Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Халх гол дахь байлдаанУншсан17,359

Нийтлэлч Баабар

Нийтлэлч Баабар.

Наян жилийн өмнө Халх голд болсон тулалдааны тухай ойлголт нэлээд төөрөгдөл байж. Байлдаанд оролцсон Зөвлөлт, Япон, Монгол байтугай хөндлөнгийн ажиглагч түүхч сонирхогчид ч ихэд төөрөлдсөн. Байлдсан талууд нь Японы Квантуны арми, Зөвлөлтийн улаан цэрэг. Нээлттэй нийгэмтэй болсон Япон талын баримт ил болсон бол нөгөө субъект Зөвлөлт, Оросын талын баримт өдий болтол нууц байсан тул бодит үнэнийг олох дүгнэх анализ хийх түүхчлэх цааш судлах бололцоогүй явсаар иржээ. Архив дахь онц нууцын хугацаа дуусангуут Оросын цэргийн түүхч А.Крушельницкий, Е. Трифанов, В.Воронов, Г.Кривошеев нарын судлаачид хамгийн түрүүн олон жил дараатай байсан нууц архивын материалуудыг илрүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Үүний буянаар Халх гол дахь байлдааны утга учир, шалтгаан, явц, төрх, ач холбогдол тодорч түүхэнд бодитоор хандах бололцоо нээгдлээ. Халх голын тулалдаан бол нэн шинэ Монголын түүхийн салашгүй бүрэлдэхүүн хэсэг.Түүх бол эргэж засан өөрчлөх бололцоогүй ч угтах ирээдүйг тольдох сургамж.

 

ХАЛХ ГОЛ ДАХЬ БАЙЛДААН

 

Дайнд байнга түрээслэх нутаг

Өдөр ирэх тутам түрэмгий санаархал нь улам нэмэгдэх Япон нь Транс-Сибирийн төмөр замыг хааж мэдэх бололцоотой болж байсан нь зөвлөлтийнхний хувьд хамгийн аймшиг байсан ажгуу. Сталин сүүлд 1945 онд Чан Кайшигийн хүү Зян Зингод хэлэхдээ “Зөвлөлтийн маш чухал стратегийн зангилаанд оршдог учраас Гадаад Монгол тусгаар байх хэрэгтэй байлаа. Хэрэв эзэрхэг түрэмгий нар Монгол руу довтлоод Транс-Сибирийн төмөр замыг тасалсан бол Зөвлөлт Холбоот Улс дуусах нь тэр”[1]гэж байв. Үнэхээр Манжуурыг гартаа оруулсан япончууд БНМАУ, Өвөр Монгол, Шиньжааныг эзлээд СССР, Хятад хоёрыг бүрэн тусгаарлаж болох байлаа. 

Гэвч энэ бол Сталины параной! Японы цэргийн дотрох “умард” бүлэглэл хэдийнээ ялагдаад эрх мэдлийг “өмнөд” бүлэглэл авсан. Энэ нь япончууд цаашид өмнөд далайн зүг дайнаа шатлан өргөжүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр тэд Хятадад өргөн хэмжээний дайн үйлдэн шаварт суучихсан болохоор хойшоо Алс Дорнод руу байлдааны ажиллагаа явуулахгүй нь илэрхий. “Япон бүх хүчээрээ Хятадтай байлдахад тэдэнд хичнээн хүн хүч хэрэг болох бол?” гэсэн асуултад Чан Кайши “500 сая” гэж хариулсан гэдэг. Энэ бол баримжаатай тоо. Япончууд Хятадтай 8 жил байлдаад дийлээгүй. Хүчний харьцааны ийм баримжааг Сталин сайн мэдэж байгаа. Гэвч түүн шиг хартай болгоомжтой хүнд бүрэн баталгаа хэрэгтэй. Чухам энэ үеэс л япончуудад араас нь гэнэдүүлсэн цохилт өгөөд Засгийн газраас нь СССР-т хэзээ ч довтлохгүй гэсэн баталгаа гаргуулж авах төлөвлөгөө Сталинд төрсөн болов уу, учир нь дараа дараагийн үйл явдал тийм сэжиг таамаг төрүүлдэг.

Иймээс зөвлөлтүүд Японыг ямар ч байсан БНМАУ-д, өөрөөр хэлбэл Транс- Сибирийн төмөр зам ба Байгал нуурт ойртуулахгүй байх, Хятадад болж буй Хятад-Японы дайныг аль болох Монголын хилээс хол урагш өрнүүлэх сонирхолтой байв. Япончууд Манжуур болон Өвөр Монголыг авснаар Зөвлөлт-Хятадын шууд холбоог таслахад тун дөхжээ. Гэтэл Сталин байлдаж буй хятадуудыг сайн дэмжин дайныг сунжруулах тутам өөрийнхөө Алс Дорнодын аюулгүй байдлыг төдий чинээгээрээ баталгаатай болгож байх давхар тоглоом тоглож байлаа. Сталины хувьд байлдаж буй хоёр талын хэнтэй нь ч муудалцах хүсэлгүй боловч, хэрэвзээ дайн Хятадын бүрэн ялагдлаар дуусчихвал аймшигт аюул нүүрлэх байв. Иймээс тэрээр бүхий л Алс Дорнодыг хамарсан хамгаалалтын том систем байгуулахаар шийджээ. Энэ хамгаалалтын системд нь БНМАУ багтаж байв. Монголын зөрүүд удирдагчдыг хашраан үгүй хийж, өөрийн Улаан армийг Монголын нутагт оруулснаар энэ зорилгоо биелүүлэх нөхцөл бүрджээ. 

Шарын хуврагаас улааны цэрэг

1929 оны наймдугаар сард маршал Блюхер шинэ байгуулагдсан Алс Дорнодын тусгай армийн (ОДВА) командлагч болов. Ингээд тэр дороо ерөнхий хамгаалалтын системийн хүрээнд Монголын орчин үеийн арми байгуулахаар нийтийн цэрэг татлага зохион байгуулж 30 мянган эрсийг цэрэгт дуудсан боловч ердөө 2 мянгыг цуглуулж чаджээ[2]. Үүнийг засч залруулж, сургаж зааварлахаар А.И.Геккер*-ийг явуулсан чинь өнөөх нь Улаанбаатарт золтой л алуулчихсангүй, ямар нэг хуйвалдааны золиос болох шахсан бололтой. Эрэгтэйчүүдийн үлэмж хэсэг нь санваартан байдаг энэ оронд чанга гар ноёлоогүй учраас цэргээ ч татаад цуглуулчихаж чадахгүй байгаа нь Монголд Сталины террор хийсний нэгэн шалтгаан байлаа. Нэгэнт л дайнд бэлэн хамгаалалтын бүс байх ахул эмх цэгцтэй, тушаал шийдвэр яг таг биелэгддэг хуарангийн систем ноёлж байх шаардлагатай, Их хядлагын дараа Сталин Монголыг үнэхээр ч тийм дэглэмтэй болгож чадсан юм. 

Япончууд Манжуурыг эзэлсний дараа Монголын автономыг дотор нь байгуулж монголчуудад онцгой эрх олгосноор сэтгэл санааг нь өөртөө сайн татав. Мөн хятадуудтай байлдаж байсан Өвөр Монголын Дэмчигноров вантай холбоо тогтоон дэмжиж зүйл бүрээр тусалжээ. Хятадтай дайн эхлээд тун удалгүй Өвөр Монголыг эзлэхэд тэндхийн монголчууд япончуудыг эзлэн түрэмгийлэгч биш харин чөлөөлөгч найз нөхөд мэт баяртайгаар тосон авлаа. Түүгээр үл барам Жэхэгийн төлөөлөгч гэгдэх 6 ноён, 5 лам, Өвөр Монголын армийн 10 офицерын бүрэлдэхүүнтэй төлөөлөгч Пү И-тэй уулзан өөрийн мужийг Манжго улсад дагаар орж буйг мэдэгдлээ[3]. Энэ бол ер нь монголчууд хэзээ ч Японы талд орж мэдэх аюулыг зөгнөсөн муу совин гэлтэй. Сталины Монголд Их хядлага зохиосны бас нэг шалтгаан нь энэ. Японы талд орох нь байтугай тэдний тухай сайнаар дурсахад л аюумшигт цээрлэл үзнэ гэдгийг монголчуудад нэгмөсөн яс маханд нь тултал ойлгуулъя гэсэндээ хүрчээ. 

Ингээд Монголын армийг сайтар сурган бэлтгэх ажилд орлоо. Воронин улс төрийн талаар бэлтгэж, И.А.Плиев* боловсон хүчнийг нь сургаж, Рокоссовский* анхны Монголын морин хороог зохион байгуулж, В.А.Судец* цэргийн нисэх хүчнийг буй болголоо. 1937 онд Н.Фекленко*-гийн удирдсан 57 дугаар онцгой корпус Монголд байрлан, Улаанбаатарт төв штабаа байгуулав. Энэ онцгой корпусыг Батлан хамгаалах ардын комиссариатын шууд захиргаанд хамааруулаад түүний дор байх 36 дугаар буудлагын дивизийг нийт 9 938 бие бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан юм. Улс төрийн товчооны хуралдааны 63 дугаар протоколоос үзэхэд уг дивиз автомашин 1392, 45 мм-ийн их буу 36 ширхэг, 76 мм-ийн их буу 42 ширхэг, 122 мм-ийн их 24 ширхэг, БТ танк 37, БТ20хуягт 44, сурин пулемот 139, гар пулемёт 506, Зенитийн пулемёт 39 гэх мэтээр зэвсгэлэхийг даалгажээ. Дор нь Сталины гарын үсэг байна.[4]

Монголын армийг Тверийн цэргийн сургууль төгссөн Дэмидэд даатгасан байснаа дараа нь Лениний нэрэмжит цэргийн улс төрийн академи дөнгөж төгссөн Ж.Лхагвасүрэнд* хариуцуулав. Гэндэн, Дэмид нарыг зайлуулсны дараа тэдний тэгтлээ эсэргүүцээд байсан цэргийн зардлыг нэмэгдүүлэх асуудлыг дор нь шийдэв. 1936 оноос цэргийн нийт зардлыг 2 дахин нэмэгдүүлж, цэргийн тоо 30 хувиар, зэвсэг техник 40 хувиар нэмэгдэж, цэргийн албаны хугацааг 3 жил болголоо[5].

Тусгаар тогтносон Квантуны арми

1938 оны арваннэгдүгээр сарын 3-нд Японы Ерөнхий сайд Коноэ парламентэд үг хэлэхдээ:

Дорнод Азид мөнхийн тогтвортой байдал буй болохуйц шинэ дэглэм тогтоох нь Эзэнт улсын зорилго юм. Ийм шинэ дэглэм тогтооход Япон, Манжго, Хятад гурав нягт хамтын ажиллагаа үүсгэн, улс төр, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах шаардлагатай юм…[6].

Япончууд “Хятад” гэдэг ойлголтонд бас л ямар нэг тоглоомын Засгийн газрыг төсөөлж байв. Хятадаын асар уудам нутгийг хянах бололцоо байхгүй учраас япончууд орон нутгийн шиэтэй тоглоомын Засгийн газар байгуулахаар шийдэв. 1937 оны арванхоёр дугаар сарын 14-нд Бээжинд Хятадын бүгд найрамдах улсын Түр Засгийн газрын тунхаглалаа. Хэдхэн сарын дараа Наньжинд Хятадын бүгд найрамдах улсын Шинэчлэлийн Засгийн газрыг бас зарлав. Гоминьдан намын гол удирдагчдын нэг Ван Жиньвэй* (Wang Jinwei) Ханой руу зугтаагаад Японтой найрамдлын гэрээ хийх гэж оролдов. Тэндээсээ Японд эзлэгдсэн Шанхайд ирж хэлэлцээ хийж эхэлсэн. Удалгүй Гоминьдан намын удирдлагад байсан хэсэг нөхөдтэй нийлэн тохиролцож Наньжинд Төв Засгийн газар гэж нэрлэсэн тоглоомын төр байгуулсан ба түрүүний Түр ба Шинэчлэлийн Засгийн газар гэгчийг татан буулгасан байна. Чан Кайши-д хандан дайнаа зогсоогоод япончуудтай хамтран шинэ Ази байгуулъя гэж уриалсан байдаг.

Энэ хооронд Коноэгийн Засгийн газар огцорч 1939 оны нэгдүгээр сард Хиронума гүн Ерөнхий сайдаар тавигдав. Гүн тун ч болгоомжтой хүн байж, цэрэг-улс төрийн холбоо байгуулахад урьсан Нацистын Германы заллагыг шууд хүлээж авахаас түдгэлзэв. Японы бизнесийн хүрээнийхэн шууд АНУ, Британийн эсрэг холбоонд орохын эсрэг байсан бол цэргийнхэн нь Герман, Италитай цэрэг, улс төр, үзэл суртлын түвшинд бушуухан холбоотон болж бүхнийг дайнд зориулах сонирхолтой байв. Иймээс тэд бушуухан Хятадыг дайнд ялаад, Хятад, Манжготой хамтран Азийн бүх ард түмнийг нэгтгэн, коммунизм болон барууны империализмын эсрэг сөрөн зогссон хүчирхэг цайз болгох мөрөөдөлд хөтлөгджээ. 

1938 оны есдүгээр сарын 28-нд Мюнхен хотноо Адольф Гитлер, Бэнито Муссолини нар Британийн Ерөнхий сайд Н.Чэмбэрлэн*, Францын Ерөнхий сайд Э.Даладье* (Edouard Daladier) нарыг дуудан авчирч Мюнхений хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол барууны ардчилал харгис дэглэмийн өмнө өвдөг сөгдсөн шившигт хэлэлцээр байв. Чехословакийг хэсэглэн хуваасан Мюнхений хэлэлцээрээр Гитлерийн гар бүрмөсөн суларч, Европт ямар ч гэм шийтгэлгүй галзуурах замаа нээж авлаа. Гитлерийн өмнө арчаагаа алдсан Европ сул цэлийх аж. Ингэхээр тэрээр Баруун Европ руу довтлохын өмнө юун түрүүн Англи-Францад шахалт үзүүлэх янз бүрийн механизм бодож боловсруулжээ. 

“Ром-Берлин-Токио” гэсэн гурвалжин холбоо байгуулах гэтэл япончууд түр түдгэлзээд байлаа. Гитлер, Риббентроп нар япончуудыг дайнаа урагш нь Зүүн өмнөд Ази руу шатлан өргөжүүлж Британи, Францад шахалт үзүүлэхийг хүсчээ. Өөрөөр хэлбэл Япон ирээдүйд урагшаа байлдах уу, хойшоо юу гэдэгт СССР рүү довтлохыг нь Берлин дэмжихгүй байв. Үүнийг нь харин Япон дор нь хүлээж авлаа. 

1939 оны дөрөвдүгээр сарын 27-нд Японы Засгийн газар хуралдаж Хятад болон Өмнөд Азийн асуудлыг авч хэлэлцэв. Европт байдал их өөрчлөгдөж байгааг харгалзан хурлаас Хятадын дайныг бушуухан дуусгах хэрэгтэй гэж үзээд Япон-Манжго-Хятадын улс төр, эдийн засгийн холбоо байгуулж нэгдсэн Азийн бодлого явуулъя гэж Чан Кайшид санал тавилаа. Гэвч үүнийг нь Чан хүлээж аваагүй юм. Тэрээр энэ дайнд АНУ, СССР-ээс асар их дэмжлэг хүлээж байлаа. Энэ хоёр гүрэн аль алин нь Хятад-Японы дайныг энхийн хэлэлцээгээр дуусгах сонирхолтой. АНУ Хятадад 25 сая доллар жилд өгч байлаа. СССР дайныг үргэлжлүүлэх илүү сонирхолтой тул илүү төлж байсан. Тэд 300 сая доллар өгч байв[7]. Ийнхүү япончууд Чан Кайшиг аргалж чадаагүй тул сүүлд 1940 онд Наньжинд Ван Зинвэй-н тоглоомын Засгийн газар гэгчийг байгуулж тухирч үзжээ. 

Дээрх хурлын шийдвэрийн дагуу ердөө маргааш нь Квантуны армид шуурхай заавар өгөгджээ. Манжго - Зөвлөлт, Манжго - Гадаад Монголын хилийг сайтар тогтоон бэхжүүлэх арга хэмжээ авах, Манжго, Өвөр Монгол, Умард ба Төв Хятадын нутагт цэрэг-эдийн засгийн хүчтэй бааз байгуулах, “Азийн эв санааны нэгдлийн зарчим дээр эдийн засаг, улс төр, соёлын хүрээнд хамтран ажиллахад Эзэнт гүрний Засгийн газар бэлэн байна гэдгийг харуулах зорилгоор цэргийн даралт шахалтаас улс төрийн буурьтай үйл хэрэгт шилжих хэрэгтэй”[8]гэж уул зааварчилгаанд дурджээ. 

Манжуурт байрлах Квантуны арми бол Японы нийгмийн хамгийн цэрэгжсэн хэсэг байлаа. Гадаад дахь цэргийн энэхүү нийгэмд ямар нэг нийгмийн бусад хэсгийн даралт нөлөө үл үйлчилнэ. Нэлээд хэдэн жил ийм байдал үргэлжилсний дараа квантуныхан Токиогийн Засгийн газраас өвөрмөц хэлбэрээр бие даасан шинжтэй болсон ба үүнийгээ хуульчлан баталгаажуулахыг удаа дараа шаардаж байсан байна. Энэ шаардлагыг 1939 оны есдүгээр сард Токио зөвшөөрснөөр Квантуны арми “Хятадад явуулах цэрэг, эдийн засаг, улс төрийн шийдвэрээ бие даан гаргаж байх ба харин энэ тухайгаа тухай бүрд нь төвд мэдээлж байх болно”[9]гэжээ. Бие даах зөвшөөрөл өгсөн энэ тогтоолоос өмнө Квантуны арми тэртэй тэргүй цэрэг дайны бие даасан шийдвэр гаргадаг байжээ. Үүний нэг нь Монголд Халх голын байлдаан гэж, Японд Номунханы хэрэг явдал гэж нэрлэдэг хилийн томхон мөргөлдөөн юм. БНМАУ өөрийн хилийг Номунхан, Бүрд овоогоор гэж үзэж байхад Япон, Манжгогийн тал Халх голоор байгалийн хил бий гэж үзэж байснаас ийнхүү хоёр тал уг тулалдааныг хоёр өөрөөр нэрлэх болжээ. Япончууд арлын ард түмэн учраас “улсын хил” гэсэн ойлголт тааруутай, хүрээлэгдсэн далайгаа улсын хил гэж ойлгодог учир Халх голоор байгалийн хил тогтох ёстой гэж боддог байсан хэмээх нэлээд учир дутагдалтай, гэнэндүү гэмээр тайлбар японы судлаачдын дунд тархмал байдаг[10].

ХАСАН НУУРЫН ХЭРЭГ ЯВДАЛ

Сүүлийн үед илэрч буй архивын баримтаас үзэхэд Хасан нуурын болон Халх голын тулалдааны талаар урьд өмнө мэдэгдэж байгаагүй баримт нотолгоо илэр тэртээ болсон эдгээр тулалдааны тухйа урьдын дүгнэлтэд ихээхэн засвар орж байна. Хасан нуурын тулалдаан 1938 оны долдугаар сарын 8-аас 9-р сарын 11-ний хооронд зөвлөлтийн ба японы армийн хооронд болсон. Мөргөлдөөнийг СССР-ийн тал эхлүүлсэн. Хоёр тал хэлэлцээрээр мөргөлдөөнөө зогсоосон болохоор тэнцсэн, гэвч хүн хүчний оролцооны харьцаагаар тооцвол Японы тал ялалт байгуулжээ. Мөргөлдөөний шууд шалтгаан юунаас болсон нь их маргаантай. 

НКВД-ийн толгойлогчдын нэг Фриновскийн шууд тушаалаар 1938 оны долдугаар сарын 8-нд Улаан цэрэг гэнэт Заоёрная гэх толгойг (Zhanggufeng) эзэлж авчээ. Японы тал дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлэв. Арс Дорнодын фронтын захирагч маршал Блюхер Москвад хандан цэргээ эргэж татаж авах санал тавьсан байна. Армид их цэвэрлэгээ хийсний дөнгөж дараа болохоор удирдлагын боловсон хүчин маш дутагдалтай байсан үе. Гэвч Москвагаас “эх орны газар шороогоо эцсээ хүртэл хамгаалах” тушаал ирэв.

Тулалдаан долдугаар сарын 29-нд эхэлж баахан байлдлаа. Тухайн үед зөвлөлтийн болон японы суртал нэвтрүүлгээс ангид Ассосэйтэд прэсс агентлагийн мэдээлснээр зөвлөлтийн тал мөнөөх толгойг нэгээс хоёр удаа эзэлсэн боловч эцэст нь япончууд толгойг бүрэн хяналтандаа авч чадсан байна. Энэ утгаараа Японы ялалт болсон гэнэ.[11] 9-р сарын 10-нд Гадаад яамны ардын комиссар Максим Литвинов* Японы Элчин сайд Шигэмицү*-г дуудан уулзаж мөргөлдөөнийг зогсоох санал тавьжээ.

Хожим гарсан дүнгээс үзэхэд СССР-ийн тал 792 хүнээ алуулж 3279 хүн шархтсан. 96 танк, 30 их буугаа алдсан. Японы тал 526 хүнээ алуулсан, шархадагсадын тоо 913. Тулалдааныг удирдсан Блюхэрийг 10 сард Москвад ирэнгүүт нь галт тэрэгний буудал дээрээс баривчлан шоронд хийж эрүүдэн шүүсэр арваннэг дүгээр сарын 9-нд буудан хороожээ. Тэгсэн мөртөө энэ хачирхалтай мөргөлдөөнийг Москвагийн зүгээс үзэл суртлын кампанит ажилд өргөн ашигласан. Тулалдаанд оролцсон 6500 цэрэг офицерийг одон медалиар шагнасны дотор26 хүн ЗХУ-ын баатар, 95 хүн лениний одон хүртсэн байна.

Зөвлөлтийн арми их цэвэрлэгээний дараа тулалдах чадвар туйлын дорой, хүн хүч техникийн давуу талаа ашиглах чадваргүй юм байна гэсэн дүгнэлтийг Японы командлал гаргажээ. 

СССР-ийн талаас, тухайлбал Сталины зүгээс гаргасан дүгнэлт: Зөвлөлтийн нутагт Японтой нүдэлдэх хэрэг алга. Үүнийг Монголын нутагт хийх. Гэхдээ албан байдлаар бол Манжго, Гадаад Монгол хоёр зодолдох, үнэн хэрэгтээ Хасан нуурын хариуг Халх голд япончуудад өгөх. Учир нь Халх гол орчимд хилийн маргаан үүсгээд тохиролцож чадалгүй хэдэн жил болсон. Хамгийн гол нь Японд цохилт өгөх хангалттай хүчийг Монголд хэдийнээ байрлуулчихсан байгаа.

ЭХЛҮҮЛСЭН ЭЗЭНГҮЙ МӨРГӨЛДӨӨН

Зөвлөлтийн үзэл суртлаар мөргөлдөөнийг япончууд Монголыг эзлэн авч, улмаар Байгал нуурт хүрч, Эрхүүгээс Владивосток хүртэлх газар нутгийг өөрийн болгохоор түрэмгийлэн өдөөсөн гэж ухуулдаг нь үнэнд нийцэхгүй. Хятадад ана мана үзэлцэж, аль байдаг цэрэг техникээ Япон-Хятадын дайнд дайчилж байсан япончууд өөрсдийнхөө ар талд ахиад нэг фронт нээж, хүчтэй дайсныг өдөөн хатгана гэж байх уу? Газрын зураг харахад л япон генералууд давшихад тун таагүй Халх гол орчмын газар орныг түшиц газраараа сонгомгүй гэдэг нь илэрхий байдаг. Эндээс Улаанбаатар хүртэл усгүй, хүнгүй, замгүй говь цөлөөр бараг мянган км явах бол Зөвлөлтийн хил хүртэл мөн ялгаагүй эл хуль 700 км газраар тойрон туучна. Дээр нь нэмээд техник тааруутай Японы армийн хэрэглээг хангаж тээвэр хийхэд маш хүндрэлтэйг тооцвол япончуудын хувьд Халх гол, Монголоор дамжин Зөвлөлтийн нутагт хүрэх нь ерөөс боломжгүй байжээ.

Манжуурын талын зүүн эрэг нь налуу боловч Монголын талын баруун эрэг нь 75 градусын эгц цавчим болохоор япончуудын хувьд давшихад тун таагүй. Баруун эрэг нь зүүн эргээс өндөр учраас тэр тусмаа тэдэнд ашиггүй гэж судлаач Эдвард Ж.Дри* (Edward J. Drea) тэмдэглэжээ.[12] Үүнийг ч генерал Федюнинский “Халх голын зүүн тал баруун эргийн өндөрлөгөөс алган дээр тавьсан мэт илхэн харагдана. Голоос зүүн тийн 2-3 км-т хэсэгхэн өндөрлөг газар байгаа нь тактикийн хувьд ашигтай байрлал болно”[13] хэмээн батлажээ.

1939 оны таван сарын 28-нд дайны ажиллагаа эхлэхэд Зөвлөлтийн албан ёсны мэдээнд Халх голын зүүнтээ Японы арми 1 680 хэсэг, баргуудын 900 морьт цэрэг, 75 пулемёттой байсан гэж дурддаг. Тэр дундаа 18 их буу, 6 хуягт техник, ганцхан танктай байжээ. Хайлаарт байсан хоёр хороог нэмлээ ч ихдээ 10 000 хүнтэй болно. Ийм хүчээр Монголоор дамжин Зөвлөлт рүү дайрна гэвэл үнэмшилгүй.

Тухайн үед эх газрын Хятадад Японы 24 дивиз байрлаж байлаа. Гэвч тэдгээрийг Хятадтай хийж байсан дайны галын шугамаас татаж, Зөвлөлтийн эсрэг чиглүүлэх ямар ч боломжгүй. Зөвлөлтийн армийн тагнуулын 1939 оны хоёр сарын 25-ны өдөр мэдээлснээр энэ арми явган цэргийн 9 дивиз, морьт цэрэг, артиллер, механикжуулсан тус бүр 2 бригад, танкийн 2 хороо, хамгаалалтын 3 хэсэг (төмөр зам хамгаалах үүрэгтэй), нисэхийн 10 хэсэг, хилийн хамгаалалтын 8 гарнизонтой байжээ. Түүнчлэн уг тагнуулын мэдээгээр Манжуурт Квантуны армийн 1 052 хүнд зэвсэг, 585 танк, 355 нисэх онгоц, 359 000 цэрэг байсан гэж мэдээлсэн байна. Харин түүхч Олвин Күүкс*-ийн (Alvin Coox) тооцоогоор Квантуны арми 1939 онд ихдээ л 270 000 цэрэгтэй байжээ.[14] Куксын хэлэх нь, Манжуурт 560 онгоц, 200 танк байсан аж. 

Үүний эсрэг Зөвлөлтийн Улаан армийн зенитийн болоод механикжуулсан 30 дивиз, 5-7 морьт дивиз, 6-8 танкийн бригад, нисэхийн 24 бригад (энэ нь 1938 оны нэг сарын 1-ний байдлаарх тоо баримт бөгөөд 1939 оны таван сарын байдлаар энэ тоо нэмэгдсэн нь лав) бэлэн байлаа. Улаан армийн хувьд (Алс дорнод, Байгалын чанад, Монголд) 4 716 танк, 5 748 хүнд зэвсэг, 2 623 онгоцтой, 450-570 000 цэрэгтэй, Квантун, Солонгосын хоёр армиас хүчээр хавьгүй илүү, даруй 6 дахин олон онгоц, 20 дахин олон танктай байжээ. Дайны түүхэнд давшигч тал наанадаж гурав дахин илүү хүчинтэй байдаг гэсэн бичигдээгүй хууль бий. Ийм байтал япончууд Зөвлөлт рүү дайрсан гэж хэлж болох уу? Хасан нуурын тулалдаанаар жишээлбэл япончууд Улаан армийнхныг бэлтгэл муутай гэж бассан байж болох ч наймхан дивизийн хүчээр ялна гэж бодож төлөвлөөгүй нь лав.[15]

Зөвлөлтийн түүхэнд өгүүлээд байдаг тэр л газар Монголоор дамжин Зөвлөлтөд халдах хамгийн ашигтай байрлал байсан бол япончууд хамгийн сайн, шилмэл гэсэн бүрнээ тэнд төвлөрүүлэх ёстой. Тэр хэсэг газрыг тулааны талбараас 200-220 км-ийн зайд Хайлаарт байрласан 23-р явган цэргийн дивиз хариуцаж байлаа. Дөнгөж 1938 оны долоон сард Кюшю арал дээр байгуулагдсан энэ шинэхэн дивиз 3 хороотой, 13 000 цэрэгтэй. Куксын дурдсан баримтаар хуучин загварын 60 хүнд зэвсэгтэй аж. Үүнтэй харьцуулахад Зөвлөлтийн мотобуудлагын 36-р дивиз 99 хүнд зэвсэгтэй, 45 мм-ийн танк устгагч 36 их буу, 76 мм-ийн 20 дивизийн их буу, СУ-12 серийн 76 мм-ийн артиллерийн 18 их буу, 122 мм-ийн 16 гаубиц, өөрөө явагч 76 мм-ийн 9 хуягт төхөөрөмжтэй, 34-37 ширхэг хөнгөн танк, хуягт 58. 

Түүнчлэн Японы 23-р дивиз их буу цөөнтэйн дээр тал нь 1938 оны арван нэгэн сард л Хайлаарт ирж байрласан, үлдсэн хэсэг нь 700 км-ийн цаанатаа Харбинд байрласан, цэргийн сургуулилт хийж байсангүй. Ихэнх цэрэг нь эхний бөгөөд хоёр дахь жилдээ алба хашиж буй, офицерууд нь туршлагагүй, дөнгөж сургууль төгссөн улс. Ус дутмаг байсан тул хаа холоос морь, тэмээгээр зөөнө. Квантуны арми уг 23-р дивизийн чансааг дундаас доогуур тогтоосон бөгөөд анхнаасаа л дайн тулаанд оруулахаар төлөвлөсөнгүй, Хятадын нутагт харуулын маягтай байрлуулжээ. Хайлаарыг Борзь өртөөний зүгээс ирж болзошгүй Зөвлөлтийн халдлагаас хамгаалангаа хойд Манжуурт байрлаж, цэргийн бэлтгэл хийлгэхээр тогтсон байна. Квантуны армийн штаб уг дивиз дайны ажиллагаанд ерөөс ямар ч бэлтгэлгүй гэж үзсэнээс гадна Монгол, Зөвлөлтийн зүгээс тэдэн рүү халдан довтолно гэж тооцоогүй аж. Үгүй бол юу гэж энэ газарт бэлтгэлгүй 23-р дивизийг байрлуулах вэ.

Монголд байршуулсан 57-р тусгай корпус 1937 оны есөн сарын 9-ний байдлаар 25 809 цэрэг, 260 танк, 281 хуягт техник, 108 нисэх онгоц, 522 зэвсэгтэй байсан бол арван сарын 11-ний байдлаар цэргийн бие бүрэлдэхүүнийг 29 209, 23-ны байдлаар 32 794 болгон нэмэгдүүлжээ. Мөргөлдөөн эхлэхэд тусгай корпуст мотожуулсан нэг дизив, танкийн 1, хуягт мото техникийн 3, морьт 1, нийт таван бригад бүрэлдсэнд 284 танк, 370 хуягт техник, 200 орчим зэвсэг, 30 000 цэрэг багтжээ. Үүн дээр нэмээд 1939 оны таван сарын сүүлээр байлдааны И-15бис, И-16203 серийн 99 сөнөөгч, СБ серийн 88 бөмбөгдөгч, тагнуулын зориулалттай, хөнгөн сөнөөгч Р-5Ш серийн 16 биплан, нийт 206 нисэх онгоцтой нисэх хүчний баазыг байгуулав.[16] Үүнтэй харьцуулахад япончууд Халх голын тулалдаанд 52 онгоцтой байсны 18 нь тагнуулынх байжээ.

Монголын талаас 1938 оны найман сард Манжго руу зугтаж гарсан Хишигтийн Бямба гэх морьт цэргийн ахмад япончуудад Зөвлөлтийн талын байр байдал, Монголын арми дахь цэвэрлэгээ, хэлмэгдүүлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Түүнийхээр бол Монголын арми тулаанд орох ямар ч бэлтгэлгүй, зарим хэсэгт бослого гарсан, Монголын төрийн зарим эрх мэдэлтнүүд Зөвлөлтийн эсрэг санаа бодолтой, ард иргэдийн 80 хувь нь оросуудад дургүй, босоход бэлэн, япончуудыг л хүлээж байгаа аж. Ингэснээр япончуудыг өдөөн хатгаж, Монголд цөмрөн орж, Зөвлөлтийн дарлалаас ангижруулахыг хүсэж байна гэдэг худал сэтгэгдэл төрүүлсэн байна. Япончууд энэ хүнд итгэсэнгүй, Халх голын тулалдааны үеэр түүнийг Зөвлөлтийн тагнуул туршуул хэмээн баривчлан устгаад, дайны талбарт амь эрсэдсэн гэж зарлажээ. Нэг л үгэндээ япончуудад Монголд цөмрөн орох, тэр дундаа зөвлөлтүүдтэй байлдах ямар ч төлөвлөгөө болон сонирхол байгаагүй ажээ. Тэд Монголд байралсан зөвлөлтийн 57 дугаар тусгай корпусын талаар тагнуулын тодорхой мэдээлэлтэй байсан. Халх голоос мянган км-ийн зайд байгаа зөвлөлтүүдийг Монголоор дамжуулж Хятадад зэвсэг техник хүргэх зориулалттай гэж ойлгож байжээ. Халх голын ойролцоо Зөвлөлтийн цэрэг техник цуглараагүй, монгол цэрэг л бий гэдэгт бат итгэжээ.

Хилийн шугамыг бэхжүүлэх үүрэг тэртэй тэргүй Токиогоос дөнгөж ирээд байгаа билээ. Номунханы будлианаас нэг сарын өмнө Квантуны армийн эрх баригчид “Манжуур-Зөвлөлтийн хилийн асуудлыг зохицуулах ерөнхий зарчим” гэсэн баримт бичиг боловсруулан хилийн дагуух ангиудад захирамж болгон тараасан байна. Ингэснээр хилийн шугам тодорхойгүй газар оронд тухайн хэсгийг хариуцаж байгаа цэргийн удирдлагад хилийн шугамыг бие даан тодорхойлон шийдэх эрх олгожээ. Мөн хил хамгаалах эрх ашгийн үүднээс хил хариуцаж буй анги нэгтгэлийг Зөвлөлт, Монголын нутагт түр нэвтрэн орохыг Квантуны армийн удирдлага зөвшөөрсөн аж[17].

Токио дахь Японы цэргийн Жанжин штаб нь Манжуурын хилийг тодорхойлох Квантуны армийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн юм. Японы цэргийн дээд удирдлага квантуныхны ойлгуулснаар Халх голыг байгалийн хил гэж үзэж уг хилийг хамгаалах үүрэг өгөхийн зэрэгцээ БНМАУ-ын нутагт цөмрөн орохыг хатуу хориглосон юм[18]. 

ДАЙСАН БЭЛЭН, ДАЙН ХЭЗЭЭ ВЭ?

Цэргийн томхон мөргөлдөөнийг Сталин хүсэж байсан юм. Тэдэнтэй нударга зөрүүлэх хэд хэдэн шалтгаан хийгээд сонирхол Сталинд байлаа. Энэ нь:

1)Токио дөнгөж үүний өмнөхөн Чан Кайшид эвлэрэх санал тавьсан. Хэрэв Чан үүнийг нь хүлээгээд авчихвал Хятад-Японы дайн зогсож япончуудын гар сулрах байв. Чухам энэ л Сталины хувьд хамгийн хүсмээргүй зүйл байсан бөгөөд тэр хоёрыг хооронд нь дайтуулснаар Алс Дорнодынхоо аюулгүй байдлыг хангаж байсан зөвлөлтүүдэд Японтой томхон мөргөлдөөн хийснээр Чан Кайшид үнэнч холбоотноо дахин нэг тод томруунаар харуулах боломж үүсэв. Ингэснээр хэзээ ч Сталинд гомдчихож магадгүй Чанг тайвшруулж, СССР улс түүнтэй зөвхөн сэтгэл санаа нэг байж, мөнгө, зэвсгийн тусламж үзүүлж буй төдийгүй цэргийн талаар хамтран нийтийн дайснаа нийлж цохиж байгаа шүү гэдгийг харуулах хэрэгтэй байлаа. 

2)Хасан нуурын орчимд болсон мөргөлдөөнөөр зөвлөлтүүд өөрийн сул талаа харуулж шившгээ хутгасан. Сул дорой биш гэдгээ нотлохын тулд дахин шинэ мөргөлдөөн үүсгэж заавал ялах ёстой. 

3)Энэ мөргөлдөөн Зөвлөлт Холбоот Улсын биш, гурав дахь орны нутаг дэвсгэрт өрнөх тул Зөвлөлт-Японы дайн болон цааш өргөжих бололцоогүй юм. Зориуд өдөөн хатгаж байгаад мөргөлдөх дээрээ тулбал зөвлөлтүүдтэй байлдахыг Токио дэмжихгүй гэдгийг Сталин бүр сайн мэдэж байлаа. Квантуны армийн удирдлага ч гэсэн Монголыг эзэлж авах гэх мэтийн том юм төлөвлөөгүй, иймээс хилийн будлиан үүсгэж тэр хавийг хамарсан томхон мөргөлдөөн зохион байгуулахад тэд дайн болгон өргөжүүлэх сонирхолгүй нь ойлгомжтой. Ийм нөхцөлд хэд дахин илүү хүч хуримтлуулсан Зөвлөлтийн армийн ялалт баталгаатай гэсэн үг. Японы цэргийн ерөнхий штаб байлдааны ажиллагааг өргөжүүлэх сонирхолгүй болохыг зөвлөлтүүд Токио дахь тагнуул Зоргегогоор дамжуулан мэдсэн тул ялангуяа байлдааны төгсгөл рүү цэргийн хүчээ шийдвэртэй төвлөрүүлсэн[19]. Ийнхүү зөвлөлтүүдийн хувьд энэ мөргөлдөөн нь төдий л аз туршсан тоглоом биш ажгуу. 

4)Энэ мөргөлдөөнд сайтар бэлтгэж, япончуудыг салам цохих нь тактикийн төдийгүй стратегийн асар их ач холбогдолтой байв. Зөвлөлтийн Алс Дорнод руу дайны чиглэлийг хандуулах гэсэн Японы цэргийн “умард” бүлэглэлийнхэнд хатуу анхааруулга өгөх шаардлагатай, харин тэгэх боломж нь яг тэр үед бүрджээ. Халх голын орчимд япончуудад том цохилт өгвөл дайныг урагш нь далай руу хандуулах саналтай Токиогийн нэг бүлэглэлд ихээхэн дэмжлэг үзүүлэх ба чингэснээр Японы зэвсэгт хүчний гол анхаарал коммунизмын мөнхийн дайсан - АНУ, Британи руу хандах юм. 

5)1904-1905 оны дайнаар чухам энэ хавийн районд шившигтэйгээр ялагдсан нь хэдэн үе дамжсан өшөө хорсол болсон юм. Энэ хорсол бололцоо гарсан далим бүрт их бага хэмжээгээр тайлагдаж байх ёстой ажгуу. 

6)Их хядлагад өртсөн монголчуудын сэтгэл санааг засах хэрэгтэй байлаа. Ихэнх монголчууд энэ бузар аллагыг улаан орос зохион байгуулж буйг мэдсэн ба тэр чинээгээрээ зөвлөлтүүдэд итгэх итгэл суларчихаад байв. Япон халдсан нь японы тагнуул Монголоор дүүрчихсэн байсныг батлах ба Зөвлөлтийн арми өмгөөлөн тулалдаж буй нь монголчуудад зөв ханиа сонгосныг нотлон харуулах учиртай. Мөргөлдөөн Зөвлөлтийн нэр хүндийг монголчуудын дунд өндөрт өргөж өгөх бас нэг сайхан боломж олгож байгаа юм. 

7)Хамгийн чухал гэж үзэх шалтгаан бол Дэлхийн II дайны өмнө буй болох Берлин-Ром-Токиогийн тэнхлэг гэгчийн хүчийг сорих, ирээдүйн тэнхлэгийн нэг үндсэн гишүүн Японд цохилт өгснөөр нөгөө хоёрт нь сануулга өгөх, юм бодогдуулах учиртай байлаа.

БАЙХГҮЙ ЗАСТААВТ БОЛСОН ХАЛДЛАГА

1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэрэг Халх голын зүүн эрэг хүртэлх газрыг эзлэв. Тэдний цэрэг 10 мянга орчим байв[20]. Монгол-Манжгогийн хил Халх голын хоёр талаар байх ёстой гэж Манжго, Япон үзээд тийшээ очиж бэхжижээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Халх голын районд яаралтай хүрэлцэн ирж сөрөг давшилт хийн тавдугаар сарын 29-нд япончуудыг хил хүртэл ухраан хөөлөө.

Энэ бол олон жилийн турш яригдаж бичигдсээр хөдөлбөргүй “үнэн” болсон түүх билээ. Нэг талын байнга батлаад байгаа энэ “үнэн” үнэмшигч олонтой болсоор эсрэг “үнэн” үнэмшил төрүүлэхгүй болтлоо бэхжижээ.

1939 оны зургадугаар сарын 26-нд буюу Халх голын тулалдаан эхлээд 46 хоносны дараа Зөвлөлтийн мэдээлэх товчоо цацсан мэдээ: 

тавдугаар сарын 11-нд БНМАУ-ын зүүн хязгаар Буйр нуураас баруун зүүн өмнө зүгт, Халх голоос зүүн зүгт 16-20 км-т байдаг Номон хан Бүрд овооны Монголын хилийн застаавыг Япон, Манжго-гийн цэргүүд гэнэт халдан довтолсон учир Монголын хилчид байрлалаа орхин Халх голын баруун эрэгт гарлаа[21]

Дайралтад өртсөн застаав, амь үрэгдэгсдийн тухай ямар ч мэдээлэл байсангүй. Япончууд, Манжго-гийн тал бүх л үйл явдлыг ширхэгчлэн баримтжуулсан бол монгол цэргүүдэд Зөвлөлтийн мэдээлэх товчооны мэдээнээс өөр ямар ч мэдээлэлгүй байв. Өнгөрсөн олон жилийн хугацаанд Халх голын дайны анхны тулалдааны тухай бүхий л хэвлэгдсэн материалд дээрх мэдээг жаахан дэлгэрүүлэх маягаар хэвлээд байгаа ба ядаж ганц ч нэр ус нэмээгүй байна. Ядаж Монголын застаав руу хэн довтолсон нь тодорхой бус үлджээ. Баргууд уу? Манжго улсын цэргүүд үү? Эсвэл япончууд уу? Номон хан, Бүрд овоонд Монголын хилийн застаав байсан уу?

Гэтэл 24 дүгээр моторжуулсан хорооны дарга, хурандаа Иван Федюнинскийн дурдатгалд болохоор Халх голын эрэгт застаав байгаагүй бөгөөд хааяа цөөн тоотой эргүүл явуулдаг байсан гэжээ.[22]Японы цэргийн архивын материалд үндэслэн 1939 оны тавдугаар сарын 11-ний өдрийн үйл явдлын талаар бичиж хэвлүүлсэн  Эдвард Ж.Дри-гийнНомон хан, Зөвлөлт-Японы дайчдын тактикийн тулалдаан 1939 он бүтээлд:

1939 оны тавдугаар сарын 11-нд хүнд, хөнгөн пулемётаар зэвсэглэсэн Монголын 70-80 морьт цэрэг Халх голыг гатлан  Манжго улсын нутаг дэвсгэрт орж ирж, мориндоо ус, бэлчээр хайж эхэлсэн. Номон хан суурингаас холгүйхэн Манжго-гийн хилчдийн жижиг бүлгийг довтолсон. Манжго-гийн талаас өөрийнхөндөө туслахаар явган цэргийн батальон сөрөг дайралтад оруулж, монголчуудыг голын цаад эрэг рүү хөөн шахаж гаргасан. Тулалдааны талбарт монголчууд цэргийн 5 хүний цогцос, 4 үхсэн морь, их хэмжээний буудлагын зэвсэг, сум хэрэгсэл орхин зугтаасан… Маргааш нь ахиад 70-80 хүнтэй монгол морьт бүлэг ахин гол гатлан ирж, Манжго-гийн цэрэгтэй тулгарч байлдан Манжгочуудыг бут цохисон.

Мөн Баргын Хянганы морьт 8 дугаар хорооны дарга хурандаа цолтой байсан Ядамсүрэнгийн Шаарийбуу (1909-2009) ярихдаа “Хилийн шугамын зураг хийж явсан Японы хоёр офицер ба хятад жолоочийг хил даван сэмээр орж ирсэн монгол цэргүүд алаад зугтсан. Үүнээс болж Халх голын тулалдаан үүссэн юм” гэжээ.

Армийн 1 дүгээр бүлэглэлийн 57 дугаар тусгай корпусын командлалын бичиг баримтыг цэгцэлсэн тайланд “Монгол цэргийн байлдах чадвар, сахилга бат эхний өдрөөсөө л гайхал төрүүлж эхэлсэн” гэж байдаг. Тэгэхээр үнэхээр Эдвард Дри-гийн бичсэн үнэн бол Номон хан руу довтолсон цэргүүд нь Монголын армийн цэрэг хувцас өмссөн зөвлөлтийн армийн дайчид байж таарна. Тухайн үед Зөвлөлтийн чекистүүд Монголын хөдөлмөрчин ард түмнийг хамгаалах нэрээр лам нарыг нь ангийн хувьд устгаж байсан тул монголчууд бэлчээр нутгаа хамгаалан тэмцэх манатай явсан нь мэдээж.

Халх голын бүс нутгийг Японы эзэн хааны зэвсэгт хүчний 23 дугаар явган цэргийн дивиз хянаж байсан ба командлагч нь дэслэгч генерал Комацубара Мититаро* байсан. Дивизийн штаб Халх голоос шулуун шугам татвал 217 км зайтай Хайлаар хотод байжээ. Энэ дивизийн үндсэн үүрэг нь Борзын чиглэлээс ирэх Зөвлөлтийн цохилтоос Хайлаар хотыг хамгаалах байсан ба Монголын чиглэлд чухам хэр хэмжээний үүрэг хүлээж байсан нь тодорхой бус. Тэнд байрласан нэг хороо нь тун хүнд байдалд байдаг байжээ. Эдвард Дри-гийн бичсэнээр Японы штабын офицерүүд оперативын газрын зураг дээрээ Номон хан сууринг арай гэж олдог байсан. Комацубара эхлээд энэ бол байдаг л нэг жижиг мөргөлдөөн гэж үзэж багахан хүч илгээх тушаал өгчээ. 14-ний өдөр яаран бүлэглэсэн хуягт механикжуулсан болон морин эскадронууд дэд хурандаа Азума Яозогийн удирдлага дор Бүрд овоонд иржээ. Анх тулгарч байлдсан монгол цэргүүд япончуудыг гайхшийг барав. Алагдсан монгол цэргийн халаасанд ямар ч идэж уух, хувийн эд зүйл, бичиг баримт байтугай ядаж сонингийн тасархай ч байхгүй,  зөвхөн сум, гар бөмбөг л байсан аж. Хэн болох нь үл мэдэгдэх энэ цэргүүд бүхий л боломжоороо япончуудыг байсан газраас нь хөөн явуулахаар ирсэн мэт санагдаж байлаа.

Сталины шууд тушаалаар Хятадад цэрэг-техникийн бүх талын туслалцаа үзүүлэх, Гадаад, Дотоод Монголд тусгай ажиллагаа хэрэгжүүлэх байгууллага Улаан армийн Цэргийн тагнуулын газрын мэдэлд байгуулагдаад байв. Энэ байгууллагыг “Z ажиллагаа” гэж нэрлэдэг байсан ба сүүлд бичиг баримтад “Z шугам” гэж бичдэг болсон. Тушаал шийдвэрийг Монголд МАХЦ-ийн цэргийн ерөнхий зөвлөх, Цэргийн тагнуулын хэлтсийн дарга хэрэгжүүлдэг байсан бол Москвад Улаан армийн Цэргийн тагнуулын газрын 2 дугаар хэлтсийн дарга болон нэг орлогч нь, хилийн чанад дахь шуурхай ажиллагаа хариуцсан “А” хэлтсийн дарга, нууц байгууламж хариуцсан 9 дүгээр хэлтсийн дарга тус тус хариуцаж байв. Энэ хэлтсийг бас “Монгол-Шиньжааны хэлтэс” гэж нэрлэж байсан ба 1939 онд ахин зохион байгуулж, Жанжин штабын мэдлийн нууц байгууламж хариуцсан хэлтэс болгожээ. 1939 оны тавдугаар сард тусгай “А” хэлтсийн даргаар хорлон сүйтгэх шуурхай ажиллагааны эцэг гэж Испанид алдаршсан хурандаа Хажи Умар Жиорович Мамсуров* томилогдов.

1939 оны тавдугаар сарын 11-15-нд Номон ханы хүрээ рүү довтолсон довтолгоо нь 1939 оны наймдугаар сарын 31-нд польш цэргийн хувцас өмссөн ЭсЭс-ийн цэргүүд Гливиц дэх Германы радиостанц руу довтолсон, Зөвлөлтийн тусгай отряд 1939 оны арваннэг дүгээр сарын 26-нд Финландын Майнило тосгон руу, 1940 оны зургадугаар сарын 15-нд зөвлөлтүүд Литов, Лативын хилийн боомтыг довтолсон ажиллагаануудыг шууд санагдуулж байна!

Зэт ажиллагаатай холбоотой, түүний Монгол дахь зардлыг нэмэгдүүлсэн тухай БХК(б)Н-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааны 66 дугаар протоколд:

“Х” АЖИЛБАРТАЙ ЗАРДЛЫН ТУХАЙ

1939 оны арванхоёр дугаар сарын 30

Төв хорооны УТТ-ы шийдвэр

Батлан хамгаалах ардын комиссариатын 14.933.75 рубль 85 коп болон 45 мянган монгол төгрөг.

  1. “Х”-д 1938.12. 15 өдөрт УТТ п66/101 шийдвэрийн дагуу худалдсан зэвсгийг явуулахтай холбоотой зохион байгуулалтын зардалд 5 430 000 рубль
  2. 1938 оны хоёр дугаар хагаст гаргасан зардлыг хаахаар болон 1939 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зардалд “Х” ажиллагаанд 6 701 326 рубль, “ЗЭТ” ажиллагаанд 2 802 425 мянган монгол төгрөг олгосугай.

Хуулбарыг Ворошилов, Молотов нарт

ТХ- нарийн бичгийн дарга Сталин[23]

Халх голын ойролцоо Зөвлөлтийн цэрэг техник цуглараагүй, монгол цэрэг л бий гэдэгт япончууд бат итгэжээ. Тэд үнэндээ л эндүүрсэн. Монголчууд эхэндээ ухрахад Комацубара, Азумагийн хэсгийг Хайлаар руу буцаав. Гэтэл дараа нь Манжуурын хилчид хэдэн арван монгол цэрэг Халх голоор гаталж, араас нь хэдэн зуун цэрэг хил зөрчин гарч, хамгаалалтын бэхлэлт барьж эхэлснийг агаарын тагнуул, анзаарчээ. Комацубара хил зөрчигсдийг устгах тушаал өгсөн ч танк, хуягт машин, артиллертэй тэдгээр Зөвлөлтийн цэрэг Азумагийн хэсгийг хүйс тэмтрэв. Ингээд хурандаа Ямагатагийн багийнханд амь алдсан цэргүүдийнхээ цогцсыг авахыг нь зөвшөөрсөн байна. Тэгмэгц Квантуны армийнхан хэн хэн нь хайнцлаа гэж үзээд, Эдвард Ж.Дригийн өгүүлснээр “Номунханд япон цэргийн цус ахиж урсах учиргүй” хэмээн мөргөлдөөнийг зогсоохоор шийдсэн ч Монголын талаас дайран орж ирэх нь үргэлжилсээр, Халх голын хоёр эргээр хүчээ байрлуулж эхэлсэнд Комацубара Хайлаар, Цицихар руу давших түшиц газар болсон энэ бүсийг алдахыг хүссэнгүй. Туршлага муутай дивизээ бага багаар тулаанд оруулсаар аажимдаа томоохон тулалдаанд татагдаж, Зөвлөлтийн цэрэгт базуулав.[24]

Ингээд хоёр тал маш эрчимтэйгээр дараагийн мөргөлдөөнд бэлтгэж эхлэв. Япончууд ар талаасаа их хүч дуудан түрүүнийхээ довтолгооноос гурав дахин их цэрэг хуралдуулав. Москва мөн яаравчлан, сүүлд Дэлхийн II дайнд Зөвлөлтийн армийг командалсан Г.К.Жуковыг* Монгол руу явуулсан ба тэр нь зургадугаар сарын 5-нд Тамсагбулагт ирэв. Дараагийн тулалдаанд Монголд буй 57 дугаар корпус хангалтгүй гэж Жуков үзжээ. Тэгээд эгшин армийн нэгдүгээр групп байгуулснаа авчрав. Үүнд нь 6 дугаар танкийн бригад (254 танк, 15 хуягт бүхий), буудлагын 57, 82, 152 дунаар дивиз, агаарын десантын 212 дугаар бригад зэрэг олон анги нэгтгэлүүд багтжээ. Наймдугаар сарын 20 буюу шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнө Армийн нэгдүгээр групп 52 мянган хүнтэй, 438 танк, 385 их буутай байжээ. Нийт онгоцны тоо 585 байв[25]. 

СССР, ЯПОН ХОЁР МОНГОЛД ИРЖ БАЙЛДАВ

Тулалдаан эхлэхэд корпусын удирдлага ямар ч бэлтгэлгүй байж таарлаа. Сталин говь цөлд гурван сар гацна гэж тооцоолсонгүй. Корпусынхан цэрэг дайны ажиллагаанд бэлэн бус байгаад зогсохгүй учирсан саад бэрхшээлийг устгаж чадалгүй Сталины том төлөвлөгөөг нураах дөхжээ. Ийм ч учраас Баруун бүсийн цэргийн онцгой тойргоос Жуковыг татаж, асуудлыг хатуу гараар шийдэв. Жуков ч сурсан зангаараа танкийн бүхэл бүтэн бригадыг хайр найргүй тулаанд оруулж, 9 703 хүнийг амийг зольж, 15 952 хүнийг шархдуулснаар Зөвлөлтийн тал нийт 25 655 хүний хохирол амсжээ. Алагдсан шархадсан хүний тоо үүгээр зогсохгүй биз. Ялагдсан япончуудын хувьд ялсан талаас цөөн хүнээ алджээ. Оросын цэргийн түүхч В.Воронов*, А.Крушельницкий* Е.Трифанов нарын батлаж буйгаар япончуудын хүчийг бүрэн устгаж, нийт 61 000 япон цэргийг устгаж шархдуулан олзолсон гэж Жуков Москвад тайлагнасныг Ворошилов хүртэл шоолж байсан гэнэ. Тэр үед Жуков дайны талбараас цуглуулсан буу зэвсгийг багагүй үнээр үнэлэн худалдаж авсан нь хамгаас ичгэвтэр юм. Зөвлөлтийн тал 12 000 винтов буу олзолж авсан нь алагдаж, шархадсан япон цэргийн тоотой бараг дүйх билээ. 

Гэлээ гээд Сталин ийм аахар шаахар зүйлд анхаарал тавьсангүй. Санаснаа гүйцээсэн хойно алдагдал хохирол хэр байх нь хамаа юун, Хасан нуурын тулалдаанаас хойш зангирч явсан япончуудыг дарж айлган, Гоминьданыг урамшуулж, Берлиний чихийг сортойлгосон байхад хангалттай гэж сэтгэжээ. Тулалдаан гурван сар сунжраагүйсэн бол Кремлийн эзний наймаа тун ч ашигтайгаар эргэх байлаа...[26]

Ингээд долдугаар сарын эхээр Баянцагаан орчимд болсон мөргөлдөөнд япончууд дахин хиар цохиулаад зугтлаа. Гурав дахь том тулалдаанд хоёр тал мөн шуурхай бэлтгэлээ. Япончууд явган цэргийн хоёр хороо, хуурай замын нэг бригад нэмж татсанаас гадна Манжгогийн армийн хэд хэдэн хороог татлаа. Агаарын хүчээ нэмж, Порт-Артураас хүнд их бууны хүч нэмж авчирчээ. Ингээд тэдний хүн хүчний тоо 76 мянгад хүрч, 304 пулемёт, 500 их буу, 182 танк, 300 гаруй нисэх онгоц хуримтлуулсан нь хилийн мөргөлдөөний цар хүрээнд хэт томдохоор болжээ. 

Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз, танк, агаарын десант, их бууны хороо тус бүрийг СССР-ээс шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1.5 дахин их цэрэг, 1.7 дахин их пулемёт, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1.6 дахин их онгоц хуралдуулж чадав. Онгоцны тоо 515 хүрчээ[27]. Мөргөлдөөн зарлаагүй болохоос дайны хэмжээнд хүрлээ. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн 70 километр өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд 7 хоногийн дотор яйр цохив. 

Зөвлөлтийн талын тооцоогоор гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархтсан байна[28]. Нийтдээ Японы талаас 28 000-38 000 хүн байлдаанд оролцсон гэдэг бол Зөвлөлтийн тал үүнийг 75 мянга гэдэг. Бууж өгч болохгүй гэсэн тушаалтай учир япончууд олзлогдсон хүмүүсийг гэр бүлийнхэнд нь алагдсан гэж хэлсэн гэх. Японы тооцоогоор 7 696 хүн алагдаж, 8 647 хүн шархдаж, 1 021 хүн сураггүй болж, 2 350 хүн өвчилж, нийтдээ 19 714 хүн хүчний хохирол амссан гэх ба үүнд Манжгогийн 2 895 хүн хүчний хохирол багтжээ. Харин зөвлөлтийн тал Японы хүн хүчний хохиролыг 29 085 гэж байснаа сүүлд нь 61 мянга хэмээн албан ёсны түүхэндээ өсгөн бичих болжээ.

Зөвлөлтийн цэргийн түүхч хурандаа генерал Григорий Кривошеев* хожим архивын материал судлан нарийн тооцоолсноор Зөвлөлтийн хохирлыг 9 703 хүн алагдаж, 15 952 хүн шархтаж, нийтдээ 27 880 хүн хүчний хохирол гарсан гэжээ. Тэд 253 танк, 250 онгоц 96 их буу, 133 хуягт машинаа сөнөөлгөсөн гэж Кривошеев номондоо бичжээ.[29] Японы тал 162 онгоц, 42 танкаа алдаж гурван мянга орчим хүнээ олзлуулсан гэсэн байна. Монголын тал 11 хуягласан машин, 1 921 морь, тэмээ алдсан гэж тэмдэглэжээ.[30]

Зөвлөлтийн тал Халх голын байлдаанд өөрийн хохирлыг дарагдуулж байсан нь нийгэм-улс төрийн хаалттай тогтолцооноос шалтгаалан мэдээлэл нээлттэй биш, дайн, мөргөлдөөний хохирлыг цэргийн нууц хэмээн дардаг бодлоготой нь холбоотой байв. Армийн нэгдүгээр бүлгийн удирдлага Халх голын байлдааны операцийн дүнгийн тухай илтгэх хуудсандаа хүн хүчний хохирлыг бүрэн тусгаагүй зөвхөн наймдугаар сарын давших операцийн хохирлоор хязгаарласан нь шархдагсдыг өвөр байгалийн цэргийн тойргийн эмнэлгүүдэд тараан эмчилж байсан, цэргийн удирдлагын зохион байгуулалтаас шалтгаалан Жуков, Штерн нарын хооронд зөрчил байсан зэрэг нь тухайн үед хохирлыг бүрэн тооцож гаргах боломж олгоогүй байж болох юм. Үүний зэрэгцээ армийн нэгдүгээр бүлгийн удирдлага Халх голын байлдаанд Японы хүн хүчний хохирлыг өсгөн харуулжээ. Өнгөрсөн хугацаанд Зөвлөлтийн түүх бичлэгт японы хүн хүчний бүрэлдэхүүн, хохирлыг мөн л өсгөн бичиж ирсэн нь үзэл суртлын шалтгаантай байна.[31]

Нийт тулалдаан хилийн маргаантай районы хүрээнээс гарахгүй туйлын “жэнтельмэн” хэлбэрээр болжээ. Өөрөөр хэлбэл юунаас болж маргав, түүнийхээ хүрээнд л зодолдов. Гэтэл гурав дахь цохилтоо авсны дараа япончууд есдүгээр сарын 12-нд Нөмрөгийн голын орчимд нэлээд хүчээр довтлон голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал есдүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын дайны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунхааны асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө есдүгээр сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлдлээ гэсэн утгатай илтгэх хуудсыг бригад командлагч Богданов*- оос Молотовт бичиж байжээ[32].

Халх голын тулалдааны үр дүнд хилийн ямар ч будлианы асуудалд холбогдоогүй байсан Нөмрөг голын зүүн тал дахь Мана хэмээх уулаа монголчууд бүрмөсөн алдсан юм. СССР, Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд байсан 9-р сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийсэн гэдэг. Үүнээс болж Монголын армийн 22-р морьт хороог одоо болтол буруутган уравсан, айсан, ухарсан гэх мэтээр дайрч давшилдаг, тус хорооны цэргүүд ч Халх голд дайтсаныгаа нуух болсон юм. Мана уулыг үнэндээ баргууд эзэлсэн бололтой. Учир нь Халх голд яагаад байлдаад байгаа, ямар бүсд байлдах, дайтах газрын хязгаар хаа хүрээд зогсохыг Монголын ч, Баргын ч морин цэргүүд огт мэдэхгүй байж. Тэдэнд энэ талаар зөвлөлтүүд ч, япончууд ч хэлж өгөөгүй. Монголын ардын арми Японтой биш Баргын морин хороотой тулалдах оноолттой байсан болохоор Мана уул эзлэгдсэн юм бол түүнийг япончуудаас биш баргуудаас чөлөөлөх үүрэг л Монголын морин цэрэгт ноогдох учиртай. Москвад эвлэрлийн хэлэлцээ хийж байгаа учир талууд одоо байгаа газраасаа хөдөлж болохгүй гэсэн тушаал гэнэт ирсэн учраас 22-р хорооныхон яаж ч чадаагүй байдаг.[33]

Халх голд Монголын 6 дугаар морьт дивиз тавдугаар сарын 17-оос байлдаан дуустал идэвхтэй оролцсон ба 8 дугаар морьт дивиз долдугаар сарын 3-аас эхлээд бараг бүх тулалдаанд оролцжээ. 

1931 онд СССР-ээс Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр Монголд цэргийн нисэх хүчин байгуулагдав. Халх голын тулалдааны өмнө Монголын нисэх хүчин Р-5 маркийн 39 онгоцтой, 27 монгол нисгэгчтэй болжээ. Монголын нисэх хүчин болон, мото хуягт суман (7 хуягттай) нь Халх голын тулалдаанд Зөвлөлтийн харгалзах нэгтгэлд багтан байлдсан юм[34].

Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн[35] нь энэ үед шувтарч байсан үндэсний их аллагатай харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан юм. Гэвч дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд Монголын 6 ба 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахам зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй нь ойгомжтой. Япончууд 12 мянга дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл монгол нь монголтойгоо алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ. 

Японы талд тулалдсан Манжгогийн анги нэгтгэлүүд Хятадын цэргүүдээс олзолсон болон японы хоцрогдсон хэмээн зэвсэглэлээс хасагдсан зэвсэгтэй байжээ. Манжгогийн армийн морин цэргийн 4, 5, 8, 12 дугаар морин хороод тулалдаанд орсон юм. Хороо бүр 400-500 хүнтэй, 4 их буу бүхий батарейтай байлаа[36].

Манжгогийн сөрөх тагнуулын албаны төлөөлөгч, буриад гаралтай, дэслэгч генерал Үржин Гармаевын* удирдсан Баргын хороод ах дүү монголчуудтай байлдахад япончуудад туслахаасаа илүүтэй тэдэнд саад болж байсан болов уу. Манжго улсын армийн хошууч, үүний зэрэгцээ БНМАУ-ын тагнуулын албаны офицер явсан Д.Жаргалов Монголд нийтлэгдсэн өөрийнхөө номд Ү.Гармаевын санаачилгаар ахан дүүсээ алан хядахаас сэрэмжлүүлэх зорилгоор Буриад-Монголын морин цэргийн ангиудад өргөн хүрээтэй ухуулга өрнөснийг тодорхой бичжээ. Генерал Гармаевын удирдлага дор алба хааж явсан хүмүүсийн гэрчилснээр тэдний цэргүүд: “Бид бие биенээ алахгүй, Японы төлөө амиа өгөхгүй!” гэж хашгиран агаарт буудаж байжээ. Япон “Монголыг эзлэн авахын” тулд маш цөөн тооны, бэлтгэл илт тааруухан цэргээ илгээсэн явдал хачин юм шиг санагдахгүй байна уу? [37]

Хожим Гармаев зөвлөлтүүдэд баривчлагдан Москвад хоригдож байхдаа байцаалтад өгсөн мэдүүлэгтээ Баргын морин цэрэг нь Японы хоёр талын жигүүрийг хамгаалах үүрэгтэй байжээ. Гэтэл Чойбалсангийн удирдсан Монголын 6 ба 8 дугаар морьт хороо Зөвлөлтийн армийн хоёр жигүүрийг хянах үүрэгтэй байсан. Үр дүнд нь морь унасан барга монголчууд мөн морьтой халх монголчуудтай байлдах үүрэгтэй болсон аж. Халх голын тулалдаан дөнгөж дуусангуут Гармаевийг Харбин руу дуудан яаралтай буцаажээ.[38]

6 дугаар армийн бие бүрэлдэхүүний чанарыг анхаарч үзвэл зохино. 23 дугаар явган цэргийн дивизийг - Японы бүлэглэлийн гол хүч - төмөр зам хамгаалах зорилгоор байгуулсан, тийм учраас түүнийг байлдааны шаардлага бүрэн хангах нэгж гэж тооцож болохгүй: тийм ангиудыг аль ч оронд бэлтгэл тааруу офицер, цэргээс бүрдүүлдэг. Манжго улсын бүх арми шигээ, олзны хятад цэрэг, хуучин хунхууз явагсдаас бүрдсэн Манжуурын бригад оргох, ууж согтуурах, хар тамхи татах зэрэг муу зуршилд нэрвэгдсэн учраас түүний тус гэж байхгүй. 

Монгол Ардын Арми Халх голын тулалдаан эхлэх үед маш сул байв. Түүний эгнээнд (цэргийн яамны аппарат, офицерын сургуулийг оролцуулаад) ердөө 17.8 мянган хүн байжээ. Армийн бүрэлдэхүүнд морин цэргийн найман дивиз, нэг хуягт бригад байсан. Морин цэргийн дивизүүдэд (чухамдаа морин цэргийн хөнгөн хороо) орон тоогоор 17 их буу (үнэн хэрэгтээ 12-13), 9 БА-6, ФАИ хуягт машин байх ёстой боловч СССР шаардлагатай 72 нэгжийн оронд дөнгөж 15-ыг нийлүүлэхийг зөвшөөрчээ. Танк ердөө 4 байсан, тагнуулын болон тээврийн онгоц 63 байсан боловч бэлтгэгдсэн нисгэгч дөнгөж 27. БНМАУ Улаан армийн томоохон тусламжийг хүлээн, өөрийн ийм хүчээр байлдааныг ердөө л зөвхөн эхлүүлж чадах байсан. Гэхдээ япончууд газар зүйн онцлогоос шалтгаалан хүчтэй давшилт өрнүүлж чадахгүй гагцхүү тийм газар ийм газар гэдгийг тооцох юм бол шүү дээ.[39]

Ийнхүү хэдэн жилийн өмнө Гэндэнгийн урьдчилан харж, “Орос Япон хоёр л байлдах гээд байна, бидэнд бол Манжго болон баргуудтай дайтаж байх хэрэг алга” гэж хэлж байсан нь батлагдав. Японы армийн хоёр жигүүрт Баргын морин хороо байрлаж байсан бол Зөвлөлтийн армийн хоёр захын жигүүрээс Монголын морьт хороод тулалдаанд оржээ. Үүнээс хойш монголчуудын домог болгон ярилцах болсон Дандар баатар энэхүү монгол хоорондын морин тулалдаанаас төрсөн юм. 

Хэдийгээр шувтарч байсан боловч нэгэнт том далайцад хүрч зуршил болсон хоморголон баривчлах аллага фронтод ч идэвхтэй үргэлжлэв. Байлдааны дундуур дарга офицеруудийг баривчлах явдал тун элбэг байв. 8 дугаар морьт дивизийг Зөвлөлтийн онгоц эндүүрч бөмбөгдсөнөөс болж 30 орчим монгол цэрэг үхэж, олон хүн шархтжээ[40]. Үүнээс болж нэг хэсгийг нь буруутгах хэрэг гарав. Ингээд Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн яамны орлогч сайд Ц.Лувсандоной* японы тагнуул байсан нь “илэрч” хойш ачигдан Москвад буудуулав. Зөвлөлтийн армийн хувьд Дэлхийн II дайны урьдчилсан томоохон бэлтгэл болсон энэ тулалдааны үеэр ч хардлага, аллага, хоморголол хэрхэн үргэлжилж байсныг Солженицын тодорхой бичсэн[41]нь бий. Дайны хүндийг нуруундаа үүрсэн Жанжин штабын дарга Ж.Цэрэнг* 1940 онд буруутган шийтгэхдээ ч японы тагнуул гэдгээр пайзалсан юм. 

Халх голын тулалдааныг удирдаж байсан Лувсандоной баривчлагдсаны дараа дөнгөж цэргийн сургууль төгсөөд байсан 27 настай Ж.Лхагвасүрэнг Жуковын орлогч болгон Монголын армийн бүх анги нэгтгэлийг удирдуулсан юм. Түүнийг гуравхан сарын дотор хорооны комиссараас бригад, дивиз, корпусын захирагч болгон шат дараалуулан дэвшүүлсэн нь өнөөгийн ойлголтоор хурандаагаас хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генералтай дүйх цол. 

Халх голын байлдаанд Жуковын хэрэглэсэн тактик түүний таних тэмдэг болж тэрээр хожим нь Германтай хийсэн дайныг удирдалцан дэлхийд нэрээ цуурайтуулсан авьяаслаг жанжин гэгдэх болсон. Гэтэл Халх голын байлдаанд түүний дарга байсан хурандаа генерал Григорий Штерн* илүү үүрэг гүйцэтгэсэн гэж зарим судлаачид үздэг. Тэрээр Халх голын тулалдааныг удирдсан гэж СССР-ийг баатар цолоор шагнагдсан. Штерн 1941 онд Германы тагнуул гэгдэн баривчлагдан цаазлуулжээ. Тэр жүүд хүн байсан аж. Халх голын тулалдаанд оролцсонгенерал Павел Григоренко· хожим бичсэн дурсамждаа Халх голын жинхэнэ баатар нь Штерн байсан, Жуков дурсамждаа өөрийн шууд удирдсан даргынхаа гавьяаг зориуд бүдгэрүүлсэн гэж тэмдэглэсэн байх юм[42].

ОЛОН ХЭЛТЭЙ ГЕНЕРАЛЫН ОЛОН ОНЬСОГО

Номунханы мөргөлдөөн нь Японы ирээдүйн довтолгоонд Улаан арми бэлтгэлтэй байгаа юм шиг байна гэдгийг Токиод тод томруун ойлгуулав. Москвад Молотов-Риббэнтропын гэрээ зурагдсан нь Японы Засгийн газар хямрахад хүргэж, Хиранума Киичиро*-гийн (Hiranuma Kiichiro) танхим огцорчээ. Шинэ Засгийн газар Европын хямралд Япон улс ямар ч хэлбэрээр оролцохгүй гэж мэдэгдсэн ба 1939 оны есдүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн Элчин сайд Того*-той (Shigenori Togo) Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн болно. 

Хилийн маргаан зохицуулах асуудлаар хэлэлцээ 1939 оны есдүгээр сарын 15-нд эхэлсэн боловч бүр сүүлд 1941 онд шувтарсан юм. Юу гэвэл 1939 онд арваннэгдүгээр сард БНМАУ-Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы Холимог комисс байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй[43]. Хоёр талын маргааны гол шалтгаан нь топографийн зураг байлаа. Оросын Өвөрбайгалын геодезийн отрядын 1906 оны зураг, Хятадын жанжин штабын геодезийн отрядын 1918 оны зураг хоорондоо таарахгүй байв.[44] Хэлэлцээ бүтэмж муутай байгаад юун түрүүн япончууд урамгүй байлаа. Хятадтай байлдаж байсан учир энэ асуудлыг бушуухан дуусгахын мөн болов. 

Манжго-Монголын хэдэн жил маргалдаад тохиролцож чадаагүй асуудлыг цаад эзэд нь шийдэхдээ, Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож, Номунханы тулалдааны дараах статус-квог улсын хил мөн гэж үзжээ. Холимог комисс 1941 оны аравдугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манжго, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу. 

СССР-тэй тохиролцон Номунханы асуудлыг зохицуулсны дараа Токио дахь Жанжин штабаас Квантуны армийн удирдлагатай хариуцлага тооцон үндсэндээ бүгдийг нь огцруулжээ. Квантуны армийн командлагч Үзэмү хилийн асуудлыг зохицуулж байх шинэ дүрэм гаргаж, хилийн шугам тодорхойгүй хэсгүүдээс цэргийн ангиудыг гэдрэг татан байрлуулж, Зөвлөлт, Монголын цэрэг цөмрөн ирвэл тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулах эсэхийг зөвхөн Ерөнхий каомандлагч өөрөө шийдвэрлэж байхаар тогтжээ. Энэ нь дөрөвдүгээр сард баталсан ерөнхий зарчмуудаас шал эсрэг байр суурь байв[45].

Дэслэгч генерал Комацубара Мититаро (Komatsubara Michitaro) 1938 оны долоон сард 23-р явган дивизийн командлагчаар томилогджээ. Халх голын тулалдааны үеэр 53 настай байсан энэ хүн Циндао дахь Германы баазыг 1914 онд хэсэгхэн хугацаанд бүслэхэд бага офицерийн хувиар оролцож байсныг эс тооцвол урьд нь хээрийн анги удирдаж, дайн тулаанд орж байсан туршлагагүй. Ерөнхийдөө цэрэг дипломат, тагнуулын чиглэлээр ажилладаг. 1909-1910 онд Орост байрласан цэргийн атташегийн туслахаар ажиллаж байгаад, Ерөнхий штаб, улмаар 1919 онд цэргийн тагнуулд шилжиж, 1926 он хүртэл Европ, Америкийн хариуцсан хэлтэст ажиллаж байсан. 1927 оны хоёр сард 40 настайдаа Москвад суух цэргийн атташегаар томилогдож, 1929 оны арван хоёр сар хүртэл тэнд суусан, оросоор чөлөөтэй ярьдаг нэгэн. Комацубараг хугацаанаас нь өмнө татсан япончууд Манжго-г байгуулаад Харбины тусгай агентлагийг хариуцуулан томилжээ. Энэ агентлаг тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагааг хариуцна. Түүнд 1934 оны найман сарын 1-нд түрүүч генерал цол олгож, 8-р явган бригадын командлагчаар томилоод, жилийн дараа Эзэн хааны 1-р гвардийн командлагчаар томилж, удалгүй дэслэгч генерал болгон дэвшүүлэв. Тэгэхээр тулалдааны талбарт ийм хүнийг томилсон япончууд үнэндээ Халх голд дайн болно гэж сэтгээгүй нь хараажийн илэрхий билээ.[46] 

Тэрээр ялагдлынхаа хариуцлагыг хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг харакири хийж үхсэн гэдэг ч үнэндээ ходоодны хавдраар 1940 онд нас барсан бололтой. [47]. Халх голын байлдааныг удирдсан Жуковоос Сталин: “Нөхөр Жуков, та яагаад Халх голд гучин хэл мэддэг генерал Комацубара-г алсан бэ?” гэхэд Жуков босч номхон зогсоод: “Нөхөр Сталин, генерал Комацубара тийм олон хэлтэйг мэдээгүй, хэрэв мэдсэн бол амьд авч үлдэхийг хичээх байлаа” гэжээ. Үүнийг Жуков хожим Цэдэнбалд ярьжээ[48].

Тэр үед хурандаа генерал бөгөөд Квантуны армийн жанжин штабын хуучин дарга байсан Үржин Гармаев Улаан армид бууж өгөн олзлогдож, урвагч гэдгээр яллагдан 1947 онд цаазлуулсан. Гэвч түүнийг цаазлаагүй, өөр овог нэрээр Зөвлөлтийн цэргийн академид багшилж байсны гэрчлэл байдаг. Түүний хамаатнууд Москвагаас шилжүүлгээр мөнгө авч байсан гэхээс гадна Хятадад амьдарч байсан охин Санжидмаа нь эцэг нь Москвад нас барсан тухай мэдээг 1967 онд авчээ. Гэтэл Гармаевыг бүрэн цагаатгасан ОХУ-ын Ерөнхий прокурорын газар түүний нас барсан жилийг 1974 хэмээн өөр огноо тавьжээ.[49]

Муухай боловч үнэнтэй нь, дэлхийн улс төрийн зураг дээр бол үүгээр зурагдсан ямар нэгэн улсын хил байсангүй. Харин Хятадын дотоодод багтах Гадаад Монгол ба Баргын орон нутгийн зааг байсанбайна.ИйнхүүЗөвлөлт, Япон хоёр өөрийн нутагт биш БНМАУ-ыг зүүн хязгаарт байлдав. Яг үнэндээ, БНМАУ ба Манжго хоёр өөрөө өөрсдийгөө л улс гэжбодохоос биш хэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэр байтугай Зөвлөлт нь БНМАУ-гаа, Япон нь Манж Го-гоо тусгаар улс гэж үздэггүй, зөвшөөрдөггүй, тунхагладаггүй байв. Өөрсөнд болохоор “Та нар тусгаар тогтносон улс мөн” гэчихээд гадагшаа харахаар өөр юм ярьдаг байв. Ийм учраас Халх голын тулалдаан нь тухайн үеийн Хятадын “нутаг” дахь Халх-Баргын хил дээр болжээ. 

Халх голын хэрэг явдал дэгдэх үед үйл явдлын цаад учрыг мэдэх, ядахнаа таамаглах учиртай хүмүүс бүгд үхэж, алагдаж дууссан ба үлдсэн ганц нэг нь ам нээх зүрхгүй болжээ. Ийнхүү “Халх голын дайн ба түүний суртал нэвтрүүлэг” эхлэхэд Монголын нийгэм, түүх-улс төрийн ой санамжгүй болсон байлаа. 

Арваадхан жилдбие бүрэлдэхүүн нь 100,000 орчим хүнээс 1,5 саяболтлоо өссөн Квантуны арми Монголынхэдхэн тооны хилчид рүү довтлоод л, ялагдаад л байсны учир шалтгааныг хэн ч эргэцүүлсэнгүй. Коммунист нийгэмд хамгийн хориотой зүйл бол эргэлзэх, эргэцүүлэх явдал. Түүнчлэн, Японы тэр хүчирхэг арми Халх голоор жоохон газар цөмрөөд тэгээд яагаад наашаа явахгүй зогссон юм бэ, Зөвлөлийн улаан арми Халх голын тэрүүхэн хэсэгт “ялалт” байгуулчихаад ханасны нууц юу вэ, тэд нэгэнт ялсан дээрээ Квантуны армийг яагаад нэгмөсөн бут цохиогүй юм бэ, яагаад энэ тулалдаан яг боксын ринг шиг талбай дээр, зураас палианаасаа халиагүй явсан хэрэг вэ гэхчлэн асуух хүн байсангүй. Монголын нийгмийн оюун ухаан эргэлзэх чадваргүй болж, зөвхөн бэлэн өгсөн суртал нэвтрүүлгийг л хүлээн авдаг “цагаан цаас” болсон хэрэг.[50]

Халх голын тулалдаанд Япон ялж чадаагүй нь хожим СССР-т Гитлер халдахад япончууд дайнд оролцохоос татгалзсан нэг шалтгаан байлаа. Москва эзлэгдсэний дараа л дайнд орно гэж Японы Жанжин штаб мэдэгдэж байсан ба холбоотныхоо үүргийг биелүүлж Зөвлөлтийн дорно талаас яаралтай довтлохыг нэхсэн Гитлерийн шаардлагын хариуд Японы Засгийн газрын хуралдаанаар Герман Зөвлөлтийг ялсан нь тодорхой болтол дайнд үл оролцон түдгэлзэх шийдвэр гаргажээ[51]. 

Халх голын тулалдаанд зориулж Соловьёвск-Эрээнцав-Баянтүмэнгийн 238 километр өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагбулагийн 380,5 километр нарийн төмөр замыг ажлын 76 хоногийн дотор барьж хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь хүлээлгэж өгөх үед Халх голын тулалдаан дуусчихсан байв. Гэвч энэ төмөр замыг Зөвлөлт, Монгол 1945 онд Японд дайн зарлахад ашигласан билээ. Эрээнцав-Баянтүмэн (одоогийн Чойбалсан хот) өргөн төмөр зам ашиглагдсаар байна. Дайн дууссаны дараа Баянтүмэн-Тамсагбулагийн төмөр замын рельс төмрийг хуулж аван Монголын дараагийн бүтээн байгуулалтад хэрэглэсэн. Юу гэвэл Монгол орныг хэрсэн холбооны шугам татахад рельс төмрийг шонгийн модны хавчаар хөл болгон ашигласан юм. 


* Геккер, Анатолий (1888-1937) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн

* Плиев, Исса (1903-1979) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, генерал. 1945 онд Зөвлөлт Монголын морьт механикжсан бүлгийг удирдсан.

* Рокосовский, Константин (1896-1968) Польш, Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, маршал.

* Судец, Владимир (1904-1981) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, маршал

* Фекленко, Николай (1901-1951) Зөвлөлийн цэргийн зүтгэлтэн, Халх голын тулалдаанд оролцсон.

* Лхагвасүрэн, Жамъянгийн (1912-1982) Монголын цэрэг, улс төрийн зүтгэлтэн, генерал. Батлан хамгаалахын сайд (1959-1969)

* Ван Жинвэй (1883-1944) Хятадын улс төрч. Наньжин дахь тоглоомын Засгийн газрын Ерөнхийлөгч (1940-1944)

* Чэмбэрлэн, Нэвил (1869-1940) Британий Ерөнхий сайд (1937-1940)

* Даладье, Эдуард (1884-1970) Францын Ерөнхий сайд (1933, 1934,1938-1940)

* Литвинов, Максим (1876-1951) Зөвлөлтийн Гадаад яамны сайд (1930-1939)

* Шигэмицу, Мамору (1887-1957) дипломат, Гадаад яамны сайд (1954-1956)

* Дри, Эдвард (1944) Америкийн цэргийн түүхч.

* Күүкс, Олвин (1924-1999) Америкийн цэргийн түүхч

* Комацубара Мититаро (1886-1949) Японы цэргийн командлагч, дэслэгч генерал. Халх голын тулалдаанд Японы талыг удирдаж байсан.

* Мамсуров, Хаджи-Умар (Хаджиумар) Джиорович (1903-1968) Осетин үндэстэн. Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, Улсын тагнуулийн удирдах газрын орлогч дарга, хурандаа генерал. Испанид хорлон сүйтгэх тагнуулын ажиллагаа зохион байгуулж асан.

* Жуков, Георгий (1896-1974) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, маршал цолтой. Халх голын тулалдааныг удирдсан.

* Воронов, Владимир – Оросын цэргийн түүхч

* Крушельницкий, Алесандр (1954) Оросын цэргийн түүхч

Е.Трифанов (1962) Оросын цэргийн түүхч

* Кривошеев, Григорий (1929-2019) Оросын цэргийн түүхч

* Богданов, Семён (1894-1960) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, маршал цолтой.

* Гармаев, Үржин (1888-1947) Манжгогийн болон Квантуны армийн генерал.

* Лувсандоной, Цэрэнжавын (1903-1939) Монгол цэргийн жанжин, Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч

* Цэрэн, Жамсрангийн (1908-1941) Жанжин штабын дарга

* Штерн, Григорий (1900-1941) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, генерал. Хасан нуур, Халх голын тулалдааныг удирдсан.

·Григоренко, Павел (1907-1987) Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, дисидент, 1975 онд АНУ-руу цагаачилсан.

* Хиранума, Киичиро (1867-1952) Японы Ерөнхий сайд (1939)

* Того, Шигэнори (1882-1950) Японы дипломат. Халх голын тулалдааны дараах энхийн гэрээнд гарын үсэг зурсан.

[1]Rupen, Robert. A. How Mongolia is Really Ruted; A Political History of the Mongolian People’s Republic 1900-1978 (Hoover Institution Press, Stanford) pp-45-171

[2]Rupen, Robert. A. How Mongolia is Really Ruted; A Political History of the Mongolian People’s Republic 1900-1978 (Hoover Institution Press, Stanford)

[3]Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (“Наука” Москва 1977) стр-43 [Sapozhnikov, B.G. China in the fire of war, 1931-1950 (Publishing house "Nauka" Moscow 1977)] p-43

[4]Сталин ба Монгол“57 дугаар онцгой копусын асуудлаар УТТ-ы хуралдааны 63 дугаар протокол” (Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн Улаанбаатар 2010) х-158-159 [Stalin and Mongolia]

[5]Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) x-371 [History of the Mongolian People`s Republc, III]

[6]Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) стр-122 [Sapozhnikov, B.G. China in the fire of war, 1931-1950 (Publishing house "Nauka" Moscow 1977)] p-122

[7]Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) стр-123 [Sapozhnikov, B.G. China in the fire of war, 1931-1950 (Publishing house "Nauka" Moscow 1977)] p-123

[8]Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) стр-125 [Sapozhnikov, B.G. China in the fire of war, 1931-1950 (Publishing house "Nauka" Moscow 1977)] p-125

[9]Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) [Sapozhnikov, B.G. China in the fire of war, 1931-1950 (Publishing house "Nauka" Moscow 1977)]

[10]Дашдулам, Д. Халхын голын дайн: Японы түүх бичлэгт (МУИС-ын эрдэм шинжилгээний бичиг #245,Улаанбаатар 2005) х-267[Dashdulam, D. War in Khalkhiin gol in Japan`s historiography]

[11]FRUS Diplomatic Papers, 1938, The Far East, Volume III dokument 497.

[12]Drea, Edward J. Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939(Combat studies Institute 2017)

[13]Федюнинский И. И. На Востоке (Воениздат, Москва 1985). [Fedyuninsky I.I. In the East (Military Publishing House, Moscow 1985)].

[14]Coox Alvin.D. Nomonhan: Japan against Russia,1939 (Stanford University Press, 1990)

[15] Bоронов.В, Крушельницкий Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-28[Voronov. V, Krushelnitsky.G. Who lost in Halhiin gol Ulaanbaatar 2019] р-28

[16]Bоронов.В, Крушельницкий Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-39[Voronov. V, Krushelnitsky.G. Who lost in Halhiin gol Ulaanbaatar 2019]р-39

[17]Болд, Р. Халх голын байлдаан (Nepko publishing 2013) х-32[Bold, R. Battles in the Khalkhin Gol]

[18] Болд, Р. Халх голын байлдаан (Nepko publishing 2013) х-33 [Bold, R. Battles in the Khalkhin Gol]

[19]Мики Хидэннари Халх гол: Түүхэн үнэний эрэлд; Тухайн цаг үеийн олон улсын байдлын үүднээс Номунхан үйл явдлыг авч үзэх нь (УБ 1993) х-88 [Hidenari, Miki. Khalkh Gol: In search of historical truth. Consideration of Nomunkhan event in the light of political situation at that time]

[20]Вартанов, В. Илтгэл (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум УБ 1994)[Vartanov, V. Report]

[21]Сообщение ТАСС о столкновениях на монгольско-маньчжурской границе. 26 июня 1939 г (Документы ХХ века http://doc20vek.ru/node/570) [TASS report on clashes on the Mongol-Manchu border. June 26, 1939 (Documents of the XX century http://doc20vek.ru/node/570)]

[22]Федюнинский И. И. На Востоке (Воениздат, Москва 1985). [Fedyuninsky I.I. In the East (Military Publishing House, Moscow 1985)]

[23]Сталин ба Монгол“Х ажиллагаатай холбоотой зардлын тухай УТТ-ы хуралдааны 66 дугаар протокол” (Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн Улаанбаатар 2010) х-163 [Stalin and Mongolia]

[24]Drea,Edward J. Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939(Combat studies Institute 2017)

[25]Хангай, Л. Монгол-Оросын хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) 24-25 [Khangai, L. The Reletionship and cooperation between Mongolia and Russia]

[26]Bоронов.В, Крушельницкий Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-34-47 [Voronov. V, Krushelnitsky.G. Who lost in Halhiin gol Ulaanbaatar 2019]

[27]Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) x-373 [History of the Mongolian People`s Republc, III]

[28]Гомбосүрэн, Д. Халх голын дайны түүх судлалын зарим асуудал, үр дүн (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум Улаанбаатар 1994) [Gombosuren, D. Some problems and consequence on historiography of the Khalkh gol war]

[29]Кривошеев,Г. Ф. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил (Москва 2001). [Krivosheev, G.F. Russia and the USSR in the wars of the twentieth century: Losses of the Armed Forces (Moscow 2001)]

[30]Kolomiets, M. “Boi u reki Khalkin-Gol”, Frontovaya Illyustratsiya/Frontline Illustration, 2/2002

[31]Болд, Равдангийн Статистикийг дахин тооцох нь(Nepko publishing Улаанбаатар 2019) х-74 [BoldRawdangiin. Reconsiderations of some statistic Ulaanbaatar 2019] р-74

[32] Бригад командлагч Богдноваас Гадаад хэргийн ардын комиссар Молотовын нэр дээр бичсэн илтгэх хуудас (Ил товчоо сонин УБ 1994) [Report by Brigade Commander Bogdanov to The People`s Commissar of Foreign Affairs, Comrade Molotov]

[33]Батбаяр. Б Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-74 [Batbayar.B. Who lost in Halhiin gol Ulaanbaatar 2019] р-74

[34]Хангай, Л. Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) х-22-23 [Khangai, L. The Reletionship and cooperation between Mongolia and Russia]

[35]Ганболд, Б. Халх голын дайнаас МАХЦ-т учирсан хүн хүчний хохирол (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум Улаанбаатар 1994) [Losses of the Mongolian army during Khalkh gol war]

[36]Хангай, Л Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) х25 [Khangai, L. The Reletionship and cooperation between Mongolia and Russia]

[37]Трифонов Евгений Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepkopublishing Улаанбаатар 2019) х-109 [Trifonov Evgenyi Who win in Halhiin gol]

[38]Базаров, Б. В., Генерал-лейтенант Маньчжу-Го Уржин Гармаев (Изд. Бурятского научного центра СО РАН Улан Удэ 2001) стр-21-22. {Bazarov, B.V., Lieutenant-General Manchzhu-Go Urzhin Garmaev (Publishing house of the Buryat Scientific Center of the SB RAS Ulan Ude 2001)} p-21-22

[39]Трифонов Евгений Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepkopublishing Улаанбаатар 2019) х-119 [Trifonov Evgenyi Who win in Halhiin gol]

[40]Дамдиндорж, Д. Улаан таван хошуут есөн онгоц хэнийх вэ? (Ардын эрх сонин 1994) №159 [Damdindorj, D. To whom do the Red Starred Nine Airplanes belong?]

[41]Solzhenitsyn. Alexander Gulag Archipelago (Harper&Row, Publishers 1973)

[42]Болд, Р. Халх голын байлдаан (Nepko publishing 2013) х-44 [Bold, R. Battles in the Khalkhin Gol]

[43]Гомбосүрэн, Д. БНМАУ, Манжго улсын хилийн хэлэлцээр (Ардын эрх сонин 1992) [Gombosuren, D. Border agreement between the MPR and Manchuguo]

[44]Соловьёв, А. В. Как в Чите устанавливали границу Монголии с Китаем [Solovyov, A. V. How Mongolia-China Border Was Established in Chita]

[45]Болд, Р. Халх голын байлдаан (Nepko publishing 2013) х-34-35 [Bold, R. Battles of Khalkhin Gol]

[46] Bоронов.В, Крушельницкий Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-140-151 [Voronov. V, Krushelnitsky.G. Who lost in Halhiin gol Ulaanbaatar 2019]

[47]Ammenthorp, Steen (2000). "Komatsubara Michitaro". The Generals of World War II.

[48]Цэдэнбал, Ю. Би тангарагтаа үнэнч байсан (Улаанбаатар 1996) х-41 [Tsedanbal, Yu I was loyal to my oath]

[49]Трифонов Евгений Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-121 [Trifonov Evgenyi Who win in Halhiin gol]

[50]Цэнддоо, Б. Автоном 100, Халх гол 80 (Nepko publishing Улаанбаатар 2019) х-121 [Tsenddoo.B. Autonomy-100, Halhiin gol-80]

[51]Можейко, И. В. Западный ветер-ясная погода. Часть 1. Глава 2. Канун войны на Востоке. - (Москва «Издательство ACT», 2001). [Mozheiko, I. V. West wind - clear weather. Part 1. Chapter 2. Eve of the war in the East. - (Moscow "ACT Publishing House", 2001)].

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]