Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Олон улсын сансрын нисэгчдийн өдөртУншсан427

“Союз-39” хэмээх хорин давхар байшингийн чинээ өндөр, 50 м урттай, 300тн жинтэй энэхүү агуу том хөлгийг бүтээж, дэлхийн тойрог замд оруулахын тулд оросууд тэр үед ямар их зардал гаргасныг төсөөлөхөд бэрх.

Хүн эх дэлхийгээсээ тасран хязгааргүй огторгуйд дүүлсэн тэр цагаас хойш нэгэн жаран өнгөрчээ. 1961 оны 4 сарын 12-нд Оросын алдарт зохион бүтээгч Сергей Королевын бүтээсэн “Восход-1” хөлгөөр 22 настай ахмад Юрий Алексеевич Гагарин эх дэлхийгээ 1 цаг 48 минутанд бүтэн тойрч, 40 гаруй мянган км аялачихаад эсэн мэнд бууж ирсэнээр хүн төрөлхтөнд сансрын шинэ эрин үеийг авчирсан юм.

Энэ мөчид Королевын гол өрсөлдөгч байсан Америкийн зохион бүтээгч Фон Браун атаархсандаа бараг өмдөндөө дусаах дөхсөн гэлцдэг юм билээ. Энэ агуу үйл явдлаас яг хорин жилийн дараа их зохиолч Д.Нацагдоржийн мөрөөдлийн “улаан очыг” сансраас тольдох хувь заяа Монгол хүнд тохиосон юм. 

Бал даргын маань уйгагүй хөөцөлдөлгөөний дүнд ЗХУ-ын удирдлагын зөвшөөрснөөр 1976 онд Монгол хүн сансарт нисэх “очерт” орж,  МАХН-ын УТТовчооны гишүүн С.Жалан-Аажаваар ахлуулсан сансрын нислэгт бэлтгэх комисс байгуулагдаж байжээ. Үүнээс жилийн дараа сансарт нисэх тэмүүлэлтэй хэдэн зуун эрсээс Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, Д.Сайнцог нар сонгогдон сансрын нисэгч бэлтгэдэг оддын хотхонд явж, тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж, эцсийн шатанд Ж.Гүррагчаа сансарт ниссэн юм. Улаанбаатар хот, аймаг сум болгонд тараагдсан битүүмжилсэн тусгай нууц кодтой хоёр дугтуйны нэг нь задарч Ж.Гүррагчаагийн зурагтай танилцуулга, тэмдэг Улаанбаатарын төв талбайгаас хөдөөгийн  малчны гэрт хүртэл мэдээ тархаж, хүн бүр хичнээн хөөрцөглөж байлаа даа. Тэр өдрүүдэд Байконур дахь удирдах төвөөс сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нартай хөдөөгийн малчин Жүгдэрдэмид гуайн хийж байсан шууд ярилцлага Монголын радиогоор цацагдаж, телевизийн дэлгэцнээс удтал салаагүй билээ.

 БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч БНМАУ-ын баатар В.Жанибековын хамт 1981 оны 3  сарын 22-нд  Байконуураас  “Союз-39” хөлгөөр хөөрсөн ховорхон азтай нэгэн. Тэрээр найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 3 сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү үйл явдлаар Монгол Улс сансрын уудамд хүнээ нисгэсэн дэлхийн арав, Ази тивийн хоёр дахь орон болж,  Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэх нисгэгч /космонавт/ хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн бөлгөө.

“Союз-39” хэмээх хорин давхар байшингийн чинээ өндөр, 50 м урттай, 300тн жинтэй энэхүү агуу том хөлгийг бүтээж, дэлхийн тойрог замд оруулахын тулд оросууд тэр үед ямар их зардал гаргасныг төсөөлөхөд бэрх. Миний мэдэхээс хожим нь нилээн хөлжүү нэгэн Америк эр 25 сая ногоон төлж байж сансарт аялаад ирсэнийг л би мэдэх юм байна.

Монгол хүн суулгасан хөлгийн дарга В.Жанибековаар удирдуулсан “Союз-39” хөлөг хязгааргүй сансрын уудамд “Салют-6” станцтай амжилттай залгагдаж, бүхээгнийхээ бяцхан таславчинд нисгэгч  анд В.Савиных, В.Коваленко нарыгаа талын малчны хүү, хөдөөгийн хөрслөг  бор залуу Гүррагчаа Монгол үхрийн борцтой шөл, Увс нутгийн чацарганын ундаагаар дайлж байсныг буурал түүх яахин мартах билээ. 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд малчин ард Жүгдэрдэмидийн гэрт төрж өссөн, халаасандаа ээжийнхээ өгсөн арван төгрөгтэй ниссэн, ардын армийн хошууч генерал маань тэр үед ахмад цолтой байлаа. Сансар, огторгуй, сансрын нисэгч гэсэн үгс Ю.Гагариныг 1961 онд сансарт ниссэний дараа Монгол хэлний үгсийн санд шинээр орж ирсэн ба тэр үеэс яг 20 жилийн дараа Монголчуудын сансарт нисэх мөрөөдлийг биелүүлж, Ж.Гүррагчаа ингэж Монгол улсын түүхэнд нэгэн алтан хуудас нээсэн юм. Тэрээр Монголоос ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн баатар цолоор шагнагдсан ховорхон хувь тавилантай хүн. “Бусдаас юугаараа онцлог байсан гэвэл, дорны хүний юманд буурь суурьтай ханддаг шинж Гүррагчаад маань байсан. Тэр тухайн байдлыг дүгнэж, нөхцөл байдалдаа гайхалтай хурдан дасан зохицож чаддаг, хэзээ ч илүү юманд сэтгэл зовдоггүй, сандарч тэвдэггүй, бүх юмыг яг таг биелүүлж, хөтөлбөрөө хянаж байсан. Долоо хоног хамт сансарт нисэхэд ямарч өө сэв гаргаагүй. 

Биднийг Монгол дээгүүр нисэж байхад тэр хөлгийн цонхноос салдаггүй, эх нутгаа хараад нүд салгаж чадахгүй ширтэж маш их баярладаг байсан" гэж хөлгийн дарга  Владимир Жанибеков дурссан байдаг. 

Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр “Интеркосмос” олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй эрдэм шинжилгээний туршилтуудыг хийж гүйцэтгэсэн юм билээ. Монгол Улсын ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв гуай “Интеркосмос” үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж, туршилтын хөтөлбөрийг академич Б.Чадраа удирдан ШУА-ийн физик-техник, хими-биологи, ботаник, газар зүй, математик зэрэг хүрээлэнгүүд, Геодези зураг зүйн газар, Ус цаг уурын институт зэрэг судалгаа шинжилгээний байгууллагуудын 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байжээ. Тэдний ажлын үр дүнд Монгол Улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийх, бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч судалгаа явуулсан юм. 

Хамтарсан нислэгийн үеэр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан зураглалыг хийж, сансрын нисэгчдийн хоолны найрлагад чацарганы тос оруулсан шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзэхэд биологийн өндөр идэвхтэй, сайн хадгалагддаг, амтлаг сайн чанартай болохыг харуулсан байдаг. Ингэж Бал даргын маань бүтээн байгуулалт эх газраас хальж, хөх тэнгэрт өрнөсөн түүхтэй. Агуу удирдагч хүн бол хувийнхаа амьдралд хүртэл онцгой агуу л байдаг юм билээ.

 Юрий Гагариныг сансраас ирэхэд угтаж авсан хүндэтгэлийн ёслолд Никита Хрушевын урилгаар социалист орнуудыг төлөөлөн оролцсон Бал дарга маань хувийнхаа тэмдэглэлд ийн бичиж үлдээжээ. "1940 оны 04-р сарын 08-нд намайг намын ерөнхий нарийн бичгийн дарга болсны орой маршал Х.Чойбалсан тамхилаач хэмээн нэг тамхи өгсөн юм. Тэр өдрөөс хойш тамхинд нилээн орчихсон. Өдөр бүр олноор нь татаж, ажил хийх явцдаа байнга сорсоор байгаад сурчихсан байсан л даа. Гэвч би хэзээ ч тамхи татаж байсандаа харамсдаггүй юм. Эр хүний хийдгийг л хийсэн гэж боддог. Харин 1961 оны 04-р сарын 23 ний өдөр Ю.Гагарин сансарт ниссэнд Монгол хүний хувьд өөртөө нэг зүйлээр тэмдгэлье гэж шийдээд тамхиа хаясан юм. 21 жил нөхөрлөсөн нөхөр минь шүү дээ. Гэхдээ би залуусыг тамхи тат гэж байгаа юм биш. Төрийн хүнд тамхи зохино гэдэг яриа хүртэл бий шүү дээ.".

   Ш.Пүрэвсүрэн

Удахгүй хэвлэгдэх “Бал дарга бидний амьдралд” номноос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]