Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Таны сургаар Буянтоо аваргыг бухтай мөргөлдөж, бууртай хазалцах болтол нь бэлдэж байнаУншсан15,795

Хоол идэхийн завсар дэлхийн зуншлага, дээрхийн наадам, дээдсиин авир элдвииг хуучлах зуур “Намхайтан таныг ирэх сургаар хошуу хотлын ганц тасархай бөх Буянтоо аваргыгаа бухтай мөргөлдөж, бууртай хазалцахаар болтол ирлэн бэлдэж байгаа” гэж үгийн завсар хавчуулжээ.

Халхын даншиг наадмын зургаа дахь аварга, алдарт бөх Цэвэгийн Буянтогтох ид үедээ, мөн л Халхын домогт бөх харьж яваа Намхай аваргатай Монгол наадмын үзүүр түрүү булаалдсан тухай нэгэн сайхан өгүүллийг хүргэе.

Хөвчийн жонон вангийн хөглөгөр их тайга хөх ногооны униар оройдоо хөвөн шиг сэмлэсэн хөхөө шувуу хөг нэмж хөвшсөн идэр насны сэтгэл нэгэнт хайраар нялхарсан ид зуны хар ногоон цаг. Богдын хатан улсын эх дагина Дондогдуламын сүүдэр тохиосны баярт учралд Богд хаан, эх дагина нар морилон ирэхтэй өлзий билэгт наадмын сургаар Хөвчийн Жонон вангийнхан хөгшин залуу, хөрвө нялхгүй хөдөлцгөөж хөөрсөн сэтгэл хөвсөлзөж ахуй үе. Халхын төвд их даншиг наадам дэглэгдэхээс дутахааргүй дуулиант наадмын цуу хар шар, лам харгүй түмэн хүний сэтгэлийн хорхойсол асааж, тангад төвд таван хэлийн хүмүүн тал талаас цугларан ирэх сураг ч дуулдаж эхлэв.

Хөвчийн жонон вангийн ихэс дээдэс ч хөлгүй их найр наадмын бэлтгэлдээ хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхөн бэлдэцгээж эхлэв. Юуны өмнө цуут даншиг наадмын дэвжээнд бяр ааг хүчээрээ ааглан халхын их аварга, арслан, заануудыг уран мэх унаган их бяраараа угсруулан өвдөг шороодуулж Монгол даяар нэр нь ид л амнаас ам, айлаас айл дамжин яригдаж буй ид хорин хэдхэн настай идэр янгир шиг  Буянтоогоо онгон тахилгат их хайрханыхаа энгэрт 10 ханатай эрээн гэр, асар майхантай бэлтгэл сургуулийг нь хангаж бяр мэхийг нь тэгшлэхээр дагалдах бөхчүүд, дасгалжуулах ахмадуудын хамт гаргажээ.

Энэ нь халхын их дэвжээнд хөвчийн жонон вангийн нэрийг цуурайтуулж яваа Буянтоо аваргынхаа бие бялдрыг чангалж бяр мэхийг нь тэгшлэхэд ноён сангаас тусгай хөрөнгө хүнс хоол гаргаж наадамд бэлдэх ингэснээрээ хөвчийн жонон вангийн нутагт төрж өсөөд Богд хааны хатан, улсын эх дагины суудалд заларсан Дондогдуламд тал олж, нэр нүүрээ зузаалах нутагтаа ирж том наадам дэглэн буй их хатны наадамд нутгийнхаа аваргыг түрүүлүүлж нутаг хошууныхаа нэрийг аварч дархлах давхар санаа агуулсан ноёдын бодлого байжээ.

 Гэхдээ хамгийн гол нь тухайн үедээ халх даяар алдаршсан нэгэн цагийг эзэлсэн босоо их аварга Шагдарын Намхай хэдийгээр нас жаахан ахиж биеийн байдал өвчний учир чилээрхэн сүүлийн үед зодоглоогүй ч Богд хаан, Эх дагина нараас адис жанлав хүртсэн итгэлт дархан бөхийн хувьд хос морьтой холоос гарч нийслэл хүрээг дайран улмаар цуут наадмын тов зарлагдсан Хан Хэнтий нутгийг зорин яваагдуулсан хошууны ихэс дээдсийн Намхайд нутагтаа наадмаа алдахгүй гэсэн хортой бодлын шазуур зуусан илэрхийлэл байв.

Халхын дэвжээнд хаантай заргалдаж, заантай барилдахаас айхааргүй ирлэсэн хутга шиг ид насан дээрээ яваа  Буянтоо аварга ч тарган шар үхрийн аль л чанарлаг бараан, яргай хатуу булчин шөрмөстэй махыг сорчлон хүртэж, унтахдаа суран бугуйл дэрлэн, урт аргамжаа эвхэн сүүжин дороо хийн унтдаг байж.

Монгол бөхийн үе үед дамжин ирсэн энэ бие чийрэгжүүлэх сур аргамжны дээр унтах, булчинлаг махыг танан цагаан шүдээр тас тас хазлан тас няс дуугарган идэх нь бөхчүүдийн нэгэн бахархал бие бялдрын эрхэм чухал чийрэгжүүлэлт болдгоороо онцлог байж.

Буянтоо аварга нэгэн цагт даншгийн нэрт бөх өөрийн зөвлөх багш өвгөн арслангийн зөвөлгөөгөөр өдөрт 2 удаа ууланд гарч тэвэрт багтах том том чулуудыг өргөж толгой дээрээ гаргаад уулын уруу шидлэн чулуудах, голын усанд том тайрмал хар модыг урсгал сөргүүлэн сэлж түлхэх зэрэг баргийн бөх сэтгэл халиран бие зүдрэн буцахаар дасгалуудыг хийж өөрийн үндсэн мэх болох сэрвүү барьцнаас сэлж, халж суйлаад сээрээр нь дунгуйлдаж хаядаг мэхээ өдөрт хэдэн зуугаар нь давтан хийсээр бяр хүч, бие сэтгэл тэгшрэн “Амбан сэцэн хааны Хөвчийн Жонон вангийн энэ наадамд надаас өөр хэн түрүүлэхэв.

Намхай, Намхай л гэнэ, нас байна, бяр байна. Хажууд Хан Хэнтий налайж, хаад ноёд хүрээлэн байна. Барилдах шиг барилдаж түрүүлэх шиг түрүүлээд түмэн олны уухай доор дэвэн дэвсээр гайхуулна даа” гэсэн ааг омгорхол аяндаа төрөөд ирж гэнэ.

Түүн дээр өвгөн арслангийн өдөр бүр давтуулдаг нов нойтон ногооноороо зулзаган хусыг халз дайрч тэврэн аваад газарт наалдтал дэрлэн дарж нумруулан гэнэт хөлбөрөн эргэж харвуулдаг мэх онцгой таалагдаж, энэ мэхийг хийхэд эрх биш мод чулуу биш Монгол эхээс цус маханд заяасан хүн байна, дийлдэн тахимаа өгөх байлгүй гэсэн залуу хүний хөөрөл бие махбодиор нь исэлдэн буцалж эхэлж гэнэ.

Чухамдаа  Буянтоо аварга булгин шөрмөс гэж булуу чулуу бухын зориг буурын тэнхэл бүрдсэн үлгэрийн баатар мэт үлэмж аварга биетэн болох шиг болж дээ. Наадам эхлэхэд ганц хоног үлдэж Эх дагина ч Богд гэгээний хамтаар сүйх тэрэг хөлөглөн сүрэгчин, шивэгчин, түшмэл, сойвонгуудаа дагуулан байгалийн үзэсгэлэн төгс бараа сүрлэг уулсын энгэрт хараа гүйцэмгүй цэлгэр хөндийд асар майхнаа алаглуулан хуарлуулан хангайн цэцэгтэй ханьсан айлсан бууцгаав.

Яг энэ үеэр усан бороо уйлагнан больж алдах өдрийн үдээр баруун хойноос бараан хос морьтой баргил ханхар эр нутгийн нэгэн бэл хөлөөр ихгүй ч нэр хүндээр өндөр нэгний уяан дээр дөрөө мултлан саатсан нь халхын цуут аварга Ш.Намхай байлаа.

Халхын цуут аваргыг хар бор гэрийнх нь хаалгаар багтсанд тэр өдрийн нар тэнгэрээс гэрт нь буугаад ирсэн юм шиг баярлаж, хөл бэлээр ихгүй ч хөрстөд үзэж туулсан нь их нэгэн дээшээ хоймортоо дээдлэн тухлуулж дэвсгэр ширдэг зузаалан өгч, таван гүүнийхээ айргийг тагш тагшаар аягалан тарган хонины таанатай баруун хөл мах таваглан барьжээ.

Захад зогсоо өндөр хөх өвгөн бол Даншгийн аварга, Сэцэн ханы Буянтогтох

Хоол идэхийн завсар дэлхийн зуншлага, дээрхийн наадам, дээдсиин авир элдвииг хуучлах зуур “Намхайтан таныг ирэх сургаар хошуу хотлын ганц тасархай бөх  Буянтоо аваргыгаа бухтай мөргөлдөж, бууртай хазалцахаар болтол ирлэн бэлдэж байгаа” гэж үгийн завсар хавчуулжээ.

Нутгийн тохьтой хүний нуулгүй хэлсэн үг сайхан сэтгэл хоёрт баярласан их аварга нэг сайхан инээснээ “Яахав дээ хө. Наадам болдгоороо л болно. Намхай барилддагаараа л барилдана шүү дээ гэжээ. Урт зам туулж алжаасан би унтаж амаръя даа. Ах минь та миний морьдыг аргалвал дүү нь талархана” гээд их аваргын бөх нойроор нойрсчээ.

Хангай нутгийн халиурсан өвстэй бэлд хар ногоон дээлийг халцарч, холцортол наадсан наадмын хоёр дахь өдрийн хонин цаг дор хоёр бөх үзүүр түрүү булаалдахаар үлдсэн нь хойшид домоглогдон үлдэх ирээдүйн их аварга Буянтоо, халхын домогт бөх харьшгүй хүчит Намхай нар байлаа.

Наадамчин олны зүү орох зайгүй том тойрог дотор хойморлон суух ихэс дээдсийн мэлмийн өмнө хоёр бөх зүүн баруун талаас засуулаа ханаруулан зүлэг ногоо халцлан, нар даллан дэвэн дэвсээр гарч ирэх нь сүрлэг агаад ихэмсэг хээнцэр нэгэн агшны тод зураг ажгуу.

Нэр төртэй ихэс дээдсийнхээ өмнө нэгэнт л үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдсэнийх харьж яваа халхын их аваргыг халж суйлаад хар сээрээр нь газардуулдаг дархан мэхээ хийж хаяхын хүсэлд автсан залуу аварга “хүүе” гэхийн завдалгүй ухасхийж, их аваргын зодогноос сэнжлэн бариад дугтарвал их аварга нэг тонгос гээд дагаад ороод ирэх шиг болсноо дараа нь юу болсныг мэдсэнгүй. Нэг л мэдсэн Буянтоо аваргын ар зоогоор айхтар хүчтэй хатгуулан өвдөж, тэнгэр шаргалтан дайвалзаж дотор нь бачууран тархиар нь хатгуулан өвдөж байна гэнэ.

“За би биенээсээ илүү зан гарган тэнгэрлэг амьтныг тэхийн эврээр мөргөх гэж байж уналаа” гэж хоромхон зуур бодоод биеэ хүчлэн босч тахимаа өгөөд эргэхэд Намхай аварга баруун хацрыг нь үнсэж, зүүн хонгон дээр нь зөөлхөн алгадсанаа: “За, дүү минь цаашид бие сэтгэлээ тэнцүүлж барилддаг юм шүү” гэж захиад ихсийн өмнөх идээ, туг руу ханджээ.

Залуу аваргын хувьд сэтгэлийн болоод биеийн хий нь арилж, том сургамж, санамжийн сураар өөрийгөө ороолгосон тэр наадмын дараа Буянтоо аварга ингэж ярьсан гэдэг. “Хар биений чадал, хавтай насны аагинд эрдэнэ гэдэг бөх хүнд том нүгэл юм шүү. Нутгийнхаа наадмыг гадагшаа алдахгүй гэж эцэг эхийн заяасан жаахан эр бярандаа эрдэж байж хаа хамаагүй тасархай Намхай аваргад би нугасаа таслуулах дөхсөн хүн шүү.

Миний ойворгон зан, ноёдын хорон санааг ойлгосон Намхай аварга тэр үед олон бөхөд хийгээгүй, өрсөлдөгч бөхөө эхэлж өөрөөр нь хөдөлгөөд дагаж оронгуут хоёр гарын хуруунуудыг холбон барьж урдуураа гүйлгэн ардаа гаргаад баруун зүүн аль ч мөрөн дээгүүрээ давуулан хар сээрээр нь урдаа авчирч шидэн унагадаг сувих буюу шувтрах гэдэг мэхээ хийсэн нь тэр байж. Даанч босч ирээд хөлийн асар руу явахад усан хаван гүйгээд панцайсан нэгэн цул болчихсон байсан юм. Ер нь бөх хүн хэрээ л мэдмээр юм билээ. Би тэр үед өөрийгөө амбан шар, атан тэмээний бяртай л гэж бодож явсан. Тэгвэл Намхай аварга арслан, заан гээч амьтны бяртай байсан байх.

Харин ч би бага сарвага насандаа амьд гарч, илүү сарваганасан бол хаа гуяа ханз татуулах байж гэж одоо боддог. Ичихийн хэрэг байхгүй. Илүү юм илүү л байдаг юм. Их зан бүр ч хэрэггүй” гэж захиад хоймортоо ханхайн залуу насны гашуун дурсамжаа тарган хонины махаар даруулан тухалж суусан гэдэг.

Зүүн талаас: Хужаа хэмээх Чүлтэмсүрэн арслан, Гулзгай хэмээх Дамчаа арслан, Их Монгол хэмээх Х.Шаравжамц аварга, Маршал Х.Чойбалсан, Буур хэмээх Н. Жамъян аварга, Сэцэн ханы Буянтогтох аварга

Н.Мөнхсаруул

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]