Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкийн Ленд-лизгүй ЗХУ яах байсан бэ?Уншсан1,722

Ленд-лизийн чиглэлээр олгосон нийт бараа бүтээгдэхүүний 22% нь ЗХУ-д очсон ба бусад нь өөр 70 гаруй улс оронд очсон юм гэнэ лээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р их дайны тухай, түүнд АНУ-ын гүйцэтгэсэн үүрэг оролцооны талаар манайхан их маргалдана. Нөгөө л “АНУ-ын ленд-лизгүйгээр ЗХУ Гитлерт арчуулах байсан” гэж нэг хэсэг нь боочих дөхөхөд нөгөө хэсэг нь “Америкийн тэр элдэв шальдав юмтай юмгүй алдарт Улаан арми Вермахтыг бут цохих байсан” гээд харвачих шахаад л. Саяхан ийм нэг утга учиргүй, улайрсан гэхэд багадмаар маргааныг сошиалаар харж л байлаа. Бидэнд өгөөгүй, бид өгөөгүй зүйлийн тухай тэгж үхэлдэн тэмцэх гэж. Фанатизм гэдэг хэцүү юм даа.

Яг бодит байдал дээрээ ленд-лиз нь Зөвлөлтийн ялалтад хэр их үүрэг гүйцэтгэсэн юм бол гэдгийг сонирхон, зарим нэг зүйл харж, уншиж үзэхэд ихээхэн сонирхолтой баримтууд байдаг аж. Ингээд аль болох үнэн худал нь үл мэдэгдэх тоо цифрээс зайлсхийж сонирхуулахад:

-Бидний яриад байгаа ленд-лиз буюу тэрхүү тусламжийн тухай хуулийн нэр нь “An Act to Promote the Defense of the United States” буюу "АНУ-ын батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай зүйл" юм байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Улаан армид зориулсан биш Америкийн ашиг сонирхолд зориулсан эд байжээ. Харин Америкийн ашиг сонирхолд нийцэж байвал тэд хийх ёстой бүхнийг, бүр хийх ёсгүй зүйлийг ч хийдэг бөгөөд чөтгөр шуламтай нийлэхээсээ огт буцахгүй улс.

Нэгэнт Зөвлөлтийн Улаан армид цэргийн болон бусад тусламж үзүүлэх нь Америкийн эрх ашигт нийцэж байгаа тул тэд энэ ажилд маш нухацтай, хамгийн гол нь өргөн далайцтай хандаж, нийтдээ 10,7 тэрбум долларын эд зүйл нийлүүлсэн байна. Өнөөгийн дүнгээр энэ нь 15-20 дахин үржихтэй тэнцэх мөнгө байх нь. Энэ тусламжид хамгийн энгийн махан нөөшөөс эхлээд сүүлийн үеийн зэвсэг техник, ховор чухал металл, багаж хэрэгсэл гээд түмэн зүйл байв.

Сонирхуулахад: АНУ-ын ленд-лизээр Зөвлөлтөд илгээж байсан Шерман танканд Зөвлөлтийн дайчид тун ч дуртай байсан гэдэг.  Учир нь энэ танк тухайн үеийн нэг шилдэг техник байсан төдийгүй,  Америкаас ирсэн бараг танк болгоны их буунд шил архи, виски байдаг байжээ. Их бууны калибр, архины лонхны хэмжээ хоёр жигтэйхэн сайхан таарахыг яана. Танкчид ч энэ нууцаа гадагшаа алдалгүй  удаан тэссэн ба энэ шилтэй архи нь харин албан ёсны ленд-лизтэй огт хамаагүй, албан бус буцалтгүй тусламж буюу үйлдвэрийн ажилчдын сайн дурын тусламж дэмжлэг байсан юм гэнэ лээ.

Ленд-лизээр нийлүүлсэн бараа материалын тоо хэмжээ, нэр төрлийг яриад барахгүй. Харин энэ ленд-лизийн төлбөр мөнгө л хамгийн сонирхолтой байх. АНУ болон ЗХУ-ын хооронд хийсэн гэрээгээр дайны үед устаж алга болсон, гэмтэж сүйрсэн эд материалын төлбөр гэж зүйл байхгүй ба дайны дараа гэмтэж эвдрээгүй, бүрэн ажиллагаатай үлдсэн эд зүйлүүдийн төлбөрийг л оросууд төлөх ёстой байжээ. Үүнийг жинхэнэ тусламж гэхгүй бол юуг чухам тусламж гэх юм бол? Үүний хажуугаар Зөвлөлтийн худалдаж авсан, Америкийн сайн дурын байгууллагуудын тусламж, хувь хүний хандив гээд бас их хэмжээний эд зүйлс бөөн бөөнөөрөө ирж байсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Дайн дууссаны дараа 1948 онд Зөвлөлт, Америк хоёр төлбөр мөнгөний тухай асуудлаа шийдэхээр уулзалдаж эхэлжээ. АНУ-ын тооцоогоор тэд 1,3 тэрбум доллар авах ёстой бол Зөвлөлтийн тооцоогоор 170 сая байх ёстой гэж гарч. 1951 онд америкчууд 800 сая өгөхөд болно гэхэд оросууд 300 сая гэх мэтээр наймаалцаж байгаад 1972 онд 722 сая доллар + хүү гэсэн тохиролцоонд хүрсэн юм. Гэсэн ч 1973 онд Зөвлөлтийн эсрэг авсан хориг арга хэмжээ болох Жексон-Вэникийн хууль (эдийн засгийн хориг) гарснаар энэ тохироо бүтэлгүйтжээ. Тухайн үед ЗХУ ердөө 48 саяыг л төлөөд байсан гэдэг. Ингэж явсаар 1993 онд шинээр бий болсон ОХУ, АНУ хоёр дахин яриа хэлэлцээ хийж, 674 сая долларыг 2030 он хүртэл хувааж төлөхөөр тохиролцоонд хүрсэн ба  хуваарийн дагуу төлсөөр байгаа юм. Одоо ленд-лизийг ямар нэг худалдаа наймаа гэх үү, эсвэл бараг л үнэгүй өгсөн тусламж гэх үү, хүн болгон л өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз.

Дараагийн асуудал бол ленд-лизийг олгож эхэлсэн цаг хугацааны асуудал. Анхны бараа бүтээгдэхүүнүүд 1941 оны 12-р сард ирж эхэлсэн ба энэ бол Улаан арми Москвагийн хамгаалалтад ялалт байгуулж, Гитлерийн Германыг ялах эхлэлээ тавьсан тэр цаг хугацааны дараа болсон явдал. Үүнээс болж "оросууд ялаад эхлэхээр л америкчууд юм өгч эхэлсэн” гэх яриа гарах болсон хэрэг. Ер нь бол 1943 оноос буюу Сталинградын их ялалтын дараанаас ленд-лиз бүрэн хүчээрээ ажиллаж эхэлсэн болохоор ингэж хэлэх нь ч аргагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ их бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүргэх, санхүүжилт олох гээд үй түмэн ажлыг хийхийн тулд багагүй хугацаа шаардлагатай нь ойлгомжтой. Америкчууд ийм том ажлыг харин ч маш хурдан шуурхай, сайн зохион байгуулсан бөгөөд өөр ямар ч улс ингэж чадахгүй байсан (тэр тусмаа ийм хугацаанд) гэдэгтэй маргах хүн үгүй болов уу.

Ленд-лиз гээч нь ялалтад ямар хувь нэмэр оруулсан юм бэ? Дайны үеэр Зөвлөлтийн аж үйлдвэрийн гаргаж байсан бүтээгдэхүүний хэдэн хувьтай тэнцэх хэмжээний бараа, материал, техник энэ ленд-лизээр ирсэн юм бэ гэсэн асуулт гарч таарна. Тэгвэл хариулт нь 5 хувь. Харин энэ нь их үү, бага уу?

Өнөөгийн Монгол Улс шиг нэг жижигхэн уулзвар засаад юм уу, нэг гүүр бариад л “Замын түгжрэлийг 30 хувь бууруулах болно” гэж ярьж бичдэг улсад бол энэ нь маш бага тоо. Харин юмыг бодитоор үнэлдэг улс оронд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх тусламж гэдэг бол маш их тоо билээ.

Дээр нь ленд-лизийн чиглэлээр олгосон нийт бараа бүтээгдэхүүний 22 хувь нь ЗХУ-д очсон ба бусад нь өөр 70 гаруй улс оронд очсон юм гэнэ лээ. Ленд-лизийн тухайд маш товчхондоо нэг иймэрхүү.

“Ленд-лиз байхгүй байсан бол оросууд сүйрэх байсан”, эсвэл “Зөвлөлтүүд ленд лизтэй, лизгүй Гитлерийг ялаад дийлээд явж байсан юм“ гэх мэтийн маргааны тухайд бол хэлэх ч юм алга. Түүхэнд “тэгсэн бол, ингэсэн бол” гэж ярих шиг тэнэг юм байхгүй гэж мөн ч их ярьдаг даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]