Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улсын наадмаар орос бөхтэй барилдаад...Уншсан29,416

Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав.

Улсын наадам ойртож, хуучин цагийн бөхчүүдийн хөгтэй хөгжилтэй болсон явдлууд домог шиг олны дотор сэргэн гүйлгэж байгаагаас хэсэгчлэн хүргэж байна.

Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнхийн талаар улсын заан том хэмээх Санжаа ийн хууч хөөрчээ.

-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яажшуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ. -За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ. Аваргад яаж унахаа бодож сууна уу гэснээ

-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.

-Арай ч муухай юм биш үү гэсэнд

-Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв.

Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад

-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.

-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс

-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа.

 

Мөнгөн арслан багынхаа тухай ийн хуучилжээ.

-1966 оны есдүгээр сард Найрамдлын районы анхдугаар спартакиад болж би чөлөөт бөхийн 62 кг-ын жинд III байр эзэлдэг юм. Тэгээд гэртээ ирээд араажив сонсч байтал: "21 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч Мядагийн Мөнгөн гуравт орлоо..." гээд ярьж байна шүү. Үүнийг сонсоод баярласан, онгирсон гэж юүхэв. Бушуухан гарч гүйгээд хашаан дээрээ гараад зогсчихов. Ташаа тулаастай. Заяа нь хаяхад ойр хавьд нэг ч хүн явж өгдөггүй. Хүн байлаа ч намайг хэн танихав дээ. Саяын араажаваар ярьдаг Мөнгөн чинь би байна гэж хашгиралтай ч биш. Тэгсгээд гэртээ орлоо доо.

-Би залуудаа барилдах мөн ч их донтой байж дээ. 1976 онд хойшоо ЗХУ руу хоёр сар дадлага хийгээд ирсэн юм. Дөнгөж буунгуутаа Спортын төв ордонд бөхтэй гэдгийг сонсоод хар гүйхээрээ гэрээсээ зодог шуудгаа аваад эргээд харвачихлаа. Тэр өдөр халуураад бие жигтэйхэн хямарсан байсан юмдаг. Архангайн Нанжид гэдэг бөхтэй таарлаа. Их халуурснаас болоод Нанжид нүдэнд хоёр харагдаад болдоггүй. Анаж байгаад нэг Нанжид руу нь гүйчихсэн чинь хий газар тэврээд ойчоод өгдөг байгаа.

-Баянаа аваргыг дагаж олон удаа наадмын бэлтгэлд гардаг байлаа. Хоёулхнаа ч гарч байсан. Аварга байсгээд л хоол хүнсэндээ хот руу явна. Би дагах гэнэ. Авч явахгүй. Би ерөөсөө хулгана жилтэй учраас маш аймхай гээд үзлээ. Аварга "Битгий ай миний күү" гээд 50 сумтай калибраа үлдээгээд явчихав. Өдөржин хийх ажилгүй хүн яахав нөгөө буугаар нь бай буудаж байснаа ан хийв. Орой гэхэд 12 чогчого, 12 оготно агналаа. Нөгөөхөө аваргын өглөө бэлтгэл хийдэг зам дээр цувуулаад тавьж орхив. Аварга үзчихжээ. Буцаж ирээд бөөн уур "Чи яасан муу ёрын золиг вэ? Наадам болох гэж байхад тэнгэр газрын амьтан хорлож яаж байгаа юм. Еэ базарвааний хум пад... Одоо яанаа..."

Дахиад л аваргын намайг орхиж явах ээлж боллоо. Намайг аргадаж эртнээс хойш өгөхөө байсан буугаа хүртэл орхилоо. За та битгий л удаарай. Шөнө болбол айсандаа болоод таныг ч буудчихаж мэднэ шүү гээд хоцорлоо. Баянаа аварга шөнө орой болсон хойно, тээр холоос баахан лааз холбоод тачигнуулан: "Мүнгээн сүрээрэй, сүрээрэй. Аварга нь ирж явна..."

-Аварга байсгээд л хот орохдоо хонины гулууз мах авч ирнэ. "За Мөнгөөн аваргадаа тэр дал дөрвөн өндөр, хонт шаантийг, тэр богтос шаант хавиргыг өөртөө чана" гэнэ. Нүдэн дээр нь хэлснээр нь хийгээд нүдийг нь хариулаад нэмээд баахан мах чанаж орхино. Дараа нь нөгөө нуусныгаа тогоондоо үлдээж байгаад: "За гарч тогоогоо нэг сайхан угаагаад ирье байз..."

-Баян-Уулд наадмын бэлтгэлд гараад байж байтал манай ах эргэж ирэв. Ах маань: "Би сая нэг сайн лам дээр очоод ирлээ. Энэ жил чамайг их сайн барилдах юм байна. Над дээр ирж засал хийлгэ гэлээ" гэв. Маргааш нь галын ахлагч Баянаа аваргаас учраа хэлж чөлөө гуйлаа. Аварга: "Ээ хүү минь ганцаараа явж яаж болох вэ. Нохой гахайнд уруулчих ч юм билүү. Би л хамт явж үзэхээс гээд дагуулаад туучихав. Ах ганцаараа ир гэж байхад гээд их л ууртай угтав. Ламынд аварга түрүүлж ороод өврөөсөө хадаг барин золгож улмаар хамтдаа баахан ном уншуулав. Энэ жилийн наадамд би түрүүлэх нь баараггүй боллоо гээд л барилдтал Цэрэнтогтох аваргад дайрч мордуулаад тархиараа савж унан үхэхээ шахав. Наадмын дараа ахдаа худалч ламд очуулснаас боллоо гэхэд: "Тэгэхгүй яадаг юм. Баянмөнхийг дагуулж ирээд түрүүлэх уншлагыг түүнд өгснөөрөө чи өөрөө буруутай" гэж хэрүүл болж билээ. Дөнгөж начин цолтой миний түрүүлнэ гэж юу байхав. Мөн ч гэнэн байж дээ.

-Би уг нь Цэдэнбал даргатай нэг нутгийнх, бүр нэг сумынх. Дарга намайг Давстынх гэж мэддэггүй байх гэж боддог. Ардын хувьсгалын 61, 63 жилийн баяраар үзүүрлэж төв асар өөд гарч Бал даргаас шагнал авсан. Тэр үед нутаг усаар бус албан байгууллага, спорт хороогоор цоллодог байлаа. Би гэхэд л Найрамдлын районы бөх гэх жишээтэй. Төв индэр дээр очихоор "Чи хаана юу хийдэг вэ" л гэж асуудаг. Үзүүр түрүүний шагнал авах ч сайхан шүү. Засуулч Лүгдэв гуай "За Мөнгөн минь спирттэй хөвөнгөөр гараа арчуулах цаг ойртлоо шүү. Хичээгээрэй..." гэдэг сэн. Тэр үед үзүүр түрүүний хоёр бөхийг НАХЯ-ны шкаф шиг залуус дуудаж гарыг нь спирттэй хөвөнгөөр сайтар арчаад дээш индэр рүү илгээдэг байсан юм. Тэгээд тэр ариутгасан гараараа дарга нартай гар барина даа.

Улсын начин Лхасүрэнгийн Цэвээн бас залуудаа хөөний намаг явсан тухайгаа ийн дурсдаг.

Тэр жил МБАТ-ний YIII спартакиад болоод аймаг дээр тэмцээнтэй гэдгийг нь мартаад тээвэрт явчихаж. Тэгтэл аймгийн намын хорооны Нямаа дарга дуудууллаа. Дарга нар маш ууртай тачигнаад унав. "Чи яасан шуналтай нөхөр вэ? Нийтийн биеийн тамирыг тоосонгүй. Ер нь энэний машиныг хураа..." боллоо. Тэгээд яахав арай гэж нэг юм машинтайгаа салж аваад чөлөөт бөхийн бүсийн тэмцээнд Баян-Өлгий явж 100 кг-д барилдахаар болов. Би бараг чөлөөтөөр барилдаж байгаагүй. Тэгээд ч жин 80 гаруйхан кг байсан. Намайг жинд нь оруулж байгаа нь энэ гээд арав гаран литр хар цай чанаад хөргөөд тавьчихаж. Тэрнийг нь арай гэж залгиад жиндээ орж түрүүлэхчээ аядлаа. Одоо Улаанбаатар орж шигшээ тэмцээнд орох болов. Хотод ирээд цай олддоггүй. Крантны ус уугаад л байлаа. Зүгээр хар ус ч ёстой явдаггүй эд байна лээ. Чүү ай арван литр уув уу үгүй юу эргээд алдаж жин үзэж байсан улсыг уурлуулж хөөгдөв өө хөөрхий. Жингээр хасагдаад тогтохгүй үзэл сурталгүй байдал гаргасан, булхай луйвар хий­хийг оролдсон гээд бөөн хэл аманд орлоо. Ингээд буцдаг юмуу гээд байж байтал наадам дөхчихөж. Тэгэхээр нь хэд хоног бэлтгэл хийгээд зодоглолоо. Нэгийн давааг ч яахав амархан давлаа. Хоёрын даваанд жигтэйхэн том шар орос хүн надтай тааруулчихсан байна. Бөхийн холбооны Баясгалан гэдэг хүн байсан даа. Тэр хүн л нөгөө оросыг хөтөлж ирсэн юм даг. Чөлөөт бөхийн тамирчин гэнэ. Амьхандаа намайг чөлөөт бөхөөр барилдах гэж хөглөсөнд дамшиглаж адилхан чөлөөтийн хүн тавьж байгаа гэнэ.

-Дархан аварга Д.Дамдин хөдөөний айлд зочлоход бөхөө дээдэлдэг Монгол тvмний ёсоор гэрийн эзэн аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хөлд орж буй хvvхдийг өвөр дээрээ суулган өхөөрдснөө -Сайн эр! Ёстой бөх болох хvv байна! -Аваргаа, наадах чинь охин шvv дээ -Сайн охин! Ёстой бөх төрvvлэх охин байна гэж магтжээ.

Даншгийн үеийн хулгар Нацаг арслан гэж мундаг хүчтэй бөх байж байгаад сүүлдээ шилийн сайн эр болоод олз хөөгөөд алга болсон эр байсан байна. Тэр сүүлдээ даваагаа наймаалдаг болсон гэдэг. Нэг удаа нэг залуу бөх түүн дээр очиж ахаа би танд төчнөөн мөнгө амаллаа унаад өгчих гэсэн мань эр тэгье дүү хүү. Харин дүү минь би чамайг баахан дугтарч татна, мэх хийхгүй, чи тогтоод намайг барьж унагаарай гэсэн байна. Тэгээд мань залуу бөхийг амаар нь шороо үмхтэл дугтраад хамраас нь цус гаргаж орхисон гэдэг. Тэгсэн залуу бөх уурлаж та чинь ам хэлээ тохиролцчихоод яаж байна аа гэтэл "ээ чи минь дугтраа даахгүй байж яаж начин болох гэсэн хүн бэ" гэсийм гэдэг дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]