Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Парисын оршин суугчдын очих дуртай “шилдэг театр”Уншсан1,302

Хүн болгоны үзэх ёстой болсон гэмээр уг “тоглолтын гол дүр” нь 4 настай жаахан охин бол “театрын тоглолт” болох ёстой танхим нь шарил хадгалах газар.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

1886 оны наймдугаар сард Парисын Le Journal Illustré хэмээх нэгэн сонинд гарсан мэдээний дараа хүмүүс “шилдэг театр” руу бүгд л хошууран уралдацгааж эхэлжээ. Хүн болгоны үзэх ёстой болсон гэмээр уг “тоглолтын гол дүр” нь дөрвөн настай жаахан охин бол “театрын тоглолт” болох ёстой танхим нь шарил хадгалах газар.

Шилэн хоргоны цаана нэгэнт амьгүй болсон дөрвөн настай охин байх ба наана нь уг охиныг үзэх гэсэн өч төчнөөн хүмүүс. Наймдугаар сарын 5-ны өдрөөс хойш энэ охин амь үрэгдсэн тухай, шарил хадгалах газар очиж үзэж болох тухай мэдээ олон сонинд гарснаас хойш үзэгчдийн тоо хэмжээ хязгаараа алдлаа. "Танхим"-д багтахаа больсон үзэгчид гудамжинд дугаарлан зогсох ба үнэндээ бол манайхны хэлдгээр “оочерт алалцаж” байжээ. Энд тэндгүй гишгэгдэн шалчийсан бүрх малгай, хугарсан шүхрийн иш олны хөлд тээгэлдэх ба зарим нэг эмэгтэйчүүд энэ айхтар шахцалдаанд бүтэж, ухаан алдах, ухаан алдаж унаад олны хөлд гишгэгдэх нь үе үе болдог л зүйл.

Иймэрхүү явдлын тухай Америкийн сэтгүүлч бичихдээ “Эрчүүд нэгнийгээ мөрлөн тохойлдон түлхэлцэх бол хөгшин эмэгтэйчүүд нүдний шилээ халаасандаа хийж байгаад нэг нэг рүүгээ хэрээ адил гуагалан хэрэлдэн зүтгэж, залуу сайхан бүсгүйчүүд үхсэн хүний цогцсыг айсан, гайхсан байдалтай харц үл салган зогсож, арын эгнээнд байгаа хүмүүс нялх хүүхдэдээ тэрхүү цогцсыг харуулах гэж толгой дээрээ өргөн өрсөлдөнө. Нялх жаахан хүүхдүүд үзсэн харсандаа баярлан гараа өргөн шулганасаар...”

Энэ ямар учиртай хүүхэд болоод ингэж сүйд болсон юм бол?

Хэрэг учир хүүхдэд биш харин Парисын оршин суугчдын амьдрах, “цагийг зөв сайхан өнгөрүүлэх” заншил, арга хэлбэртэй холбоотой юм. Тухайн охин ямар нэг онцгой хүүхэд байсангүй буюу гар нь жаахан шалбарч, цусанд нь бохир орсноос болж амиа алдсан явдлыг дүвчин сэтгүүлч сүржин бичсэнээс л тэр. Үүнээс болж Парисын шарил хадгалах газар тэр хэдэн өдөрт 150 000 хүн очсон байжээ.

Ер нь XIX зууны төгсгөл хэсэгт Парисын шарил хадгалах газар олны очих дуртай үзвэрүүдийн нэг болсон бөгөөд хүмүүс энэ газрыг “шилдэг театр” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Анхандаа сураггүй алга болсон хүнийг хайхад зориулж хийсэн шилэн хорго бүхий энэ газар яваандаа ямарваа нэг шуугиантай аллага, нууцлаг явдалтай холбоотой үхлийн дараа олны хөлд дарагддаг, зугаа гаргадаг газар болон хувирсан юм. Үүний тулд сонин сэтгүүл дээр ямарваа нэг аймшигт үхэл хагацлын тухай бичихэд л хангалттай. Аль болох нарийн жижиг сажиг зүйлсийг нь тодруулсан, элдэв санаанд оромгүй таамаг бүхий нийтлэл байвал төдий чинээ олон хүн шарил хадгалах газар очно. Зэрлэгээр хөнөөсөн, нууц амрагтай холбоотой явдал... зэргийн хохирогчид Парисын оршин суугчдын хамгийн дуртай үзвэр байлаа.

1895 онд 18 сартай нялх хүүхдийн цогцсыг Сена мөрнөөс олжээ. Иймэрхүү явдал байнга л болдог хойно хүмүүс моргын танхимд чихцэлдэх дээрээ тулалгүй тэгсгээд л өнгөрч. Харин маргааш нь гурван настай бас нэгэн охины цогцос Сенад хөвж явахыг олсон ба хэн нэг сэтгүүлч “Энэ хоёр охин эгч дүү биш биз?” гэсэн асуултаар мэдээгээ төгсгөсөн байна. Парис даяараа энэ асуултын хариултыг олж харах гэж шарил хадгалах газар руу зүтгэж эхэлнэ. Дахиад л танхимд ч, гадаа ч бужигнасан, хэрэлдсэн, дотогш орох гэж зүтгэсэн муудалцсан хүмүүс. Ийм үед цагдаагийнхан л эмх журмыг тодорхой хэмжээгээр барьж чадах ба тэд байхгүй бол үхдэл харах гэж улайрсан хүмүүс юу ч хийхээс буцдаггүй байжээ.

Ийм нэр хүндтэй театр бас төдий чинээ тав тухтай байж таараа. Урьд өмнө цогцсыг аль болох удаан байлгахын тулд дээрээс нь хүйтэн ус байнга дусаж байхаар тохируулсан бол шинэчилсэн байранд бүрэн хэмжээний хөргөгч ажиллана. Дээр нь цогцсыг үзэгчдэд харахад амар байдлаар хагас босоо байдлаар байрлуулах ба гоё ганган ногоон хөшиг нээх... зэрэг шоу бас зөндөө. Ямар ч байсан моргоос олох орлого Парисын нэртэй театруудаас илүү гарч байсан гэдэг бөгөөд нутгийнхан энэ газрыг зүгээр ч нэг “шилдэг театр” гэж нэрлээгүй бололтой. Энэ тухай алдарт Эмиль Золя ч бичиж байсан юм гэнэ лээ.

Үзэгчид зөвхөн цогцос хараад зогсоод байсангүй. Зарим азтай нөхдүүд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг харах ба хүн алсан гэмт хэрэгтнүүдийг моргд авчран хохирогчтой “нүүрэлдүүлдэг” нэг арга байж. Чухам энэ нь хэрэг хүлээлгэх нэг арга байсан уу, эсвэл цагдаа нар ажиллаж байгаагаа олон түмэнд харуулах гэсэн бас нэг шоу юу гэдэг нь ойлгомжгүй ба ямар ч байсан хэд хэдэн гэмт хэрэгтнүүд хохирогчоо хараад хэргээ хүлээсэн түүх байдаг юм байх. Үүн шиг "сайхан зүйл" үзнэ гэж байх уу даа... Ямар ч детектив жүжгээс дутахгүй!

Парисын оршин суугчид хэн хүнээс ялгаатай, хачин жигтэй юманд дуртайдаа ингэж байсангүй. Энэ бол өнөөх л сүргийн сэтгэлгээ. Хажуугийн хүн чинь “хачин сайхан юм" үзсэнээ ярьж хөөрч байхад “би үзээгүй ээ” гээд сууж байх шиг тэнэг юм гэж байх уу? Тэрэн дор бол өөрөө очиж үзээд үзээгүй нөхдөд өөрийнхөө их юм үзсэнийг, зайтай эр гэдгээ гайхуулан ярьж өгч байх нь хол дээр.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]