Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Б.Ганбат арслан наадмаас буцаж яваад осолд орж, дараа нь шарлаж, эцэст нь мөрөө хадуулсан"Уншсан60,988

Ганбат бөхийн хүрээнд нэгэнт байр сууриа олж, өөрийгөө бүрэн харуулсныхаа дараагаар Баянхонгорын наадамд түрүүлж, монгол бөхийн түүхэнд урьд нь дуулдаагүй өндөр бай буюу жийп машин шагналд авсан.

Улсын арслан Батжаргалын Ганбатын туулсан саад, төрийн наадамдаа түрүүлэх хүртэл амссан зовлон бэрхшээл айхавтар их гэдэг. Бөхийн хорхойтнуудын дунд түгсэн "Таван залуу заан" хэмээх хэллэгийг "Зургаан залуу заан" болгож тэднийхээ амжилтыг отголж төрийн наадамдаа түрүүлсэн улсын арслан Батжаргалын Ганбатын тухай хэвлэлүүдэд бичигдсэн анхаарал татах үгсийг, түүний ярилцлагаас хэсэглэн хүргэж байна.

 

Өсөхөө аваргатай болгоомжтой, нямбай барилдахыг л чухалчилсан

 

-Ард түмэн таныг үнэхээр дэмжсэн. Та төрийн есөн хөлт тугаа долоо даван тойрч үзсэн хүн. Харин ес давчихаад тойрч явахад дотор тань чухам юу бодогдож байсан бол?

- Ер нь бол би найм давчихаад л их баярласан. Би өмнө нь улсад ес шөвгөрч, наймын даваанд гурвантаа үлдэж байлаа. Долоо давж байсан ч найм давж чадахгүй наймын давааны босго яах аргагүй нэг л өндөрдчихөөд байдаг байсан. Арслан Х.Мөнхбаатараар найм давж гарьд цолны болзол хангачихаад үнэхээр их баярласан. Тэгээд сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй есөн хөлт цагаан тугаа тойрох үедээ үнсч, сүсэглэн залбирсан даа. Үнэхээр сайхан байсан шүү.

- Ер нь энэ жилийн бэлтгэл таны хувьд хэр байв. Х.Мөнхбаатар арслан танд өвдөг шороодчихоод "Б.Ганбат үнэхээр хүчрэгдэхгүй нь, бяр гэж ярих юм биш" хэмээн шогширч байхыг нь сонссон?

- Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарсан. Бөх хүн бүр л өөрийнхөө санасандаа хүртэл сайхан барилдахыг хичээлгүй яахав. Улсын наадамдаа есөн удаа шөвгөрсөн олон жил барилдсан хүний хувьд дээгүүр барилдчих юмсан гэсэн хүсэл, горьдлого мэдээж байлгүй л яахав. Гэхдээ яг үзүүр түрүүнд үлдэнэ гэж дотроо бодоогүй. Санасандаа хүртэл, эцсийн хүч, бяраа шавхаж, ухаан зарж барилдах юм шүү л гэж бодсон доо.

- Таныг бөхийн замд оруулсан хүн нь яах аргагүй Х.Баянмөнх аварга. Хөдөөнөөс улаан хацартай тракторчин хүүг дагуулж ирчихээд ирээдүйн аварга энэ байна гэж танилцуулж байсан ч гэгддэг?

- Тиймээ намайг дөнгөж наймдугаар анги төгссөн 16-хан настай жаахан хүү байхад өвгөн аварга маань олж бөхийн замд оруулсан нь үнэн. Анх өөрийнхөө алдрыг тэмдэглэх наадмыг Хяргас суманд зохиох үеэрээ намайг олж хараад энэ хүү бөх болно гэж хэлээд хотод дагуулж ирсэн түүхтэй. Тэгээд л биеийн тамирын сургуульд оруулсан даа. Тэр цагаас хойш багш шавийн барилдлагатай болоод өдийг хүртэл заавар зөвлөгөө аваад явж байна. Би тэр хүнийг багшаа гэж хүндэтгэдэг юм. Өнөөдөр би арслан цолонд хүрч тэр хүний хүсэл ингэж биелсэнд баярлаж байна.

- Тухайн үед Баянаа аваргыг бөхийн дэвжээнд босоо аварга гэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ аваргыг даруулахаар таныг онцлон сонгож авчирсан ч гэж яригдаж байсан удаа бий? 

- Ер нь ард түмэнд нэрээ дуурсгасан өндөр цолтой бөх хүний хувьд өөрийн залгамж халаа, шавь нараа бэлддэг бичигдээгүй хууль бий. Тэр жамын дагуу л өвгөн багш маань намайг онцлон хотод авчирч, энэ Монгол бөхийн гайхалтай зам мөрд оруулсан болов уу гэж би хувьдаа боддог. Хэн ч гэсэн шавиа сонгохдоо аварга болно л гэж боддог байх. Харин Б.Бат-Эрдэнэ аваргыг даруулахаар авчирсан гэдэг ч юм уу, тиймэрхүү яриа бол бөх сонирхогч ардын дунд л өрнөдөг биз дээ.

- Өсөхөө аваргатай түрүү, үзүүрт үлдчихээд байхдаа дотроо барилдаанаа төсөөлж, тийм мэх хийнэ дээ гэж төлвлөж байсан уу?

- Өмнө нь Өсөхөө аваргатай олон л барилдаж   байлаа. Гэхдээ наадам тэр дундаа үзүүр, түрүү булаалдана гэдэг үнэхээр өөр юм билээ. Барилдахаасаа өмнө яг тийм мэх, ингэж хийнэ гэж бодсон зүйл байгаагүй ээ. Зүгээр л болгоомжтой, нямбай барилдахыг л чухалчилж байсан даа.

- Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэгэн үеийн зургаан залуу заан гарч ирэн уран хурц, дайчин барилдаан бас өрсөлдөөнөөрөө түмний мэлмийг мялааж, сэтгэлийг нь баясгаж байсан үе бий. Тэднээс хоёр нь даян аварга, нэг нь аварга, хоёр нь гарьд, цол хүртсэн бол "хамгийн залуу нь" гэгддэг байсан та арслан болчихлоо. Тэр  сайхан үеийг дурсахгүй өнгөрч болохгүй байх?

-Тийм шүү. Зургаан залуу зааны үе гэж аргагүй л манайхан ярьдаг. Эр бяр, бие хаагаараа ч сайхан жигдэрсэн, аргагүй л нэг үеийн сайхан бөхчүүд л дээ. Өгөө аваатай барилдаанууд ч сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог байлаа. Хамгийн их сэтгэлд хоногшсон барилдаан гэх юм бол 2000 оны наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар бид зургаан заан яалт ч үгүй хоорондоо учраа таарч билээ. Би бэртэлтэй барилдах эсэхээ шийдэж чадахгүй байсан ч наадмын өмнөхөн очоод бүртгүүлж байсан юм. Тэр үед зургаан залуу заанаас маань цолны эрэмбээр Ц.Цэрэнпунцаг Б.Гантогтохыг амлаж аваад, Харин Г.Өсөхбаяр намайг аваад, Д.Сумъяабазар,  А.Сүхбат нар тунаж үлдсэн. Би тэр долоогийн даваанд Өсөхөөд унаж байсан. Харин А.Сүхбат маань түрүүлж арслан болсон юм. Тухайн үеийг дурсахад одоо ч сэтгэлд сайхан санагддаг юм. ("Хүмүүс" сонин 2010 он.)

 

Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлалаа гэхийг дуулаад
их л цочирдон хүлээж авч байлаа

 

-Нэг зүйлийг сонирхож асуухад, 1997 оны наадамд таныг улсын цолонд баттай хүрнэ гэж олон түмэн харж байсан. Тэгтэл гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг гарьд заан цолтой байхдаа амалж аваад хаячихсаныг санаж байна. Тэрхүү барилдааны талаар дурсахгүй юу?

-Ц.Цэрэнпунцаг заан (гарьд) амлалаа гэхийг дуулаад их л цочирдон хүлээж авч байлаа. Гэхдээ тэр хүний амлах эрх нь байгаа учир юу хэлэх билээ. Сайхан барилдаад л унасан.

-1999 онд заан болсноосоо хойш 11 жилийн дараа арслан цол хүртлээ. Энэ хооронд цолоо ахиулах боломж олон л байсан санагдана. Бэртэл гэмтэл нөлөөлсөн байх, тийм үү?

-Цолоо ахиулах боломж байсан. Түүнийг маань ард түмэн ч мэдэж байгаа болов уу. Бэртэл гэмтэл нөлөөлсөн нь үнэн. Би чинь 1999 онд заан цол хүртээд тэр намар нь осолд орсон. Тэгээд гурав, дөрвөн жил орчим бэлтгэл сургуулилт хийгээгүй. Үндсэндээ идэвхитэй барилдаан гаргаагүй. 2005 оноос бэртэл арай гайгүй болж, бэлтгэл сургуулилтдаа анхаарч эхэлсэн.

-Начин, заан цолд хүрсэн наадмуудаасаа сонирхуулаач?

-1998 онд Х.Баянмөнх багшаараа тав давж 22 насандаа улсын начин цолны босго алхаж байлаа. Зургаагийн даваанд А.Сүхбат аваргыг заан цолтой байхад нь тунаж барилдаад унасан. Дараа жил нь буюу 1999 онд И.Доржсамбуу гарьдаар начин цолтой байхад нь тунаж тав, Ж.Ганболд заанаар О.Балжинням аваргаар долоо улсын заан цолд хүрсэн дээ.

-2000 оны наадам байх аа. Б.Бат-Эрдэнэ аварга долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар залуу заан хоорондоо учраа байсан даа?

-Тийм шүү. Тэр үеийн наадмыг  санахад сайхан байдаг. Зургаан зааны үе гэж манайхан ярьдаг. Бид хэд тэгэхэд яалт ч үгүй долоогийн даваанд тунаж үлдэцгээсэн юм. Би бэртэлтэй, барилдах эсэхээ мэдэхгүй байж байгаад наадмын өмнөхөн шууд очоод бүртгүүлчихсэн. Тавын даваанд О.Одгэрэл заантай, зургаад Хэнтийн Б.Одхүү начин тунаж даваад Г.Өсөхбаяр аваргад унаж байлаа. Зургаан залуу заанаас цолны эрэмбээр Ц.Цэрэнпунцаг ам авч Б.Гантогтохыг амлаад, Г.Өсөхбаяр намайг аваад, Д.Сумъяабазар А.Сүхбат нар тунаж байна. А.Сүхбат аварга түрүүлж арслан болдог жил шүү дээ.

-2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор тав давж, зургаагийн даваанд О.Одгэрэл зааныг начин цолтой байхад нь амлаж барилдаад унаж байсан. 1024 бөх барилдсан болохоор зургаагийн даваанд шинээр цолонд хүрсэн арав гаруй залуу бөх байхад та Одгэрэлийгээ авсан даа?

-Яахав дээ, бие жаахан тиймэрхүү байсан болохоор найзыгаа авъя, унавал унана л биз, давбал давна л биз гэж бодоод авсан даа. О.Одгэрэл маань намайг орхиж, долоогийн даваанд Ж.Ганболд зааныг орхиж заан болсон. (Өдрийн сонин 2010 он.)

 

Наадмаас буцаж явахдаа осолд орж, түүнийхээ дараагаар шарлаж, хоёр жил орчим барилдаж чадаагүй

 

Дийлдэхээ байх үедээ омголон заанд "таслуулав"

Б.Ганбатыг улсын заан Ц.Цэрэнпунцаг улсын наадмын гурвын даваанд амлаж авсан тухай яриа хэдэн жилийн дараагаар домог хууч болон яригдах биз ээ. Наадамд түрүүлж ч магадгүй, наанадаж заантай гэж яригдаж байсан аймгийн арслан Б. Г анбатыг Завханы Цагаанчулуутын заан “таслаад” авчих нь тэр. Уг нь нутаг усаа хөөвөл Ганбатын эцэг нь Завханы хүн гэдэг. Гэтэл Завханы гаралтай залуу ийнхүү нэгнээ улсын наадмаар тасалж, хэн давсан нь дээшээ явья гэсэн бодол агуулсан нь нэг талдаа харамсалтай ч юм шиг. Гэвч омголон зааны эгдүүг ямар нэгэн байдлаар хүргэчихсэн Б.Ганбат хожим энэ тухай түүнээс асуусан сэтгүүлчид “Яагаад амласныг заанаас л асуусан нь дээр байх даа” гэж хэлсэн байдаг. Сураг ажиг тавьбал тэр жилийн наадмын өмнөхөн болсон Завханы наадамд Б.Ганбат Ц.Цэрэнпунцагийг чангахан хаячихаж. Тэгснээ бас наадмын өглөө мэнд мэдэлгүй зөрсөн ч гэх шиг. Энэ мэт яриа л өдий хүртэл явдаг. Ямартай ч Цагаанчулуутын заан Баруунтурууны шижгэр арсланг шийрэгнэхгүй амлачихаар хэмжээний зүйл “үйлджээ”. Тэд цаг орчим л ноцолдсон болов уу. Цэрэнпунцаг элдэж, Б.Ганбат, ихэвчлэн ухарч барилдсан. Улсын цолны тухай бодож гарч ирсэн залуу ийм эрт тийм айхавтар өрсөлдөгчтэй тулчихна гэж санаагүй биз. Ингээд эцэстээ эрэндээ авсан заан суганд сэжиж хонгодох гээд хөлөө татахад нь тэнцвэр алдуулаад дарчихсан билээ. Ингэж Б.Ганбат найдлага хүлээсэн нэгэн наадмаа үдэж, дараа жилийн наадмыг хүлээх болов.

Хамгийн том бай ба харамсалтай гэмтэл

Ганбат бөхийн хүрээнд нэгэнт байр сууриа олж, өөрийгөө бүрэн харуулсныхаа дараагаар Баянхонгорын наадамд түрүүлж, монгол бөхийн түүхэнд урьд нь дуулдаагүй өндөр бай буюу жийп машин шагналд авсан. Гэвч тухайн наадмаас буцаж явахдаа осолд орж, түүнийхээ дараагаар шарлаж, хоёр жил орчим өөдтэй барилдаж чадахааргүй байдалд орсон. Энэ үедээ нэлээд таргалж, өнөөх гарамгай хийдэг хавирах, хавсрах мэхээ ч байнга хийх боломжгүй шахам болов. Гэлээ ч бөхөө гэсэн их сэтгэл нь Баруунтурууны хүүг дахин дэвжээнд гаргаж, улмаар амжилтын төлөө зодоглож эхэлсэн билээ. Бөх, морь хоёр цагаан, хар хэл ам байнга дагуулдаг гэдэг. Тухайн үедээ бөх сонирхогчид заанд тохиолдсон явдлыг үүнтэй холбон тайлбарлаж байсан.

Сонирхогчдын сумогоор ч Б.Ганбат хэд хэд барилдсан. Харамсалтай нь дэлхийн аваргын төлөөх барилдаанд мөрөндөө маш хүнд бэртэл авснаар эргээд сэргэж эхэлж байсан бүхэн нь дахин нурж, нэг хэсэгтээ дахиад барилдаж чадахаа больсон билээ. Б.Ганбатын мөр гэмтэж, түүнийгээ хадуулахад хүрсэн юм. Энэ мэтээр ирээдүйтэй бөхийн замд хүнд гэмтэл, бэрх шалгуурууд олон таарсан. Тиймээс ч түүнийг улсын их баяр наадамд түрүүлэхэд бөх сонирхогч түмэн олон баярлаж, болох ёстой зүйл боллоо гэж хүлээн авсан.(Таван цагираг 2011  он.)

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 22. 22:19
Зочин

Ue unguruusun buhin tuuh hend hamaatai yum be saihan shine buhchuudin talaar bicheech naad gambat chin uulaasaa l turuuleh bolomjoo huuhentei yavaldaad az hiimorio doroituuldag gj sonsoj baisin baina

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]