Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (1-р хэсэг): Нацистын пуужингийн төлөөУншсан5,733

Хоёр их гүрний өрсөлдөөнд татагдан орсон тэрхүү хоёр суутан технологийн хүлээст баригдалгүйгээр сансрын аяллыг бодит байдал болгох гэрэлт ирээдүйг бүтээлцэж, түүхэнд дурсагдах томоохон сорилтуудыг давжээ.

Сансрын аялал нь удаан хугацааны туршид мөрөөдлөөс хэтрээгүй юм. Гэхдээ энэхүү мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хоёр эрдэмтэн өөрсдийн бүхий л амьдралаа зориулжээ. Тэдний нэг нь Сергей Павлович Королев. Түүнийг Зөвлөлтийн сансар судлалын хөгжлийн төлөө засан хүмүүжүүлэх газраас суллаж байв. Королевийн өрсөлдөгч нь Вернер фон Браун. Хэдийгээр сансрын технологийн анхдагч гэж нэрлэж болох боловч түүнд нацист намын гишүүн хэмээх хар бараан өнгөрсөн түүх байв. Хоёр их гүрний өрсөлдөөнд татагдан орсон тэрхүү хоёр суутан технологийн хүлээст баригдалгүйгээр сансрын аяллыг бодит байдал болгох гэрэлт ирээдүйг бүтээлцэж, түүхэнд дурсагдах томоохон сорилтуудыг давжээ.

 
Пуужингийн технологийн өрсөлдөөн

 

1944 оны 9 сарын 8, дайнд ялагдаж эхэлсэн Гитлер тухайн үеийг хүртэлх түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг, шинэ зэвсгийг ашиглах тушаал өгчээ. Дууны хурднаас дөрөв дахин өндөр хурдтай, Ви-2 пуужин 320 км-ийн зайд байх Лондон хотод зургаан минутын дотор хүрч, цохилт өгч эхлэв. Холбоотны армид тэрхүү хүчирхэг зэвсгийг эсэргүүцэх ямар ч арга байсангүй. Иймд Америкийн армийн хошууч Роберт Стеивэр Ви-2 пуужингийн тухай мэдээлэл цуглуулахаар Лондонд иржээ. Үнэндээ Ви-2 пуужин Холбоотны армийн технологиос 25 жилээр түрүүлсэн байв. Америкчууд Ви-2 пуужинг тухайн үед шинээр бүтээж байсан цөмийн цэнэгтэй нэгтгэж түүхэн дэх хамгийн хүчтэй зэвсэг бүтээхийг зорьж байв. Пуужингийн технологи, хөөргөх системийн тухай ямар ч мэдлэггүй байсан Америк уг пуужинг зохион бүтээгчийн хамт зөвлөлтчүүдийн гарт орохоос өмнө олзлон авахыг эрмэлзжээ.

Гэвч Зөвлөлтийн цэрэг илүү хурдан довтолж, Германы хойд нутагт фон Брауны удирдаж байсан пуужингийн баазад ойртож очив. Тэд замдаа Польшийн газар нутгийг чөлөөлөх явцад германчуудын үлдээсэн Ви-2 пуужинг олж, Москва руу илгээжээ. Ви-2 хүчний хувьд Оросын пуужингаас хоёр дахин илүү, тракторыг 100 км өндөрт хөөргөх чадалтай байв. 1945 оны 2-р сараас хойд Германы Пийнмундэд байрлах пуужингийн баазын ойролцоо Германы дүрвэгсэд нүүдэллэж эхэлжээ. Төрөлх Герман улсын төлөө тулалдахаас татгалзсан хүмүүсийг нацист намын цэргүүд (Schutzstaffel буюу Эс Эс) цаазлаж байв. Хэдийгээр хориглон байлдах тушаал авсан боловч технологийн нууцаа оросуудад алдахгүйн тулд фон Браун пуужингийн баазын судлаачдыг нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн байна. Шаардлага багатай бичиг баримтуудыг шатааж устгажээ. Мөн цаазлуулахаас айлгүйгээр шилжилт хөдөлгөөний зөвшөөрлийн бичгийг хуурамчаар үйлдэж, газар нутгийн төв хэсэгт байрлах пуужингийн үйлдвэрийг зорив.

Түүний амь насаараа дэнчин тавьж, хамгаалсан бичиг баримтууд дунд алсын зайн пуужин, сансрын капсул зэрэг хүн төрөлхтөнг сансарт хүргэх зураг төслийн ноорог агуулагдаж байв. Фон Браун хүүхэд ахуй үеэс эхлэн сансар судлалд татагджээ. Түүний сонирхолд ихээхэн нөлөөлсөн бүтээл нь Хермон Обертийн зохиолоор бүтээгдэж, 1929 онд дэлгэцнээ гарсан "Сарны эмэгтэй" кино юм. Кинонд олон шатлал бүхий пуужин, дэлхийн тойрог зам зэрэг сансрын аяллын ирээдүйг илэрхийлсэн. Хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн залуу фон Браун сонирхогчдын пуужин бүтээх бүлэгт элсчээ. Түүний төрөлхийн авъяас тун удалгүй шинэ зэвсэг бүтээх оролдлого хийж байсан нацистуудын анхааралд өртсөн байна. 1938 онд нацист намд элсч пуужингийн судалгаанд оролцох байрь сууриа нэмэгдүүлэхийн тулд Эс Эс-ийн офицер болжээ.

Фон Браун судалгааны багийн хамт замын шалгалтуудыг давж, шинэ байрлалд амжилттай хүрсэн. Тэр оросуудаас зугтаж Германы өмнөд зүгээс довтолж байсан америкчуудад илүү ойртож очсон байна. Тагнуулын мэдээлэл тэр дороо хошууч Стеивэрт хүрэв. Фон Браун ирсэн явдал Ви-2-ыг ашиглан дайны явцад эргэлт хийх тушаал авсан Эс Эс-ийн бүлгийн ахлагч Ганс Хамлерт таатай хэрэг байв. Гитлерийн сүүлчийн найдвар болсон тэрээр хоногт 35 пуужин угсарч байсан үйлдвэрлэлийн хэмжээг хоёр дахин ихэсгэв. Мөн фон Брауны судалгааны ажлыг зогсоож, зөвхөн пуужингийн үйлдвэрлэлд оролцуулах болсон байна.

1945 оны 3-р сард Зөвлөлтийн цэрэг Берлинд дөхөж ирлээ. Нууц цагдаагийн газрынхан ч америкчуудаас өрсөж фон Брауныг олзлохоор тэвдэж байв. Тэд Герман руу хэнийг явуулахад тохиромжтой талаар Зөвлөлтийн пуужингийн анхдагчдын нэг, тухайн үеийн судалгааны багийн удирдагч Валентин Глушкогоос асуухад засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид хоригдож буй Королевийг нэрлэсэн байна. Зөвлөлтийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүний нэрийг ямар зорилгоор дэвшүүлж байгаа талаархи байцаалтад тэрээр "Би өөрөө түүнийг илчилсэн" хэмээн хариулжээ. Сүүлд Зөвлөлтийн сансар судлалын ерөнхий зохион бүтээгч гэгдэх болсон Королев тухайн үед Казань дахь КБ-39 хорих газарт зургаа дахь жилдээ хоригдож байв. Тэр 1933 онд Зөвлөлтийн анхны шингэн түлш бүхий пуужинг амжилттай хөөргөжээ.

Королевийн зохион бүтээх авъяас чадвар фон Браунтай эн зэрэгцэж, түүнтэй адил сансрын аяллыг мөрөөдөж байсан юм. Дайнаас өмнө Королев, Глушко нар хамтран ажиллаж байсан боловч Сталины хэлмэгдүүлэлтэд өртөж, нууц цагдаагийнхны тамлалтад орсон Глушко хамтрагчдаа "илчлэхээс" өөр аргагүй байдалд хүрсэн байна. Королев 10 жил хоригдох ял авсан бол тухайн үед хэдэн сая хүн хэлмэгдэн баривчлагдаж, алагджээ. Гэвч пуужингийн технологийг богино хугацаанд хөгжүүлэх шаардлага тулгарсан Зөвлөлт улсад Королевын "хэрэг гарч", түүнийг Глушкогийн санал болон батлан даалтаар суллав. Улмаар Королев, Глушко нарыг Герман руу илгээнэ.

 1945 оны 4 сарын 1-нд америкчууд 20 км зайд ойртоод байгаа тухай мэдээлэл авсан Хамлер зөвхөн ойр зуурын гар ачаагаа аваад Апьпийн нурууг чиглэн хөдлөх тушаалыг фон Браун нарт өгчээ. Тэд хэдийгээр устгах тушаал авсан боловч чухал шаардлагатай баримт, зураг төслийг ойролцоох хаягдсан уурхайн хонгилд нууж амжсан байна. Америкчууд удалгүй пуужингийн орхигдсон үйлдвэрт иржээ. Уул нүхлэн хийсэн хэдэн км урт үргэлжлэх хонгил-үйлдвэрт 500-гаас олон тооны Ви-2 пуужинг үлдээсэн байв. Мөн уулын урд талд байрлах пуужингийн үйлдвэрт ажиллагсдын хуаранд 6000 хоригдлын цогцсыг оршуулалгүйгээр ил задгай орхисон байжээ. Хэсэг хугацаанд хийсэн нарийвчилсан шалгалтаар тэнд амь үрэгдэгсдийн тоо 25 мянгад хүрсэн байна. Ви-2 пуужингийн довтолгоонд өртөгсдөөс илүү олон хүн түүнийг бүтээлцсэнийхээ төлөөст амь насаа алджээ.

Тэр үед Королев Германд байв. Тэрээр Зөвлөлтийн пуужингийн судалгааг ерөнхийд нь удирдах болсон бол Глушко хөдөлгүүрийн технологийг хариуцаж байв. Ви-2 пуужингийн судалгаа хийх явцдаа Королев цаашдын насан туршийн өрсөлдөгч болох фон Брауны тухай анх мэджээ. Фон Брауны байрлаж байсан хуучин еврейн байшинд үлдсэн баримт бичгүүд дунд түүний зураг байлаа. 1945 оны 4-р сар 3-нд, Эс Эс-ийнхэн Альпийн нуруунд сүүлчийн хориглолт хийхээр шийдээд байв. Цөхрөлийн туйлд хүрсэн германчууд хамтрагчдаа ч итгэхээ больж, дайнд ялагдах үед өөрсдөө Эс Эс-ийнхны гарт алагдана гэдгээ мэдэж байв. Энэ үед Ви-2-ын үйлдвэрт америкчууд 100 пуужингийн эд ангийг салгаж байв. Хошууч Стивер дайны түүхэн дэх хамгийн том тээврлэлтийг хийхээр бэлдэж байх үед Герман улсын газар нутгийг Холбоотон улсууд хуваах тухай мэдээлэл иржээ. Хэдхэн км-ээр зааглагдан пуужингийн үйлдвэр Оросын харьяанд орох нь тодорхой болов. Тээвэрлэлтэд 100-гаас олон тооны вагон шаардагдаж, гол замын гүүр дэлбэрэлтэд өртөж сүйрсэн зэрэг саад бэрхшээл тохиолдсон ч хилийн асуудал шийдэгдэх хүртэлх сар гаруй хугацаанд юутай ч хүссэн эд ангиудаа зөөвөрлөж амжжээ.

1945 оны 5 сарын 1-нд эцсээ хүртэл тулалдах тушаал Эс Эс-ийнхэнд ирэв. Гэвч фон Браун өөрийн багийн судлаачдын хамт зугтаж амжлаа. Герман улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тэр үед фон Браун өөрийн мөрөөдлийг даатган АНУ-д дагаар орж байв. Тэрээр зөвхөн Ви-2-оор зогссонгүй, өөр пуужингийн төслийг ч бас зохиож байжээ. Хэдийгээр тухайн үед зураг төслөөс хэтрээгүй байсан боловч 17 минутад 600 км өндөрт хөөрч, агаар мандлын заасан цэгээс газардах сансрын жолоодлогот нислэгийг төлөвлөсөн байв. 2-3 шатны хөдөлгүүр ашиглан, сансрын нисгэгчийг дэлхийн хүндийн хүчний үйлчлэлээс гаргаад зогсохгүй хангалттай хурд өгч, сарны адил дэлхийг тойрон эргэх боломжтой. Дэлхийг 90 минутад нэг удаа тойрч, цаашид сансрын станц байгуулж, одон орон, шинжлэх ухааны судалгааны эхлэлийг тавих боломжтой тухай үлгэр мэт зүйлийг фон Браун америкчуудад байцаагдах үедээ ярьжээ. Гэхдээ нацист намын гишүүн, Эс Эсийн офицер байсан, мөн пуужингийн үйлдвэрт хоригдлуудыг ажиллуулж байгааг мэдэж байсан зэрэг нь дайны гэмт хэрэгт тооцогдоно. Гэвч фон Браун өөрийгөө жирийн нэгэн судлаач, миний оронд хэн ч байсан адил зүйл хийнэ гэжээ.

 Америкчууд фон Брауныг яллахаас түдгэлзэж, багийн гишүүд болон 100 пуужингийн эд ангийн хамт Америк руу шилжүүллээ. Харин оросууд үйлдвэрт ирэх үед Ви-2 пуужингийн хэдхэн тооны хөдөлгүүр, залуурын төхөөрөмж үлдсэн байсан боловч технологийн нэг ч зураг төсөл байсангүй. 1945 оны 8 сарын 6-нд Японы Хирошимад атомын бөмбөг дэлбэрснээр Зөвлөлт гүрэн шинэ айдастай нүүр тулах болно. Учир нь америкчууд цөмийн бөмбөгөөс гадна фон Брауныг пуужингийн технологитой нь хамт гартаа оруулаад байв. 1945 оны 10 сарын 29-нд фон Браун өөрийн багийн 100 гаруй гишүүний хамт Америкт ирж, армийн хяналтын дор Техасын цөлд орших цэргийн баазад байрлах болов. Гэвч тэд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарлаа. "Дайны гэмт хэрэгтэн, нацистын алуурчдыг эх орноо хамгаалуулахын төлөө импортлох ёсгүй" хэмээн парламентын нэр бүхий гишүүн хүртэл мэдэгдэл хийв.

Харин зөвлөлтчүүд Америкт дагаар ороогүй пуужингийн судалгаанд оролцож байсан судлаачдыг Ви-2-ын үйлдвэрийн ойролцоох хотуудаар эрж, хэд хэдэн мэргэжилтэнг олжээ. Фон Брауны ойрын туслагчдын нэг Хельмит Гродруф Королевын багт нэгдсэнээр Ви-2 пуужингийн хөдөлгүүрийг амжилттай ажиллуулж чадлаа. Гродруф Германдаа үлдэх нөхцөлөөр шинэ багийн ахлагч болсон боловч Сталин өөр бодолтой байжээ. Тэр германчуудад талархах үдэшлэг зохион байгуулж, түүнд оролцох нэг ч орос хүн архи хэрэглэж болохгүй хэмээн тушаав. Өглөөний 3 цагт эсэргүүцэх чадваргүй болтлоо согтсон германчуудыг Зөвлөлт улсад илгээхээр ачааны машинд суулгажээ. Түүнээс хойш нийт 92 удаагийн тээвэрлэлтээр пуужингийн эд анги болон герман судлаач инженерүүдийн гэр бүлийг Орост илгээв.

 Энэ үед Сталин Королевийг дуудаж, германчуудаас аль болох их зүйлийг мэдэж авах, пуужингийн туулах зайг нэмэгдүүлэх үүрэг өгчээ. Ийнхүү Москвагийн ойролцоох үйлдвэрт германчууд Ви-2 пуужингийн хэдэн мянган эд ангийн зураг төслийг бүтээж эхлэв. Хоёр жилийн дараа зураг бэлэн болсон ч Королев аль хэдийн шинэ гэгдэхээ больсон технологиор Сталины хүслийг биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байв. 1948 оны 9 сарын 17-нд Зөвлөлтөд үйлдвэрлэсэн анхны Ви-2 пуужингийн туршилт хийх мөч ирэв. Гэвч пуужингийн хөдөлгүүр ассангүй. Туршилт бүтэлгүйтсэний хариуцлага цахилгаан хэлхээг хариуцаж байсан герман инженер Гинзбургт ирсэн боловч Королев түүнийг хамгаалж авч үлджээ. Хоёр дахь удаагийн туршилтаар пуужин амжилттай хөөрсөн боловч, агаарт дэлбэрэв. Королев Ви-2-ын технологи хоцрогдсон тул төслийг тэгээс эхлүүлж, илүү хөнгөн, илүү хүчтэй пуужин бүтээхээр шийдэв. Шинэ загвар хэд хэдэн шатлалаас бүрдэнэ. Түлшний сав хоосрох үед түүнийг салгавал пуужин илүү хөнгөн болж, хол зайг туулна.

Королев шинэ пуужин зохион бүтээж эхлэх үед фон Брауны байдал тийм ч сайн бус байв. Түүнийг Германд буцаах ёстой гэсэн санал Америк эрдэмтдийн зүгээс гарч байжээ. Удалгүй хоригдлуудыг үйлдвэрт ажилуулах санаа фон Брауных байсан нь тодорхой болсон ч энэ тухай мэдээлэл Америкийн ард түмний сонорт хүрээгүй юм. 1949 оны 9 сарын 25-нд Королевийн шинээр бүтээсэн, дайны дараахь Зөвлөлтийн анхны P1 пуужинг хөөргөж туршлаа. Туршилт амжилттай болж, шинэ пуужин Ви-2-оос хоёр дахин хол буюу 500 км зайг туулав. Үүгээр Гродруф нарын герман инженерүүдийн үүрэг дуусгавар болж, тэд гурван сарын дараа нутаг буцжээ. Ийнхүү сансрыг эзэмшихэд чиглэсэн Хүйтэн дайн эхлэв. Засан хүмүүжүүлэх газрын хоригдол байсан хүн өрсөлдөөнд нэг алхам түрүүлсэн нь Зөвлөлтийн хувьд үнэт зүйл нь болон хувирч, барууны халдлагаас сэргийлэх үүднээс түүний тухай бүхий л мэдээллийг нууцлах болжээ. Үүнээс хойш түүнийг зөвхөн "Ерөнхий зохион бүтээгч" гэх болов.

"Robomec"-ийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Үргэлжлэл - Хүйтэн дайны үеийн сансрын өрсөлдөөн (2-р хэсэг): Хиймэл дагуулын төлөө

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]