Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Айн Жалудын домог: Амь өрссөн тулаан, Хит Буха ноёны омог бардам төгсгөлУншсан9,547

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй.

 Уншигчдадаа зориулж "Айн Жалудын домог" түүхэн найрууллыг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ дашрамд түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

- Цувралын Нэгдүгээр хэсгийг энд дарж уншаарай:

Энэхүү тулаанд амь эрсэдсэн Монгол баатруудын дурсгалд

- Цувралын Хоёрдугаар хэсгийг энд дарж уншаарай:

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увайгүй Баронуудын урвалга


Гурав. Амь өрссөн тулаан

 

Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ.

Зарим түүхчид эхэлж Күтүз Монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу Монголчуудыг дагуулж очсон, ингээд Монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг.

 

Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Калка голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд Монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна. Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон Монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр Монголын армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг Монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.

Харин Изриалийн түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй Монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж.

Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд Монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон Монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай.

Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийг хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч Монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон Монгол цэргийн агт морьд сульдаж, харин Монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ. Түүний хувьд ялах тухай биш, харин тулалдаад үхье л гэсэн бодол байсан нь энэ урианаас харагдана.

"Монгол, Мамлюкийн тулалдааныг харуулсан араб зураг"

Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид Монголчуудын зүүн жигүүр болж байсан Монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн Султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Зарим судлаачид Султан Мусаг тулалдааны өмнө Кутузтай нууцаар тохиролцон, тулааны эгзэгтэй үед Монгол цэргийн төлөвлөгөө, жагсаалыг эвдэн, гэнэт ухарч одохоор тохиролцсон гэж үздэг. Энэ үнэний ортой. Учир нь Айн-Жалудын тулалдааны дараа Султан Муса Кутузаас ихээхэн хэмжээний шагнал авсан байдаг. Ийнхүү Монголчуудын араас, яг амин газар нь хоёр дахь урвагчийн хутга шаасан байна.

Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон Монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ. Монголчуудын агт нь сульдаж, хүч нь ч шавхарч байлаа.

 

Хит Буха ноёны омог бардам төгсгөл

 

Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадаг цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ.

Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, Монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна.

(Зураач Б.Цолмонбаярын зурсан Галзуу шар баатар нь Хөлөг хааны тугийн жанжин Хит Буха ноёнтны омог бардам төгсгөлийг санагдуулна.)

Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ.

Дунд сургуулийн сурагч саваагүй сониуч хүүхэд байхдаа Хит Буха ноёны энэхүү эрэлхэг бөгөөд эмгэнэлт төгсгөлийн тухай номоос уншаад ихэд сэтгэл хөдлөн, түүнээс хойш олон жилийн туршид алдарт Хуралажын гянт илдээ чийрэг чанга гартаа атгаад сөхрөн суусан ч чивчиртэл татсан хуурын чавхдас мэт нуруугаа цэхлэн, тойрон шавсан үй олон мамлюк дайчдыг бүргэдийнх мэт ширүүн хурц харцаараа нэвт шувт шөвөгдөн харж буй буурал үс нь салхинд хийсэх өвгөн дайчны дүр төрх үе үе сэтгэлд сэрхийн орж ирдэг бөлгөө. Сайн зураачсан бол зурахсан. Яг л Репин Тарас Бульбаг зурсан шиг.

Н.Гоголийн “Тарас Бульба” хэмээх яруу сайхан тууж шиг сайхан тууж бичиж, Хит Буха ноёны алдрыг дуурсгахсан гэсэн мөрөөдөл олон жил цээжинд уяатай явдаг юм. Дайсны бүслэлтээс гарахаар амь өрсөн давхиж явах зууртаа тамхины нь түнхэг гээгдэж унасанд “Байз, энэ муу сайн Ляхуудад тамхиныхаа түнхэгийг ч үлдээхгүй шүү” хэмээн мориноос бууж, сахлаг ургасан өвс ногоон дотор эрж тэмтчих зуур тал талаас нь гэнэт 30 орчим лях цэрэг гарч ирээд Тарасын чийрэг чанга мөрнөөс нь зууран ноцолдов. Өвгөн Тарас хэдэнтээ мөр цээжээ сэгсэрч үзээд, дийлсэнгүй, “Ай яа, уулыг цас, эрийг нас даржээ” хэмээгээд гаслан уйлав. Тарас залуудаа тийн мөрөө сэгсэрхэд нь түүний хүчирхэг мөрнөөс нь зууралдсан ямар ч чийрэг эрчүүд хадуурын эрэнд өртсөн тариан түрүү мэт ханаран шилбүүрдүүлэх бөлгөө хэмээн Гоголь эрэлхэг Тарас өвгөний дүрийг уран яруугаар дүрсэлсэнсэн.

Монголын Эзэнт их гүрний жирийн нэгэн түмтийн ноёны энэхүү дүр бол яагаад ч Запорожийн тэрхүү хасаг атаман эрийн дүрээс дутах учиргүй.

Хит Буха ноён тэр үед лавтай 60 орчим настай, магадгүй 60 насыг нэлээд давсан ч байж магадгүй байх учиртай. Яагаад гэвэл Сидон руу ач хүүгээ алдсан агтныхаа араас явуулж гэхээр...

Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед Монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим Монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч Монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь гарах найдлагагүй болсон байна.

Хүлээтэй Хит Буха ноёныг нэгэн өндөрлөг дээр бариулсан Күтүзийн асарт авчрав. Алдарт Саладин 1187 онд Айн Жалудаас холгүй орших Хаттингийн тулалдаанд Загалмайтнуудыг хиар цохиж, олзлогдсон загалмайтны барон, вангуудыг өмнөө сөхрүүлж байсны жишгээр Күтүз Монгол эрийг өмнөө сөхрүүлэх гэсэн боловч чадсангүй. Күтүз “Буруу номтон чи, гэмгүй олны цусыг урсгаж, эртний сурвалжид хаад, баатар эрсийн амийг хөнөөв чи. Одоо харин чиний ээлж ирэх чинь энэ дээ” хэмээн тавласан байдалтай ял асуусанд Хит Буха “Эзэн хүн харьяатынхаа өмнө сөгддөг ёсон үгүй” хэмээн омог бардам өчиж, “Чи бол өөрийг чинь өргөж босгосон эзнээ алж, хаан ширээнд суусан өчүүхэн боол. Би чам шиг эзнийхээ араас хутга шааж байсангүй, ямагт үнэнч явсан” хэмээн Күтүзийг өөрийг нь хариу яллан донгоджээ. 

Монголчуудын хувьд боол гаралтай Күтүз ч, түүнийг дагалдаж явсан эмир, султанууд ч үнэн хэрэг дээрээ бүгдээр хууль бусаар буюу урвалт, хуйвалдаан, улс төрийн аллага хийж хэргэм зэрэг, эрх мэдэлд хүрцгээсэн байсныг Хит Буха ноён ийнхүү яллан илчилсан байна. Түүний хэлснээс үзэхэд нэгэн цагт Монголчуудад цохигдон, Монголын захиргааг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн Кипчак-түрэг гаралтай Күтүз болон Бибарсийн гарал үүсэл төдийгүй тэднийг хэрхэн ямар арга замаар султан, жанжны их ор суудалд хүрснийг ч сайтар мэдэж байсан бололтой байдаг.

Тэгээд “Намайг аллаа ч ялж сөхрүүлж чадахгүй. Би үхэх ёстой бол энэ нь чиний сайных бус Мөнх Тэнгэрийн тааллаар болж буй хэрэг. Иймд чи хормын төдий ч бүү баярла, хумсын төдийд ч бүү сайрх. Өчүүхэн боол та бүхний энэ явдлын тухай Хүлэг хааны сонорт хүрмэгц, эзний хилэн далай мэт давалгаалж, Азербайжанаас Мисир хүртлэх газар нутгийг Монгол морины туурайгаар тэгшлэх болно. Би бол Хүлэг хааны жирийн нэгэн дайчин, над шиг ийм эрс эзэнд минь мянга мянгаараа бий” гэжээ. Ертөнц дахиныг хураан захирах ёстой, Монголчууд бол ард түмнүүдийн эрхт эзэн нь юм гэсэн Монголын Эзэнт гүрний уламжлалт бодлого ч түүний үгнээс нэвт шувт харагддаг.

Өшөө хорсолдоо түлэгдсэн Күтүз Хит Бухаг дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөн, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулжээ.

Харин Монголчууд хэзээ ч баригдсан ихэс сурвалжтнуудыг хэрцгийгээр хөнөөх, эрэлхэг баатруудыг үл хүндэтгэн, цогцсыг нь гутаан цэнгэх зүйл хийж байгаагүй юм. Монголчууд өөдгүй урвагчдад, өчүүхэн боолуудад л нохойн үхлийг оноодог байснаас биш баатар, эртний сурвалжит ихсийг ихэд хүндэтгэн, хороосон ч цус гаргахгүй цаазалж, дараа нь хүндэтгэн оршуулдаг байсан билээ. Чингис хаан Жамухыг хэрхэн хүндэтгэснийг бид сайн мэднэ. Хорезмийн султан эрэлхэг баатар Желал-ад Диний эрэмгий зоригийг Инд мөрний өндөр эрэг дээрээс харж бахадсан Чингис хаан түүнийг араас нь мөшгихийг хорьсон билээ. Зэв, Сүбээдэй нар Калка голд ялагдсан оросын вангуудыг ч, Бат хаан Киевийн хамгаалалтад баатар зориг гарган тулалдсаныг нь үнэлэн Димитрий ноёныг суллаж, Хүлэг хаан эртний түүхт Багдадын Халифийг ч мөн цус гаргалгүй хөнөөсөн. Үнэгэн даваанд баригдсан Алтан улсын кидан гаралтай цэргийн жанжныг Тулуй, Сүбээдэй нар хүндэтгэн оршуулж, төрөлх хотоо эрэлхэгээр хамгаалсан солонгос цэргийн ноёныг Монгол жанжин Саритайн түшмэл ихэд үнэлэн амь хэлтрүүлж байсан зэрэг олон баримт бий.

Күтүз Монголын баатар жанжныг тийнхүү үл хүндэтгэн, өчүүхэн боолын үйлдэл хийснээрээ өөрийнхөө өчүүхэн үхлийг ч зөгнөн дуудсан юм.

Үргэлж мөнхөд дайн дажны тоос босч, цус урсаж байх хараалд өртсөн Изриалийн Голаны өндөрлөг орчмын тэрхүү газар нутгийн бүлээн салхи эмгэнэлтэй, омог бардам төгсгөж буй Монголын нэгэн баатар эрийн буурал санчигийг сүүлчийн удаа хийсгэх хувьтай байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]