Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайснаа аварсан ньУншсан4,971

Дайн байлдааны үеэр дайснаа авран хамгаалах нь алж устгаснаасаа илүү гавьяатай хэрэг гэж тооцогдох нь олонтой.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дайн байлдааны үеэр дайснаа авран хамгаалах нь х ө н ө ө ж устгаснаасаа илүү гавьяатай хэрэг гэж тооцогдох нь олонтаа. Одоо өгүүлэх түүх нь Америкийн бөмбөгдөгч онгоцны дарга Чарли Браун, Германы сөнөөгч онгоцны нисгэгч Франц Штиглер нарын тухай бөгөөд энэ хэрэг явдлыг 2-р дайны үеийн хамгийн хүнлэг энэрэнгүй үйлсийн нэг хэмээн үздэг билээ.

1943 оны 12-р сарын 20-ны өдөр Америкийн 419 тооны B-17, 127-н B-24, нийт 546 онгоц Германы Бремен хот дахь үйлдвэрийг бөмбөгдөхөөр нисэж явлаа. Тэднийг хамгаалахаар 491 сөнөөгч онгоц дагалдаж явсан бөгөөд энэ 1000 гаруй онгоц ямар их айхтар сүйрэл учруулж чадах тухай яриад ч яах вэ.

Энэ агуу цувааны дунд Ye Old Pub хэмээх нэртэй B-17 онгоц байсан ба онгоцны дарга нь Чарли Браун хэмээх залуухан эр байв. Тэрээр багийн 10 гишүүний амь насыг хариуцаж, дайсны үйлдвэр заводыг ончтой сайн бөмбөгдөх үүрэгтэй бөгөөд иймэрхүү ажил хийх туршлагын хувьд багийнхнаасаа “хэд дахин илүү” буюу анх удаагаа аварга том онгоцны даргаар нисэж яваа нь энэ. Ер нь бол энэ нислэг түүний хувьд хоёр дахь байлдааны нислэг байсан юм гэнэ лээ.

11 цаг 30 минутын үед зорьсон газраа дөхөж ирэхэд Германы зенитийн их буунууд буудаж, тэнгэрт үй түмэн жижигхэн “хар үүл” бий болж эхэлсэн нь их бууны сум тэсэрч байгаа хэрэг байв. Чарлигийн онгоцны өмнөхөн талд нэг ийм жижиг тэсрэлт болж урд талын шил тэр чигээрээ алга болсон ба урдаас асар хүчтэй, хүйтэн салхи (-60 хэм) онгоц дотор орж иржээ. Гэтэл энэ юу ч биш байлаа. Удалгүй урд хойногүй тэсрэх сумнаас болж хоёрдугаар хөдөлгүүр таг болсон ба дөрөвдүгээр хөдөлгүүр нь өөр нэг сумнаас болж гэмтэн, аймшигтай чичирч эхлэхэд энэ хөдөлгүүрийг бушуухан унтраасан байна. Одоо Чарлигийн хувьд гай болсон бөмбөгнөөс бушуухан салж яаран нутаг чиглэх л хамгийн чухал зүйл болсон учир бөмбөгөө мултлаад шалавхан эргэлээ.

Хөх тэнгэрт ганцаараа нисэн яваа энэ онгоцноос эргэн тойрон харахад хүний өөрийн ямар ч онгоц харагдахгүй болсон ч тэд дайсны нутаг дээр яваа учир тайвширч болохгүй. Тэр тусмаа ганцаараа яваа, хоёр хөдөлгүүр нь гэмтсэн бөмбөгдөгч гэдэг бол дайсны сөнөөгчийн хувьд зүгээр зугаа төдий бай гэдэг ойлгомжтой.

Гэнэт хоёрдугаар нисгэгч урд талд холоос ирж байгаа бололтой харлан харагдах жижиг цэгүүдийг заасан нь Германы сөнөөгч Фокке Вульф 190 (Люфтваффе-гийн хүнд сөнөөгч “фоккер”-нийтлэлийг уншина уу)-үүд байв. Бас дороос хэдэн хэдэн Мессершмит 109! (Агаарын хаан Мессершмитт-109 нийтлэлийг уншина уу)

Чарли эцсээ хүртэл тэмцэхээр шийдэн онгоцны бүх пулемётыг буудахад бэлэн болгохыг тушааж (энэ онгоцонд нийт 13 ширхэг пулемёт байх ба бөмбөгдөгчид энэ буугаа F**k you хэмээн өхөөрдөн нэрлэдэг байж) дайсны эгц өөдөөс очихоор шийдсэн байна. Ямар “намайг бууд” гэж байгаа юм шиг бөөрөө тавьж өгөлтэй биш.

Мессерүүд эхний дайралтаа хийж онгоцны удирдлагыг гэмтээх тэр үед Боингийн дээд талын буудагч хариу буудаж нэгийг нь унагалаа. Нөгөө сөнөөгч нь дайралтаас гарах гэж эргэхдээ бас л хүнд пулемётын аманд өөрөө орж унасан бөгөөд нисдэг цайз одоогоор дайсантайгаа үзэлцэх чадалтай байгаа гэдгээ мэдэрлээ.

Харин германууд урд шилгүй, хөдөлгүүр нь гэмтсэн, энд тэндгүй нүх болсон онгоцыг дутуу үнэлэн эгц өөдөөс нь дайрч алдаа гаргасан ба одоо тэд сонгодог дайралт хийхээр шийдэн, ар сүүл хэсгээс нь дайрахаар маневрлаж эхэлжээ.

Нисдэг цайзын сүүлийг хамгаалах ёстой пулемётын тос хөлдөж ажиллахгүй болсон байгаа тухай мэдээ ирсний дараа Чарли мэддэг маань мэгзмээ уншиж эхэлсэн гэдэг. Дайснууд ээлжлэн хэд дайрсны дараа багийн хэд хэдэн гишүүд нь а л а г д а ж, бусад нь ш а р х д а ж, холбооны хэрэгсэл гэмтэн, ганцхан ширхэг F**k you л буудах боломжтой үлдсэн ба Чарлигийн хүчил төрөгчийн гуурс гэмтсэнээр мань эрийн ухаан балартаж эхэлжээ. Онгоц аажмаар хурдаа алдан, алсын тойргоор өрөмд орох үед германууд дайснаа дарж авлаа гэж ойлгоод хаяж явсан бололтой.

Онгоц нам өндөрт ороход Чарли ухаан орсон бөгөөд ийм өндөрт хүчилтөрөгч хангалттай учир дахиж ухаан алдахгүй. Онгоцоо газар мөргүүлэлгүй тэгшилж аваад дээшилсэн ба одоо яаж ийж байгаад Германы нутгаас гарч, ослын буулт хийхээс өөр зам байсангүй. Гэтэл Германы нутгаас гарах болтол мөн ч олон дайсантай учрах аюултай байлаа. Чарли амьд үлдсэн багийн гишүүдээ онгоцноос үсрэхийг тушаасан ч багийнхан нь олзлогдож байхаар азаа үзээд алдсан нь дээр гэж шийдсэн бололтой хэн ч үсэрсэнгүй.

Яг энэ үед Йевер хэмээх нисэх буудал дээр Германы нэгэн сөнөөгч онгоц агаарт гарахад бэлдэн мотороо халааж байсан бөгөөд нисгэгч нь Франц Штиглер хэмээх эр байв. Дайсныхаа олон онгоцыг унагаж байсан энэ хүнд дахиад нэг онгоц унагахад л загалмай одон авах болзлыг биелүүлэх бөгөөд энэ нь дайнд  ү р э г д с э н ахынхаа хариуг авсных нь нэг илрэл болох ёстой байлаа. Дайнд явсан хүн эр зоригийг нь үнэлсэн гавьяа шагналд дургүй байна гэж байх уу? Францын хувьд бушуухан загалмай одон авч баатар болох хүслээр жигүүрлэн хөөрчээ.

Франц Штиглер гэмтсэн Боингийг олж хараад араас нь дайрч овоо хараандаа оруулан их буугаараа буудах гэсэн боловч яагаад ч юм чадсангүй. Харин дайсны онгоц түүний “Густав”-ын овоо хараанаас гарах оролдлого хийхгүй, өөдөөс нь ч буудахгүй чигээрээ ниссээр. Франц бүр ойртон очиж байж л “нисдэг цайз” ямар хэмжээгээр гэмтсэнийг ойлгосон байна.

“Онгоцны сүүлийг хамгаалах буудагч байрандаа байсангүй. Бодвол буудуулсан бололтой ба ер нь энэ онгоцонд сүүл гэхээр юм үлдээгүй гэмээр харагдаж байлаа...” Франц Штиглер

Өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй болсон энэ онгоцыг Франц буудахаа болин, хажуу урд хэсэгт нь гаран хартал аргаа барсан бололтой нисгэгч өөрийг нь айсан харцаар харж байжээ.

“...Би баруун тийш хартал миний далавчны урдхан талд Мессершмит 109 нисч байлаа. Би нүдэндээ итгэж чадалгүй толгойгоо сэгсрэн, нүдээ аньсан ч өнөө онгоц байж л байна. Тэгэхээр энэ бол мансуурал элийрэл биш, дайсны онгоц бодитоор байж байна гэсэн үг...” Чарли Брауны ярилцлагаас...

Мессершмитийн нисгэгч Франц Чарлид хуруугаараа доошоо буу гэж дохиход өнөөх нь үгүй гэлээ. Тэртээ цаана Германы зенитийн их бууны маш хүчтэй шугам байгааг Чарли сайн мэдэж байсан ч бууж өгөхийг хүссэнгүй. Энэ шийдвэр нь үхэл гэсэн үгийг тэр сайн ойлгож байлаа. Герман нисгэгч Франц Штиглер ч бас үүнийг ойлгож байв. Гэхдээ хэрвээ Франц Штиглер дайсны онгоцыг өөрөө дагуулан явбал зенитчид тэднийг буудахгүй байх боломж бий.

Франц Штиглер гэмтсэн онгоцыг дагуулан ниссээр Германы агаараас эсэргүүцэн хамгаалах шугамыг нэвтэрч гараад харахад Чарли юу болоод байгааг үнэндээ сайн ойлгохгүй байгаа царайтай гайхсаар... Франц ч нэг ёсолчихоод огцом эргэн алга болсон гэдэг.

Чарли эсэн мэнд буугаад болсон явдлыг дарга нартаа ярьж өгөхөд нөгөө хэд нь энэ явдлыг таг дарахыг шууд тушаасан бөгөөд цэрэг хүний хувьд Чарли болон түүний багийнхан тушаалыг нь биелүүлж урт хугацааны турш энэ явдлын тухай ам ангайлгүй олон жил болж.

Франц Штиглерийн хувьд ч гэсэн эргэн буудал дээрээ буухдаа энэ тухай юу ч ярьсангүй. Яривал хээрийн шүүхээр орж буудуулна гэдгээ мэдэлгүй яахав. Энэ явдлаас хойш олон жилийн дараа буюу 1990 онд л энэ хоёр хүн нүүр тулан уулзаж хамаг түүхээ ярьснаар энэ түүх олон түмэнд хүрсэн нь энэ буюу.

P.S

Хэдэн жилийн өмнө Герман Графын (Германы нисэх хүчний нэгэн оргил-Герман Граф нийтлэлийг эндээс уншина уу) тухай нийтлэлдээ (мөн Сабуро Сакайн тухай нийтлэлд ч бас бичсэн) үүнтэй төстэй явдлын тухай бичиж байсан бөгөөд эдгээр явдлын аль алийг нь л хүнлэг энэрэнгүйн дээд илрэл гэж бичдэг ярьдаг хүн олон. Герман Граф болон Сабуро Сакайн хувьд бол яах аргагүй л хүнлэг энэрэнгүй явдал мөн.

Харин Франц Штиглерийн хувьд мэдэхгүй юм. Улс орныг нь, ах дүү, аав ээжийг нь газартай тэгшилж хаяж байгаа дайсныг амьд үлдээх нь хүнлэг явдал юм байж. Тэгвэл тэрхүү амьд үлдээсэн дайсан нь дараа нь дахиад л нутаг орон, эх орон нэгтнүүдийг нь бөмбөгдөх боломжтой болсныг юу гэж үзэх вэ? Хүний нутагт дайтах, өөрийн нутаг орноо хамгаалах гэдэг хоёр өөр юм баймаар санагдах...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]