Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ирландын 155 цэрэг 3000 катангачуудтай тулалдсан Жадотвиллийн тулаанУншсан6,094

Шинэхэн тусгаар тогтносон Катанга улс энэ бусармаг үйлдэлд хариу өгөхөөр Katangese Gendarmerie-ийн 3000 хүн бүхий бүлэглэл илгээлээ.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

1906 онд байгуулагдсан Union Minière du Haut Katanga буюу UМHK гэх компани Конгод зэс олборлоод 53 жил болж байлаа. Тус компани Конгийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх хэмжээний цар хүрээтэй байсан ба компанийн хамгаалалтийг Бельгийн хал цэргүүдээр удирдуулсан цэргүүд хамгаалдаг байв. Бельгийн засгийн газар уг компанийн ашгийн 33,7 хувь хүртдэг байсанд дурамжхан байсан байна. Конго улс нэгэнт Бельгийн колониос гарах нь тодорхой болж эхлэх үед буюу 1960 оны 3-р сараас эхлэн UMHK  улстөрч, бизнесмэн тусгаар тогтнолын төлөө дуу хоолойны нэг Моис Цхомбэд санхүү болон бусад боломжит дэмжлэг үзүүлж эхэллээ.

1960 оны 6-р сарын 30-нд Конго улс Бельгээс тусгаарлаж тусгаар тогтнолоо зарлав. UMHK-ийн хөрөнгө аюулд орлоо. Тэд холбоотон Моис Цхомбэг бүхий л байдлаар дэмжсээр 1960 оны 7-р сарын 11-нд Моис Цхомбэгээр удирдуулсан Кахтангагийн Бүгд Найрамдах  улс гээчийг байгуулж Конгогоос өрх тусгаарлуулж дөнгөв. Тэр бүү хэл Бельгийн ахмад дайчдаар зааварлуулсан “Katangese Gendarmerie” хэмээх Катангийн зэвсэгт хүчнийг байгуулсан бөгөөд уг зэвсэгт хүчинд бельги зааварлагчид, Конгогийн хуучин цэрэг цагдаагийн албан хаагчид болон Африкийн энд тэндээс цугласан хөлсний цэргүүдээс бүрдсэн 14000-17000 цэрэг бүхий томоохон хүч байж.

Удалгүй иргэний дайн эхэллээ. Энэ үед буюу 1961 оны 9-р сарын 13-ны өдөр Жадотвиллийн Бельги оршин суугчдад хамгаалалт хэрэгтэй байна гэх боловч үндсэндээ ойролцоох ураны баялаг орд бүхий Shinkolobwe уурхайг хамгаалах зорилго бүхий (Сэм ахын Манхэттэн төслийн ураныг нийлүүлэгч) Operation Morthor хэмээх ажиллагааг НҮБ-ын цэргүүд эхлүүлж Катангагийн Жадотвилла хот хүртэл энхийг сахиулагчид давшив.

Шинэхэн тусгаар тогтносон Катанга улс энэ үйлдэлд хариу өгөхөөр Katangese Gendarmerie-ийн 3000 хүн бүхий бүлэглэл илгээв. Гэтэл тэр үед нь Жадотвиллад НҮБ-ын 35-р батальоны 155 ирланд цэрэг байршсан байж таарлаа. Ингээд хүч тэнцвэргүй тулаан болох нь тодорхой болсон бөгөөд тулаанаас зайлсхийх ч аргагүй байв. Катангагийн зэвсэгт хүчин нь франц хурандаа Roger Faulques-ээр удирдуулсан 3000-5000 хүнтэй бельги, франц, банту, конго цэргүүдийг сургалтын зориулалттай Fouga CM.170 Magister хэмээх тийрэлтэт онгоцоор дэмжүүлэн илгээсэн бол НҮБ-ын тал ирланд офицер Пэт Куинланаар удирдуулсан 155 ирланд цэрэг ба нэмэлт хүчээр 500 нутгийн иргэд, ирланд болон швед цэргүүдээс бүрдсэн анги ирсэн байна.

1961 оны 9-р сарын 13-ны өглөө 7 цаг 40 минутад Катангийн зэвсэгт хүчин гэнэтийн дайралтаар дайснаа буулгаж авахын тулд НҮБ-ын хамгаалалтын байрлал руу сэмээрхэн ойртож очсон ч байлдагч Билли дайснаа илрүүлэн анхааруулах гал нээснээр гэнэтийн дайралт бүтэлгүйтлээ. Ийнхүү таван өдөр үргэлжилсэн ширүүн тулаан эхлэв. Катангийн цэргүүд нэгэнт бүтэлгүйтсэн гэнэтийн дайралтаа больж хүчээ цэгцлээд 600 орчим хүнтэй нэгтгэлийг хүнд хөнгөн пулемёт, 81мм-ийн миномёт, Францын 75мм-ийн явган цэргийн их буугаар дэмжүүлэн дайралтад орлоо. Харин нөгөө талд нь 155 ирланд цэрэг хувийн зэвсэглэл болон ганц хоёр усан хөргөлт бүхий Vicker-ийн пулемёт, 60 мм-ийн миномёттой үзэж тарлаа. Гайхалтай зүйл болж өөрсдөөсөө тоогоор дөрөв дахин илүү довтлогчдыг ирландууд амжилттай, тэр бүү хэл цөөхөн хэдэн цэрэг шархадсан гарзтайгаар няцаав. Ингээд катангачууд жагсаалаа дахин эмхэлж хүч сэлбээд довтолж эхэллээ. Күинлан энэ үед удирдлагуудтайгаа холбоо барьж хүчээ зөв хуваарилсан төдийгүй дайсныхаа миномётын байрлал руу нөөц хүчээрээ довтолж амжлаа. Гэсэн ч хүн хүч, зэвсэглэлээр хэд дахин давуу катангачууд эцэж цуцахгүй довтолсоор байлаа.

Ирландчууд ар талаасаа зэвсэг, хүнс болон бусад хангамжаа авч чадаж байсан тул тэссээр. Гэтэл Катангийн цэргийн сургалтын онгоц нь хангамжаа залгуулж байсан машинуудыг нь дайрч эхлэв. Онгоцны далавчинд бэхэлсэн бөмбөг болон пулемётоо ашиглан агаарт жижүүрлэж, НҮБ-ын нисдэг тэрэг болон машиныг ойртуулахгүй, хамгаалагчдын байрлалаас ч нисдэг тэрэг нисгэхгүй, машин гаргахгүй хааж чадлаа. Тэр бүү хэл агаараас довтолж эхэллээ дээ. Агаарын орон зайг эзэгнэсэн нь давуу байдаг хойно ирландчууд хүнд байдалд орж эхлэх үед НҮБ-аас Энэтхэгийн Гурка, швед, герман, бельги болон Өмнөд Африкийн цэргүүдээс бүрдсэн 500 хүнтэй нэгтгэлийг туслуулахаар илгээв. Гэтэл тулааны талбарт очих зам дээр нь Катангагийн цэргүүд ашигтай байрлалд голын гүүрэн дээр хамгаалалт хийж тулалдсан бөгөөд нисэх онгоцоороо ч дайрч гурван гурка цэргийг хөнөөж нэлээд хэдэн цэргийг шархдуулсан тул нэмэлт хүч очиж чадсангүй. Энэ үед Күинланы удирдсан ирландчууд тав хоног хүч тэнцвэргүй тулаанд нүдэлдэж байлаа. Тэдэнд байсан цорын ганц давуу тал бол ашигтай байрлал, урьдчилан бэлдэж амжсан нуувчнууд нь.

Ирландчууд байрлалаа ойр ойр сольж дайсны миномётын батерейн байрлал руу чадлаараа ширүүн гал нээж хөдөлгөхгүй барьж тэссээр л. Мөн гэнэ гэнэ ирэх онгоцны дайралтаас яаж ийж байгаад нуугдаж амжаад байв. Гайхалтай нь тав хоногийн тулаанд хамгаалагчдаас нэг ч  цэрэг амь үрэгдээгүй боловч нэлээд олон цэрэг шархадлаа. Хүнс, усны тусламж өгөхөөр оролдсон нисдэг тэргийг нөгөө гайтай онгоц нь гэмтээж буцаав. Тав хоногийн дараа асуудал тун хүндэрсэн байна. Күинлан удирдлагатайгаа холбогдох үед хэр удаан тэсэж чадахыг нь асуухад мань эр хариулахдаа эцсийн дусал виски, сүүлийн сумаа дуустал хамгаалж тулалдах болно гэж хариулжээ. Энэ ирландчууд уу. Гэтэл асуудал нь виски ч биш сум ч биш харин усанд байлаа. Ирландчууд цэвэр усны нөөцгүй болов. Ар талаас хангамж авах бүх оролдлогууд бүтэлгүйтсээр. Аз таарч Катангагийн цэргийн удирдагч утгагүй тулаанаа түр зогсоож хүн хүчээ эмчлэхийн тулд галаа зогсоох санал гаргав. Мөн түүнчлэн утгагүй хамгаалалтаа больж бууж өгвөл тэдний амь нас, аюулгүй байдлыг хангах бөгөөд НҮБ-ын цэргүүд дахин довтлохгүй гэх баталгаа болгон барьцаанд түр байлгах болно гэдгээ мэдэгдлээ.

Түүнд анх дайралт эхлэх үеийн хүчнээс нь 2000 гаран цэрэг л тулалдах чадвартай үлдсэн байв. Мөн хүчээ хоёр хувааж нэг хэсгийг нь нэмэлт хүчний замыг хаах нөгөө хэсгээр нь дайралт хийх мэт тулаан хийж байлаа. Катангийн талын хүн хүчний алдагдал гамшгийн хэмжээнд байлаа. 300 цэрэг үрэгдэж, 1000 гаран цэрэг шархадсан байна. Күинлан ч нэгэнт хүнд байдалтай байсан ба зайлшгүй учрах сүйрэлтэй тулгарахад сэтгэл санаагаа бэлтгэж эхэлж байсан тул эхний саналыг хүлээж авлаа. Угаасаа түүнд байлдаад байх сум хэрэгсэл ч бараг үлдээгүй байлаа. Күинлан удирдлагуудтайгаа удтал зөвлөлдсөний эцэст Катангагийн зэвсэгт хүчний тавьсан удаах саналыг хүлээн авч 35-р батальоны ирланд цэргүүд бууж өгцгөөлөө. Катангачууд хэлсэн амандаа хүрч тэдэнд гар хүрээгүй бөгөөд сар гаруй хугацаанд барьцаанд байлгаж байгаад сулласан ба ирландчууд буцан ирж үүргээ биелүүлж байгаад зургаан сарын томилолт нь дууссан тул 12 сард нутаг буцацгаажээ.

Уг тулаан нь орчин цагт хүн хүч болон зэвсэглэлээр илт давуу дайсны эсрэг амжилттай хамгаалан тулалдаж огтоос хүн хүчний (туслахаар оролдсон цэргүүдээс гурван энэтхэг цэрэг үрэгдсэн) гарзгүй гарсан ховорхон тохиолдол юм.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]