Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Ховд хотыг чөлөөлсөн байлдаанУншсан14,651

1912 оны эхээр Манжийн захиргаанд хэвээр байсан Монголын баруун хязгаарыг чөлөөлөх нь даруй шийдэх асуудал байв.

1912 оны эхээр Манжийн захиргаанд хэвээр байсан Монголын баруун хязгаарыг чөлөөлөх нь даруй шийдэх асуудал байв. Хятадын хилд ойр учир тэд өмгөөлөх цэрэг ирнэ гэж найдан эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэж байлаа. Түүгээр ч барахгүй 1912 оны эхээр Монголын Засгийн газраас илгээсэн гүн Төмөржин, түшмэл Лхагва нарыг баривчлан эрүүдэн шүүж алжээ. Тиймээс тус хязгаарыг түвшитгэн тогтоох цэргийн сайдаар Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарыг томилон Нийслэл хүрээнээс 500 цэрэгтэй мордуулжээ. Тэд замдаа Улиастайгаар дайран баруун 2 аймгийн 400 гаруй цэргийг авч Ховдын Босго, Хар усны өртөөний орчим очив. Эртний монгол цэргийн уламжлалыг дагаж цэргээ хороо, анги, аравтаар тэгшлэн засч 10 хүнд галын дарга, 50 хүн тутамд ангийн дарга, 4 анги тутамд хорооны дарга, жагсаалын дарга, бичээч томилжээ. Тэгээд хотыг чөлөөлөх төлөвлөгөө боловсруулахдаа юуны өмнө хотыг бүсэлж гадагш харилцаа бариулахгүй болгохыг урьтал болгов. Энэ нь их буугүй, буу зэвсэг муутай монгол цэргүүдэд эсрэг талаа туйлдуулан хүчийг сулруулж ялах сайн арга байлаа.

 

Нэг өдөр хотын байдлыг тагнаж мэдэхээр С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нар 20-иод цэрэгтэй явж Ховд хотын урд хөндийд орших Ширээт улаанд сэм гарч ажиглахад хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэгтэл хотын хэрмийн урд хаалгаар 8 морьтой хүн гарч ойртон ирэхэд нь буудаж 4-ийг нь алж, 2-ыг нь зугтаалган, 2-ыг амьдаар баривчиллаа. Тэднийг байцаахад Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар цөөн цэрэгтэй Зах булгийн өртөөний ойр ирж хориглосныг мэдэж байлдахаар бэлтгэж зүг бүрт харуул, тагнуул гаргаж буйг мэдээлэв. Манай 2 жанжин тэр оройдоо цэргээ хөдөлгөн замд таарсан Хятадын харуулын цэрэгтэй буудалцсан боловч онц эсэргүүцэлтэй тулгарсангүй. Цэргийн гол хүчний түрүүнд 3 хэсэг сэргийлэх харуул гаргаж толгойн сэргийлэхийг Модон овооны замаар,нөгөө 2 хэсгийг Алаг толгой, Эмээлт хөтлийн чигээр, харин гол хүчийг Модон овооны замаар хөдөлгөн Талын улааны (хожим нь Баатар хайрхан) баруун урд суганд байрлуулжээ. Удалгүй дайчилсан цэргүүд ирж нийлсээр монгол цэрэг 3000 орчим болж 1912 оны 5 дугаар сараас Ховд хотыг баруун талаас нь хагас бүсэлж чухал зам, гарц боомтыг эзлэн манж цэргийн хүрээг гаднаас тусламж авах боломж муутай болгов. Энэ хооронд Алтайн Шар сүмээс ван Балдарын газраас Ховдын манж цэрэгт зэвсэг хүргэж туслахаар ирсэн 500-гаад цэргийг Шаварт гол дээр С.Магсаржавын захирсан цэрэг тосон байлдаж, Улаан богочид байгаа цэрэг нэмэн очиж бүтэн өдөр тулалдан 130 гаруй хүнийг алж, олон зэр зэвсэг, морь, тэмээ олзлон авчээ. Энэ цэргээс цөөн хүн зугтаж Ховд хотод шурган орж амжсан аж. Туслахаар ирсэн цэргээ хамгаалахаар энэ үед Ховдын манж цэргийн хүрээнээс цэрэг гаргаж явуулсныг дөрвөд 2 аймаг, Урианхайн хошуудын цэрэг хавсран цохиж буцаав. Ховдын манж цэргийн удирдлага Урумч, Шар сүмийн цэргийн ангид хэл хүргүүлж монгол цэргийг гаднаас нь бүслүүлээд 2 талаас хавчин цохих санаатай байгааг Оросын консул М.Н.Кузминский манайханд хэлж тус хүргэжээ.

Баруун Монголын ард түмнийг эрх чөлөөний тэмцэлд босгож чадсанаар хотыг бүслэх үед монгол цэргийн тоо 5000-д хүрсэн боловч зэвсэг муутай, нэлээд хэсэг нь бороохой шийдэм, цахиур буунаас өөр зэвсэггүй байлаа. Харин Магсаржавын захирсан 500 орчим цэрэг берданаар зэвсэглэсэн байв. Монгол цэргийн 3000 орчим нь Сангийн хотын хэрмийг шууд бүслэхэд, бусад нь гадуур бүслэлт хийхэд оролцжээ. Дамдинсүрэн, Магсаржав нар бүх цэргээ 6 хороо болгон бэлтгэв. Талын улааны баруун суганд Магсаржавын захирсан 500 цэрэг, Шар сүмийн зүүн талд дөрвөд 2 аймгийн цэрэг, түүний зүүн гарт Тагна урианхайн хошууны Лувсангийн захирсан 300 цэрэг, Ховд голын Өргөн ширгэ хэмээх буланд халх баруун 2 аймгийн 4 анги 700 цэрэг, Ховдын зүүн талын Улаан богочид зүүн 2 аймгийн цэрэг, хотын өмнөх Алаг толгойд хүрээнээс ирсэн цэргийн 1 хороог байрлуулжээ. Бүслэлтийн үед харуул хамгаалалт, дайрах жижиг бүлгүүдийг бэлтгэх, арван бүр ээлжлэн холбоочны үүрэг гүйцэтгэх жижүүр томилох зэрэг тактик хэрэглэж харуул сэргийлэхийг устган агт морьдыг олзлох, шөнийн цагаар хий буудаж дайсныг гал нээлгэн сумыг нь хороох, бэхлэлт хэрмийг дэлбэлэх, хотын хүний амь үрэгдэхээс болгоомжлох, байлдах дургүй хятад иргэдийг талдаа авах арга хэрэглэж байлаа. Монгол цэрэг ийнхүү 2 сар гаруй бүслэн хааж бүслэлтээ улам хумисаар эцэст нь Ховд хотод тулж ирэв. Хотыг байлдаангүйгээр буулган авахыг хүсч Оросын консул, монгол цэргийн удирдлага хамтран тулган шаардах бичиг өгсөн боловч хариу өгөөгүй учир 7 дугаар сарын 25-нд Ховд хотыг бүрэн бүслэжээ. Монгол цэрэг 1912 оны 8 дугаар сарын 5-нд Рашаант уулнаас шөнө дунд өгсөн галын дохиогоор хот руу 4 зүгээс дайрч 2 хоног ширүүн тулалдаан хийж 7-ны өдөр Ховд хотыг чөлөөлсөн юм.

Хотын хэрмийг Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав, Нанзад, Т.Дамба, М.Дорждэрэм нарын 28 хүн дүүжингээр даван орж хэрмийн хаалгуудыг онгойлгоход ямар ч эсэргүүцэл тулгарсангүй. Ховдын манж цэрэг галтай цуцлаар дарийг нь асааж бууддаг эртний том, жижиг их буу, цахиур буу, бороохой, жад, нум сум мэтийн зэвсэгтэй байжээ. Энэ тулалдаанд манж цэргээс 200-гаад хүн, монгол цэргээс 45 хүн амь үрэгдэв. Монгол цэргүүд 3000-аад хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Бао Жүн, бусад түшмэд дарга, цэргийн хамт 1200 хүн олзлон, тэмээ 1000 гаруй, морь мөн 1000 гаруй, хонь 5000, буу 200, сум 20000, мөнгө 20000 илүү ланг хураан авчээ. Чин улсын сайд, түшмэл 27, цэрэг иргэн 610-ийг Оросын хил хүртэл морьт цэргээр харгалзуулан морь, тэмээ, хүнс нийлүүлэн өгч Оросын нутгаар дамжуулан нутагт нь буцаажээ. Монгол цэргүүд Ховдын шоронд олон жил хоригдон тарчилж байсан халх, дөрвөд, урианхай зэрэг 400 гаруй хүнийг сулласан нь хаант Монгол Улсын цэргийн нэр хүндийг баруун хязгаарт ихэд мандуулав. Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр Манжийн дарлалын сүүлчийн цайзыг нурааж ноёрхлыг нь устгах анхан шатны тэмцэл дууссан юм. Ийнхүү монгол цэргийн анхны том ялалтын үр дүнд Ар Монголын дэвсгэр нутаг манжийн колоничлогчдоос бүрэн чөлөөлөгдсөн түүхтэй.

Ц.Төрмөнх

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 22. 3:31
Зочин

Тагна урианхайн хошууны Лувсангийн захирсан 300 цэрэг гэж нийтлэлд гарч байна Тагна урианхайн хошуу чинь одоогийн орост алдсан Тува улс юм шүү дээ Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг...Манжийн хаан Нурхач Үүл нэгдвэл бороо Монголчууд нэгдвэл цэрэг гэжээ

2016, 10 сар 15. 1:01
Зочин

Барга Дамдинсүрэн ховдын хязгаарыг Халхад нэгтгэсэн гавъатан .Магсаржав Дамдинсүрэн нарын хүчинд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр бүрэн бүтнээр байгаа.Ховдыг эзлээгүй бол их нууруудын хотгор ОХУ Горно-Алтайд.Ховд Шинжаанд харъяалагдах байсан.

2016, 10 сар 14. 12:16
Зочин

Ховдын байлдаанд Дамбийжаа маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг нь тодруулж бичих хэрэгтэй.Дараа нь яасан, хэн гэдэг нь хамаагүй. Түүх түүхээрээ, үнэнээрээ байх ёстой.

2016, 10 сар 18. 22:20
Зочин

Тийм шүү

2016, 10 сар 4. 10:58
zochin

tsag garwal tuuxee l unsh tegwel odoo yaj yawaxaa uxarna shuu de.

2016, 10 сар 1. 8:13
sugdun murgie

Eh oron tusgaar todtnoliin tuluu etseg uvgud uhen uhtlee temtsjee

2016, 9 сар 30. 15:35
Зочин

orchin ued zaluus ingej temtsej negdej chadah bolov uu.negdej chadval mongol oron mandan badarch avilgachid uls orniig buruu udirdsan humuus bugd uheh tumen niguurtei bolnodo.

2016, 9 сар 30. 14:31
сс

БИдний өвгөдийн энэ аугаа тэмцлийн дүнд авсан баялагийг өнөөдөр яагаад үрэн таран хийж бна

2016, 9 сар 30. 14:19
Зочин

800 илүү жилийн ялалтын түүх бидэнд бии дээ уул нь

2016, 9 сар 30. 13:34
aaaaaaaaaaaaaaaa

saihan tuuh bna...ingej zovj olson eh orno gazar nutgaa odoo neg muu hujaagiin sheesnuud yaj taraaj budaa bolgoj naiz tavij ugch bna

2018, 2 сар 22. 20:11
Зочин

жа ламын гавьяг яагаад дурьдсангүй вээ хөөрхий дөө тэр хүн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]