Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрдэмтэд өвөг монгол уламжлалт боловсролын талаар ярилцавУншсан3,739

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс санаачлан эрдэмтэд, судлаачдыг урьж “Монголын боловсролын системд үндэсний агуулга, амин чанар оршихуйн утга учир” сэдэвт эрдэмтэд, судлаачдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс санаачлан эрдэмтэд, судлаачдыг урьж “Монголын боловсролын системд үндэсний агуулга, амин чанар оршихуйн утга учир” сэдэвт эрдэмтэд, судлаачдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид Монголын өвөг уламжлалт боловсролын арга ухааны талаар санал солилцон ярилцав. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, XX зууны манлай бөх, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнх, түүний гэргий Монгол Улсын гавьяат багш Н.Дэжинбээ, МУБИС-ийн багш, Монгол Улсын ардын багш Б.Жадамба, АШУИС-ийн хүндэт профессор, тархи судлаач С.Даваахүү, Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Соронзонболд, “Алтан дээд үнэний аялгуу” судалгааны төв ТББ-ийн тэргүүн Г.Долгорсүрэн нарын зэрэг олон хүн оролцон санал бодлоо илэрхийлсэн юм.

 “Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн тэргүүн, доктор П.Энхцэцэг “Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх соёл хэдэн зуу бүү хэл, хэдэн мянган жилийн нарийн нандин өвтэй юм. Үүн дээрээ тулгуурлаж Монгол Улсын боловсролын системийг үндэсний мөн чанартай болгох бүрэн боломжтой юм байна гэж үзсэн. Боловсролын шинэчлэл хийхэд боловсролыг тойрч судалдаг есөн салбар шинжлэх ухаан байдаг. Эдгээрийг иж бүрнээр нь хэрэглэж байж боловсрол бүрэн шинэчлэгдэнэ. Боловсролын түүх, боловсролыг хөгжүүлэх философи буюу гүн ухаан, социологид тулгуурлан боловсролын хөгжлийг хэрэгжүүлэх үзэл санааг гаргана. Үргэлжлээд боловсролын эдийн засаг, соёл судлал,  боловсролын хоол хүнс гэдэг гурван шинжлэх ухаан бий. Дараа нь боловсролын заах арга, сэтгэл судлал, менежмент гурвыг судлаад боловсролын жинхэнэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай юм байна. Энэ есөн шинжлэх ухаан дээр үндэслээд есөн “зүй”-г боловсруулсан.

Монголчууд хүүхдэдээ бие бялдрын хат буюу эр суулгаад дараа нь оюун ухааныг хөгжүүлэн боловсруулж иртэй болгож байсан. Түүн дээр аливааг хийж үйлдэх ур суулгана. Энэ бүгдэд суурилан хүүхдийн авьяасыг хөгжүүлж, хүнээр хүн хийж байсан” хэмээн уулзалтын нээлт дээр хэллээ. Тархи судлаач С.Даваахүү “Монголчууд эрт цагаас хүний ген, тархи судлалаар давамгай мэдлэгтэй байсан. Монгол одон орончид дэлхийгээс одон гарагс хүртэлх зайг хэмжихдээ 64 оронтой тоог ашиглаж байв. Чингис хаан одоогийн төсөөлж буй шиг зүгээр л дайнч, эрдэм номгүй хүн биш, Монголын 1000 жилийн замыг заасан, асар өндөр боловсролтой хүн байсан талаар судлаж Чингис хааны боловсролын түүхийг бичсэн” хэмээлээ.

Өнөө цагт хүүхдэд эр, ир, урыг суулгалгүй шуудхан хичээл сургуулиар “бөмбөгдөхөд” өрөөсгөл болж буйг оролцогчид хэлж байсан юм. Боловсрол, мэдлэг бол аливаа хүний амьдрах, амжиргаагаа авч явах, авьяас билгээ хөгжүүлэх амин хүч, амин ухаан юм гэдгийг тэд онцолж байлаа. Монгол Улсын боловсролын системийг цаашид хөгжүүлэхэд өвөг монгол сурган хүмүүжүүлэх ухаан ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлаачид гүнзгийрүүлэн ярилцсан юм.

                                                            Д.ОЮУН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]