Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Магалжав юу хэлэв...Уншсан23,913

Би өөрөө барилдаж байсан хүний хувьд хэлье. Бөхчүүд допингийн талаар хамгийн сайн мэдлэгтэй.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэвлэлд өгсөн тодруулгуудаас түүвэрлэн уншигчдадаа хүргэж байна. Эндээс та бүхэн хоёрыг бодож, нэгийг тунгаах буй за. Сүүлийн үед монгол үндэсний бөхийн дэвжээнд допингийн асуудал хурцаар тавигдах болж, бөхчүүд төдийгүй үзэгчид, бөхийн хорхойтнууд үзэл бодлоороо талцан хуваагдах сөрөг үзэгдэл гарах болсон. МҮБХ-ноос эдгээр асуудалд холбогдуулан авч байгаа алхмууд, үйл ажиллагаа зөв зүйтэй гэдгийг бөхийн хорхойтнууд сүүлийн үед сошиалд ихээр илэрхийлэх болсныг энд дурдъя.


11 сарын шийтгэлийг Монголын үндэсний бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн  олонхийн саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь  Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух нь зөв. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод  харилцан адилгүй шийдвэр  гаргахаар  бухимдагсдыг бий болгоод  байгаа нь эргээд  Төрийн болон  өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай байх шиг.

Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд, дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх  хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж,  хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаалах ёстой.  Монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын багагүй хэсэг нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэх болно шүү дээ.

Ergelt.mn 2021.12.16

 

Дэлхийн нийтээр допинг гэдэг зүйлийг эсэргүүцэж байгаа. Цэвэр шударга өрсөлдөөн, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор допингийн шинжилгээ авахаас өөр арга байхгүй. Залуу бөх тариа хийлгээд аваргыг давах уу гэдэг асуудал сүүлийн үед их яригдаж допингийн шалгалтыг авахаа болих хэрэгтэй гэж ухуулга хийх болж. Тийм зүйлгүй шүү нөхөд өө. Бид хоёр ижил түвшний бөх нэг нь эм тариа хийлгээд нэг нь шударгаар хөлсөө урсгах уу гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Допингийн тухай хууль, Баяр наадмын 2003 оны хуулиар зохицуулагдаж явж байгаа. Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авна. Илэрсэн тохиолдолд цол чимгийг хураах эсвэл барилдах эрхийг зургаан сараас  хоёр жил хүртэл хугацаагаар хасах заалт байдаг. Иймээс 2003 оноос наадамд допинг  хэрэглэсэн бөхчүүдэд харицан адилгүй шийтгэл оноогоод явж ирсэн нь бас маргалдах гол сэдэв болоод байгаа. Бид үүнийг баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар засч залруулах хэрэгтэй. Биеийн тамир спортын бусад хуулиудтайгаа уялдаж байх ёстой болов уу. Одоо баяр наадмын бус  заалны барилдааны үед  допингийн шинжилгээ авч бөхчүүдийн барилдах эрхийг түдгэлзүүлээд эхэлсэн. Энэ ч хөгжил рүү нэг шат ахисан зөв алхам. Наадмын ба наадмын бус үед авсан допингийн шинжилгээнд ногдуулах хариуцлага нь тодорхой, ойлгомжтой байх, мөн үүнтэй холбоотой хууль, дүрэм, журмыг нь тамирчид, бөхчүүд ягштал мөрддөг хатуу хуультай байх  шаардлагатай. Энэ бол холбооны  нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг байх ёстой.

Би өөрөө барилдаж байсан хүний хувьд хэлье. Бөхчүүд допингийн талаар хамгийн сайн мэдлэгтэй. Ухуулга, таниулга, ном товхимолыг ч гаргасан байсан. Амжилтад хэт яарах, бусдын буруу ухуулга буюу булчинг чинь хурдан томруулна, бас давхар чиний тийм  бэртэлийг хурдан эдгээхэд энэ тариа эм нөлөөлнө, тэдэн төгрөгөөр нийлүүлье гэдэг штангийн багш нар, сайн дурын жижиг  боди мастеруудын  яриа  миний үед ч байсан, одоо ч байгаа байх. Одоо допингийн шалгалтанд орж байгаа залуучуудын гол хардлага Допингийн эсрэг үндэсний төв, Олимпийн хороо гэдэг байгууллагууд, тэдгээрт ажиллагсадыг хардаж байгаа. Хардах хүний эрх, бас ийм санал гаргаж байгаа нь ч зөв.  Холбоо нь жигдрээд эхэлбэл энэ шалгалтанд өмнө нь бүдэрсэн, одоо бүдрээд байгаа, цаашид бүдрэх магадлалтай болчихоод байгаа залуусынхаа санал гомдолыг тайлж,  хуулийн хүрээнд нь болох бол  Засгийн газрын зохих байгууллагынх нь  дэмжлэгтэйгээр дээрх 2 байгууллагын допингийн хариуг гаргаж  байсан байдал, мөн шалгалт авсан лабороторынх нь хариуг тулгах зүйлийг хууль гарсан 2003 оноос нь гаргамаар санагдаж байгаа. Шударга зүйл заавал байх ёстой. 

2018.05.29 Өдрийн сонин

 

Сүүлийн үед эмч нар хөрөнгөжсөн, бөхчүүдийн ивээн тэтгэдэг компаниудаас мөнгө шилжүүлж авсан гэдэг асуудал яригддаг. Хэрэв энэ үнэн бол уг асуудлыг гаргаж ирж үндсээр нь цэвэрлэх, хариуцлага тооцоод явахаас өөр арга байхгүй. Хууль хяналтын байгууллага хатуу, цэгц хандах ёстой. Сэргээшийн асуудал бол барилдаж байгаа олон залуучуудад халтай юм. Олон мянган залуус хөлс, хүчээ гаргаад, цаг заваа золиослоод явж байгаа. Гэтэл шинжилгээг нь сольдог, эсвэл бөхийг спонсорлодог компаниудаас эмч нар мөнгө аваад явж байгаа бол энэ асуудалтай хатуу тэмцэх ёстой. Монгол Улсыг тодотгох өв соёлын нэг нь Монгол бөх. Гэтэл сүүлийн үед сэргээштэй холбоотойгоор бөхийн нэр хүнд унаж, бөх сонирхогчдын тоо багаслаа гэдэг асуудал ярьж байна. Гэхдээ бөх сонирхогчид багасаагүй байх. Сэргээшийн асуудал нь нийт бөхчүүдийн дунд гэхээсээ илүү маш цөөхөн хувьд нь яригдаж байгаа асуудал юм. Магадгүй 97, 98 хувь нь гурилтай шөлөө идээд бусдын адил бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Бөхийн соёлыг цэвэр ариун байлгах нь бөхчүүдийн үүрэг. Харин сэргээшийн асуудлыг МҮБХ, хуулийн байгууллага хатуу хяналтдаа авч ажиллах ёстой.

2020.01.22 Zindaa.mn

 

Монгол хүний өөрсдийгөө бусдаас ялгагддаг гэж үздэг цөөхөн зүйлийн нэг нь үндэсний баяр наадам, цагаан сар. Энэ баярууд мөн бидний Их хааны байгуулсан гүрэн улсын мандан бадарч байсан түүх нь байхгүй бол бид одоо байгаа байдлаараа хэцүүхэн үндэстнээр тодорхойлогдоно. Харин наадам, цагаан сараар үндэсний хувцасаа өмсөж хаана ч байхгүй эрийн гурван наадмаа хийж, уртын дуугаа дуулдаг, сонсдог болохоор бид тусгаар улс гэдгээрээ бахархаж, түүнийгээ тунхаглаж, ард олон нь ч энэ хоёрхон өдөртөө аз жаргалтай бусдад харагддаг, бид өөрсдөө ч үүнийгээ мэдэрдэг. Энэ жил зун цагтаа агаар салхитай задгай талбайд сум, аймгийн бүр улсын наадмыг нэг зэрэг хоёрхон өдөр хөл хөдөлгөөн багатай зохион байгуулчихад бүх талаар буруудахгүй байсан. Хориглосон, хүчилсэн зүйлийн эсрэг үр дүн нь уг зүйлээсээ илүүтэй гардаг нь ганц бидэнд биш хүн төрөлхтөнд нийтлэг тохиолддог зүйл. Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. Аймгууд наадамтайгаа ижил чансаатай бас маргаан будлиангүй барилдаан зохион байгуулаад, Засаг дарга нь аймгийн цолны үнэмлэхийг гардуулаад ирэхэд холбоо санал гаргаснаараа бөхийн цолны эрэмбэнд оруулахаас өөр аргагүй.

Zogii.mn 2021.12.09

 

Үндэсний бөхийн лиг нь оноолтын систем нэвтэрч байгаагаас бусдаар үндэсний бөхийн дүрэмтэй ижил. Үндэсний бөхийн дүрэмд шинэлэг хэлбэрийн барилдаан зохиож болохгүй гэсэн заалт байхгүй. Энэ бол цар тахлын үед бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг сайжруулах, сонирхол татахуйц телевизийн контент бүхий барилдаан юм. Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байх хэрэгтэй. МҮБХ нь бөхийн барилдаан зохион байгуулах спортын байгууллагуудтай бүх талаар хамтарч ажиллана. Энэ барилдаанаас гадна цаашид бөхчүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнд нэвтрүүлэг зохионо.

Бүх зүйл хуучин уламжлалаараа байх ёстой гэдэг үзлийг байнга нэгдүгээрт тавьж болохгүй. Хүмүүсийн сонирхлыг татах хэрэгтэй. Үндэсний бөхийн 6 цаг үргэлжлэх барилдааныг үзээд суудаг хүн хэд байдаг билээ. Уламжлалт барилдаанууд болдгоороо болно.

Gogo.mn 2021.10.03

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]