Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Батзориг: Иргэдээ гэмт хэрэг үйлдэхээс, өртөхөөс сэргийлэх судалгаа, бодлого Монголын төрд алгаУншсан725

Хүн гэмт хэрэгт холбогдох, аливаа муу зан үйлд суралцах олон төрлийн хүчин зүйл байдаг. Хүн бол өөрөө нийгмийн амьтан. Нийгэм байгаа цагт хүн нийгмээ л дагадаг. Ер нь аливаа улс энэ талаар ямар бодлого барьж байгааг шоронгоос нь мэдэж болно.

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, криминологич Б.Батзоригтой Монгол дахь криминологийн шинжлэх ухааны талаар болон гэмт хэргийн тухай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та Криминологийн шинжлэх ухааны талаар уншигч олонд мэдээлэл өгөхгүй юу ? Криминологи нь Криминалистикийн шинжлэх ухаантай адилхан уу?

-Криминологи гэдэг бол криминалистикаас эрс ялгаатай. Криминалистик гэдэг бол энгийнээр хэлбэл нотлох баримт, гар хурууны хээ зэрэг гэмт хэргийн баримтад тулгуурлаж, гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа багтдаг. Харин криминологи гэдэг бол яагаад энэ нийгэмд болохгүй бүтэхгүй гэмт хэрэг, сөрөг үзэгдэл гараад байдаг, ямар түвшинд байгаа, хүн яагаад гэмт хэрэг үйлддэг, хохирогч болдог, түүнд нь ямар хүчин зүйлс нөлөөлж байдгийг судалж, түүнээс урьдчилсан сэргийлэх арга зам боловсруулдаг шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл “Криминологи” гэдэг ойлголт бол дэлхийн аль ч улс оронд орчуулагдахгүйгээр шууд ойлгогдож, хэрэглэгддэг нэр томьёо юм. Яг л “Философи” гэдэгтэй адил. Харин “Криминалистик” гэдэг бол хуучин социалист орнуудын хувьд түлхүү хэрэглэгддэг бөгөөд бусад орнуудад ялгаатай байдлаар хэрэглэгдээд явдаг онцлогтой. Дэлхийн бараг бүх улсад Криминологичдын холбоо гэж байдаг. Харин Монголын Криминологичдын холбоо 1999 онд анх байгуулагдаж байсан. Нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцдэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын нэгдсэн төрийн бус байгууллага юм. Үүнд жишээ татвал Академич Нарангэрэл гуайгаас авахуулаад дурдаж болно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний санаа сэтгэлд багтамгүй гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл цацагдах болсон. Энэ нь өнөө үед мэдээллийн хүртээмж сайжирсантай холбоотой ил болоод байна уу, эсвэл үүнээс ч өмнө манай нийгэмд хүнд гэмт хэргүүд гардаг байсан юм уу?

-Яахав дээ, гэмт хэрэг бол өмнө нь ч гарч байсан, одоо ч гарч байгаа, цаашдаа ч гарна л даа. Гэхдээ тийм ноцтой, аюултай гэмт хэрэг гаргуулахгүйн тулд юу хийх ёстой, ямар бодлого баримтлах ёстой вэ гэдэг дээр төр өөрөө судалгаа шинжилгээ хийгээд сууж байх хэрэгтэй л дээ.

Энгийнээр хэлбэл нийгмийг хүн гэж үзээд, өвчнөө болохоор гэмт явдал гээд үзчихдэг байхгүй юу. Тэгэхээр энэ өвчин юунаас болоод гараад байгаа юм? Өвчин хаана тархаж байгаа юм? За одоо хорт хавдар гэдэг нь “авлига” гэдэг ч юм уу, хүүхдийн гэмт хэрэг, архидалт гэх мэт эдгээр нь аливаа бие организм өвддөг шиг манай нийгмийн өвчин юм. Гэмт хэргүүд бол маш том хүрээнд маш өргөн утгатай. Нийгэмд гэрэл байгаа цагт сүүдэр заавал байна. Хүн байгаа цагт ямар нэгэн байдлаар хүн өвдөж л таарна шүү дээ. Гэхдээ энэ өвчин маань ямар байдлаар тархсан, юунаас болоод байгаа, хэрхэн эмчлэх вэ, мөн хэрхэн өвчнөөс урьдчилсан сэргийлэх вэ гэдэгтэй адилаар нийгэмд гэмт хэргийн тухайд эдгээрийг хийдэг шинжлэх ухаан нь криминологи юм.

Харамсалтай нь манай Монгол төрд “Хүнээ шоронд оруулахгүй, хүнээ бусдад алуулахгүй, хүүхдээ бусад хүний гарт хөнөөлгөхгүй, ямар нэгэн бузар муухай зүйлсэд өртүүлэхгүйн тулд яах ёстой вэ?” гэдэг бодлого одоогоор алга. Яг энэ чиглэлээр нэгдсэн том судалгаанууд хийгдэж байгаа боловч үр дүнг нь тоохгүй байна. Ухаандаа бол хүний биеийг оношилдог шиг нийгмийн өвчнийг оношлоод байна. Гэтэл хүнд уушги чинь хатгаатай байна гэвэл “Аан, би өөрөө мэдэж байна, өөрөө эмчилнэ” гэдэг шиг тийм авир гаргаж байна. Энэ чинь уг нь шинжлэх ухаан байхгүй юу.

Монгол анх криминологийн шинжлэх ухааныг бүтээгээгүй, дэлхий үүнийг чинь бүтээчихсэн, дэлхийн аль ч улсад тодорхой нэг үзэгдлийг судалдаг нарийн судлаач нар нь байж байдаг, тэр бүү хэл хуулийн сургуулиудад нь хоёр бүхэл хэсэгт хувааж заадаг. Тухайлбал, онолын хэсэг гээд сэтгэл судлал, биологи, социологи талаас нь хүн яагаад гэмт хэрэг үйлддэг гэх мэт. Харин нөгөө хэсэгт нь тодорхой гэмт хэргийн учир шалтгаан, яаж урьдчилсан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар нарийн сургаж байдаг. Гэтэл манайд тийм биш, зүгээр л нэг сонгон судлах хичээл байдлаар ордог.

-Төр иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлөөр хангах үүрэгтэй. Энэ үүргээ хангаж чадаж байгаа юу?

-Хүн гэмт хэрэгт холбогдох, аливаа муу зан үйлд суралцах олон төрлийн хүчин зүйл байдаг. Хүн бол өөрөө нийгмийн амьтан. Нийгэм байгаа цагт хүн нийгмээ л дагадаг. Ер нь аливаа улс энэ талаар ямар бодлого барьж байгааг шоронгоос нь мэдэж болно. Ямар төрлийн хүмүүс шоронд нь байна тэр улс тийм л бодлого барьдаг гэсэн үг. Жишээ нь Хойд Солонгост очих юм бол ихэнхдээ улс төрийн хоригдлууд байгаа, энэ нь манайхаас өөр бодлого барьдаг гэсэн үг. Түүнчлэн “гэмт хэрэг” болон “гэмт явдал” гэдэг нь хоорондоо ялгаатай. Гэмт хэрэг гэдэгт хүн амины, хүчингийн болон авилга гэх мэт багтдаг. Харин гэмт явдал гэдэгт цогцоор нь хардаг. Архидалт, амиа хорлолт гэх мэт болоод жижиг том зөрчлүүд ч хамаардаг. Тухайлбал, хугацаа нь хэтэрсэн бараа зарж байна. Түүнийг бие сайтай хүн хэрэглээд өвдөхгүй байж болно. Гэхдээ бие муутай хүн хэрэглэвэл үхэж ч болно шүү дээ. Тийм бол энд хэн хэрэглэж байгаагаас шалтгаалаад гэмт хэрэг болох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэж байна. Энэ тохиолдолд гэмт явдал гээд цогц үзэгдлээр нь авч үздэг.

Төрийн бодлого, хууль зүйн чиглэлээр ажилладаг хүмүүсээс асуугаарай. Жишээ нь машины хулгай таван жилийн дараа ямар болох вэ? Өсөх үү, буурах уу? Өснө гэвэл бууруулахын тулд ямар арга хэмжээ, бодлого барих юм? Тэр гэмт явдлыг гаргуулахгүйн тулд яг юу хийх гэж байгаа юм гээд. Тэд юу гэж хариулах бол доо.  Гэтэл гэмт явдал болгоныг тэр үед нь дарах юм уу. Үүний цаана хүмүүс хохирно, хүн амь насаа алдана, хүүхдүүд хүчирхийлэлд өртсөний дараа арга хэмжээ авах юм уу.

-Криминологи судалдаг судлаач нар манайд хэр их байна вэ?

-Түрүүнд хүний бие дээр жишээ авсан шиг аливаа гэмт хэргийг судлахдаа маш нарийн тусгайлан дагнасан судлаач нар байдаг. Шүдний эмч, бөөрний эмч, зүрхний эмч гэдэг шиг авлигаар, зохион байгуулалттай гэмт хэргээр, хүүхэд хүчирхийлдэг гаж донтон гэх мэтээр тусгайлан судалдаг судлаач нар байдаг. Гэтэл манайд энэ нь тийм ч хангалттай биш байна. Монголын криминологичдын холбоо одоо бусад салбарынхантай нийлж судалж байгаа. Социологи, антропологи, сэтгэл судлал бүр математикч хүмүүс ч байна.

-Төрийн зүгээс криминологич хүмүүст дэмжлэг үзүүлдэг үү?

-Төрөөс бид дэмжлэг хүсээд яахав дээ. Бид өөрсдөө ажиллах ёстой, судлах ёстой, судлаачдаа бэлтгэх ёстой. Ер нь гэмт хэрэг гэдэг бол төрийн буруу бодлогын золиос байдаг. Криминологичид бол жишээ нь “энэ бодлого чинь буруу байна, энэ шийдвэрээс чинь болж авлига ихэснэ шүү. Хэрвээ энэ бодлогоо засахгүй бол улс төрчид чинь өөрсдөө хэрэг хийгээд эхэлнэ шүү” гэж судалж гаргаж ирдэг хүмүүс өөрсдөө төрөөс захиалга аваад бүх зүйлээ хийгээд байвал юу болох уу? Тийм учраас бусад оронд бол дэмжих гэхээсээ илүү бие даасан байдлыг нь хангаж судалгаа хийх боломжийг нь гаргаж өгдөг. Гэтэл манайд болохоор төр өөрөө гэмт хэрэгтэй тэмцэж байна, гэмт хэргийн тоог өөрсдөө бүртгэж байна, шалтгаан нөхцөлийг өөрсдөө тодорхойлж байна, өөрсдийнхөө хийсэн ажилд өөрсдөө дүн тавьж байна. Нэг хэсэг судлаачдын дунд “Гэмт хэргийг загнаж бууруулна” гэж яриа байдаг байсан юм. Жишээ нь хулгайн гэмт хэрэг нэмэгдээд байвал бүхэлд нь загначихвал, хулгайн гэмт хэрэг буурчихдаг байхгүй юу. Энэ нь яана гэсэн үг вэ гэвэл ерөөсөө хэргээ бүртгэхээ байчхаж байгаа юм. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг чинь тийм амар огцом буурдаггүй. Нэг ёсондоо хуулийн байгууллагад тодорхой нэг хэрэг өсөөд дарга нь загнаад байхаар ганц чаддаг арга нь бүртгэхээ байчихдаг. Хатгаа авсан хүнийг “Чи наадахаа хурдан эмчил” гээд эдгээж болдоггүй биз дээ.

Ингээд тоо нь худлаа болоод ирэхээр нөгөө гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд дээр очдог хөрөнгө нь бага болно. Тухайлбал, зуун хулгайч байхад арван хулгайчтай тэмцдэг л төсөв өгнө шүү дээ. Тиймээс төр тэмцдэг, судалдаг, үнэлдэг аргаа өөрөө авч болдоггүй юм. Гэтэл манайд ийм байна.

-Манай нийгэмд ихэнх хүмүүс хуулиа чангалаад байвал гэмт хэрэг багасна гэх ойлголттой байдаг?

-Жирийн хүмүүсийн хувьд бол зөв л дөө. Мэдээж чадаж байгаагаар нь “шоронд хийгээд өгөөч ээ, хуулиа чангалаад өгөөч ээ” л гэж хэлнэ шүү дээ. Гэвч шоронд хийх гэдэг бол хамгийн эцсийн арга байдаг. Ухаандаа хүүхэд сахилгагүйтээд байвал түүнийг болиулах олон арга байгаа шүү дээ. Тэгтэл шууд очоод зодчихож байгаатай яг адилхан. Хүн гараа шалбарахад гараа тайрдаггүй биз дээ.

Гэхдээ хэрэг болгон янз янз. Тухайн хэргийн хүнд хөнгөн, дахиж үйлдсэн үйлдээгүй гэх мэт. Анх удаа хэрэг хийсэн болгоныг шууд шоронд хийгээд байж болохгүй. Харин анх удаа хүн алсан юм байна гээд бас чөлөөтэй явуулна гэсэн үг биш л дээ. Шоронд орж байгаа хүнийг хараад бусад нь бас сургамж авдаг. Төр бол энэ тал дээр бодлогоо барьдаг. Шоронд оруулна гэдэг бол эцсийн л арга хэмжээ юм. Оронд нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх олон арга байдаг. Үүнд соён гэгээрүүлэх, гудамж талбайн гэрэлтүүлэг, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар олноор нэмэх гэх мэт. Түүнчлэн нийгэмд үлгэр болж байдаг нөлөө бүхий хүмүүс зөв үлгэр дуурайлал болох хэрэгтэй байна. Улс төрчид нь хулгай хийдэг, элдэв асуудалд орооцолддог байвал адаглаад яаж залуу үе нь хэрэг хийхгүй байх юм бэ. Ингэж болдог юм байна гээд амар хялбар арга л сүвэгчилнэ шүү дээ.

-Нийгэм нь гэмт хэрэгтнийг бүтээгээд байна уу? Эсвэл төрмөл байдаг юм уу ?

-Олон хүчин зүйл, олон онолоор тайлбарлагддаг. Тухайн хүний онцлог, сэтгэцийн өвчин, эрүүл мэнд, бие эрхтний харьцаа гэх мэт дурдаж болно. Жишээ нь хулгайч хүний хүүхэд хулгайч биш шүү дээ. Нийгэмд асуудал гараад зарим хүмүүс боломжгүй болоод ирэхээр зарим нь хулгай хийдэг, зарим нь хулгай хийдэггүй. Үүнд бас хувь хүний сонголтын, үнэлэмж, үнэт зүйлийн асуудал яригддаг. Гэвч нийгмийн хүчин зүйлүүд дийлэнх нь байдаг. Хүн яагаад хэрэг хийдэг талаар криминологийн онол талаас дэлгэрэнгүй тайлбарлана гэвэл маш их урт юм болно.

-Манай улсын хуулийн хэрэгжилт тал дээр ямар арга зүй, концепцоор хардаг юм бэ? Хохирогч аливаа хэргийг сэдэлжүүлсэн тохиолдолд хэрэг хийсэн хүн гэм буруутай болох нь зөв юм уу?

-Хүн ямар зүйл хийж болох болохгүй гэдгийг хуулиар зааж өгдөг. Тэрийг хийвэл тодорхой ялаар шийтгүүлнэ гэх мэт. Дээрээс нь учир шалтгааныг нь тооцож үзээд ял нь хоорондоо зөрүүтэй байдаг. Жишээ нь 5-15 жил гэдэг ч юм уу. Саяны чиний хэлдгээр хохирогчийн буруутай үйлдлийн улмаас байвал арай хөнгөн ял өгнө. Гэхдээ хохирогч цонхоо онгорхой орхисон гээд цонхоор нь ороод хулгай хийж болохгүй биз дээ. Үүнтэй адил хохирогч ямар нэгэн авир гаргалаа гээд түүнийг хөнөөж болохгүй шүү дээ. Хохирогчийн илтэд буруутай, санаа сэтгэл цочирдсон, хэл амаар доромжилсон, аргагүй хамгаалалт гэх мэт хийсэн бол хуулийн хариуцлагаас чөлөөлдөг заалтууд бий. Гэвч манай шоронд хийдэг хуулиуд сайн. Шоронд хийхээсээ өмнө юу хийх талаар заасан хуулиуд нь байдаг боловч тэр ажлаа манайхан бүрэн сайн хийж чаддаггүй. Шоронгоо л бариад байдаг.

-Таны бодлоор бид гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Цагдаа бол гэмт хэрэгтнийг бариад, илрүүлээд, тэгээд шүүх рүү явуулдаг хүмүүс болохоос биш нийгэмд байгаа бүх хүнийг “Энэ хүн гэмт хэрэг хийх нь үү" гээд дагаад явдаг ажил хийдэггүй. Өнөөдөр манайд цагдаа нараар урьдчилан сэргийлэх ажлыг хийлгэж байгаа харагддаг. Үгүй, тэд хийх ёсгүй. Цагдаа өөрөө оногдсон ажлыг сайн хийж байгаа нь, эргүүлд гарах, шударга ажиллах, тэр ч бүү хэл цагдаагийн машин зогсож байгаа нь өөрөө урьдчилан сэргийлэлт юм. Түүнээс биш цагдаа зурагт хуудас барьж зогсоод, дуулж бүжиглээд явах үүрэггүй. Олон улсад ер нь цагдаа соён гэгээрүүлэх ажлыг барагтай бол хийдэггүй. Яахав социализмын үед бол хийдэг байсан. Гэтэл манайхан одоо хийлгээд байна шүү дээ. Жишээ нь малын хулгай гэхэд дан ганц цагдаад овоолчихдог. Гэтэл үүнд малчин, сум, аймаг гээд олон хүний хөдөлмөр байхгүй юу. Цагдаа бол барагдашгүй их ажилтай болчихлоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг сургууль, цэцэрлэг, бусад яамд, аймаг, сум гэх мэт бүгд оролцох ёстой.

History.mn, Zaag Media Content-ийн редакцид бэлтгэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]