Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

14 жилийн дараа болох ослыг урьдчилан харсан ньУншсан22,105

Түүний бичсэн энэ зохиол ослын дараа асар их нэр алдрыг авчирсан төдийгүй бас тэрээр Титаник онгоны сүйрлээр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхний жинхэнэ дайсан болжээ.

 “...Англид Титан нэртэй агуу том усан онгоц бүтээжээ. Хамгийн том, хамгийн тансаг, хамгийн хурдан... энэ онгоцоор зорчих тасалбарыг зөвхөн баячууд, дээдсүүд л худалдан авч чадах бөгөөд энэхүү Атлантын далайг хөндлөн туулах анхны аяллаараа Титан онгоц хамгийн хурдан хөлөгт олгодог цэнхэр тууз шагналыг авахаар төлөвлөж байв. Гэвч хаврын нэгэн хүйтэн орой бүх л хурдаараа явсан энэ хөлөг мөсөн уулыг мөргөн гэмтэж, ус зайлуулах төхөөрөмжийн хүч хүрэхгүй, аврах хантааз ч дутагдан, хөлөг живэх цаг болоход олон хүн амь насаа алдах нь нэгэнт тодорхой боллоо...”

Ихээхэн танил зураг байгаа биз. 1912 онд мөсөн уул мөргөж сөнөсөн Титаник усан онгоцны түүхийг хаанаас ч юм олж бичсэн мэт харагдаж байгаа байх. Гэтэл энэ бол бодит түүх биш ердөө л зөгнөлт уран зохиол. 1898 онд Морган Робертсон хэмээх хүний бичсэн «Futility» хэмээх зохиолын нэг хэсэг юм. Дахиад хэлэхэд 1898 онд буюу алдарт Титаникийн сүйрлээс 14 жилийн өмнө бичсэн зохиол юм шүү.

Алив ид шид, далдын хүч, хутагт хувилгаадууд, мэргэн түргэн хүн гэх зэргийн зүйлд итгэдэггүй хүмүүсийг ч (эдний нэг нь үүнийг бичигч) гайхуулах ийм явдал үнэхээр болсон билээ. 1898 оны тэр зохиол тухайн цагтаа олны анхаарал татаж сүйд болоогүй боловч дараа нь буюу Титаникийн сүйрлээс хойш тухайн зохиолоос анхаарал татах олон зүйлүүд олдсон байна. 

Жишээ нь осол болсон цаг үе нь хаврын нэгэн хүйтэн өдөр гэсэн бол Титаник 1912 оны 4-р сарын 12-нд сүйрсэн, ослын шалтгаан нь ч гэсэн адил буюу хар хурдаараа давхиж яваад мөсөн уул мөргөсөн, тэр тусмаа аль аль онгоц нь хөлгийн баруун урд хэсгээр мөргөсөн ба олон хүн амь үрэгдсэн шалтгаан нь аврах хантааз дутагдсан... гэх зэрэг. Зөвхөн энэ ч биш...

«Futility» хэмээх анхны зохиол дээр Титан онгоцыг хэрхэн дүрсэлснийг бодит Титаниктай харьцуулан харая:

1912 онд Титаник сүйрч дэлхий дахиныг шуугиулан байх тэр үед хүмүүс “нэг иймэрхүү зүйл бичиж байсан” гэгдэх Морган Робертсоны зохиолыг эргэн санацгааж, уг номыг хайж сурагласан хүмүүс Европ, Америк даяар бий болцгоожээ. Гэтэл энэ ном өмнө нь хэвлэгдээд олигтой зарагдахгүй, хэвлэсэн газар нь алдагдал хүлээж, дэмий хоосон юм хэвлэсэндээ ихээхэн харамсаж байсан гэх бөгөөд уг зохиолоос болж бүр дампуурах дээрээ тулж байсан ч үе бий гэдэг. Харин одоо Робертсоны тэнгэрээс од шүүрэх цаг үе. Зөгнөлт зохиолоо дахин хэвлүүлж нэрийг нь бага зэрэг өөрчлөн  «Futility, or the Wreck of the Titan» болголоо. Цөөнгүй жижиг сажиг зүйлийг болсон явдалд тааруулан өөрчилсөн бөгөөд яагаад ч юм бараг адилхан Титан гэдэг нэрээ хэвээр үлдсэн байна.

Анхны зохиол дээр Титан онгоцны техникийн үзүүлэлтийг чухам яг дээрх хүснэгтийн байдлаар бичиж байсан эсэх тухай ихээхэн маргаантай байдаг бөгөөд уг зохиолыг хэд дахин хэвлэхдээ дээр дурдсанаар зарим нэг зүйлийг бодит осолтой ойртуулах гэж нэлээд өөрчилсөн учир ийм маргаан гардаг юм байна. Гэхдээ үндсэн үзүүлэлтүүд нь, үйл явдлын учир шалтгаан, өрнөл нь яах аргагүй 14 жилийн дараа болсон бодит сүйрэлтэй дэндүү адилхан байсан гэдэг.

Түүний бичсэн энэ зохиол ослын дараа асар их нэр алдрыг авчирсан төдийгүй бас тэрээр Титаник онгоны сүйрлээр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхний жинхэнэ дайсан болжээ. Ядаж байхад ослын дараа зохиолоо дахин хэвлүүлэхдээ бодит байдлаас нэлээд зүйлийг хуулж, өөрчилсөн учир хүний үхэл, зовлонгоор ашиг олж байгаа “новшид” дургүйцэн байх нь ойлгомжтой. 

Удалгүй зохиолчийг айлган сүрдүүлсэн, доромжилсон, харааж ерөөсөн олон зуун захидал өдөр болгон ирдэг болсон төдийгүй ослын буруутан нь, хар цагаан хэл ам хүргэсэн хүн нь чухам энэ зохиолч гэж итгэх хүмүүс амь насанд заналхийлэх болжээ. Энэ бүх дарамтаас гадна уран зохиолын хямралд орсон зохиолч маань гуравхан жилийн дараа нас барсан байна.

Алив нэг бодит үйл явдлыг болохоос нь өмнө ингэж уран зохиол болон бусад байдлаар бичсэн нь үнэхээр хачирхалтай, сонирхолтой зүйл бөгөөд иймэрхүү жишээ бас ч ганц нэг байдаг юм билээ. Гэхдээ үүнд би Нострадам (Нострадамус), Ванга эмээ... гэх мэтийн “шарсан мах андахгүй шар зурхайч” мэтийн хүмүүсийн хэлсэн ч байж мэдэх, үгүй ч байж магадгүй ихээхэн будлиантай зүйлүүдийг хэлж байгаа юм биш шүү. Ингээд нэг жишээ:

Эдгар Погийн “Артур Гордон Пимийн адал явдал” хэмээх ном байдаг гэнэ. Энэхүү 1838 онд бичигдсэн зохиолд задгай далайд усан онгоц сүйрсэний дараа 4 далайчин аврах завинд орж амьд үлдэх ба өлсөж цангах нь туйлдаа хүрсэн далайчид нэгнийгээ идэж амьд үлддэг түүхийн тухай юм гэсэн. Харин тэр идүүлсэн далайчны нэрийг зохиолд Ричард Паркер гэдэг байж.

Гэтэл 1884 онд Миньонетт хэмээх хөлөг далайд сүйрэхэд  дээрх зохиолд гардаг шиг дөрвөн хүн завьтай амьд үлдэж, өлсөж цангасан хүмүүс шодож байгаад нэгнийгээ идэж амьд гарсан бодит тохиолдол бий. Идүүлсэн далайчны нэр нь бас л Ричард Паркер. Сонирхуулаад хэлэхэд Life of Pi хэмээх кинонд гардаг барын нэрийг мэдэх үү? Ричард Паркер.

Өөр нэг ойрын жишээ болох “Симпсоныхон” хүүхэлдэйн киноны тухай “Ирээдүйг харсан бас нэгэн уран бүтээл” хэмээх нийтлэлдээ бичиж байсныг маань уншиж байсан хүмүүс санаж байгаа болов уу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]