Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн 2-р дайны цорын ганц хуягт галт тэрэгний халз тулаанУншсан10,019

Харин дэлхийн 2-р дайны дараанаас онгоц, их буу, танк зэргийн хөгжил огцом үсэрснээр хуягт галт тэргийн давуу талууд бараг байхгүй болжээ.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

XIX зууны сүүл үед (1885-1890-ээд он) цэрэг армийн хөгжил сайтай улс орнууд танк гээч "төмөр мангас"-ыг зохион бүтээхээс өмнө хуягт галт тэргийг цэрэг дайны хэрэгт ашиглаж эхэлжээ. Улс орон бүр өөр өөрийн загварын хуягт галт тэрэгтэй байсан ба тухайн үедээ тулааны мангас гэдгээ бүрэн харуулж чадаж байж. Уг "төмөр могой" нь тухайн үедээ десант буулгах, бүслэлт сэтлэх, хот сууринг хамгаалах, явган цэргийн дайралтыг галаар дэмжих зэрэг бүхий л байлдааны ажигллагаанд ашиглагддаг байлаа. Төвлөрүүлсэн их буу болон галын хүч ихгүй боловч үр ашигтай хуяглалт, ил платформоос дэмжих явган цэрэг болон пулемётийн галаараа хуягт галт тэргийг зогсоох хүч тэр үед байсангүй.

Зөвлөлтүүд хуягт галт тэргийг 1920 оноос эхлэн үндсэн хоёр чиглэлээр хөгжүүлэх болсон бөгөөд нэгдүгээрт дайралтын хүнд хуягт галт тэрэг, хоёрт явган цэргийг галаар дэмжих зориулалттай хөнгөн хуягт галт тэрэг гэж ангилдаг байж. Дэлхийн 2-р дайн эхлэх үед Орост 31 хөнгөн, 13 хүнд хуягт галт тэрэг байлаа. Харин дэлхийн 2-р дайнд онгоц, их буу, танкийн хөгжил огцом үсрэлт хийснээр хуягт галт тэргийн давуу талууд бараг үгүй болжээ. Хуягт галт тэрэг удаан, овор хэмжээ их, зөвхөн төмөр замаар буюу хязгаарлагдмал орон зайд тулалддаг, хуяглалт муу, байлдааны цамхаг болон пулемётоор зэвсэглэсэн вагон дотор олон цагаар тулалдвал угаартаж үхэх аюултай, явган цэргийн болон командын вагоны хуяглал ор нэр төдий болж хувирч.

Гэсэн хэдий ч Герман довтолж эхлэх үед Сталин даруй 65 нэгж хүнд хуягт галт тэрэг үйлдвэрлэхийг Оросын цорын ганц хуягт галт тэрэгний завод болох Брянскийн “Красный Профинтерн”-д тушаажээ. Тэр даруйдаа улс даяар боломжит завод депог хуягт галт тэрэг үйлдвэрлэхээр дайчилснаар ойролцоо хуягт галт тэрэгний 50 орчим үйлдвэртэй болж. Гэсэн хэдий ч 1941 оны 9-р сар гэхэд бараг бүхий л үйлдвэрүүд нь эзлэгдэх юм уу, устгагдсан байна. Иймээс "даалгавар"-ыг Тула хотын вагон заводод үүрүүлэв. Хуяг хийх ган хүрэлцэхгүй байсан тул 12-15 мм бүхий төмөр листийн хооронд бетон цутгаж туршсан нь амжилттай болж уг аргаар галт тэргийг хуяглаж эхэлж.

Харин Германы хувьд дэлхийн 1-р дайнд ялагдсан хэлэцээрийн дагуу бүх хуягт галт тэргээ устгасан байсан аж. Орост довтлох үед Германд партизанууд хэмээх шинэ дайсан гарч ирлээ. Наполеоны дайнд ашиглаж байсан партизаны дайн Германы армид хүнд дарамт болж байв. Тиймээс германчууд партизаны ангиудын эсрэг тулалдах арын анги нэгтгэлүүдээ дэмжих зориулалтаар хуягт галт тэргүүдийг хийж эхэлж, үнэн хэрэгтээ Польш болон Украины олзлогдсон хуучин галт тэргүүдийг шинэчлэн засварлаж зарим тохиолдолд хуулбарлан хийснээр 22 ширхэг хуягт галт тэрэгтэй болжээ.

Энд өгүүлэх түүхийн баатар “Илия Муромец” хуягт галт тэрэг Мурманскт 1941 оноос эхлэн бүтээж 1942 онд зэвсэглэлд авсан дайралтын хүнд хуягт галт тэрэг бөгөөд доорхи үндсэн байлдааны нэгжтэй байв.

Үүнд:

  1. “ОВ” загварын 45 мм зузаантай хуягласан зүтгүүр
  2. Зүтгүүрийн хоёр талд байх 76.2 мм их буутай Т-34-ийн дөрвөн цамхаг, 7.62 мм-ийн хөнгөн пулемёт ДТ бүхий 45 мм-ийн хуягаар бүрэн хуягласан хоёр вагон
  3. Цувааны урд болон ард байрлах Лендерийн 76 мм-ийн зенитийн буу бүхий хагас хуягласан задгай вагон
  4. Гол хэсэгт 400 метрээс 12 км тусгалтай нэг дор 24 ширхэг пуужин харвах суурьтай, М-8-24 загварын тийрэлтэт сум бүхий шуурган галын системтэй (Катюшийн пуужин харвах суурь) нэг вагон,
  5. Командын вагон, вагоны захирагчийн цамхгаас бусад хэсгийг хөнгөн хуягласан вагон
  6. Гал тогоо болон хоолны вагон, хөнгөн хуягласан хоёр вагон
  7. Ариун цэврийн өрөө болон душ бүхий нэг вагон
  8. Эмнэлгийн нэг вагон
  9. Цэргүүд байрлах вагон (десант буулгах, цэрэг тээвэрлэх болон энгийн үед хэрэгцээнээс шалтгаалан хэдэн ч вагон байж болно)
  10. Зэвсгийн агуулахын зориулалттай нэг ачааны вагон (тулаанд орохдоо ихэвчлэн аюулгүй газар үлдээж орхидог)
  11. “Черный паровоз” буюу хар зүтгүүр С-179, цувааны урд хэсэгт шаардлага гарвал таран хийх зориулалт бүхий хуяглаагүй зүтгүүр холбодог
  12. Цувааны ард болон урд талд минээс сэргийлэх зориулалтаар хоёр хоосон тавцан бүхий вагон болон тагнуулын хуягт зүтгүүр БД-39, хоёр ширхэг хуягт машин БА-20, ИЖ-9 болон М-72 загварын 3 ширхэг мотоцикл, 6 ширхэг Газ-АА маркийн ачааны машин, хоёр ширхэг Газ-М1 болон хоёр ширхэг Газ-64 жийп зэрэг багтдаг байна.

 

Муромецийн эсрэг тулалдсан хуягт галт тэрэг “Адольф Гитлер” нь

  1. Хуягласан зүтгүүр
  2. 75мм-ийн 2 ширхэг их буу бүхий 6 ширхэг хуягласан вагон 15мм хуяглалтай
  3. Барс танкийн 1 цамхаг 2 ширхэг 20мм зенитийн бүү бүхий 2 Вагон
  4. 100мм гаубиц буу бүхий артилерийн вагон
  5. Командын вагон хөнгөн хуягласан суудлын вагон
  6. Гал тогоо болон хоолны вагон
  7. Ариун цэврийн өрөө болон душ бүхий 1 вагон
  8. Цэргүүд байрлах вагон (десант буулгах, цэрэг тээвэрлэх болон энгийн үед хэрэгцээнээс шалтгаалан хэдэн ч вагон байж болно)
  9. Зэвсгийн агуулахын зориулалттай 1 ачааны вагон
  10. Цувааны ард болон урд талд минээс сэргийлэх зориулалтаар 2 хоосон давцан бүхий вагон холбодог зэргээс гадна тагнан турших зориулалт бүхий мотоциклчдын салаа, төмөр замын рэйс төмрөөр явах боломжтой хуягт тээвэрлэгч машин зэрэг нь багсан байна.

1944 оны 7-р сарын 3-ны өдөр Ковель хавьцаа оросын цэргүүд рүү үл мэдэх Германы зенитийн батерэй гал нээж эхэлж. Оросууд ч эхлээд гэнэт хаанаас гараад ирэв хэмээн цочирдож байгаад тагнуулын салаа илгээж. Гэтэл Германы шинэ загварын хуягт галт тэрэг өнгөлөн далдлалт ч үгүйгээр фронтын шугаманд тулаад ирчихсэн нүдэж өгч байна гэнэ. Төсөөлөөд үзэхэд ганц нэг танк энэхүү хуягт галт тэрэгний галын хүчтэй нүдэлдэхийн тухай бодоод ч хэрэггүй, их бууны батерэй бол бүр ч нэмэргүй мөн хуягт галт тэрэгний агаарын хамгаалалт хэрийн онгоцыг эсэргүүцчих тул түүний эсрэг тулалдчих айхтар амьтан ойрд байхгүй гэж үзсэн бололтой.

Ингээд оросууд тухайн бүс нутагт байсан хүнд хуягт галт тэрэг ”Илия Муромец”-ийг дуудаж байлдааны даалгавар өгчээ. 1944 оны 7-р сарын 4-ний өглөө “Илья Муромец” байлдааны даалгаварт гарлаа. Тэр өглөө гадаа зөөлөн бороо шивэрч бага зэргийн манантай байв. Фронтын шугаманд тулж ирэх үед урьд өдөр нь бужигнуулаад байсан Германы хуягт галт тэрэг бараа сураггүй. Шингэн манантай ой дотор дайсны хуягт галт тэргийг хайгаад явж байгаа нь эсрэгээрээ аюултай нөхцөл байдал үүсгэж байж. Сэжиг бүхий мод руу ч буудаж үзэж. Хоосон мод руу буудаж дэмий үйлдэл хийснээ мэдсэн “Илья Муромец” байраа сэлгэж удирдлагатай холбогдсон боловч даалгавраа үргэлжлүүлэхийг тушаалаа. Вагоны командлагч нүдээ чилтэл дурандсаар өглөөний 10 цаг хүрэв. Их буучид буун дээрээ бэлэн байдалд хүлээсээр байх үед командлагчийн дуу холбоон дээр хангиналаа.

-Их буучид 10 цэнэгээр, пуужин харвагчид хоёр ээлжээр галлахад бэлдээд...

-Дайсан руу галлаад...

Германы хуягт галт тэрэг ч бас Оросын галт тэргийг харж зэрэг зэрэг буудлага хийлээ. Германчууд алдаж буудсан бол “Илья Муромец” эхний буудлагаараа Германы галт тэргийг гэмтээв. Германы хуягт тэрэгнээс хариу буудлага хийсэн боловч сум нь замын даланг л онов. Энэ үед Катюшийн батерэй ажлаа хийж Германы галт тэрэг рүү галан мөндөр буулгаж эхэллээ. Тулаан хоромхон зуур болж Оросын ялалтаар өндөрлөв. Модон дунд Германы галт тэрэгний зүтгүүр дэлбэрэх харагдлаа.

Нөгөөдөр нь оросууд Ковелийг чөлөөлөх үедээ Германы “Адольф Гитлер” нэртэй хуягт галт тэргийг устгаснаа мэджээ. Мэдээ тэр даруйдаа улс даяар цацагдаж фронт даяар цэргүүдийг зоригжуулсан байна.

“Илья Муромец” хуягт галт тэрэг 1942 оноос эхлэн 1945 онд Берлинд 50 км зайтай дэлбэрсэн гүүрэнд тулж очтолоо тулалдаж, дайсныхаа нэг хуягт галт тэрэг, долоон нисэх онгоц, 14 их буу, миномётын батерей, 36 галын цэг, 875 цэрэг офицерийг устгасан бөгөөд дайны туршид ноцтой гэмтэл аваагүй аж. Зарим эх сурвалж уг тулаанаар “Илья Муромец” Германы хуягт галт тэргийг устгаж чадаагүй гэдэг бөгөөд сүүлд нь партизанууд дэлбэлсэн ч гэгддэг. Ямартай ч Дэлхийн 2-р дайны түүхэн дэх цорын ганц хуягт галт тэрэгний тулаан ийм байдлаар болж өнгөрчээ.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]