Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Израйль, Зөвлөлтийн нисгэгчид Египетийн тэнгэрт тулалдсан ньУншсан23,950

1970 онд Египетийн арми ЗХУ-аас авсан асар олон тооны агаараас эсэргүүцэх системийн ачаар Хель Хавирын (Израилийн нисэх хүчин) дайралтыг хазаарлаж чадлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1970 онд Египетийн арми ЗХУ-аас авсан асар олон тооны агаараас эсэргүүцэх системийн ачаар Хель Хавирын (Израилийн нисэх хүчин) дайралтыг хазаарлаж чадлаа. Нэгэнт олж авсан энэ байдлаа бататгахын тулд, агаарт бүрэн ноёрхохын тулд ЗХУ-аас дахин сөнөөгч нисэх онгоц, туршлагатай нисгэгчид авчран туслахыг хүссэн хүсэлт гаргасныг тухайн үеийн ЗХУ-ын удирдлага ч дэмжсэн байна.

Ингээд Египет явуулах нисгэгчдийг сонголоо. Тэрхүү нисгэгчид нь тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн Миг-21 ФМ онгоцоор зэвсэглэсэн, ЗХУ-ын агаарын нисэх хүчний 135-р сөнөөгч хорооны нисгэгчид байжээ. Египет явахын өмнө эдгээр нисгэгчдийг нэлээд шургуу бэлдэж байсан бөгөөд нам нислэгийн болон агаарын бай буудах дасгалыг ихээр хийсний дараа уг хороог агаарын тулалдаанд бэлэн болсон байна гэж үзлээ.

Зөвлөлтийн нисгэгчид Крым, Каспийн тэнгисийн дээгүүр нисэн хөөцөлдөж, агаарын бай болох шулуун нисэх пуужинг бөөн бөөнөөр буудан, харван унагаж байсан учир удирдлага нь тэднийгээ “Интернациональч үүргээ нэр төртэй биелүүлнэ” гэдэгт огт эргэлзэхгүй байсан юм.  

Хаана юу болж байгааг бүгдийг шахам мэдэж байдаг Моссад нь (Израилийн тусгай алба) ЗХУ нисгэгчдээ Египет явуулах гэж ийнхүү бэлдэж байгаа гэдгийг цаг алдалгүй анзаарсан ба Израиль ч өөрийн нисгэгчдийг ЗХУ-ын нисгэгчдийн эсрэг тулалдахад бэлтгэсээр.

Израиль нисгэгчдийн бэлтгэл нь мөн л адилхан гэмээр боловч тэдний агаарын бай нь Зөвлөлтийн байг бодвол шулуун нисдэггүй, элдэв маневр хийдэг, эвгүйтвэл өөрийг нь буудаж унагаж чадах Египетийн нисгэгчид байлаа. Дээр нь олон жилийн турш хийсэн дайны туршлага, орчин цагийн агаарын тулалдаан гэдгийг мэддэг гэсэн нэг хөзөр тэдэнд бий. Зөвлөлтийн тал ч үүнийг сайн мэдэж байв. Гэхдээ оросууд өөрийн нисгэгч нартаа, онгоцондоо, газар дахь радио локатарын үйл ажиллагаандаа бүрэн итгэлтэй байсан юм. 

1970 оны 4-р сараас Египетийн тэнгэрт оросууд ба еврейчүүд байнга шахам таарч эхэлсэн боловч израильчууд тулалдаанаас илт зайлсхийнэ. Зөвлөлтийн нисгэгчид тэдгээр нөхдүүдийг өдөн дуудах ч хүлээж авалгүй зугтах учир элдэв тулалдаан бараг болсонгүй. Болох шинж ч харагдахгүй байв. Дайсан нь үргэлж айж зугтах учир оросууд ч өөрсдийгөө үнэхээр хүчтэй гэдэгт итгэж эхэлсэн гэдэг. Гэхдээ Израилийн нисэх хүчин тухайн үедээ Америкийн F-4 «Фантом», Францын Dassault Mirage III онгоцоор зэвсэглэсэн учир бас тоохгүй байж болохгүй. Фантом хэмээх 20 тонны (Миг-ээс 2 дахин том, хүнд) онгоц нь агаар-агаар ангиллын AIM-7 «Сперроу» хэмээх алсын тусгалын олон пуужин нэгэн зэрэг авч явдаг, бүхээгийн хэрэгслүүд нь гэж хамгийн сүүлийн үеийн, нарийн технологиор бүтээгдсэн мундаг онгоц байв. Ийм дайсан аюултай байлгүй яахав. Нөгөө онгоц болох бяцхан Мираж нь маневрын хувьд Миг-ээс илүү учир ийм онгоцтой “нохой зодоон” (ойрын зайн маневрын тулалдаан) хийх нь осолтой...

Fantom F4

Харин Миг-21-ийн хувьд бол энэ онгоц нь бүх цаг үеийн хамгийн шилдэг сөнөөгчдийн нэг хэмээн олон судлаачид үздэг билээ. Гэхдээ бүхээгийн радар сул (зарим нь огт радаргүй), AIM-7 «Сперроу»-шиг ончтой, алсын тусгалтай пуужин байхгүй гээд олон дутагдалтай тал бий. Сайн нисгэгчийн гарт тэнгэрийн аянга ч болж болох энэ онгоц нь тааруухан эрийн гарт агаарын байнаас ялгаагүй болох нь цөөнгүй.

Миг-21

Израильчууд агаарын тулалдаанаас зайлсхийсээр байсан нь тэд аймхай хулчгартаа биш харин нарийн зохион байгуулалт, дэг журамд орох, гүн гүнзгий судалгаа хийх зорилготой байжээ. Еврей нар энэ хугацаанд Зөвлөлтийн нисгэгчдийн арга барил, агаарын тулалдаанд орох байрлал, тактик болон өөр бусад олон зүйлийг тандан судалсаар байсан юм.

Мөн тэдний хувьд нэг давуу юм байсан нь израильчууд Зөвлөлтийн Миг-21-ийг мэдэхийн сайнаар мэдэх буюу энэ онгоц ямар давуу болон султ талтай гэдгийг ойлгосон бол (Египетийн нэгэн нисгэгч ийм шинэ онгоцыг аван Израильд зугтан очсон) харин оросууд Израилийн Фантом болон Миражийг хангалттай хэмжээгээр мэдэхгүй байлаа.

Dassault Mirage III

“Оросуудыг хараад айдаг еврей нар" нь энэ хугацаанд Египетэд ирсэн Зөвлөлтийн бүх л нисгэгч нарыг судалж, агаарт гарахдаа хэрэглэдэг дуудлагын нэр байтугай бүр нисгэгч болгоны дуу хоолойг нь бусдаас ялгаж сурсан гэдэг нь тэд энэ хооронд ямар их ажил хийж амжуулсныг харуулж байгаа хэрэг юм.

Залхсан “иванууд” тулалдаан хүлээж авахгүй байгаа еврей нарыг хуурч авчран урхинд хийхээр шийдэн ажиллаж эхэллээ. Египетийн Миг-17-г өгөөш болгож агаарт гаргаад, Зөвлөлтийн гурван бүлэг Миг нам өндөрт, Израилийн локаторт харагдахгүй байж байх ёстой. Египетийн Миг гэсэн хөнгөн зууш харсан Фантом, Миражууд давхиад ирэхэд нь “оросууд” өөрсдийг нь барьж аван эд бад хийхээр бэлдсэн ч Израилийн ганц онгоц ч ирсэнгүй. Бодвол өнөөх Моссад л сайн ажилласан бололтой. Орой нь энэ мэхээ дахин давтах үед Зөвлөлтийн болон Египетийн агаараас эсэргүүцэх системийн муухан хамтын ажиллагаа, харилцан үл ойлголцох байдлаас болж Израилийн онгоцууд Египетийн хоёр Миг-17-г дор нь буудаж унагачихаад яваад өгсөн байна. Хэдийгээр энэ явдал Зөвлөлтийн отолт хийх ёстой нисэх буудлаас холгүй болсон боловч Зөвлөлтийн онгоц агаарт гараагүй учраас ийм юм болж. Уг буудалд байсан Зөвлөлтийн онгоц нь өөрсдийн бусад бүлэг агаарт гарч, зохих газраа ирсэн хойно л хөөрөх тушаалтай байсан юм байх. Зарим эх сурвалжаар бол энэ бүлэг уг тулалдааныг агаараас харж байсан ч бусад бүлэг иртэл тулалдаанд орж болохгүй гэсэн тушаалтай байсан гэдэг. Ямар ч байсан Израилийн нисгэгчид хохиролгүйгээр хоёр онгоц унагачихаад яваад өглөө. Ийм хохирол хүлээсэн Египетийн офицер давхин ирж оросуудын өөдгүй, хулчгарыг нь дуудан хэлэх хэлэхгүй үгээр хэлж бараг л бяцхан дайн гарах шахсан тухай яриа ч бий.

7-р сарын 30. “Римон” ажиллагаа

Хоёр тал томоохон агаарын тулалдаанд удаан бэлдсэн учир удахгүй ямар нэг юм болох нь тодорхой байлаа. Энэ тулалдаан 7-р сарын 30-нд болсон юм. Уг агаарын тулалдааны тухай маш олон янзын, эсрэг тэсрэг яриа байдаг бөгөөд одоо чухам аль нь үнэн, худал гэдгийг ялгах бараг боломжгүй болсон гэж цөөнгүй судлаачид үздэг. Гэхдээ ерөнхий дүр зураг болон хохирлын хэмжээ харин тодорхой. Тэр зургаар бол Израилийн хос онгоц агаарт явааг харсан Зөвлөлтийн “газрынхан” Миг-21-ийг агаарт гарч уг хоёр тагнуулыг хөөж явуулах, болбол унагах хэрэгтэй гэж тушааж. Хоёр хос буюу дөрвөн Миг давхиж очих үед өнөөх нь тагнуулынх биш сөнөөгч Мираж, бүр хоёр биш дөрвөн онгоц байлаа. Хоорондоо наалдах шахан нисэж яваа онгоцыг локатор нэг  онгоц гэж харсан нь ойлгомжтой.

Зөвлөлтийн Миг-үүд ойртон ирэх үед Израилийн онгоцууд нөөц шатахууны саваа хаян хос хосоороо бутрахад Миг-үүд ч араас нь даган хос хосоороо саллаа. Гэтэл тэднийг яг л ингэх болно гэж нам өндөрт найман Фантом эргэлдэн хүлээж байжээ. Өмнө нь Зөвлөлтийн тавьсан урхинд хэн ч ороогүй бол (орсон бол Египетийн хоёр Миг л байх) Израилийн тавьсан урхинд одоогоор дөрвөн Миг ороод ирлээ. Араас нь ч хэсэг хэсгээрээ орж ирэх болно.

Байдал биш болсныг ойлгосон Миг-үүд газраас тусламж гуйх үед радио холбоогоор нь орос хэлээр ёстой учир нь үл ойлгогдох юм цувж эхэлсэн байна. Бараг л онигоо, Зөвлөлтийн төр засгийн тэргүүний индэр дээр хэлж байгаа үгс мэтийн юм байсан юм байх. Израильчуудын удаан хугацаагаар бэлдсэн, радио холбооны нэг ажиллагаа нь энэ байжээ. Одоо Зөвлөлтийн онгоцууд ямар  ч холбоогүй шахам, харилцан ажиллагаагүй болсон ба дөрөв дөрвөөрөө цуван ирэх бусад бүлгүүд нь нэг цул, атгасан гар шиг хүч болох боломжгүй, замбараа муутай, нэг нэгэндээ тээгэлдсэн баахан онгоцууд л болж хувирна гэдгийг эсрэг тал нь тооцсон байлаа. Иймэрхүү гэм хоргүй сүргийг Израйлийн урьдчилан бэлдсэн, хамгийн туршлагатай асууд ёстой бяц дарах боломжтой болжээ. Бяц ч дарж. Уг тулалдааны дараа Зөвлөлтийн дөрвөн Миг-21 газар шатаж, нэг нисгэгч амь үрэгдсэн бөгөөд тав дахь онгоц бас унасан тухай олон жил ярьсаар байгаа юм. Харин Израилийн талаас нэг л онгоц хүнд гэмтэл (Зөвлөлтийн ойрын зайн пуужингийн тэсрэх бодисын хэмжээ багадаж байгааг энэ тохиолдлоор мэдэж авсан байдаг) авсан ч ойрын буудалд бууж чадсан гэнэ.

Ингэж дэлхийн 2-р дайнаас хойш болсон, хамгийн шуугиан тарьсан агаарын тулалдаан ийнхүү Израилийн ялалт, Зөвлөлтийн ялагдлаар дууссан юм. Энэ явдлын дараа Египет дэх Зөвлөлтийн нисэх хүчний хэсгийг удирдагч, генерал Дольников “Энэ бол сүйрэл, сүйрэл..” гэхээс өөр үг хэлж чадахгүй, өөрийгөө буудахад их л ойрхон очсон байсан юм гэнэ лээ. Москвагаас ч том генерал давхин ирж, өөрсдийн нисгэгчдийг Израилийн онгоцтой тулалдахыг хориглосон бөгөөд удалгүй бүр бүх л нисгэгч, онгоцоо эргүүлэн татан авсан түүхтэй.  

P.S.

Израилийн нисэх хүчин бүх л зүйлийг тооцож, нарийн зохион байгуулалттайгаар ажилласан бол Зөвлөлтийн тал нь улиг болсон нэг л арга барилаар ажилласнаас ийм байдалд хүрсэн гэж үздэг. Жишээ нь Зөвлөлтийн хувьд агаарт байнга хүчтэй байхын тулд тодорхой хугацааны зайтайгаар нисэх бүлгүүд нь тулалдааны бүсэд очих ёстой ба энэ нь эхний хэсгийн шатахуун дуусаж тулалдаанаас гарч байхад нөгөө хэсэг залгаж ирэх ёстой гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн гурван бүлэг 12 онгоц нь үнэндээ 4 онгоц шиг эсэргүүцэл үзүүлж чадах нь. Үүнийг Израйлийн нисэх хүчин маш сайн тооцон, уг урхийг тавьсан билээ. Энэ бол уг ялагдлын олон шалтгааны зөвхөн нэг нь аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]