Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарын ер бусын тулалдаанууд-2Уншсан12,446

1950 он. Солонгосын дайн дөнгөж эхэлж байсан тэр үед америкчууд тухайн үедээ хамгийн шинэ, хамгийн шилдэг сөнөөгч онгоцоо энэ дайнд оруулсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Агаарын ер бусын тулалдаанууд” хэмээх өмнөх нийтлэлдээ “үлэмж биетнүүд” нь хоорондоо сөнөөгч онгоц адил буудалцан тулалдсан хэдэн тохиолдлын тухай бичсэн бол энэ удаа жингийн арай өөр ангиллын “тамирчдын” тулалдааны тухай сонирхуулъя. Тэрхүү "тамирчид" гэдэг маань нисдэг тэрэг болон биплан онгоцууд бөгөөд хоорондоо, бас тэдний эрлэг болсон аймшигт сөнөөгч онгоцны эсрэг тулалдсан тухай билээ.

По-2 онгоц F-94-ийн эсрэг

1950 он. Солонгосын дайн дөнгөж эхэлж байсан тэр үед америкчууд тухайн үедээ хамгийн шинэ, хамгийн шилдэг сөнөөгч онгоцоо энэ дайнд оруулсан байна. ЗХУ, Хятад хоёр энэ явдалд оролцож эхлээгүй үе байсан тул будаг нь ханхалсан F-94-ийн өөдөөс тулах юм гэж “хойдуудад” байсангүй. Байгаа нь 2-р дайны үеийн поршинт хөдөлгүүрт хэдэн хуучин сөнөөгч. Гэсэн хэдий ч нэгэн агаарын тулалдааны үеэр F-94 сөнөөгч ялагдан сүйрсэн байдаг билээ. Түүнийг сөнөөсөн "аймаар" амьтан нь У-2 буюу сүүлд нэрлэснээр По-2. Энэ онгоцны тухай дэлхийн 2-р дайны шилдэг онгоц нийтлэлдээ бичсэн тул энд дахин бичээд яахав.

Аль аль тал нь ийм тулалдаан болсныг хүлээн зөвшөөрөх боловч харин Америкийн онгоцны ялагдсан шалтгааныг өөр өөрөөр тайлбарлана. Солонгосын хувилбараар По-2 өөрийг нь дайрах сөнөөгч онгоцноос бултсаар гарах газаргүй болох үедээ эргэн дайрч мөргөн, хамтдаа бут үсрэн унасан гэнэ. Харин Америкийн талын бичсэнээр бол тийрэлтэт сөнөөгч онгоц нь “оёдлын машиныг” буудах гэхэд хурд нь хэтрээд байсан тул аль болох хурдаа хасах гэсээр хурдны доод хязгаарыг даван унажээ. Минийхээр бол Америкийнх нь арай л илүү бодитой тайлбар санагдана. 2-р дайны үеэр дорнод фронтод Мессер-үүд бас ингэж унаж байсан цөөнгүй тохиолдол бий билээ.

 

Нисдэг тэрэг сөнөөгч онгоцны эсрэг

Цэрэг дайны түүхэнд нисдэг тэрэг сөнөөгч онгоцыг агаарт устгаж байсан тун цөөхөн тохиолдол бий гэдэг. Бодоожоор сөнөөгч гэдэг агаарын хаан болсон хурдтай хүчтэй амьтныг, бараг газрын гэмээр “яст мэлхий” буудаад, пуужин харваад унагана гэхэд итгэмээргүй. Гэсэн ч 1982 онд Ливанд ийм явдал болжээ.

Сирийн Ми-24 дайрах нисдэг тэрэг Израилийн байлдааны техник бүхий цувааг илрүүлэн дайрахад бэлдэж эхлэх үед яаралтай дуудагдсан F-4 "Фантом" (Вьетнамын дайны нэг баатар) сөнөөгч-бөмбөгдөгч давхин ирж “матарнууд”-ыг тасдаж хаях юм боллоо. "Матар" гэдэг маань ЗХУ-д үйлдвэрлэгдсэн дайралтын нисдэг тэрэгний өөр нэг нэр. Газрын бай дайрах хүчирхэг зэвсэг бүхий энэ нисдэг тэргэнд харин агаар-агаар ангиллын пуужин байхгүй. Фантомууд ч үүнийг мэдэхийн сайнаар мэдэх тул ирээд шууд л пуужингаа харвасан боловч нисдэг тэрэг хэт доошилсон учир газрын фон дээр пуужин нь байгаа олж, барьж байж чадсангүй. Ийм үед сөнөөгч- бөмбөгдөгч Фантом нь их буугаараа тулган буудах гэж дайрахаар шийдэн ойрттол “матар” өөдөөс нь өөрт байсан бүх л удирдлагагүй пуужингаа (32 ширхэг) нэгэн зэрэг харвасны нэг нь онож онгоц бут үсэрсэн сонин явдал болсон гэдэг. Бас яг ийм загварын онгоцнууд оролцсон, үйл явдал нь бас л яг ийм байдлаар дууссан өөр нэг тохиолдол 1984 онд Иран Иракийн дайны үеэр болсон юм билээ.

 

АН-2, нисдэг тэрэг

Эрт дээр үеийн нисэх онгоцны тухай ярих үед биплан, моноплан гэсэн үгс олон таарна. (энд триплан яриад яахав) Энэ нь давхар далавчтай, дан далавчтай гэсэн үг юм. Давхар далавчит онгоц нь духны эсэргүүцэл ихтэй учраас хурд муутай ч маневр сайтай гэж жигтэйхэн бол дан нь эсрэгээр гэдэг нь ойлгомжтой.

Монгол Улсын агаарын тээвэрт магадгүй хамгийн том үүрэг гүйцэтгэж байсан байж мэдэх АН-2-ыг мэдэхгүй хүн урьд бол байхгүй, одоо бол мэддэг хүн нь цөөхөн болсон гэж болох байх. Ямар ч ажлыг хийхээс айдаггүй энэ "царцаа ногоон", ажлын морь маань,  дайны талбарт бөмбөгдөгч болж үзсэн түүх байдаг юм байна. Энэ явдал 1968 оны 1-р сарын 12-нд болжээ.

Америкчууд Фу Пха Ти хэмээх ёстой л аялгуу сайхан Вьетнам дуудлагатай нэгэн жижиг уулан дээр радиолокацийн станц байрлуулан хойдын коммунистуудыг хүссэн үедээ бөмбөгдөх, дайсны байг илрүүлэх сайхан боломжтой болжээ. Энд бас хорлон сүйтгэх ажиллагаанд бэлдэх лагерь байх бөгөөд ер нь л айх аюулгүй амар тайван ажлаа хийх боломжтой газар байлаа. Хойдууд үүнийг нь мэдэж аваад яаралтай устгах хэрэгтэй гэж оролдох нь тодорхой. Устгах хоёрхон арга байсан нь агаараас, газраар. Газраар явж очин станц хүрэхийн тулд нарийн зөрөг замаар, дайсныхаа нүдэн дээр огцом уул өөд өгсөх тул амьд мэнд хүрэх хүн үлдэхгүй гэж болгоомжлоод агаараас дайрах болсон байна. Гэтэл энэ мундаг хамгаалалттай газрыг дайрахын тулд мөн ч олон сайхан онгоцоо алдах болно. Өөр ямар арга байна? Байна. АН-2. Цагтаа У-2 яаж байлаа яг л түүн шиг АН-2-оор чимээгүй “мөлхсөөр” бай дээрээ очоод дээрээс нь авч явсан бүх л бөмбөгөө унагаад л (үнэндээ агаарын бөмбөг биш миномётын сум байсан юм билээ) болоо.

Дайсны станцыг устгах ёстой гурван АН-2 “өлмий дээрээ” явсаар бай дээрээ дөхөж ирэх үед нэг гайтай өмнөдийн Вьетнам эр газраас АК-47-гоор буудаж нэгийг нь унагачихаж. Газартай наалдан явж байсан учир замд таарсан нэг нөхөр магазин дүүрэн сумаар буудаад тэр. Гэтэл үлдсэн хоёр онгоцны дээхэн талд гэнэт Америкийн нисдэг тэрэг гараад ирлээ. Аз болж энэ нь сургуулийн нислэг хийж байсан, бүхээгийн буу зэвсэггүй нисдэг тэрэг байв. Гэхдээ дотор нь буутай хүмүүс буу шийдмээ гозолзуулан байгааг харсан АН-ууд эргэн зугтаж эхлэх үед нисдэг тэрэг даган буудаж эхэлжээ. Хажуу бөөр нь онгорхой нисдэг тэрэг хүссэн байрлалаасаа буудаж байсан бол АН-2 хариу барих арга байсангүй. Бүтэн цаг шахам ингэж ноцолдсоны дараа АН-ууд бүгд газар унаж дууссан байна. Энэ бол түүхэн дэх хамгийн анхны бөгөөд эцсийн (байх болтугай) удаа биплан, нисдэг тэрэгний тулаан байсан болов уу.

 Тэр гайт станцыг хойдууд хоёр сарын дараа устгасан бөгөөд тусгай бэлдсэн нөхдүүдийг газраар явуулж, өнөө хэд нь ч очоод хамаг юмыг нь юутай хээтэй тэслээд дэлбэлээд хаясан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]