Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан монгол эрс дайсныхаа толгойг өчүүхэн ч зоволгүй тас цавчинаУншсан19,495

Хошууны ноёд жил болгон чуулган хийж хуралдана. Чуулганы даргыг ноёдоос сонгож тавих агаад эзэн хаан батална. Чуулганаар зөвхөн дотоод асуудлуудыг л шийдвэрлэх бөгөөд Хятадын хамгийн ойрын мужийн амбан захирагчдын мэдэлд байдаг.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь:  -Н.М.Пржевальский Монголчуудыг хэрхэн дүрслэв? http://www.tolgoilogch.mn/_m4xbbkw+7b

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан http://www.tolgoilogch.mn/_j9j9hmk3+3

-Монгол хүн яаж ч дутагдаж гачигдсан ч хурдан хүлэг, сайхан жороо морьдоо зарж, үрдэггүй http://www.tolgoilogch.mn/_1ll3ydhhu5

-Н.М.Пржевальский: Монгол эмэгтэйчүүдийн хувь тавилан тийм ч сайхан биш http://www.tolgoilogch.mn/_qxbnca5ppi

-Нүүдэлчид өчүүхэн жижиг ёотонгийн хэлтэрхийг ч гэрийнхэндээ тэнцүү хувааж өгдөг http://www.tolgoilogch.mn/_8fgs0nejze

-Чөтгөр шулам, ид шид Монголчуудын хувьд алхам тутамд тааралдана http://www.tolgoilogch.mn/_kz__jp05jb


II бүлэг. Монголчууд

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод Монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

Мал нь юм уу, гаанс тамхи, хэт цахиур нь алга боллоо гэхэд Монгол хүн тэр даруй мэргэч төлгөч дээр очиж, асууж лавлана. Замд гарах боллоо гэхэд аян замын ая данг заавал асууна, ган зуд боллоо гэхэд хошуу нутгаараа нийлэн бөө удган урьж ихээхэн мөнгө хөлс өгч, тэнгэрээс хур гуйлгана, гэнэтхэн ямар нэг өвчинд нэрвэгдвэл эмнэлгийн тусламж авахын оронд лам залж авчран, өвчтөнд шүглэсэн чөтгөр шулмыг хөөн зайлуулна.

Нүүдэлчид нөгөөх мэргэч, төлгөч нартаа хэдэн арав, зуу дахин хууртдаг боловч хүүхэд наснаас нь хэвшсэн сүсэг бишрэлээсээ салж үл чадна. Ганц удаа аз тохиож, амжилт оллоо гэхэд л өмнөх бүх алдаа худал хуурмагийг нь мартаж, мөнөөх лам агуу зөнч хэмээн алдаршина. Иймэрхүү мэргэ төлгөчид энэ ажил мэргэжилд нь хэрэггэй болгоныг урьдаас олж мэддэг овсгоотнууд бөгөод эцэстээ өөрөө өөрийнхөө далдын. ид шидийн хүчинд чин сэтгэлээсээ итгэдэг байна.

Монголчууд нас барсан хүнээ ихэвчлэн задгай хаяж, араатан жигүүртний идэш болгоно. Чингэхэд лам нар мэргэ төлөг тавьж, талийгаачийг аль зүгт хаяхыг хэлж өгнө. Ихэс ноёд, гэгээнтэн, том лам нарыг газарт булж, чулуугаар дарах юм уу, шатааж үгүй хийнэ. Талийгаачийн хойтохийг тусгай хөлс мөнгө авсан лам нар 40 хоногийн дотор уншина, лам нарт хөлс төлөх чадваргүй ядуус ингэж үл чадах бол чинээлэг хүмүүс нь заримдаа өч төчнөөн мал ахуйг сүм хийдүүдэд өргөн барьж, 2-3 жилийн турш талийгаачийнхаа араас буян үйлдэнэ.

Монголчууд хүн чанар, мөсний хувьд сайн, шашны зан үйл, ёс заншлыг хатуу чанд баримталдаг, тэгэхдээ оюун ухаан, зан суртахууны хуньд хязгаарлагдмал агаад зэрлэг шунал тэмүүлэл, хүсэл зоригтоо нэг хөтлөгдвөл жинхэнэ зэрлэг амьтан мэт байдаг. Дунгануудтай энэ нүүдэлчдийн хэрхэн харилцаж байгааг харахад л бүгд ойлгомжтой болдог. Түрүүхэнд хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан Монгол эр мөнөөх нүгэл гэдгээ ор тас мартчихаад, олзолж авсан дайсныхаа толгойг өчүүхэн ч зовох юмгүй тас цавчдаг бөгөөд нас, хүйс зэргийг өчүүхэн ч үл тоон олзлогдогсдыг толгой дараалан хядна. Дунганууд ч мөн ингэж аашилж загнана, соёл иргэншлийн өөр бусад бүтцээс шашин дангаараа ард олны зэрлэг бүдүүлэг, араатан амьтны зөн билгийг зөөлрүүлж, өөрчилж огт чаддаггүй гэдгийн нотолгоо болгож би энэ жишээг дурдсан болно. Бидний мэдэж байгаачлан, Буддын шашны сургаал зан суртахууны хамгийн өндөр эхлэлийг номлодог хэдий ч хүн болгоныг өөрийн ахан дүү хэмээн үзэж, дайсантайгаа ч гэсэн энэрэнгүй хандахад Монголчуудыг сургаагүй ажгуу.

Цаашилбал, талийгаачдыг оршуулалгүй, араатан жигүүртнүүдийн идэш болгон ил хаяж өгдөг заншлыг аваад үзье. Өргөө орчимд жил болгон хэдэн зуун цогцсыг хэрээ, нохой идэж байгааг, хамгийн бүдүүн тойм, хэнэггүй хүнийг ч хирдхийлгэм энэ үзэгдлийг аянчин жуулчин болгон хардаг атал Монголчууд ойр дотно, хамгийн эрхэм хүмүүсээ ийм газар руу ажиг ч үгүй аваачдаг зантай. Харсаар атал ноход эцэг, эх юм уу эсвэл ах дүүгийнх нь цогцсыг зулгааж эхэлж байхад тэрбээр ухаан мулгуу адгуус амьтан адил харж зогсох ажээ...

Энэ бол нүүдэлчдийн дунд номлол түгээж яваа Христийн шашны ирээдүйн номлогчдод том сургамж болох жишээ юм! Шинэ суртал ухуулга ийшээ дан ганц гадаад хэлбэрээр биш, харин арай дээгүүр арьстны соён гэгээрүүлэх нөлөөний хамт нэвтэрч орох ёстой юм. Монгол хүнийг одоогийн байгаа бохир заваан орчинд амьдрахгүй болгож сургах ёстой агаад идэмхий уумхай, залхуу хойрго байна гэдэг хүний маш том согог болохоос сайн сайхан зүйл бус, Бурхны өмнө хүн бүрийн хүлээсэн үүрэг бол өдөр болгон тоо томшгүй олон мөргөл залбирал уншихад бус харин сайн үйл хэрэг бүтээхэд оршино гэдгийг эхэлж ойлгуулаад дараа нь Христийн шашны зан үйл, ёс журмын талаар тайлбарлавал зохино.

Шинэ сургаал нь нүүдэлчдийн оюун ухаан, зан суртахууныг шинэ ертөнцөд авчрах төдийгүй, мөн түүний гэр бүл болон нийгмийн ахуй нөхцөлийг ул үндсээр нь өөрчлөх ёстой юм. Зөвхон тэр цагт л Христийн шашин энд үр дүнтэй, өөрчлөн шинэчлэгч эхлэл болж өгөх бөгөөд  түүний тарьсан үр нь Монголын харанхуй бүдүүлэг, хоцрогдсон хүн амын дунд бат бэх үндэс сууриа тавьж бэхжих болно...

Хятадууд XVIII зууны эцсээр Монголыг бараг тэр чигээр  нь эрхшээлдээ оруулахын хамт урд өмнөх засаг захиргааны хуваарийг хэвээр үлдээхдээ арай өөрөөр зохион байгуулж, дотоод удирдлага захиргааны хэрэг явдалд ноёдын эрх дарх, бие даасан байдлыг хэвээр нь хадгалахын сацуу тэднийг Бээжингийн эрх баригчдын хараат байдалд бүрэн оруулсан байна. Бээжинд, Гадаад харилцааны яаманд (Ли-фань-юань) Монгол оронд хамааралтай бүх хэрэг явдал төвлөрч, нэн чухал асуудлуудыг нь эзэн хаанд айлтгаж, шийдвэрлүүлэх болов.

Засаг захиргааны хувьд Монгол нутаг бүс нутгийн цэргийн зохион байгуулалттай байсан ба хошуу нутаг аймгуудад хуваагдаж байлаа. Аймаг болгон нэг юм уу, хэд хэдэн хошуутай, хошууд нь дотроо баг, аравтад хуваагдана. Аймаг хошуудын аль алийг нь үе залгамжилсан ноёд захирах боловч тэд Манжийн эзэн хааны харьяат гэдгээ хүлээн зөвшөөрсөн, Бээжингээс гадуур ямарваа гадаад харилцаа холбоо тогтоох эрхгүй болно. Хошуудын дотоод хэрэг явдлыг захиран тохинуулахад нь хошуу ноёдод туслагч нар дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг хошуунд ганц хоёр юм уу, дөрвөн туслагч байдаг. Ноёд нь хошуу хошууныхаа цэргийг захирдаг ба дэргэд нь мэйрэн, жанжин хэмээх хоёр туслах түшмэл байх ажээ. Баг цэрэг болгонд түүнийг захирах залан жанжин, хороо болгонд хорооны захирагч буюу суман жанжин гэж байдаг. Нэг аймгийн бүх хошууны цэргийг дзянь-дзюнь хэмээх Монгол түшмэл захирна.

Хошууны ноёд жил болгон чуулган хийж хуралдана.  Чуулганы даргыг ноёдоос сонгож тавих агаад эзэн хаан батална. Чуулганаар зөвхөн дотоод асуудлуудыг л шийдвэрлэх бөгөөд Хятадын хамгийн ойрын мужийн амбан захирагчдын мэдэлд байдаг.

Төв Хятадтай хил залгаа Монголын зарим газар хятад хэв маягтай болж өөрчлөгджээ. Тухайлбал, Их цагаан хэрмийн цаана, Бээжингийн хойд талд байдаг Чень-ду-фу муж, Хаалганаас баруун хойш байдаг Цахар аймаг, Шар мөрний хойд тохойгоос баруун тийш байдаг Гуй-хуа-чень (Хөх хот) ийм болой. Үүнээс гадна, Баруун Монгол буюу Зүүн гар дунгануудын бослогоос өмнө тусгай журмаар захирдаг цэргийн 7 тойрог болгон хуваасан байв.

Монгол ноёд язгууртнуудын зэрэг дэвийг 6 ангилж байсныг үзвэл: Хан, Чин ван, Жүн ван, Бэйл, Бэйс, Гүн нар бөгөөд үүнээс гадна хамжлага захирдаг Засаг тайж  гэж байдаг болой. Засаг ноёдын ихэнх нь Чингис хааны ураг удмаас үүсэл гаралтай хүмүүс байв. Хэргэм зэргийг зөвхөн хууль ёсны эхнэрийн ууган хүү үе улиран эзэмших богөөд түүнийг 19 нас хүрмэгц нь эзэн хаан баталгаажуулна. Хууль ёсны хүүгүй бас тухайн ноён өөрийн хэргэм зэргийг хууль ёсны бус хүүхдүүддээ юм уу, ойрын төрөл садандаа залгамжлуулж болох боловч мөн л хааны соёрхол хэрэгтэй. Ноёны бусад үр хүүхэд дотроо 4 зэрэгт хуваагддаг тайж язгууртнуудын эгнээнд багтана. Ийнхүү Монголд ноёдын тоо нэмэгддэггүй (нийт 200 орчим байдаг) боловч сурвалжит язгууртнуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байдаг.

Дээр өгүүлсэнчлэн, Монгол ноёд улс төрийн ямар ч эрх мэдэлгүй, алхаа гишгээ нэг бүрийг нь соргогоор ажиглан хянаж байдаг Бээжингийн эрх баригчдад бүрэн захирагдана. Тэд Манжийн эзэн хаанаас пүнлүү авах бөгөөд зэрэг дэв дээшлэх нь ч түүнээс хамаардаг ажээ. Тэрчлэн, тэнгэрийн хөвүүнд нүүдэлчдийн захирагддаг байдлыг ураг төрлийн холбоо сүлбээгээр батжуулан бэхжүүлэхийн тулд зарим Монгол ноёдод хааны ордныхны гүнжийг эхнэр болгон өгөх ёс байжээ.  Ноён болгон гурав юм уу, дөрвөн жил тутам шинэ оныг тохиолдуулан Бээжинд очиж, эзэн хаанд баяр хүргэх ёстой агаад чингэхдээ гол төлөв адуу, тэмээнээс бүрдсэн  бэлгийг хаанд өргөдөг байсан аж. Хариуд нь тэрбээр мөнгө, хоргой торго, хувцас, тогосын өд бүхий ямба ёслолын малгай зэрэг өгснөөсөө хавьгүй үнэтэй бэлэг сэлтийг авна. Монголыг эрх захиргаандаа байлгах нь Хятадын зүгээс үлэмж хэмжээний зардал хөрөнгө шаарддаг байсан боловч догшин ширүүн зантай нүүдэлчдийн уулгалсан дайралтаас Дундад улсын аюулгүй байддыг хамгаалах явдлыг хангаж байжээ. Монголын хүн амын тоо яв цав тогтоогдоогүй байдаг. Иоакинф нийт 3 сая хүн бий гэсэн бол Тимковский зөвхөн 2 сая гэж үзжээ. Ямар ч гэсэн асар уудам газар нутагтай нь харьцуулахад өчүүхэн бага хүн амтай. Нүүдэлчдийн ахуй байдал, Монгол говь нутгийн дийлэнх хэсэг ямар ч үржил шимгүй зэргийг харгаазан үзвэл ийм байхаас ч өөр аргагүй юмсанж. Бас лам нар эхнэр авдаггүй болон тэмбүү, хижиг, салхин цэцэг зэрэг аюулт өвчин үе үе дэгддэгээс хүн амын өсөлт маш муу байдаг бололтой.

Монгол орны хүн амын бүтцийг үзвэл ихэс ноёд, тайж нар, лам хувраг, эгэл борчууд гэсэн давхаргаас бүрдэнэ. Эхний гурван анги давхарга нь бүхий л эрх дархыг эдэлдэг бол эгэл борчууд нь цэргийн алба болон хошууны алба гувчуур төлж байдаг, хагас эрх чөлөөт харчууд аж.

Монголчуудын дагаж мөрддөг хууль цааз нь Хятадын эрх баригчдын гаргасан тусгай хууль бөгөөд бүх ван ноёд удирдан захирах үйл хэрэгтээ түүнийг удирдлага болгоно. Аахар шаахар хэрэг явдлыг өнө эртнээс баримтлан дагаж ирсэн ёс заншлын дагуу шийднэ. Шийтгэлийн систем нь хөрөнгө мөнгөний торгууль ногдуулахад үндэслэдэг ба түүнээс цааш хэтэрвэл нутаг заагдаж цөлөгдөнө. Эрүүгийн гэмт хэрэг, томоохон хулгайг заримдаа цаазлах ялаар цээрлүүлнэ. Эгэл борчууд болон шүүхийн шийдвэрээр албанаасаа халагдсан тайж, түшмэлийг жанчиж шийтгэнэ. Засаг захиргааны хэрэгт ч, шүүн таслах ажиллагаанд ч хээл хахууль өгч авалцах мэтийн гаж буруу үзэгдэл дээд цэгтээ хүртэл газар авсан байдаг.

Ард олон зөвхөн харьяат эзэн ноёндоо мал сүргээсээ алба өргөх бөгөөд онцгой тохиолдолд, жишээлбэл эзэн ноён нь Бээжин явах, чуулганд одох, үр хүүхэд нь айл гэр болох, нүүдэл суудал хийх зэрэгт тусгай алба авна. Монголчууд Хятадад ямар ч алба татвар өргөхгүй агаад лам хуврагаас бусад эрчүүд цэргийн алба хаана. Дан морьт цэрэг байх ба 150 айл тутам нэгэн баг цэргийг бүрдүүлж, зургаан баг цэрэг нийлж нэг хороо буюу нэг хошууны цэрэг болно. Цэргүүд унаа, хувцас хэрэглэлээ өөрсдөө зэхэж мордох ба буу зэвсгээ сангаас хэрэглэнэ. Нийт олныг хамарсан их дайчилгааны үеэр Монголоос 284000 цэрэг гарах ёстой ч дөнгөн данган аравны нэг нь цугларна. Аймгийн дзянь-дзюнгиуд цэрэгтээ үзлэг хийж, буу зэвсгийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй ч энэ бүхний оронд хошуу бүрээс хээл хахууль авна. Залхуу зантай Монгол хүн албанд мордохоос ацаг өгөхийг илүүд тооцдог. Нүүдэлчдийн өмнөх үеийн дайчин санаа бодол жил ирэх тусам доройтон суларч байгааг энэ нь харуулах учир Хятадын эрх баригчдын хувьд иймэрхүү үзэгдэл харин ч таатай зүйл байсан юм.

Үргэлжлэлтэй.

Монсудар

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 31. 10:18
нано

ийм хоцрогдсон юмыг одоо массад зориулж цацахаа болимоороо, судлаачид зарим 1 текстийг нь ашиглавал юун юм гэхээс

7 сар 23. 9:24
Зочин Ганаа

Сонирхолтой л юм бна гэхдээ байнга хятадууд хятадууд гэсэн байх юм... манжууд байх ёстой доо.... Хятадууд монголыг 1919-1921-оны хооронд жил гаран л эзэлж байсан даа...бусад үед хэзээ ч монгол хятадынх байгаагүй... эсвэл санаатай бичээд байгаа юм уу...

11 сар 14. 9:36
Гомбо

Манж чин аль хэдийн уусаад хятад болчихсон бсан юм малаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]