Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Сахиусан тэнгэр” төсөл хэрэгжүүлдэг сайн санаатанУншсан234

Си Эн Эн агентлаг Африкийн Нигери улсад амьдардаг нэгэн сайн санаатныг онцолжээ. Сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр бүр далавчтай төрдөггүй ажээ.

Орчуулсан Б.Нямдолгор

Си Эн Эн агентлаг Африкийн Нигери улсад амьдардаг нэгэн сайн санаатныг онцолжээ. Сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр бүр далавчтай төрдөггүй ажээ. Үүнийг үнэн гэдгийг Нигерийн өвдсөн зовсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэг болсон ядууст гар сунган тусласаар яваа нэгэн залуугийн амьдрал батална.

Африк тивдээ боломжийн нөлөө бүхий улсын нэгд Нигери улсыг оруулдаг. Гэвч энэ улсад хөгжиж буй ихэнх улсад тохиолддог сада бэрхшээл нүүрлэсээр байгаа юм. Тус улсын эрүүл мэндийн салбар хэцүүхэн байдалтай. 40 гаран насны, дэгжин хувцасласан, тас хар Мерседес хөлөглөсөн санхүүгийн зөвлөх мэргэжилтэй Зийл Акаравай гэдэг залууг өнгөцхөн хараад хэн ч гэсэн өмч хөрөнгөө өсгөх гэсэн байдаг л нэг африк гэж эндүүрдэг.

 

Баян чинээлэг хэдий ч сайн үйлстэн тэрбээр улсынхаа эмнэлгүүдээр явж, эмчилгээнийхээ төлбөрийг төлж дийлэхгүй байгаа өвчтөнүүдийн төлбөрийг төлөхөд хамаг орлогоо зарцуулдаг жинхэнэ сахиусан тэнгэр аж. Нинжин сэтгэлээрээ алдаршсан Зийл эмнэлгүүдийн нийгмийн ажилтнуудтай уулздаг байна. Тэд ч эмнэлэгт нь байгаа төлбөрийн боломжгүй өвчтөнүүдийнхээ жагсаалтыг гаргаад тавьчихдаг ажээ. Гэртээ харьж болохоор болсон ч гэлээ 6-8 долоо хоногийн турш тасагт үргэлжлүүлэн хэвтэх өвчтөнүүдтэй голчлон уулзаж тэдний санхүүгийн хүндрэл бэрхшээлийг сонсоно. Зарим нэг эмнэлгүүд цалин мөнгөгүй хүмүүст зориулж төлбөрийн төлөвлөгөө гаргах боломжтой байдаг хэдий ч урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь хэтэрхий өндөр байдаг байна.

Өөрт нь аврал  энэрэлээ хайрлахыг хүсч залбирахаас өөр ямар ч аргагүй өвчтөнүүдтэй ярилцсаныхаа дараа Зийл сувилагч нартай уулзан төлбөрийг нь барагдуулдаг. Зийл өөрийнхөө хийдэг сайн үйлсийг “Сахиусан тэнгэрийн төсөл” гэж нэрлэх бөгөөд бусдыг эрүүлжүүлэх энэхүү аяндаа дан ганц өөрийнхөө орлогоос гадна найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хандивын мөнгийг ашигладаг. Өрийг нь барагдуулчих л юм бол дахин тэдгээр хүмүүстэй харилцдаггүй ба өөрт нь талархахад ч дургүй гэдгээ хэлдэг аж. Харин хэзээ нэгэн өдөр өөрийг нь эмнэлэгт саатуулагдчихсан харьж чадахгүй хэцүү байдалтай байхад нэгэн сахиусан тэнгэр ирээд төлбөрийг нь төлчихөөд явсан гэж бусад хүмүүст хэлээсэй хэмээн хүсч явдаг.

Ядарсан олны мэс засал, эмчилгээний төлбөрийг төлөхөд тусладаг Зийл хэд хэдэн удаа мэс заслын ширээн дээр хэвтсэн 10-аадхан настай охины эмчилгээний зардлыг өнөөг хүртэл хариуцсаар иржээ. Өмнө нь охинтой уулзаж байсан тэрээр охины нүд өөрийнх нь хүүгийн нүдтэй адилхан болохоор ахиж уулзмааргүй байна гэж хэлж байсан юм. Засгийн газар өвчтөнүүдэд зохих ёсоор нь хандаж чадахгүй байгаад уурлаж бухимддаг Зийл өвчтөнүүдэд туслах бүртээ уйтгар гунигаар дүүрдэг гэнэ. “Би долоо хоног бүр л албан журмын даатгалгүйн гайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүйгээр хорвоог орхиж байгаа хүмүүсийг хардаг. Хүний амь насны үнэ цэн хаана байгаа юм бэ?” гэж тэрээр өгсөн ярилцлагадаа дурджээ. Нийт хүн амынх нь ердөө 5 хувь нь л даатгалд хамрагддаг Нигери улсад үүссэн баян ядуугийн ялгаа асар их бөгөөд сая сая ядуусын эмчилгээний мөнгийг засгаас хариуцна гэдэг ч бодит байдал дээр өөр байдаг гэнэ.

Эх сурвалж: Си Эн Эн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]