөглүү тосгоны, боловсролгүй тариачдын хувьд ер бусын хүн болж хувирчээ. Дээр нь өвчин зовлон гэдгийг хар багаасаа үзсэн, хорвоо дэлхийг харж чадахгүй болсон энэ хүн бусдын зовлон гунигийг хэнээс ч илүү тэвчээртэй сонсож, ирээдүйд бүх зүйл сайн сайхан болно гэж сэтгэлийг нь тайтгаруулдаг байснаас Вангаг ирээдүйг хардаг зөнч хүн гэх хүмүүс нэмэгдсээр. Гэхдээ Ванга нь зөвхөн орон нутгийн хэмжээний л зөнч байлаа.

Дайн дажин болж олон хүн үр хүүхдээ, эр нөхрөө, аавыгаа, ахыгаа амьд мэнд эргэж ирээсэй гэж хүсэхдээ сэтгэлийн тайтгарал болсон Вангаг улам ихээр зорих болсон ба Вангагийн гэр бүлийнхэн, хамаатан саднууд ч энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй болж. Тэд ч гялалзтал зохицуулж эхэллээ... Дайнд явсан хүнийхээ тухай асуух гэж, ирээдүйг нь даатгах гэж ирж байгаа хүн хоосон байвал муу ёр гэдгийг сайн ойлгуулсан ба хүмүүс ч ойрын хүнийхээ амь насны төлөө гайгүй гэсэн болгоныгоо барих нь мэдээж. 

Ингэж Вангагийн ирээдүйг хардаг чадвар одоо тодорхой зорилготой, зохион байгуулалттай болж хувирлаа. Одоо ойрын тосгонууд биш нийт Болгар нутгаар алдар нэр нь түгж эхэлсэн ба Ванга дээр ирж ирээдүйгээ харах гэсэн хүмүүс гэрийнх нь гадаа хонон өнжин дугаарлах хэрэгтэй. Хэдэн хоногийн турш хүлээх эдгээр хүмүүс өөрсдийн зовлон зүдгүүрээ хоорондоо ярих нь мэдээж бөгөөд иймэрхүү яриа оочерт, цайны газарт гээд хаа сайгүй л болж таараа. Ингээд Ванга дээр орох цаг болоод босго давж амжаагүй шахам байхад л өнөөх нь өөдөөс хамаг амьдралыг нь шууд л ярьж эхэлнэ. Одоо Ванга гэдэг хүн бол бурхны бүрэлбаа биш гэх гээд үз дээ.

Вангагийн хамаатан саднууд мөнхийн ажилтай хүмүүс. Тэд ирж байгаа хүмүүсийн дугаарыг зохицуулахаас гадна тэд ямар зорилгоор яах гэж ирсэн, хэн бэ гэдгийг маш нууцаар мэдэж тагнана. Өвчин зовлон нэгтэй хүмүүстэй ярилцаж байна гэж бодож хамаг юмаа дэлгэж байсан хүмүүс өөрийгөө тагнаж байгаа гэдгийг мэддэг ч үгүй байлаа. Ванга дээр оронгуут тэрээр ганц хараад... бүр харалгүйгээр шууд өөрийнх нь тухай бүхнийг хэлсэн гээд л шуугиж биширсээр.

Заримдаа яахав алдаа гарч, хүн амьтан хольж будлих тохиолдол байж л таараа. Тэр үед нь Ванга орилж хашгиран “Ад зэтгэр, чөтгөр шулмас байна чи. Яв зайл” гээд л болоо.

Болгар улс даяар Вангагийн нэр түгэж байх үед энэ улсын удардагчийн охин Людмила Живкова ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн гэдэг. Тэрээр Вангатай уулзаад энэ бүхнээс ямар их зүйл олж болохыг мэдсэн ба 1991 он хүртэл бараг 10 сая гаруй долларыг Вангагийн хүчээр улсын төсөвт оруулсан гэсэн тоо бий. Людмила ганцхан эдийн засгийн ач холбогдолтой талаар бодоогүй буюу КГБ-ийн мэдээ цуглуулах нэг том эх сурвалж бол Ванга байж болох нь гэдгийг ойлгосон хүн байлаа. Одоо Ванга төдийгүй хамаатан садан нь ч улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах болсон байна. Зарим мэдээгээр Ванга Болгарын КГБ-ийн албан ёсны ажилтан болж 200 левийн цалин авч байсан гэдэг.

Улмаар Ванга Болгарын биш социалист орнуудын, бүр дэлхийн хэмжээний хүн боллоо. Ямар ч боловсролгүй Ванга хаа байсан Америк, Бразил байтугай алс холын Монгол мэт улсын тухай юу ч мэдэхгүй учир их зөнчид зориулсан асар олон хүн бүхий жинхэнэ сүлжээ байгуулжээ. Таксины жолооч, нутгийн жирийн иргэн, дэлгүүрийн худалдагч, зочид буудлын ажилтан, гадаадын том хүмүүсийг хүлээж авах орон нутгийн түшмэд, гадаа тоглож байгаа хүүхэд бараг бүгдээрээ энэ сүлжээний нэгэн эд эс.

Хамгийн гол нь Ванга дээр ирсэн хүнд ер бусын сэтгэгдэл төрүүлэх чухал байлаа. Алдаж буруудах явдал бараг байнга гарах ба заримдаа Болгарын од болсон Вангаг хуурамч амьтан байна гэж хэлсэн нөхдийг нутгийнхан сайн гээч нь сургаад өгнө. Хамаг амьдралыг нь авч яваа Вангаг муулна гэнэ ээ...

Тэгээд ч олон хүн хүлээн авдаг Ванга хүнтэй хэдхэн үг солиод л гаргах учир тэр болгон нөгөө хүн эсэргүүцээд байх боломж ч байхгүй.

Ердөө л энэ.

Ванга геополитик болон шинжлэх ухааны талаар ямар ч ойлголтгүй хүн учир түүний хэлсэн гэх янз бүрийн мундаг юм нь бүгд л өөр хүний хийсэн, зохион байгуулалттай ажил. Тийм учраас Ванга эмээ урьдчилж хэлсэн гэх  9-р сарын 11-ний явдал, ЗХУ задрах тухай... гэх мэтийн өөр олон юмыг дэмий яриа гэхээс өөр үг алга. Заримдаа ч арай ч дээ гэмээр юм харагдах ба Ванга эмээ 5000 он хүртэлх дэлхий дахинд болох үйл явдлыг бүгдийг нь хэлж бичсэн гэсэн ч юм байх. Ямар завтай, ямар...

Үнэндээ энэ хүний хэлсэн гэх ирээдүйн тухай зөгнөсөн юм гэж юу ч байдаггүй гэж эрдэмтэн мэргэд хэлээд, анхааруулаад л байдаг билээ.

Ромбу гаригтай харьцдаг, Алтан цөгц олдог, харь гаригийн хөлөгт сууж Дархан хотын автобусны буудлыг хардаг, өөрөөсөө гал гаргадаг, бурхнаар бөөлждөг... зэрэг түмэн шидтэй хүмүүсээр дүүрсэн улс оронд бол харин Ванга зөнч гээч мундаг хүнд итгэж болно. Итгэсээр ч байгаа хойно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]