Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эзэн Чингис тэр 10 жилд хаана амьдарсан бэ?Уншсан15,097

Оросын кино найруулагч С.Бодров түүхийн энэхүү цагаан зайг ашиглан нэгэн кино хийсэн. Уг киног анх хийнэ гэж байхад Монголын түүхч эрдэмтэд болон олон нийтийн шаргуу эсэргүүцэлтэй тулж байсан билээ.

Аливаа улсын түүхийг бичмэл түүх, эд өлгийн дурсгал дээр тулгуурлан судалдаг. Их Монгол улс байгуулагдсан цаг хугацааг бидэнд буухиалан авч ирсэн түүхэн сурвалж бол “Монголын нууц товчоо. Манжийн эзэн хааны ордны номын сангаас орос хар лам Палладий Кафаровын олсон “Монголын нууц түүх” номын судалгаа эдүгээ ч үргэлжилсээр.

Эрдэмтэд, судлаачид Их Монгол улсын байгуулагдсан он цагийн асуудал дээр санал нэгддэг ч тэрхүү их үйл хэргийн удирдагч Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, намтрынх нь зарим тасарсан хэсгийг нөхөхөд болон Их Монгол улс байгуулсан тухай түүхийг өгүүлсэн “Монголын нууц товчоо”-г хэдийд хэн гэдэг хүн зохиов гээд маш олон асуудал дээр маргалдсаар байдаг.

 

Их эзэн Чингис хааны төрсөн оны талаар ерөнхийдөө хоёр санал байдаг. Персийн түүхч Рашид ад Дин “Судрын чуулган”-даа тэмдэглэснийг үндэслэн Оросын түүхч, академич Б.Я.Владимирцов “Чингис хаан”, В.В.Бартольд “Монголын түрэмгийллийн доорх Туркестан” зэрэг зохиолдоо Чингис хааныг хөхөгчин гахай жил буюу 1155 онд мэндэлсэн гэж үзсэн.

Харин дорно дахины болон манай сурвалж бичгүүд болох “Дай Юань улсын түүх”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, “Алтан товч”-оос эхлээд бүх л түүхийн ном судруудад Чингис хааныг усан морин жил буюу 1162 онд төрсөн гэдэг. Гэхдээ мөн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэх нь бий.

Гэхдээ манай болон дэлхийн монголч эрдэмтдийн дийлэнх нь Чингис хааныг 1162 онд төрсөн гэдэг дээр санал нэгддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Богд эзний намтрын нэгэн сонирхол татсан маргаантай асуудал нь 1188-1198 оны хооронд 10 орчим жилийн амьдралынх нь тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн зүйл байхгүй бөгөөд нэг ёсондоо цагаан зай үлдсэн байдаг.

Түүх судлаачид эл хоосон орон зайг янз бүрээр нөхөх гэдэг. Зарим түүхчид энэ хугацаанд Чингис хааныг Алтан улсад олзлогдон боол болж нүхэн зооринд хоригдож байсан гэж үздэг бол нэг хэсэг нь үхлүүт хэвтэрт байсан, Энэтхэгт жуулчилж яваад ирсэн, Найман аймагт олзлогдож байсан ч гэх юмуу элдэв үнэмшилгүй тайлбар хийсэн нь бий.

Монголын түүх судлалд сэтгэл зүрхээ зориулсан гэгддэг Л.Н.Гумилев агсан гэхэд л Чингис хааныг Татарт баригдан хоригдож байсан гэж үзсэн билээ. Сүүлийн үед Их Монгол улстай холбоотой, Их эзэн Чингис хааны намтар түүхийн энэхүү цагаан зайг энд тэндэхийн мөнгө олох гэсэн доншуур этгээдүүд хүртэл ашиглахыг оролдох болсон.

Оросын кино найруулагч С.Бодров түүхийн энэхүү цагаан зайг ашиглан нэгэн кино хийсэн. Уг киног анх хийнэ гэж байхад Монголын түүхч эрдэмтэд болон олон нийтийн шаргуу эсэргүүцэлтэй тулж байсан билээ. Түүний хийсэн “Монгол” кинонд Чингис хааныг Тангудад олзлогдон “монгол хүн” гэсэн ханзаар духандаа тамгалуулаад араатан амьтантай хамт торонд хоригдож байгаагаар үзүүлсэн. Мөн Чингис хааны “өмнө зүгт Тангуд улс бийг өглөө бүхэн сануул” гэсэн үгийг ч ашигласан. Үүнийг Монголчууд цагтаа эсэргүүцэж байлаа.

Харин сүүлийн үед энэхүү цагаан зайг нөхөх оролдлогыг судлаачид хийх болсон нь сайшаалтай юм. Жамухтай 13 хүрээний байлдаан хийж ялагдсан Чингис хааныг 1198 он хүртэл түүний хараат вассал явсан байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэх болжээ.

Энэхүү таамаглал хэр үнэний хувьтай болох талаар түүхчид, судлаачид үгээ хэлж, цагаан зайг нөхөхөд хувь нэмрээ оруулах биз ээ. Их түүхийн эрэл хайгуулын нөгөө нэг үзүүр бол “Монголын нууц товчоо”-г хэн хэдийд зохиов гэдэг асуудал юм. Бидэнд Их Монгол улсын болон өвгөд дээдсийн маань их түүхийг дэлгэн үзүүлж ирсэн “Монголын нууц товчоо” хэдийд зохиогдов, хэн зохиов гэдэг нь өдгөө хүртэл тодорхойгүй байгаа юм.

“Энэ талаар Монголын түүхийг сорхон судалдаг бараг бүх эрдэмтэд өөр өөрсдийн таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Эрдэмтэд “Монголын нууц товчоо”-ны төгсгөлд буй “Их хуралдай хурж, хулгана жилийн хулан сард...” гэдгийг иш болгон 1228, 1240, 1252, 1264, 1276 оны хулгана жилүүдийн аль нэгэнд зохиогдож дууссан гэж үздэг.

Гэхдээ олонх эрдэмтэд 1240 оны цагаан хулгана жил “Монголын нууц товчоо”-г зохиож дуусгажээ гэлцдэг байна. Ингэхдээ “Монголын нууц товчоо”-нд Өгэдэй хааны 1186-1241 хаанчлалын үеийн гол үйл явдлуудыг түүний гэмшилтэй нь хамт оруулсан хэдий ч нас барсан тухай болон дараахан нь болсон хаан ширээний төлөөх тэмцэл зэргийг дурдаагүйтэй холбон тайлбарладаг.

Мөн “Монголын нууц товчоо”-ны “Эзэн Чингисийн хэсэг”-ийг 1228 онд зохиож, харин Өгөдэй хааны үед сүүлийн хоёр бүлгийг нэмжээ гэсэн таамаглал ч бас бий. Үүнийг хамгийн оновчтой хувилбар гэж томоохон эрдэмтэд тооцсон нь бий.

“Монголын нууц товчоо” хэдийд зохиогдож дуусав гэдэг энэ асуудал бас л эрдэмтдийн санаа бодлыг нэгэн мөр болгохыг шаардсан томоохон судалгааны сэдэв. Тэгвэл “Монголын нууц товчоо”-г хэн зохиов. Үүн дээр ч маш олон санал, таамаглалыг судлаачид гаргасан байдаг.

Их Монгол улсын анхны тэргүүн заргач шүүгч Шихихутагаас эхлээд Чуу мэргэн буюу Елюй Чуцай, Дувацагаан гээд л “Монголын нууц товчоо”-г зохиосон байж болох хүмүүсийн нэрс хөвөрнө. "Монголын нууц товчоо”-г хэн зохиов гэдэг асуудал ч гэсэн өөрөө маш том судалгааны сэдэв болохын хамт судлаач, эрдэмтдийн санааг нэг мөрт оруулахыг хүлээж буй сэдэв юм. Зөвхөн энд дурдсан хэдэн зүйл ч бус Их Монгол улс байгуулагдах тэр цаг үед хамаарах “Монголын нууц товчоо”-нд өгүүлсэн олон үйл явдал эрдэмтэн судлаачдыг байнгын ажилтай байлгадаг ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүргэсэн билээ.

Монголчууд биднийг Чингис хаанаа “манайх” хэм ээн өмчлөх юмаар маруухан, хийж бүтээснээр тааруухан байх зуур дэлхийн олон нийт хоёр дахь мянган жилийн “Дэлхийн гайхамшигт хүн”-ээр тодруулж, зарим улс орнууд түүнийг биднээс салган өмчлөх болсон. Үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Гэхдээ сүүлийн үед Их Монгол улс байгуулагдсан түүхтэй холбоотой эд өлгийн буюу бодит дурсгалуудыг судлах ажил далайцтай явагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.

Түүхийн тэр цаг үед холбогдох томоохон дурсгалууд, тухайлбал, Хархорум нийслэлийн туурийг малтан шинжилсэн Монгол-Германы хамтарсан археологийн экспедици, Археологи, түүхийн хүрээлэн, МУИС-ийн болон Улаанбаатар сургуулийн түүх, археологийн тэнхимүүдээс сүүлийн хэдэн жил тогтмол экспедици гарган ажиллуулж нээлтийн чанартай олон судалгааг хийгээд байна.

Сайны хажуугаар саар гэгчээр Монгол улсын нутаг дэвсгэр түүх, соёлын үнэт эд мөрийн баримт болсон дурсгалуудыг “түүний дотор Их Монгол улсын үед хамаарах” эд мөнгөнд шунасан, хялбар аргаар олз олж баяжиж, хөлжих донд хөтлөгдсөн ухвар мөчид хүмүүс ухаж, малтаж, зарж үрж байгааг ч хэлэх хэрэгтэй байх.

Сонин хэвлэлээр байнга яригддаг энэ асуудлын талаар хүн бүхэн сонсч, мэдсээр байдаг ч үнэндээ ийм хууль бус үйлдлийн эсрэг юу ч хийдэггүй нь бас үнэн билээ. Их Монгол улсын түүх нь үндсэндээ эзэн Чингис хааны, түүний үр хүүхэд, ач гуч нарын Монгол үндэстний түүх болохын хувьд байнга дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байдаг.

Тэр дундаа дэлхий нийт Чингис хааны төрсөн нутагт нь түүнийг мөнхжүүлсэн ямар цогцолбор байгууламж байдаг хийгээд Чингис хааныг хаана онголон оршуулсан тухай асуудлыг онцгойлон анхаардаг нь нууц биш.

1962 онд Хэнтийн Дадал суманд босгосон ганц чулуун хөшөөнөөс өөр хүнд үзүүлчих юмаар маруухан байсан монголчууд өнөөдөр Их Монгол улсын нийслэл Хархорум болон Их Аураг ордны туурийг малтан судлахын зэрэгцээ нийслэлийн төвд байх төр засгийн ордныхоо өмнө цогцолбор барьсан.

Мөн хувийн хэвшлийнхэн Их Монгол улс, Их эзэн Чингис хааны дурсгалд зориулан томоохон цогцолборууд барьсан нь ч цөөнгүй байна. Энэ дунд дэлхий дээрх хамгийн том морьтой хөшөө буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдогт Женко компанийн барьсан эзэн Чингис хааны хөшөөт цогцолбор, мөн Монголын нууц товчоо цогцолбор гээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөшөө дурсгал олширч байна.

Мөн сүүлийн жилүүдэд Чингис хааныг хаана онголж оршуулсаныг олж тогтоох зорилготой хайгуул эрчимжиж зарим нэг гадаад дотоодын шалдар булдар судлаачдын хувьд бараг өвчин болчихоод байна.

Иймэрхүү ажил санаачилсан галзуу ч гэмээр санаанууд олон нийтийн санаа сэтгэлийг ихээр татаж байгаа нь ч нууц биш. 1990-ээд оны эхээр Монгол-Японы хамтарсан “Гурван гол” нэртэй экспедици их л өргөн цар хүрээтэй их хааны булш онгоныг хайсан ч олоогүй билээ.

Сүүлийн 10 гаруй жилд Монголын хэсэг газар зүйч, түүхч эрдэмтэд Америкийн хэсэг эрдэмтдийн хамт Хэнтий амйгийн Биндэр сумын нутагт байх “Өглөгчийн хэрэм”-д их хааныг онголсон гэх таамаглал дэвшүүлэн судалгаа хийсэн ч бүтэлгүйтсэн.

Уг судалгааг мэргэжлийн түүхч, археологчидын олонхи нь буруушаасан өнгө аясаар хандсан. Энэ хугацаанд Чингис хааныг бидэнтэй булаалддаг хятадууд Шинжааны нутгаас их хааны булш онгоныг оллоо гэсэн бол Казахстанууд “Чингис” ууланд байгаа хэмээх шуугианыг бас дэлхийд цацаж байлаа.

Оросууд ч юу дутах билээ гэсэн шиг Буриадын нутаг, Алтайн уулсад байгаа тухай ярих, шуугиан дэгдээх нь цөөнгүй. Мөн сүүлийн үед хятад гаралтай америк эрдэмтэн хэмээх Альберт Чан гэгч арай л давруу байх шиг.

Тэр хиймэл дагуулаар хамгийн орчин үеийн аргаар эзэн Чингисийн булш бунханыг тогтоолоо хэмээн дэлхийг шуугиулж байна. Энэ бүхэн Монголчууд биднээс эзэн Чингисийнхээ онголсон бунхан цогцолборыг илрүүлэн нээж олон нийтийн хүртээл болгохыг шаардаж байх шиг. Гэвч тэр цаг болсон, болоогүй гэдэг дээр манай ихэнх эрдэмтэд үгүй гэдэг хариултыг өгч байгааг ч дурдах ёстой байх. Энэ мэтчилэн их түүхийн жимээр маш ихийг өгүүлж болно.

Түүнчлэн Их Монгол улсын үеийн хууль цааз, бичиг үсэг, цэрэг дайны тактик, улстөрийн байдал, соёл урлаг гээд л судлагдаагүй судлагдаж байгаа асуудал тун олон юм. Өмнөх нийгмийн үед Чингис хэмээх нэрийг ч хэлэх эрхгүй байсан монголчууд 1990 оноос хойш архинаас эхлээд рок хамтлаг, зоогийн газар бүр хуушуур, буузанд хүртэл их хааныхаа нэрийг өгөх болсон.

Энэ байдлыг хязгаарлахаар төр засаг хуулийн төсөл хэлэлцэж байсан ч одоо ч шийдэгдээгүй л байна. Монгол, монголчуудын имиж, статус квогоо хадгалах нэг хүчин зүйл болдог Чингис хаан, түүний байгуулсан Их Монгол улсыг мөнхжүүлэх, сурталчлах ажлыг дорвитойхон төлөвлөгөөтэйгээр эхлүүлж, системтэйгээр даацтайхан хэрэгжүүлэх санал тавьж байгааг минь болгооно уу.

О.Хуяг

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 7. 15:42
Зочин

төрсөн он нь буруу байхоо, одоогийн төрсөн гээд байгаа оноос 10 жилээр хойно төрсөн байх, тэгээд л болоо, түүнээс бус чингисийн түүхийг тийм сайн мэддэг хүн бичихгүй байна гэж юу бйахав,

2017, 12 сар 7. 14:37
Зочин

олон юм уншсан 1155 он нь зөв юм шиг санагдсаншдээ?

2017, 12 сар 7. 14:37
Зочин

Жамух-ын нэг жанжин нь болсон байж магадгүй гэж боддог. Сүүлд Жамух-ыг бариад өөр шиг нь нэг жанжинаа болгох гэтэл цаадах нь үхнэ гээд үхүүлсэн. Нууц товчоонд энэ түүхээ бичүүлэлгүй нуусан болхоор нууц товчоо гэсэн бизээ.

2017, 12 сар 7. 14:27
J. Erka

Яасан ч бай Их хаан Чингис Монголын ард түмнийг, төр улсыг нь бий болгон төвхнүүлж өнөөгийн бидэнд үлдээсэн дэлхийн хүн билээ. Бурханы авралаар тэр хүн Монгол нутагт төрж өсөн өндийж тархай бүтархай нүүдэлчдийг нэгтгэж улс гүрэн болгосоныг хүн төрөлхтөн мартахгүй. Ямар их хувь заяа, азаар энэ хүн Монголд төрөв өө. Бид уг нь Төрийн дуулалдаа түүний нэр Тэмүүжинг оруулан дуулж байх ёстой атал тэгж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Гэхдээ оройтоогүй ... "Халуун элгэн нутаг минь" дуунд Тэмүүжинг эвтэйхэн оруулаад Монголчуудын сүлд дуу болгомоор байна.

2017, 11 сар 18. 22:55
энхдэлгэрбаян

чингэс хаан ы25-35насандаа 10жил онц сонин бичихээр үйл явдал гараагүй юм байгаа биз,энэ үед 4хүү нь төрөөд завгүй хоол хүнс гээд явж байсан ч юм бил үү бичээгүй юмыг заавал тааж буудаж яах гээд байгаа юм

2017, 12 сар 7. 14:10
Зочин

чингэс биш Чингис.

2017, 11 сар 11. 23:50
Зочин

Зүрчидийн Чуу мэргэн яахаараа Киданы Юлуй Чуцай болдог билээ?

2017, 11 сар 16. 21:51
Зочин

bolon gesen bailgui de ho

2017, 11 сар 18. 23:02
Зочинbat

10jil bolovsorj baijee

2017, 12 сар 7. 16:25
НУУЦ ТОВЧОО НЬ

ТУХАЙН БИЧИГЧИЙН ОЙЛГОЦ ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ДАГУУ ТҮҮВЭРЛЭН ТҮҮЖ БИЧСЭНИЙГ Л БАРИМТ /ТҮҮХ/ БОЛГОЖ ҮЗДЭГ. ТОВЧОО-ТОВЧЛОЛ-ТОВЧИЛСОН ХУРААНГУЙЛСАН ГЭСЭН УТГАТАЙ УЧИР "НУУЦ ТОВЧОО"-Г БИЧИГЧ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮГЭЭР ТҮҮХ НЬ ОЛДООГҮЙ УЧИР ТОВЧЛОСОН ГЭЖ ОЙЛГОВОЛ ЗОХИСТОЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА

2017, 12 сар 7. 14:13
Зөвхөн монголдооЗочин

Хаана амьдардаг юм. Харь гаригт л биш. Тэр 10 жилийн хугацаанд зөвхөн монголдоон амьдрсан байж л таарна шүү дээ.

2017, 12 сар 7. 14:21
Жанжин

Харин тмйм. Тэгээд ч тэр ер нь хэнд хэрэгтэйн. Лав л манайд амьдраагүй :)

2017, 12 сар 7. 18:09
Зочинхүн

байсаан байсаан манай өвөөгийнд байсан гэсэн нээрээ хөөе нэээрээ

2017, 12 сар 7. 16:02
Жан Жинд

КРИЛЛ МОНГОЛ БИЧИГ ЯМАР САЙН СУРАА ВЭ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]