Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Урвагч төрийн сайдын түүхУншсан10,149

Монголын түүхэнд эх орноосоо урваж харийн дайсан тэр дундаа Хятадын талд үйлчилж эх орон газар нутаг түүх соёлоо худалдсан олон хүн байдгийн нэг нь төрийн сайд байсан Сэцэн хан аймгийн чин вангийн зэрэг Үнэн Сүжигт Илдэн засаг, төрийн жүн ван Манжбазарын Доржпалам юм.

Монголын түүхэнд эх орноосоо урваж харийн дайсан тэр дундаа Хятадын талд үйлчилж эх орон газар нутаг түүх соёлоо худалдсан олон хүн байдгийн нэг нь төрийн сайд байсан Сэцэн хан аймгийн чин вангийн зэрэг Үнэн Сүжигт Илдэн засаг, төрийн жүн ван Манжбазарын Доржпалам юм.

Тэрээр Гэрсэнз Жалайр хун тайжийн залгамжир, боржигэд овог, хиуд ясны хүн байсан юм. Түүний өвөг эцэг Халхын алдарт “То ван” буюу Тогтохтөр ноён 1868 онд нас барсны дараа ахмад хөвгүүн Манжбазар зэрэг хэргэмийг нь залгамжилжээ. Манжбазар удалгүй 1871 онд нас барж, түүний ахмад хөвгүүн Доржпалам Бадаргуулт төрийн 10 (1884) дугаар онд засаг төрийн жүн ван залгамжилсан байна.

Доржпалам удам угсаа залгамжилсан эрдэм номтой хүний гэр бүлд төрж өссөний хувьд багаасаа бичиг үсэг сурч, тухайн цагтаа зэгсэн боловсролтой, эрдэм номтой хүнд тооцогдож байв. Гэвч улс төрийн хувьд төдий л сайн төлөвшөөгүй, үзэл бодол нь тогтвортой бус, ашиг завшаан, нэр алдарт дуртай, овжин зальтай нэгэн байсан бололтой. Нөгөө талаар хошуу нутаг нь алс хол халхын зүүн өмнө хязгаарт, Өвөр Монголтой залгаа байсан учир тэрээр өвөрлөгчид болон цаашаа хятад хүмүүстэй нэлээд хэлхээ холбоотой, Манж эхтэй, дорны соёлыг талархан үздэг байсан байж болох талтай.     

Илдэн жүн ван Доржпалам 1911 оны зун болсон хан ван, ноёд түшмэд, лам нарын зөвлөлгөөнд оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх үйл хэргийг талархан дэмжиж байжээ. Ийм ч учраас Богд Живзундамба хаан ширээнд залран хишиг тархаахдаа түүнд Чин вангийн зэрэг бөгөөд үе улиран Илдэн цол шагнан хүртээжээ. Гэтэл Доржпалам “тэр даруй дээд доодыг мэхлэн харьяат аймгийн дотроос үлэмж тооны тэмээ, мөнгийг албадан авч сэм оргон Бээжинд оргон” одсон байна.

Түүний оргон явах болсон шалтгаан нь Богдыг хаан ширээнд залахыг эсэргүүцэж, алтан ургийн ноёдоос хаан сонгох ёстой хэмээн үзэж байсантай нь холбоотой гэсэн мэдээ байдаг боловч түүний Бээжинд очсон зорилго өөр байсан бололтой байдаг.

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа Хятадын засгийн газар Богд хаанд захидал бичиж, тусгаар тогтнолоосоо татгалзан Хятадтай нийлэхийг шаардсан боловч Монголын тал үүнийг эрс няцаасан юм. Ийм учраас Хятадын эрх баригчид Бээжинд байсан халхын Сэцэн чин ван Наянт, шинээр очсон ван Доржпалам нарыг ашиглаж, тэднээр дамжуулан Богд хаанд тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгасан захидал бичүүлж, мөн Наянт, Доржпалам нарыг Хүрээнд илгээж, “Монгол Улсыг Дундад улс лугаа найралдуулах гэрээ хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэж байжээ.

Ийнхүү Бээжингийн эрх баригчид Доржпаламыг Хүрээнд илгээж Монголын эрх баригчдыг тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгуулах гэсэн боловч Монголын Засгийн газар түүнийг хүлээн авахаас татгалзаж байв. Гэвч тэрээр 1912 оны хаврын эхэн сард Нийслэл Хүрээнд иржээ. Түүнийг Нийслэлд Хүрээнд ирсний дараахан буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он, цагаан сарын 30 (1912.03.08)-нд Дотоод яамны сайд да лам Цэрэнчимэд, дэд сайд Гомбосүрэн, Цэдэнсоном нараас Богд хаанд бичиг өргөн, “Ноднин зун манай Монгол өөртөө улс болох явдлыг олон хан ван хуран чуулж анх эхлэн зөвлөн хэлэлцэхэд Доржпалам анх зөвлөсөн” бөгөөд тэр даруй “дээд доодыг бүрэн мэхлэн хуурмаглаж харьяат аймгийн дотроос үлэмж тооны тэмээ мөнгө албадан авч, сэмхэн оргож, Чин улсын Нийслэлд оргосныг үзвээс анхнаас энэ хэрэгт их л ойшоосонгүй агаад онцоор хууран мэхэлж, бүрэн учрыг сонсоод гэрчлэн заалдаар одсон учир илэрхий. Нэгэнтээ улс төр байгуулан тогтсоны хойно харин манж хятад түшмэдийн хамт ирж ятгамой хэмээх зэрэг тэрслүү үг бичиж, Богд эзэн гэгээнд хүртэл бичиг захидал илгээхэд хүрсэн нь даанч аймшиггүй балмадын туйлд хүрч, язгуур үндсээ огоорон, гагцхүү нэр ашигт шунаж, Монгол овогтныг дарлахын туйл болов. Энэ хооронд манай улс төрийн газраас Доржпалам түүний хамтаар ирнэ хэмээсэн хятад түшмэдийг ирүүлэхгүй болгох явдлыг цахилгаан мэдээгээр ухуулсан бөлгөө. Эдүгээ Доржпаламын бие Нийслэл Хүрээний газар нэгэнтээ хүрч ирэв хэмээв…Түүний бие хэрэв хуучин хэвээр улс төрийн хэрэгт оролцон элдвээр хуурмаглан чимэглэж, дээд доордыг мэхлэн явахад хүрвээс сая тогтнож буй шинэ төрд галд усыг цутгах лугаа адил бүхий (харштай-зох) тул түүний засаг вангийн хэргэмийг шууд эвдэж, засаг тамгыг түүний хошуунд хавсарсан жүн вангийн зэрэг үе улиран залгамжлах төрийн бэйл Жамъянчойжилсүрэнд шилжүүлэн тушаан өгч үе улиран засаг төрийн бэйл залгамжлуулж, хошууг захируулан, Доржпаламыг даруй Шүүх яаманд тушаан өгч чангалан нягтлан байцааж шүүлгэн үнэнийг тодорхойлуулан цээрлүүлэн шийтгэж, гэм өдөөхөд хүргүүлэхгүй болвоос улс төрд харшлан явагч залихай түшмэл буй аваас дууриан хөгжихгүй мууг халж” чадах болов уу хэмээн мэдүүлсэнд Богд хаан “Зарлиг, гуйсан ёсоор болгогтун” гэжээ.

Шүүх яам ван Доржпаламыг байцаан шүүхэд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ямар ч ял шийтгэл оногдуулсан гомдох зүйлгүй хүлээн авна гэдгээ мэдэгджээ. Ийнхүү Доржпалам өөрийн гэм бурууг хүлээсэн учир Олноо өргөгдсөний хоёрдугаар оны хоёрдугаар сарын 19 (1912.04.05)-нд Богд хааны зарлигаар “Өршөөлийг үзүүлж, үхэх ялыг уучлан хэлтрүүлж”, улсаас цалин пүнлүү өгөхийг хориглосон байна.

Мөн түүний дүү Дашдондов, хөвгүүн Пунцагцэрэнжалбуу нарт хүртээсэн бэйсийн болон түшээ гүнгийн зэргийг буцаан хураажээ. Ийнхүү Доржпалам Богд хааны өршөөл хайраар хүнд ялаас хөнгөхөн мултарчээ. Чухам яагаад түүнийг өршөөсөн нь тодорхойгүй байдаг. Эсвэл түүний өвөг дээдсийн Монголын төрд зүтгэсэн гавьяаг нь ч бодсон байх талтай.

Баруун гараас эхнийх нь Доржпалам

Түүний оронд засаг ноён болсон Жамъянчойжилсүрэн 1913 онд “Их орд харшийн газар бараалхахуйд ёсыг зөрчиж явсан учир” засгаас огцруулж, Доржпаламд засгийн хэргэм зэрэг тамгыг дахин олгожээ. Энэ үеэс Доржпаламын байр суур дахин бэхжиж, тэрээр 1915 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар томилогдсон байна. Энэ тухай архивын баримтад, “Цэргийн яамны орон гарсан тэргүүн сайдын тушаалд… Доржпаламыг тохоон тавигтун хэмээсэн тул” Илдэн жүн ван Доржпалам Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он өвлийн сүүл сарын шинийн 6 (1912.01.21)-нд тушаалыг хүлээж, дээр бараалхан мөн яамны эрхлэн зөвлөх сайд Манлай баатараас хамаарсан Цэргийн яамны тэргүүн сайдын тамгыг хүлээн авсан тухай өгүүлсэн байна.

Энэ баримтаас үзэхэд, сайд Г.Гомбосүрэнг нас барсны дараа хэсэг хугацаанд Цэргийн яамны сайдын тушаалыг мөн яамны Эрхлэн зөвлөх сайд Манлай баатар Ж.Дамдинсүрэн орлон ажиллаж байжээ. М.Доржпалам Цэргийн яамны тэргүүн сайдын албан тушаалд богинохон хугацаанд ажилласан тул түүний үйл ажиллагаанд шууд холбогдох баримт хомс байдаг. Олдсон ганц нэг баримтаас дурдвал:

  • Цэргийн яамны тэргүүн сайд Доржпалам Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он өвлийн сүүл сарын 30 (1915.02.14)-ны үеэр Нийслэл Хүрээнд буй бүх цэргийг өөрийн биеэр байцаан үзсэн байна. Энэ үеэр Нийслэл Хүрээнд байсан 4 аймгийн цэргийг захирах дарга нар харьяат цэргүүдэд цалин хүнс хүрэлцэхгүй гачигдахын туйлд хүрч, тэднийг захирч үл чадахад хүрсэн зэрэг олон зовлон бэрхшээл тоочиж, цэргүүдэд нэн даруй цалин хүнс гүйцээн олгохыг гуйж байжээ.
  • Монгол, Оросын хооронд 1915 оны наймдугаар сарын 10-нд байгуулагдсан Монгол цэргийг сургах тухай гэрээнд Монголын талаас Гадаад яамны сайд Цэрэндорж, Цэргийн яамны сайд Доржпалам, Сангийн яамны сайд Лувсанбалдан, Оросын талаас Монгол дахь Генеральный консул Миллер нар гарын үсэг зуржээ. Энэ гэрээний дагуу нэг жилийн хугацаанд 200 хуучин цэргийг 2 сар, 800 шинэ цэргийг 6 сарын хугацаатай сурган бэлтгэжээ.

М.Доржпалам яагаад ч юм гэнэт өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаа өгсөн байдаг. Чухам яагаад ийм шийдвэр гаргасан нь оньсого хэвээр байдаг. Ингээд түүний оронд Бүгд ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хан Намнансүрэн Цэргийн яамны сайдыг хавсаран ажиллажээ. Тэд Олноо өргөгдсөний тавдугаар он намрын сүүл сарын шинийн 5 (1915.10.13)-нд тамга хэргийг хүлээлцсэн байдаг. Ийнхүү Илдэн жүн ван М.Доржпалам 1915.01.21-1915.10.13-ны хооронд буюу 9 сарын хугацаанд Цэргийн яамны сайдаар ажиллажээ. Энэ дашрамд дурдахад, Тогтохтөр буюу То вангийн гутгаар хөвгүүн Бавуудоржийн хөвгүүн тэргүүн зэрэг тайж Минжүүрдорж (Доржпаламын дүүгийн хүүхэд буюу төрсөн ах дүүгийн хүүхэд) хэмээх хүн Цэргийн яамны эх зохиогч түшмэлээр ажиллаж байсан бөгөөд түүний тухай архивын баримтад “Элдэвт хичээнгүй, болгоомжтой, утга зүйд боловсорсон” хэмээн бичсэн байдаг. Ийм учраас түүнд 1914 онд тэргүүн зэрэг үе улиран залгамжлуулах зарлигыг Богд хаан гаргасан байна. 

Хятадын цэргийн эрхтнүүд 1919 онд Монголын автономит засгийг огцруулсан үеэс Илдэн жүн ван М.Доржпаламын тухай түүхэн сурвалжид нэг бус тэмдэглэсэн байдаг. Бээжингийн засгийн газраас Хүрээний хэрэг шийтгэх сайдаар томилогдсон Чен И цөөхөн цэрэгтэй Хүрээнд ирсний дараа “Хэрэг туслалцах Монгол төлөөний түшмэд”-ийг томилсны дотор Сэцэн хан аймгийн Сүжигт ван Доржпалам багтсан байна. Энэ үед тэрээр хөвгүүн Пунцагцэрэнжалбуугийнхаа хамт Хүрээнд сууж, өөрөө Хүрээнд байгаа Хятадын цэргийн эрхтэнүүдтэй ойр дотно харилцаж, хүү нь Богдын нэрийг барьж Монголын хувьсгалчдын нэг Лосолын эхнэрийг салган суух зэргээр зүй бус үйлдэл гаргаж байсныг түүхэнд тэмдэглэсэн байна. Ийм учраас Нийслэл Хүрээнд байсан хувьсгалчид тэднээс маш болгоомжилж байв.

Үүнийг нотлох баримтыг дурдвал, Сүхбаатар, Лосол, Догсом нар Олноо өргөгдсөний аравдугаар он зуны сүүл сарын шинийн 7 (аргын 1920.07.22)-ны өдөр Богдын тамгатай бичгийг авч Нийслэл Хүрээнээс мордохоор бэлтгэж байгаад “Сүжигт ван Доржпалам нарт мэдэгдсэн төлөв бүхийд сэжиглэл төрж” тэр шөнөдөө Сүхбаатар, Догсом нар өмнө зүг гарч, Туул голын өмнө хээр хонож байжээ. Мөн хятадуудад баригдахаас болгоомжлон хөдөө гарсан нэрээр Их Хүрээний лам нарын гэрээр түр нуугдан явж байсан Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарыг Доржпаламын хөвгүүн Пунцагцэрэнжалбуу нар хятадуудад мэдээлснээр олноо өргөгдсөний аравдугаар оны арван сарын 13 (аргын 1920.11.21)-ны өдөр баривчилсан байна.

Барон Унгерн Нийслэл Хүрээг хятад цэргээс чөлөөлөх үед Сүжигт ван Доржпалам Хүрээнд байсан бөгөөд үүний дараахан Хүрээний Эрдэнэ шанзудба Дашжав зарим лам ноёдыг урьж цуглуулан газар орноо хэрхэн тохинуулах тухай ярилцахад Доржпалам оролцсон байна. Гэвч удалгүй цагийн байдал өөрчлөгдөн Ардын засаг тогтнох янзтай болоход тэрээр Хүрээнээс гарч хошуу нутагтаа даруй буцсан байна.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа “Монгол Ардын засгийн газраас улс гэрийг засах чухал цаг тохиолдсон учир харъяат олон аймаг хошуунаас хэрэг өнгөрүүлсэн чадвартай засаг ба засаг бус хан ван, бэйл бэйс, гүн түшмэд нарыг зарлан хуралдуулж, засагт холбогдох чухал хэргийг хянан хэлэлцэх”-ээр Нийслэл Хүрээнд дуудсан байна. Ингээд Ардын засгийн газраас Илдэн жүн ван Доржпаламыг хөвгүүн бэйс Пунцагцэрэнжалбуугийн хамт Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, долоон сарын 20 (1921.08.23)-ны дотор Нийслэл Хүрээнд ирэхийг тушаажээ. Гэтэл ван Доржпалам бие өвчтэй хэмээн хэд хоног саатсаны дараа мөн оны долдугаар сарын 22 (1921.08.25)-нд хатан Дуламжав, хөвгүүн Пунцагцэрэнжалбуу, бэр Чимэд нар болон орлон хөөгч Цэндсүрэн, зургадугаар зэрэг түшмэл Цэдэн-Иш нарын хөтөл 13 хүнийг дагуулан, 7 тэргэнд сав хэрэгслээ ачин ачлаганы морь 30-ыг авч Нийслэл Хүрээ орно гэж хэлээд зам бууруулсан юм. Тэрээр Ардын засгийн газар өөртэй нь өш санаж тооцоо бодно, бүх зүйл Хятадын эсрэг чиглэж байгаа энэ үед Хятадад талтай гэдгээрээ баригдана гэх зэргээр айж эмээсэн байна.

Тэдэнтэй хамт явах байсан хиа Сэрээтэр гэр хол учир ноёны өргөөнд хоцорч ирээд хойноос нь морджээ. Тэрээр засаг ноён Доржпаламын хойноос нэхэн давхисаар гүйцэлгүй харанхуй болохоор нь хошууныхаа нэгэн сүмд хоноод өглөө эрт босч засаг ноён Доржпалам нарыг эрэн сурвалжилсан байна. Гэтэл тэд мөн сүмийн зүүн талд буудаллаад тэндээсээ зүүн тийш Хөлөнбуйрын Шинэ баргын нутаг чиглэн одсон мөр олж, хойноос нь нэхэн хөөсөн боловч морь нь цуцаж, буцаж хошуу тамгын газар ирж, энэ тухай мэдээлсэн байна.

Энэ мэдээг аваад хошуу тамгын хүмүүс маш их айн сандарсан байдаг. Энэ тухай Илдэн жүн вангийн хошууны тамгыг хамаарсан туслагч тайж Дэлгэржаргал, түшээ гүнгийн зэрэг туслагч тайж Бизъяа нараас харьяат Сэцэн хан аймгийн чуулган дарга жанжин нарт өргөн мэдүүлсэн бичигт, “Туслагч түшмэд бид харьяат засаг вангийн бие баруун зүг замнан явж, Нийслэл Хүрээнээ одвоос зохих атал юун учир зүүн зүгт эргэж явсан болохыг үнэхээрийн гүйцэж мэдэхгүй… айн сандарч, зүрхэнд зэв сум туссан лугаа адил болон бачимдан туслагч тайж Дэлгэржаргал, төрөлийн дарга Мөнхжаргал нарын 6 хүнийг түргэлэн томилон авч дагалдуулан тус бүр гурван морь хэрэглэж довтлон уул мөрийг мөшгөн мордсон” гэжээ.  Гэтэл долдугаар сарын 23 (08.26)-ны орой засаг вангийн морийг гол гаргаж өгөхөөр хамт мордсон Дашбалдан хошуу тамгын газар буцан ирж, ван Доржпалам нар зүүн тийш хил даван баргын нутагт одсон тухай мэдээлжээ. Түүний ярьснаар, Доржпалам, Пунцагцэрэнжалбуу нар долдугаар сарын 22-ны орой харьяат хошуу сүмийн зүүн талд буудаллаж байгаад шөнийн цагаар гэнэт Хайлаар хотын зүг явна хэмээн дагалдан явсан хүмүүстээ хөсөг уналгаа бэлтгэхийг тушаасан байна. Орлон хөөгч Цэндсүрэн, түшмэл Цэдэн-Иш нар тэдэнд хандаж “Гадаад улсад зоргоор одож хэрхэвч болохгүй” хэмээн сөгдөн мөргөн гуйсан боловч Доржпалам тэдний үгийг огт хэрэгсээгүй байна. Ингээд шөнө дунд ачаалан хөдөлж, шинэ баргын нутагт орж, 23-ны өглөө шинэ барга Шулуун цагаан хошууны нутаг Өвдөг булагийн рашаан хэмээх газрыг дайран өнгөрч, цааш явсаар Хонд хэмээх газрын хойт этгээдэд хүрч түр буудаллан цай чанаж уужээ. Ингээд засаг ван Доржпалам Дашбалданд өөрийн сууж явсан тэмээ хөллөсөн сүйх тэргийг өгч, буцаж хошуу тамгын газар бичиг хүргэхийг тушаажээ. Уг бичигт, “Илдэн ван би бээр да лам, дэмч, гүн туслагч, залан, бай да, та нарт хуудас бичиг хүргүүлэх учир, Ван миний бие хөвгүүн Чимэддамбын (Пунцагцэрэнжалбууг ийнхүү авгайлдаг байсан бололтой-зох) хамтаар Иргэн улсад дагахаар нэгэнтээ санаа тогтсон бөгөөд энэ учрыг урьдаас мэдэгдэхэд та нарын хориглохоос бэрхшээж, эс хэлсэн нь одоо та нар хэлсэнгүй хэмээн бүү гомдоорой. Миний хойноос санаа татгалзах (зовох-зох) хэрэггүй учир хамтаар мэдэгдсүгэй. Энэ учир дайчин ван миний хоёр эгчид тааллаан чилж зовоох хэрэггүй хэмээн хэлж гүйцэтгээрэй. Үүний тул хуудас хүргүүлэв. Даруй их баяраар учирч цэнгэн жаргая” хэмээн бичээд гарын үсгээ зурсан байжээ. Энэ бичгээс үзэхэд, түүний хоёр эгч нь нутагтаа үлдсэн байна. Урвагч зугтжээ.

Ван Доржпалам долдугаар сарын 25 (08.28)-нд Хайлаар хотноо хүрэлцэн очиход Хятадын албаны хүмүүс ихэд найрсгаар тосч уулзан буудалд буулгасан байна. Үүнээс үзэхэд тэрээр, Хятад улсад дүрвэн гарах бэлтгэлийг сайтар зохион байгуулсан байжээ. Тэндээ хэд хоносны дараа гүн Цэндийн (Монгол улсын Дотоод яамны дэд сайд байсан Бодлогот баатар Цэнд) хамт галт тэргээр Мүгдэн орж, тэндээсээ мөн галт тэргээр явж, наймдугаар сарын 26 (09.27)-нд Бээжинд хүрэлцэн очжээ. Улмаар есдүгээр сарын шинийн 7-нд Хятадын Ерөнхийлөгчид бараалахсан бөгөөд мөн Манжийн хаан байсан Пү И-тэй уулзсан байна. Ингээд Доржпалам гэр бүл болон дагалдагсдынхаа хамт Бээжин хотын Жанжаа хутагтын сүмд сууж байжээ. Харин Доржпаламыг дагалдаж явсан хүмүүсээс хар Даваа, Адъяа нар сэм оргон гарч, нэгэн Өвөр Монгол ламтай хамт Долон нуураар дамжин 1922 оны зургадугаар сарын 10-нд нутагтаа ирсэн байна. Ийнхүү Монгол улсын Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан нэгэн ноён цаг төрийн эрхээр “улсаас урван” Хятад улсад дүрвэн гарсан байна. 

Тэрээр гадаадад оргон гарсан гол шалтгаан нь нэгд, өөрөө өмнө нь Хятадад оргон гарч байснаас гадна 1919 оноос Хүрээнд байсан Хятадын цэргийн эрхтэнүүдтэй ойр харилцаж байсан, хоёрт, хүү Панцагцэрэнжалбуу нь хувьсгалчдын үйл ажиллагааны тухай хятадуудад мэдээлж байснаас гадна хувьсгалчдын нэг Д.Лосолын эхнэрийг Богдын нэрийг барьж хүчээр салган суусанд оршино. Ийм учраас Доржпалам Ардын засгийн газрын дуудсанаар Нийслэл Хүрээнд очих аваас хэрэгтэн болж ял хүлээнэ хэмээн айн болгоомжилж, хил даван оргосон байна. Эх орон элгэн саднаасаа нүүр буруулсан тэдний амьдрал, хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн мэдээ байдаг билээ.      

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 29. 13:25
Зочин

урвагч төрийн биш төрийн урвагч сайд гэх болов уу

9 сар 28. 21:16
Нарантуяа

ЦУС ХОЛИЛДОХ НЬ ОЮУН УХААН ЗӨВ САЙН СОНГОЛТ ХИЙХЭД ИЛ ХАРАХ БАЙДАЛААР ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИШҮҮ.ГЕН СУДЛАХ ШИНЖЛЭХ ХЭРЭГГҮЙ.ИЛ БАРИМТ НОТОЛГОО БУСУУ

9 сар 25. 18:18
Зочин

Baij baigaag ni buur yag 1 manj

9 сар 27. 0:38
To Van

Ovoo hichneen mundag bsanch tsus holildvol tegeed genee dagaad tsaashaa setgeltei bolchij bn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]