Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жинжий Бадам, Сэндэр охин...Уншсан1,066

Өнгөрсөн үеийн тухай уран сэтгэмжийн үндсэн дээр бат итгэлтэйгээр тааварлан түүнийгээ илэрхийлсэн хэд хэдэн домгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Домог гэдэг бол үндэстэн угсаатны гарал үүсэл, түүхийн онцлог үйл явдал, түүхэнд алдаршсан бодит хүмүүсийн амьдрал, газар нутгийн тогтоц бүтэц, нэрийн учир холбогдлын тухай үнэн баримт, уран сэтгэмж хослуулан хүүрнэн өгүүлсэн аман зохиолын нэг төрөл юм. Өнгөрсөн үеийн тухай уран сэтгэмжийн үндсэн дээр бат итгэлтэйгээр тааварлан түүнийгээ илэрхийлсэн хэд хэдэн домгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙН ДОМОГ

«А» хувилбар

Дархан Цэндийн хүү Юндэн 19˗р зууны дундуур амьдарч байжээ. Түүний эцэг Цэнд өндөр нуруутай, эв хав муутай янхигар хар хүн Халх гол орчмоор нутаглаж; хориод ямаанаас өөр хөрөнгөгүй, голдуу дарх хийж амь зуудаг байв. Ганц хүү Юндэн нь өндөр цэх сайхан нуруутай, гоц цэвэрхэн хүрэн бор царайтай, хүүхэн хүн шиг битүү ургуулсан тас хар, гэзэгтэй байжээ. Бас тэгээд тэр барилдахдаа сайн, дуулахдаа эвтэйхэн гэж магтагддагаас гадна түүнтэй уулзаж ярилцсан эмэгтэй хүн бүхэн шүүрс алдан халагладаг байв гэнэ.

Данагар данагар алхаатай яа хө

Дал мөрөө бүтээсэн гэзэгтэйеэ хө

Далай вангийн Юндэн гөөгөө

Даанч цэвэрхэн төржээ хө

Гунагар гунагар алхаатайяа

Гурваар дарсан гэзэгтэйеэ хө

Гунхсан сайхан Юндэн гөөгөө

Гуниггүй цэвэрхэн төржээ хө гэх мэтээр Юндэн гөөгөө дуунд энэ тухай өгүүлж байна.

Юндэн хорин дөрөв тавхан идэрхэн насандаа хятад газар жин тээж яваад хүнд өвчин цочмог туссан учир Хорчин хошууны хавьд замдаа нэг айлд хоцорчээ. Төдий л их удсангүй эдгэсэн боловч нутаг буцах унаа хөсгийн бололцоо олдсонгүйд айлын мал харгалзах зэргээр амь зуун байжээ. Юндэн хуучин Монгол бичгийг зүгээргүй сайн мэдэж байсан тухай мэдээ тэр хошуу нутагт тарсан тул мөн хошуунд тамгын бичээч болсон гэнэ. Юндэн тэндхийн хүмүүстэй сайн танилцаж нөхөд олонтой болжээ. Тэндэх нутгийн нэг ядуу айлын маш үзэсгэлэнтэй охин Сийриймаа гэгч Юндэнд дурлаж, Юндэн ч тэднийхээр орон гаран явдаг болсон гэнэ. Гэтэл тэр нутгийн нэг баян айлын царайлаг төрсөн эрх танхил охин Гарваа гэгч авхай Юндэнд их дурласан байжээ. Юндэн түүнийг хайхарсангүй, Ямагт Сийриймаадаа татагдсаар байсан гэнэ

Баруун уулын энгэр дээрээ хө

Бадамлянхуа дэлгэрчээ хө

Баруун хошууны Сийриймаатай хө

Багын Юндэн гөөгөө мэндэлжээ хө

Зүүн уулын энгэр дээрээ хө

Зүйр хуар лянхуа дэлгэрчээ хө

Зүүн хошууны ордонд нь хө

Гарваа авхай жөтөөрхжээ гэх буюу эсвэл

 Өндөр байшингийн үүдэнд нь хө

Өнгийн дэнлүү дурайжээ хө

Эхнэр ихсийн дундаас хө

Гарваа анх дурлажээ хө гэж уг дуунд гарч буй нь дээр дурдсаныг тусгасан хэрэг болов уу? Тэр завсар мөн нутгийн эзэн ноён Бал гүн гэгч хүүгээ гэрлэх гэж хүүхэн ирээд олохгүй цөхөж байжээ. Түүнийг Гарваа мэдээд Юндэнгийн сэтгэлт бүсгүй Сийриймааг зааж өгсөн гэнэ. Энэ нь мөн дуунд

 Ор нийлүүлсэн Сийриймаа нь хө

Онцгой болсон нь юуных вэ?

 Ондоо хошууны Гарваа хүүхэн

 Ордонд ховлодог нь юуных вэ?

гэж гарч буйгаас тодорхой байна. Бал гүний санаанд Сийриймаа яв цав таарсан боловч Юндэнгээс болгоомжилсон учир Юндэнг дуудаж отго жинс шагнан өөрийн хиа болгож түр зуур байлгасны дараа тамганы таван түшмэлийн нэгний эрхийг өгөөд хятад газар албанд томилсон нэрийдлээр холдуулсан даруй нөгөө Сийриймааг хүүдээ авч өгсөн гэнэ.

Хорчин хошууны Да ван минь

Хоймроор морилох нь юуных вэ хө

Хол явсан Юндэн гөөгөө минь

Хонгортоо ирэх нь яагаа вэ хө

Арван хошууны Да ван чинь

Авахаар ирдэг нь юуных вэ хө

Алсад явсан Юндэн гөөгөө минь

Ацаглаад ирэх нь яагаа вэ хө

Сампин гэрийн үүдэнд нь хө

Сайхан дэнлүү дурайжээ хө

Шадар хиа нарын дундаас хө

Юндэн гөөгөө дурайжээ хө гэх мэт Юндэн гөөгөө дуунд гарч буйгаас харж болох юм.

Сэтгэлт бүсгүйг нь хүчээр булаан авсан тухай үеийн нөхөд нь Юндэнд захиа бичжээ. Тэгэхэд нь Юндэн ирж ихээхэн хэл ам хийсэн тул эзний эрхэнд халдав гэж Юндэнг Гурван толгой гэдэг газар элсээр чигжиж алсанд Сийриймаа ч мөн тэнд амиа хорлосон гэнэ. Түүнээс хойш тэр газрыг Үйлийн гурван толгой гэж нэрлэсэн ажээ.

 

«Б» хувилбар

«Далай Чойнхор вангийн хошуунд (Одоогийн Архангай аймгийн Тариат сум) Цэнд дарханы хүү үзэсгэлэнтэй төрсөн Юндэн гэдэг хүн байжээ. Эхнэр нь гэж хөдөөгийн жирийн нэг бүсгүй байж гэнэ. Юндэн ан гөрөө хийж баруун тийш явж байгаад Пүрэв гүний нутагт оржээ. (Одоогийн Баянхонгор аймгийн, Гурванбулаг сум)

Тэгээд Пүрэв гүнийг эзгүй хойгуур түүний Гармуумаа гэдэг үзэсгэлэн төгөлдөр сайхан хүүхэнтэй уулзан танилцаж улмаар бие биедээ сэтгэл татагдан орон гэртээ ирэлгүй уджээ. Энэ үед Пүрэв гүн алс холд ажлаар одсон байсан юм санжээ. Нэг удаа Юндэн ар гэртээ ирээд буцаж очиход нь Гармуумаа үйл оёж суунгаа Юндэнд зориулан зохиосон дуугаа дуулж өгчээ. Тэр нь одоогийн Юндэн гөөгөө дуу юм санжээ. Юндэн үүнийг сонсон «Эмэгтэй хүн бас ингэж дуу зохиож чаддаг аа» гэж гайхаад буцах замдаа өөрөө нэг дуу зохион дуулжээ. Тэгэхдээ өөрийнхөө эхнэртэй Гармуумааг харьцуулан зохиожээ.

 Цагаан торгон цамцыг байхад

Цагаан даавуу цамцаар яах вэ

Царайлаг төрсөн Гармуумааг байхад

Царай муутай чамаар яах вэ

Бор торгон цамцыг байхад

Бор даавуу цамцаар яах вэ

Булбарай төрсөн Гармуумааг байхад

Бүтэмж муутай чамаар яах вэ гэсэн үгтэй ажээ.

Ингээд гэртээ ирэхэд нь эхнэр нь улсаас нөхрийнхөө тухай дуулсан учир, хаачив, ийчхэв? ч гэсэнгүй. Юндэн хэсэг дуугүй сууснаа өнөө зохиосон дуугаа дуулахад эхнэр нь ихэд гомдон хэсэг зуур уйлан сууснаа хариуд нь мөн дуулав

 Цагаан торгон цамц өмсөхөөс өмнө

Цагаан даавуу цамцтай болоод байжээ чи.

Царайлаг төрсөн Гармуумаагаас өмнө

Царай муутай надтай болоод байжээ чи.

Бор торгон цамц өмсөхөөс өмнө

Бор даавуу цамцтай болоод байжээ чи

Болборой төрсөн Гармуумаагаас өмнө

Бүтэмж муутай надтай болоод байжээ чи гэж эхнэрээ учирлан дуулахад нь Юндэн ихэд ичин уурлаж хаалгаа савж гараад мордоод давхив. Пүрэв гүнийх рүү явж байтал замд нь сайн санаат нэг залуу дайралдан «Чиний ингэж явдаг буруу. Ханилсан ханиа гомдоогоод харь хошууны хүнтэй нөхөцнө гэдэг бидний өвөг дээдсийн уламжлалд байгаагүй юм аа. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хонгогүй гэдэг. Пүрэв гүн буцаж ирээд чиний тухай дуулсан. Одоо чи оргон дүрвэж амь гар» гэв. Ингээд Юндэн халх нутгаас оргож, Монголын өмнөд хилийн орчим газар очиж суув. Мөн түүний хойноос эцэг Цэнд, хуучин эхнэр хоёр нь очин цуг амьдарч байтал Ар Монголын ноёд Өвөр Монголын ноёдод захидал илгээн харилцаж байгаад тэднийг баривчлан хилийн зурвас газар цаазлан алжээ. Нутгийн ардууд тэдний хувь заяанд харамсан үхсэн газар нь гурван элсэн товцог босгов. Үүнээс хойш түүнийг «Үйлийн гурван толгой» гэж нэрлэх болжээ.

 

ХУЛСАН ТАШУУР ДУУНЫ ДОМОГ

Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглан байсан гүнгийн охин Гүнчидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүний гэдэг нь гүн хэргэмтэй хүн байсан гэлцэнэ. Гэхдээ чухам нэрийг нь мэдэхгүй аж. Гүнчидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард хун дуут Дорлиг гэдэг залуутай танилцан ханилж суухаар тохиролцсон юм байжээ. Хун дуут Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа тийнхүү алдаршжээ. Дорлиг Бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсийн данжаадтай муудалцаж баригдан хоригдсон гэнэ. Гэвч тэндээс оргож эх нутгаа бэдэрч явах замдаа «Хулсан ташуур» хэмээх дууг зохион дуулжээ. Нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзах үеэр хошууны «урт хошуутнууд» тамгын газар мэдэгдэж түүнийг бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгөө уулзан авчирсан бэлгээ хайрт хүүхэнд явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Гүнчидмаа бэлгийг аваад хэдэн бадаг дуу зохион дуулсан байна.

Хун дуут Дорлигийг манж амбанд хүргэхээр үхэр тэргэн дээр хүлээстэй авч явжээ.

Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ. Орой болж од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнчидмаагийн хамт нутаг хошуу алгасан явжээ. Тэд одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.

 

«ЖИНЖИЙ БАДАМ» ДУУНЫ ДОМОГ

1923 оны үед Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнд Буяндалайнх гэдэг айл нутаглаж байжээ. Буяндалайн Бадам гэгч охин өсөн торниж, нутаг усандаа сайхан хүүхэн гэгдэж хошуу нутагтаа алдаршжээ. Түүнийг хориод настай байхад нь шадар ноён Аюурзана сүй бэлэг тавьж, гэргийгээ болгон аваачсан гэнэ. Тэр үед Ардын засгаас нутаг орныг тохижуулахаар төлөөний хүмүүс гарцгааж аймаг хошуугаар томилогдон ажиллаж байлаа.

1926 оны үед Увс аймгийн Давст сумнаа төлөөний түшмэдээ Дансрангийн хөвүүн Догсом очжээ. Догсом уул нь одоогийн Хэнтий аймгийн Баян˗овоо сумын хүн аж. Тэр Увсад очсон хойноо Бадамтай танилцаж хайр сэтгэлтэй болсон гэдэг.

Гэтэл тэр үеэс жижиг Бадам, Догсомтой нөхцөх гэж байна гэсэн яриа нутгийн хүмүүсийн дунд тархаж зарим нь жижиг Бадам халхтай суух юм байх хэмээн жиг жуг ярилцдаг болжээ. Энэ яриаг Бадамын эцэг, эх, ах дүүс нь сонсон дургүйцсэний дээр Догсом ч Бадамыгаа Нийслэл лүү оргуулжээ.

Оргуулахдаа нутаг орны хоршооноос бүрэн хувцас авч өмсгөөд явуулсан гэдэг. Тэр үед хөдөөгийн ардуудад намын суртал ухуулга хийхээр нийслэлээс Санжмятав даргатай суртлын бригад Шаргын говиос эхлээд Арвайхээр, Цэцэрлэг, Ховд, Увс, Улиастай, Хөвсгөл, Булган, Алтанбулаг, Өндөр гэгээний хийд, Эрдэнэ зуу зэрэг газраар аялан явж байсан юм. Бригадын бүрэлдэхүүнд оролцож явсан одоо ардын жүжигчин Дашдэлэг жүжигчин Дамдинбазар, цэргийн бага Раднаабазар нар Догсомтой уулзаж, уг дууны нь ая үгийг засаж дуулж байсан түүхтэй билээ. Тухайлбал «Жинжий» гэдэг нь өхөөрдөн энхрийлсэн нэр бөгөөд жижиг Бадам гэж байсныг нь жинжий Бадам болгожээ.

 

СЭНДЭР ОХИНЫ ДОМОГ

Цэ Вангийн хошуунд гоц сайхан гэгдэх Сэндэр охин байжээ. Тэр 18 насандаа олны талархлыг татсан сайхан хүүхэн болжээ. Сэндэр охиныг өөрийн аав ээж нь нэрд гарсан баянтай суулгахаар тохиролцжээ. Сэндэр охин тэр хөгшин баянтай суухгүй гэж зүтгэсэн боловч эх эцгийн эрхэнд орж сууж л дээ. Цэцэн залангийн охин сон доо Цэцэн эцэг минь эдэн шуналын залан болжээ гэж бодоод эцэг эхийнхээ нинжин сэтгэл байхгүй нүд улаан мөнгө цагаан гэдгийг энэ дуундаа цэцэн цэлмэг хэлсэн байдаг.

Хөгшин баян үзэсгэлэн гуа охиныг гомдоохгүйн тулд түүнд торгоны сайныг өмсүүлж хоолны сайныг идүүлж байжээ. Гэвч Сэндэр охин түүнд нь ханасангүй. Харин хөгшин баяны гараас яаж гарах вэ гэж арга сүвэгчлэн бодож суухдаа ингэж дуулсан нь:

 Цэ вангийн хошууны

Цэцэн залны охин сон

Арван найман настайдаа

Алиа Сэндэр нэртэй дээ

Арван ембүүг хараад

Алгаа тосдог аав уу даа

Хорин ембүүг хараад

Хормойгоо тосдог ээж үү дээ

 Торго дурданг хараад

Толгойгоо дохидог аав уу даа

Толгой янчаан хараад

Тосож авдаг ээж үү дээ

Боодол хоргойг хараад

Богтосхийсэн аав уу даа

Боов чихэр хараад

Богтлон өгсөн ээж үү дээ гэж дуулж суугаад гуниглан байхдаа хөгшин баянтай суулгахаар ад үздэг адуучин, Хохь гэдэг хоньчинтойгоо суулгаасай гэж бодохдоо ингэж дуулжээ:

 Арван хошууг алхуулснаас

Адуучин хүүдээ өгөөсэй дээ хө

Хорин хошууг дамжуулснаас

Хоньчин хархүүдээ өгөөсэй дээ хө

Тэртээ хошууг дамжуулахаар

Тэмээчин хүүдээ өгөөсэй дээ хө

Тэнэг баянд өгснөөс

Тэрэгчин хүүдээ өгөөсэй дээ хө гэж дуулж байжээ.

Цэцэн залантан цэлмэг охиноо ингэж гуйж гувшиж байхад үл ойлгон баянд барьц болгон богтлон өгчээ.

Цэцэн сэндэр охин гунигтайгаар ингэж дуулсан нь:

 Цагаан торгон цамцыг

Хэндээ ч гэж оёх вэ хө

Цал буурал баянтай

Цагийг яаж өнгөрөөх вэ хө

Хар торгон хантаазыг

Хэндээ гэж оёх вэ хө

Халзан болсон баянтай

Ханилж яаж суух вэ дээ хө

Хар торгон цамцыг

Хэндээ гэж оёх вэ хө

Хөгшин болсон баянтай

Хөнжил яаж нийлүүлэх вэ хө

 Нохой хэвтэхгүй оромд нь

Нойроо хүрэхээр унтлаа хө

Гахай идэхгүй гамбирыг нь

Гайхшаа барагдахаар идлээ хө гэж дуулж байжээ.

Залуу зандан насаа ийм амьдралд гутааж явахаар өөрөө өөрийнхөө замыг шийдэхээр Сэндэр охин ингэж дуулаад баянд хортой архи өгчээ.

Алимаар хачирласан архины чинь

Амтыг нь аваад согтуурлаа

Алс холын чамдаа

Алаг зүрхээ тушаалаа

Холоос зорьсон танд

Хонгор биеэ тушаасан хойно,

Хундаганд байгаа сархдыг

Хувааж уувал амттай гэж дуулан баяны амийг хорлон оргожээ. Сэндэр охин өөрийн орон нутагт очих нүүргүй болж сайн эрийн замаар амьдран явах болжээ. Тэгээд нас дундынхаа ид үед да Вангийн хошууны наадамд барилдаж байгаад хошуу тамгын газрынхан мэдэж баривчлагдахын даваан дээр зугтан гарахдаа ингэж дуулсан гэдэг:

Хойшоо эргээд харахад

Хонгор эжий минь харагдана

Урагшаа эргээд харахад

Ухаантай аав минь үзэгдэнэ,

 Хошуу наадмын барилдаанд

Хонгор охин чинь түрүүллээ

Хошуу урттай тамгынхан

Хойноос хөөгөөд хоцорлоо

Эрийн гурван наадамд

Эр болж түрүүллээ

Эхийн ганц охин чинь

Энэчлэн явааг дуулаарай

Аваргын барианд орлоо

Аав минь намайг дуулаарай

 Ингээд үүнээс хойш бөхийн зодгийн урд тал задгай болсон гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]