Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Вандан чи улсын заан болохоос, буурын заан биш шүү"Уншсан49,106

Равдангийн буур тэмээнийхээ наад талд гарч шавж зогссоноо нэг хөрвөөж аваад, хүзүүгээ тавьж, Вандан руу хүрч иржээ.

 ЛУУ ГҮНИЙ ВАНДАН АВАРГА

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны алдарт Намхай аваргын дараа Монгол бөхийн түүхэнд тодрон гарсан нэрт бөх бол Сайн ноён хан аймгийн Луу гүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн Вандан аварга болой. Тэрбээр 17 насандаа анх нутаг хошуундаа барилдаж эхлээд, 42 нас хүртэл даруй 25 жил барилдсан байна. Тэрбээр 1916-1925 он хүртэл ямар нэгэн бөхөд унаагүй босоо байсан ганц бөх хэмээн бөхийн түүхэнд өгүүлдэг бөгөөд дархан мэх нь өрсөлдөгчийнхөө зүүн мөр рүү нь түлхэж, баруун тахимаар нь авах буюу эгэм тахим мэх байжээ. Тэрбээр 1912-1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа, завсаргүй 10 удаа түрүүлж, нэг үзүүрлэж, нэг гуравт үлдэж, нэг шөвшөрсөн айхамшигтай их аварга хэмээн түүхэнд мөнхөрчээ.

Тэрбээр хөмсөг дух нь булцруутсан мэт шанаа өргөн, эрүү дугуй маш сүрлэг эр байсан бөгөөд бага хүүхэд байх үеэс онцгой хүч тэнхээтэй нь ялгарч харагдах болсноос олон нийтийн анхаарлыг татах болсон байна. Энэ тухай өгүүлвээс нэг өдөр хошуу ноёны тамгын газраас албаны хэдэн хүн ирж " Вандан чамайг ноён аваад ир гэлээ" гээд шууд дагуулаад явжээ. Тэгэхэд ээж нь хүүгээ хэрэгт төвөгт орсон юм болов уу гээд ихэд айсан байна. Харин ноён Лүнгийн овооны наадамд барилдуулахаар дуудуулж, сан тавьж ариусгаад, барилдуулсанд Вандан тэнд анх түрүүлснээс хойш бараг өвдөг шороодолгүй шахам барилдсах болсон байна.

Нэг өдөр саахалт Довцээгийнд ирэхэд тэдний хар, шар хоёр буур ноцолдон эзэд нь яагаад ч салгаж чадахгүй, шар буур нь харынхаа гэдсэн доогуур толгойгоо оруулан даад гуяыг нь үмхээд толгой дээгүүрээ давуулан унагаагаад өвдөглөн дарж юу юугүй барихдаа тулав. Вандан аварга харж байснаа шар буурны хоёр чихнээс нь барьж хажуу тийш мушхин салгахад хар буур босоод ингэнүүдээ хөөгөөд арилж өгчээ. Вандан аварга өрсөлдөгчөө бяраар ааглан ноёлж голдуу дугтарч унагаадаг байжээ.

Ихэвчлэн барилдаж байгаа бөхийнхөө далбаанаас барьж авангуут 2-3 удаа халаад л дугтархад ямар ч бөх их төлөв тэсдэггүй байжээ. Түүний их хүчтэй байсны өөр нэг жишээ нь бяруу шүдлэн үхэр хонины хашаанд орж ирэхэд хөлөөр нь хөөж гаргадаггүй хашаа хэмхлүүлнэ хэмээн гараараа барьж аваад өргөөд л хашааны гадна тавьчихдаг байжээ.

Ер нь Вандангийн бие цогцос хүч чадал, сүр жавхлан нь бүрэн төгөлдөр, үнэхээр бөх хүний зохион байгуулалт бүрдсэн тийм гайхамшигтай сайхан эр байжээ. Түүний тухай ард олны ярих нь аварга их тэнхээтэйгээс гадна эцэж цуцашгүй хөдөлмөрч хүн байсан бөгөөд цаг ямагт аян жин тээдэг байжээ. Тэрбээр хойшоо Хиагт Алтанбулаг руу үхэр тэргээр жин тээж, урд зүгрүү тэмээгээр жин тээдэг байсан гэдэг. Тэгэхдээ тэмээн жинд дандаа бусдын орсон буурнуудыг цуглуулан авч явдаг байжээ. Орсон буур гэдэг бол эдлэх нь байтугай, хүн ойртохыг аргагүй хүчтэй бөгөөд аюумшигт амьтан мөн билээ. Гэтэл Вандан нь өөрийн бяр тэнхээ, арга самбаагаар орсон буурыг эз дийлдэг онцгой аргатай хүн байжээ. Энэ тухай нүдчэрээ үзсэн хүний өгүүлэх нь. Одоогийн Өгий нуураар нутагтай Равдангийнх гэдэг айлд нэгэн өвөл Вандан заан очжээ. Вандан заан 4-5 орсон буур авч явсан бөгөөд тэднийгээ Равдангийн гадаа хүлчихээд, орж мэнд усаа мэдэлцэн, нилээд ярьж сууснаа "Танай буурыг авч жинд явна" гэжээ. Үүнд Равдан: "Ээ дээ Вандан минь, манай буур гэдэг чинь хүнд эдлэгдэх нь байтугай, хүн барьдаг нэртэй зартай айхтар буур гэдгийг нь мэднэ шүү дээ" гэсэнд, Вандан: "Мэдэлгүй яахав. Гэхдээ би арай бариулчихгүй байлгүй. Та буураа аваад ир" гэжээ. Равдан цааш олон үг ярьсангүй мордон давхиад, тэмээгээ хураан иржээ. Тэгээд "Вандан чи улсын заан болохоос, буурын заан биш шүү" гэж сануулсанд, Вандан хайхарсангүй: "Энэ хирийн буурыг зөндөө эдэлсэн" гээд суран ногт бариад очжээ.

Равдангийн буур тэмээнийхээ наад талд гарч шавж зогссоноо нэг хөрвөөж аваад, хүзүүгээ тавьж, Вандан руу хүрч иржээ. Цагаан хөөс сахруулж, хурц соёогоо хангинатал хавирсан буур хүзүүгээ тавиад орж ирэхэд хүн байтугай ямар ч атан тэмээ, азарга, морь айж хотолздог бөгөөд ухаан зулаггүй зугттаг билээ. Үүнд буур Ванданг дал мөрөөрөө түрж, газрын өөд жаахан гүйсэнд Вандан хүчийг нь дагуулан хэсэг түшиж гүйгээд, гарынхаа тохойгоор буурны эгэм рүү ёворч нэг юм хэлжээ. Үүнд буур бөгсөөрөө оцойн суусан байна. Тэгээд дахиад Ванданг мөрлөж гүйсэнд Вандан дахин ёворч суулгаад, ийнхүү гурван удаа ёвроход тэр хүчинд нь гурван удаа бөгсөөрөө суусан буур дахин элдэв зан гаргасангүй, гарын аясаар захирагджээ. Ингээд Вандан ч тэр хар буурыг бусад буурнуудтай холбоод тууж одсон гэдэг. Харин энгийн тэмээнүүдийг хойно хойноос нь холбон хөтөлдөг бол буурнуудыг хүзүүгээр нь эгнүүлэн холбож, урдаа туусаар явсан гэдэг.

Одоогийн Баянхонгорын зүг аянчилж явтал нь худагт цээжээрээ орсон нэг тэмээг олон залуус оролдоод гаргаж эс чадахад Вандан аварга: "За та нар өдий олуулаа байж ганц тэмээ гаргаж дөнгөхгүй" гэхэд тэд: "Таныг гаргачихвал эмээл хазаартай морь өгье" гэж ам гарчээ. Вандан аварга тэмээг төвөггүй өргөн шавраас суга татан гаргажээ. Залуус их л гайхалдан алдрыг нь асуухад "Хорин лүд" гэж тэднийг ёжлон хэлчихээд морио ч авалгүй, нэрээ ч хэлэлгүй явчихсан гэдэг.

Нэгэн намар цагт Вандан залуу байхдаа тэмээн хөсгөөр Бээжин хотруу жин тээж очоод буцаж өвөрМонголын нугагт иртэл зарим тэмээ нь ядарч сульдаад зарим нь өвдөөд цааш явах аргагүй болжээ. Энэ тухайгаа тэр нутгийн хүмүүст учирлаж, тусламж хүсэхэд тэд нэг баян айлыг зааж, тэднийх л танд туслаж магадгүй гэж зөвлөжээ. Тэр айлд нь очтол гадна нь дөрвөн залуу эр тэмээнд ямар нэг хүнд зүйл ачихаар завдаж байгаа бололтой байжээ. Тэгээд гэрт нь ортол гэрийн эзэн хижээлдүү насны эр байтал мэндлээд ирсэн учир явдлаа хэлтэл, тэрбээр: "Танай тэмээ чинь өвчтэй юм бол манай энүүгээр битгий ойртоорой, тэмээнд өвчин халдана. Тэгээд ч алс нутгийн зүс танихгүй хүнд тэмээ малаа юу боллоо гэж өгөх вэ" гээд царай өгсөнгүй. Гэрээс гараад иртэл нөгөө хэдэн залуу том лүүтэй сав давс тэмээнд тэгнэж ачих гээд өрөөсөн тал ачаагаа хэдүүлээ өргөөд даахгүй байгаа харагджээ. Гэрийн эзэн ч араас нь гараад ирлээ гэнэ. Вандан тэднээс "Та нар юу хийж байгаа юм бэ" гэж асуутал тэдний нэг нь: "Чамайг харахад юу хийж байх шиг байна вэ" гэж их л ёжтойхон хариулахад нь Вандан: "Та нар үүнийг даахгүй байгаа юм уу" гэхэд, "Тиймээ, чи тийм бузгай юм бол өргөөд тавьчихгүй юу" гэхэд нь Вандан очоод нэг талын лүү ачааг нь өргөж байгаад нөгөө талын лүүг өрөөсөн гараараа татаж өргөөд ачааг тэгнэж шорлоод өгчээ. Ингэсний дараа гэрийн эзэн Ванданг гэртээ буцааж оруулаад нутаг ус, нэр алдрыг нь асууж, "Та барилддаг уу" гэж сонирхсонд: "Би Сайн ноён хан аймгийн Луу гүний хошууны Вандан гэгч барилддаг заан цолтой" гэхэд нь нөгөө баян: "Та үнэхээр их бяртай сайн бөх байна. Тэр улдаж эцсэн тэмээгээ энд орхиод, манай тэмээнээс хөсгөө сэлбэж аваад яв" гэж тал зассан гэдэг.

Мөн Вандан нэг удаа үхэр тэргээр жин тээж яваад Орхон Шаамарын тавилан дээр ирж хөсөг тэргээ тавилангаар ус гатлуулж байжээ. Тавилангийн тавцан дээр ачаа тэргийг үхрээс тусад нь гаргадаг тул Вандан ачаатай тэргүүдийг ганцаараа арлыг нь сугадан, хавчуулан бариад, чирч буулгаж байжээ. Гэтэл нэг ачаа тэргийг тийнхүү чирч араараа ухран эрэг дээр гартал тавилангийн оосор тасран, цааш хөвж, тэрэг нь тавилан дээрээс хараахан гарч амжаагүй тул усанд орох болсонд Вандан тэргээ угз татуут хажуу тийш дүүгүүрдэн эргүүлж, өөрөө биерээ бүтэн эргэж ачаа тэргийг эрэг дээр ус руу арлыг нь харуулан бүрэн бүтэн тавьсан гэдэг. Вандан аваргын нэг өвөрмөц амжилт бол 1922 оны наадмын бөх Намын төв хороо, Ардын засгийн газрын 1922 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг чөлөөлж ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны баярыг жил бүрийн зуны сүүл сард тэмдэглэж өнгөрүүлж байхаар тогтоож, тэр жилийн эрийн гурван наадмын хүчит бөхийн онооны жагсаалтанд цэргийн гэдэг цоо шинэ нэр анх бичигдэж, 704 бөх барилдсанаас Вандан аварга мөн Архангай аймгийн Их тамир сумын Дүйнхэр тэргүүний хүү Далантай нар арвын даваанд шалгаран үлдэж, Вандан Далантайг дайрахад нь зүүн гараараа Далантайн баруун хөлийн гадна талын тахимаар нь авмагц баруун гараар цээжийг гэдрэг түлхэж, эгэм тахим мэхээрээ арвын даваанд орхиж, Ардын хувьсгалын анхны жилийн ойн цэргийн наадамд түрүүлсэн гэдэг.

Ер нь Вандангийн бие цогцос, хүчин чадал, сүр жавхлан нь бүрэн төгөлдөр, үнэхээр бөх хүний зохион байгуулалт бүрдсэн тийм гайхамшигт сайхан эр байсан гэдэг. Ийм хүчин чадал төгөлдөр бөх нь Монголын түүхэн дор маш ховор бөгөөд түүний Вандан аварга хэмээх яруу алдар Монгол нийт дээр дуурсагдан алдаршсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]