Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их дайны үеийн нэгэн жигтэй ялалтУншсан15,838

Гурван нисгэгч эргэн хөөрөхөөр бэлдэж байх үед Британийн онгоцнууд ирж нисэх зурвас, түүн дээр байгаа цорын ганц онгоцыг дайрсан ч ямар ч хохирол учруулсангүй учир Соурдфиш ч удалгүй газраас тасран хөөрчээ.

 History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Гитлерийн Герман ЗХУ руу довтолж ялж, ялагдаж, Холбоотнууд Хоёрдугаар фронт нээх тухай ид яригдаж байсан тэр үе буюу 1943 оны 6-р сарын 12-нд Британийн хөнгөн бөмбөгдөгч онгоцны баг болох нисгэгч Сидни Коэн, штурман Питер Гейтс, буудагч-холбоочин Лесли Райт нар Мальтын нутаг дээр байрлах өөрийн баазаас тагнуулын нислэг хийхээр хөөрчээ. Тэдний нисэж яваа Суордиш онгоц нь ихээхэн хуучирч муудсан эд байсан бөгөөд нислэгийн үеэр зарим техник хэрэгсэл эвдэрч ажиллахгүй болох нь олонтаа тохиолдож байжээ. Энэ удаа мөн л эвдрэл гэмтэл. Элдэв жижиг сажиг юмс зөв буруу ажиллаж байгаад компас гэнэт таг боллоо. Дараа нь холбоо!

Асар өргөн уудам тэнгис далай дээгүүр нисэн яваа онгоцны компас, холбоо ажиллахгүй байна гэдэг ямар аюултай нь ойлгомжтой. Төөрч будилсан нисгэгч шатахуун дуусахын үед тэртээ хол нэгэн жижигхэн арал байгааг олж харан тийшээ зүтгэсэн бөгөөд тэдний хувьд хуурай газар хүрэх нь л чухал байлаа. Аз болж тэр арал дээр нисэх буудал байсан учир элдэв адал явдалгүй газардаж чаджээ.

Гэтэл нисгэгч нар онгоцноосоо ч гарч амжаагүй байхад бөөн хүмүүс гүйлдэн ирсэн нь италичууд. Германы холбоотон, дайсан болсон италичууд. Нисгэгч нар буцаж нисэх шатахуунгүй учир одоо олзлогдох уу? Эцсээ хүртэл тулалдах уу гэсэн хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй боллоо. Үгүй ингээд л үхэлтэй биш... Харин өнөө гүйлдэн ирж байгаа италичууд нь яагаад ч юм цагаан туг барьсан байна гэнэ.

Эдгээр италичууд шаагиж ирээд өөрийнхөө хэлээр ямар нэг шулагнах ба яг яах гээд байгаа нь ойлгомжгүй байх тэр үед дарга нь бололтой нэгэн өвөрмөц эр, англиар сайн ярьдаг нөхөр бусдыгаа гүйцэн ирж хамаг учрыг тайлж өгчээ. Тэр офицерын хэлснээр бол Лампедуза арлыг хамгаалж байгаа Италийн цэргийн анги нэгтгэл нь бүхлээрээ Британийн армийн төлөөлөгч болсон гурван зоригт эрд бууж өгөх хүсэлтэй байгаа юм гэнэ. Тэр тусмаа гурван британи эрийн онгоцыг тэр даруй сумлан явуулж тэрхүү бууж өгөх хүсэлтийг нь дээд дарга нартаа уламжилж өгөөч, өдөр өнжилгүй шахам бөмбөгдөхөө больж өгөөч гэж дамжуулна уу гэж их махруу шаардаж байв.

Гурван нисгэгч эргэн хөөрөхөөр бэлдэж байх үед Британийн онгоцууд ирж нисэх зурвас, түүн дээр байгаа цорын ганц онгоц болох манай гурвын онгоцыг дайсных гэж бодон дайрсан ч хохирол учруулсангүй учир Соурдфиш удалгүй газраас тасран хөөрчээ.

Энэ өдрийн орой Британийн Лукаут эсминецээр Лампедуза арал дээр ирсэн 95 цэрэг эрс Италийн асар их хэмжээний зэвсэг хэрэгсэл бүхий агуулах, хоол хүнс бүхий 4400 цэргийг буулган авлаа. Энэ бол Холбоотнуудын армийн чөлөөлсөн анхны газар нутаг байсан гэдэг. Тэр тусмаа дайнд ялагдах нь гэсэн бодол санаа улам бүр их болж байсан Британийн хувьд энэ бол асар их ач холбогдолтой зүйл байжээ.

Ийм үйл явдлыг Британийн болон Америкийн хэвлэл мэдээлэл юу гэж зүгээр өнгөрөөх билээ. Тухайн үеийн Британид гардаг байсан бүх сонин хэвлэл баатар гурван залуугаас ярилцлага авч, зураг хөргийг нь нийтэлж, ард түмэн ч гурван баатар залуугаараа бахархаж байлаа. Ялангуяа Лондонд цугласан еврейн зөвлөл бүр ч их баярлаж байсан бөгөөд гурван залуугийн нэг болох Коэн еврей хүн байж.  Бүр Черчилль хүртэл энэ залуугийн аавтай уулзаж “Юу хүсч байгаагаа хэл, чадах чинээгээрээ бүтээе” гэхэд аав нь “Еврейн ард түмэнд Палестиныг авч өгөөч” гэж хариулсан гэдэг. Харин Черчилль өмнөөс нь “Палестиныг чадахгүй нь, Лампедузаг ав” гэсэн юм гэнэ лээ.

Энэ үйл явдлыг эхнээс нь сурвалжилж байсан Америкийн сурвалжлагч Кларендорф “Лампедузын хаан” хэмээх жүжиг бичсэнийг Еврейн гран-пале хэмээх театрт 300 гаруй удаа тоглосон байна. 300!

Дэлхийн 2-р дайны үед италичууд үнэндээ дайтах сонирхолгүй байлаа. Тэд Грект, Хойд Африкт юм л бол ухарч зугтах дуртай нөхөд байсан бөгөөд Дорнод фронт дээр, бүр Сталинградын тулалдаанд очсон хэд нь (италичууд энд 94 мянган хүнээ алуулж, шархдуулж, олзлуулсан) оросуудад олзлогдчихоод бүр баярлан дуулж бүжиглэн байсан тухай олон баримт бий. Хаа хамаагүй нэг австри эрийн мөрөөдлийн төлөө толгойгоо алдах сонирхол тэдэнд огт байсангүй. Харин үүнийг нь аймхай хулчгар зан  гэх үү, ухаалаг явдал гэх үү гэдэг нь хүн бүрийн хувьд өөр өөр байх биз ээ.

Ямар ч байсан Италийн ард түмэн ч тэр, засаг төр ч тэр дайнаас гарах гэж зүтгэж, оролдож байсан бөгөөд гай болсон Муссолиниг авч хаясны дараа л энэ хүсэл нь биелсэн юм. Энэ бол 1943 оны 6-р сарын 25-ны өдөр байв.

P.S

Дайны үеэр иймэрхүү хачирхалтай, бүр үлгэрийн гэмээр олон ялалт тохиолдож байсан гэдэг. Энэ удаа гурван цэрэг (хүсвэл араас ирсэн 95 цэрэг) 4400 дайснаа буулгаж авсан байдаг бол манай түүхэнд ч 400 цэрэг 10 000 гаминг ялан дийлсэн гэх маргаантай түүх бий. Ямар ч байсан байлдах сонирхолгүй, гэр орон эхнэр хүүхэд рүүгээ яарсан цэрэг бүхий арми нь ямар ч хүч биш байдаг гэдгийг баталсан олон үйл явдал болсны нэг нь энэ бөгөөд цаашид ч иймэрхүү нэг бус түүхийг сонирхуулах болно. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]