Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Барулас угсааны ноёны хүү Төмөр монголчуудын түүхэнд алдартай байлдан дагууллуудыг үргэлжлүүлж алдар нэрээ цууриатуулсан юм. Түүнийг Төмөр хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Исламын илд, Тамерлан, хэмээдэг байлаа.

Байлдан дагуулагч Төмөр: Алтан ордыг мөхлийн замд нь оруулавУншсан2,312

Төмөрийг Дундад Азид бужигнуулж, эрх мэдлээ бэхжүүлж байх тэр үед Алтан Ордны хаант улс дотооддоо хэд хэд хуваагдаж тулалдаж байв.

Нийтлэлч Б.Батмөнхийн аугаа их байлдан дагуулагч Төмөр эмирийн тухай цуврал нийтлэлийг түүх сонирхогч уншигчдадаа хүргэж байна.

Эхний хэсэг: Байлдан дагуулагч Төмөр: Цагадайн улсыг нэгтгэхийн төлөө


Гуравдугаар бүлэг: Төмрийн улс байгуулагдсан нь,
засаг захиргаа, зохион байгуулалт, дэглэм

 

Хусейныг дуусгасны дараа Төмөрийг эсэргүүцэх хүч Мавераннахрт үлдсэнгүй. Төмөр их цэргээ авч Самаркандыг зорив. Төмөр Цагаадайн суурин дээр хүчирхэг төрт улсыг байгуулж, 1370-1405 он хүртэл захирах замналаа эхлүүллээ. Төмөр өөрийн улсыг Чингис хааны хууль цааз, Монголын эзэнт гүрний загвараар байгуулахаар шийдэж, Чингис хааны угсааны хүнийг хаан ширээнд суулгаж, өөрөө ганцаар захирах хатуу дэглэмийг тогтоожээ.

Төмөрийг улсаа байгуулж байх үед Монголын эзэнт гүрэн тал талд мөхөж байв. Энэ нь ч Төмөрт бас боломжийг олгосон юм. Мин улс Хятадад байгуулагдаж, Цагаан хэрэмний гадна Монголчууд хөөгдөв. Улмаар Умард Юань улс бий боллоо. Алтан Ордын улс дотоодын зөрчилдөө хэт автаж суларч байв. Алтан Ордод Мамай хэмээгч алтан ургийн бус хүчирхэг ноён, Эдигей, Тохтамыш нарын оролцсон хаан ширээний төлөөх зогсолтгүй тэмцэл эхэлжээ. 1357 онд Тохтамыш, Мамай нарын хооронд гол тэмцэл өрнөж, гар урлал, хот байгуулалт үндсэндээ зогслоо. Алтан Ордны хүч суларсныг далимдуулан түүний эзэмшилд байсан торгоны замын дагуух хотуудыг эрхэндээ авах тэмцэл өрнөв. Газарзүй, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр Төмөр энэ тал дээр онцгой тоглогч байж, Алтан Ордны нэг хэсэг болох Цагаан ордтой тулалдаж эхлэв.

Цагаадайн улсын тухай сийрүүлэхэд эхэндээ бие даасан, хүчирхэг гүрэн байсан бөгөөд Өгөөдэй хааны үеэс Эрчис мөрөн, Гиндукуш уул, Гималайн нурууны ар бие, Тэнгэр уулын хоорондын нутгийг эзлэн оршиж байжээ. Мөнх хааны үед Цагаадайн угсааны олон ноёдыг хэлмэгдүүлсэн бөгөөд нутаг дэвсгэр нь зарим хэсгээрээ Алтан Ордны хаант улсын мэдэлд оржээ. 1260 оны үед Цагаадайн угсааны Алгуй хаан Алтан Ордны ноёдыг хөөж, Самарканд, Бухарыг эзлэн авч Цагаадайн улсыг сэргээсэн. Хүчирхэг Алгуй хааныг нас барсны дараа түүний удмын шахууд болох Мурабек, Борак нар исламын, арабын, персийн соёлыг эрхэмлэн үзэж, Мавераннахрт төвлөрөн суух хүсэлтэй байжээ. Гэтэл энэ үед Хайду хааны хүч нөлөө ч бас нэмэгдэж байв. Хайду хаан бол Өгөдэйн угсааны хүн бөгөөд 1269 онд Талас голд чуулган хийж, нүүдлийн соёлоо хадгалах бодлого явуулж эхэлснээр Могулистан ба Мавераннахр хэмээн хуваагдахын эхлэл болжээ. Энэ байдал даамжирсаар 1318 онд Цагаадайн улс Могулистаны нүүдэлчид, Мавераннахрын суурин иргэд хэмээн хоёр хуваагдав. Могулистан нь Шинжааны нутаг, Долоон голоор төвлөрөн сууж байжээ. Маверанахр Цагаадайн улсаас тасарснаар Монголчууд яг үнэндээ Самарканд болон түүний эргэн тойронд байх нутагт хяналтаа алдсан юм. Энэ л үед Төмөр гарч ирсэн бөгөөд Төмөрийн гол зорилго нь Мавераннахрыг эрхшээлдээ оруулах байв.

Төмөр их хааны ургаас хаан сонгодог нь олон ноёдын эсэргүүцлийг дарах, Чингисийн угсааны хүн хаан болох уламжлалыг дагасан хэрэг байлаа. Гэхдээ засаг төрийн эрх мэдлийг ганцаараа атгаж байсан нь нууц биш. Өөрийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд Төмөр сайтар зохион байгуулалтай, мэргэжлийн армитай байх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой болсон юм. Мавераннахрын эрх мэдлийг авсан Төмөр Могулистан руу хөдлөв. 1371 онд Төмөр узбекүүдийг дарсан ч Могулистаныг гүйцэд цохиж чадсангүй. 1372 онд Төмөр Ургенч рүү цэрэглэв.

Хорасан, Афганистан, Перс буюу Ил хаадын улс нь 1353 онд мөхөж, хэд хэдэн улс болон задарчээ. Энэ ч бас Төмөрт Персэд цэрэглэх таатай боломжийг олгосон байна. Төмөр Кавказ болон Перс рүү цэрэглэсэн бөгөөд 1383 онд Мазендарандыг эзлээд, цааш хөдөлж 1384 онд Азербайжан, Армян, Гүржийг авч, Дербентийг эзлэв. Гүржийн хааныг исламын шашинд орохыг тулгаад, Муганд өвөлжиж аянаа түр өндөрлөв. Энэ аян дайныг гурван жилийн аян дайн гэж нэрлэдэг. Төмөр Персийн эсрэг аянд мордохдоо Самаркандад дорвитой хүч орхиогүй нь том алдаа болохыг хожмын үйл явдал харуулна.

Төмөр Кавказаас Перс рүү эргэн довтолж, Ван хотыг эзлэн аваад 7000 хүнийг олзлов. Энэ бүх дайны үр дүнд Төмөр өнөөгийн Казахстан, Узбек, Туркмен, Иран, Тажик, Армян, Гүрж, Афган, Азербайжаны нутгийг дамнасан их гүрнийг 14-р зууны хоёр дахь хагаст байгуулж чадсан юм. Ийм улсыг байгуулахын тулд бүх л төрлийн аргыг хэрэглэж, бэрхшээл бүхнийг туулсан нь мэдээж. Зэвсгийн хүчээр байгуулсан олон үндэстнийг багтаасан Төмөрийн их гүрэн дотоодын нягтрал, эв нэгдэл сул байлаа. Төмөр бээр “Эмир Төмөр”, “Хүргэн Төмөр”, “Султан Төмөр”, “Их эзэн Төмөр” хэмээн цоллуулдаг байсан. Харин хааны алдрыг хэзээ ч хүртэж байгаагүй юм. Төмөрийн улсын дүр төрхийг авч үзвэл гадаад бодлогын хувьд тухайн үед эргэн тойрныг байлдан номхотгоход чиглэж байжээ. Өөрөөр хэлбэл гадагшаагаа дайтах нь гадаад бодлогын тэргүүн чиглэл байв.

 Дайн бол Төмөрийн улсын оршин тогтнох, эрх мэдлээ хэрэгжүүлэх, бас орлогын эх үүсвэр байв. Төмөр эргэн тойронд хийсэн аян дайны шалтгаан нь эзэнт улсаа тэлэх, гадаад аюулгүй болох, олз хураах байв. Энэ зорилгодоо Төмөр хүрсэн гэж үздэг судлаачид бас бий. Харин улс орны дотоод байдал нарийн төвөгтэй байсан. Энэ талаар дээр өгүүлсэн. Дотоодын эсэргүүцэл, бослого хөдөлгөөн, хуйвалдаан гадны аюулаас ч илүү заналтай, хортой байв.

 Төмөрийн их гүрэнд оноосон нэр ч байсангүй. Хэдийгээр эзэнт улс ч гэсэн орон нутагт орон нутгийн эмирийн тушаал Төмөрийн тушаалаас илүү хэрэгжих тохиолдол байжээ. Төв Азийн зон олон угаасаа л ийм байсан. Энд энхтайвныг тогтооход хэцүү байдаг. Одоо ч тийм байгаа юм. Төмөрт захирагддаг ч гэсэн битүүхэндээ дургүй байв. Тэд нэр төрөө эрхэмлэнэ, удам угсаагаа эрхэмлэнэ. Харин Төмөр эрхэнд гарснаар олон ноёдуудын амин хувийн ашигтай харшилдаж эхэлсэн гэдэг. Гагцхүү Төмөрийн хүчинд автсан учраас л түүнд захирагдаж байжээ.

Тэд Төмөрийн хууль дүрмийг болж л өгвөл дагахгүй. Бичмэл хууль дүрэм тэдэнд хэрэггүй, тэд өөрсдийн уламжлал, зан заншлаа дагана, тэрнийхээ төлөө цус урсгана. Тэднээс мөнгө татварлаж авахыг үзэн ядна. Тиймээс татвар хураагчид хэнэгдүүхэн байвал нуруундаа хутга зоолгуулаад ирнэ. Төмөр ийм л ард түмнийг нэгтгэн захирах гэж оролдож байлаа.

Дундад Азийн хүн зон Төмөрийг хатуу эсэргүүцэж байснаа сүүлдээ хүчинд автсан юм. Ийм хүмүүсийг удирдахад гагцхүү төмөр мэт нударга л хэрэгтэй гэж Төмөр үзэж байлаа. Гиндукушийн уулынхан, Кашгарууд, Хорасаны дайнч иранууд, арабууд ямар ч хуулийг эс тооно.

Төмөр өөрөө ч хүнд итгэдэггүй, хамгийн дотно нөхөддөө ч бүрэн итгэл үзүүлдэггүй байв. Төмөр хэдийгээр эзэлсэн газраа бэлэг болгон бусдад өгдөг ч гэсэн түүнийг төлөөний даамал захирна. Зарим нутгийг хянахад хэцүү учраас зөвхөн олз авах гэж л дайрна. Даамал шүүгч томилохоор бол Төмөр өөрөө томилно. Их гүрэн газар сайгүй бослого үймээнтэй, эмир ямагт тэднийг дарах гэж цэргээ хөдөлгөнө. Харин ялалтад амташсан Төмөрийн мэргэжлийн арми Азийг бүхэлд нь эзлэхэд ч бэлэн байжээ.

Төмөр орон нутагт гарч буй асуудлыг цаг алдалгүй шийдэж, зарлиг биелүүлээгүй хүмүүсийг хатуу гэсгээнэ. Аян жингийн бүх замыг сэргээж, замын дагуу шинэ гацаа байгуулж, тодорхой зайд өртөө улаа байгуулжээ. Өртөөний даамал нь унааг бэлэн байлгаж, жингийн цувааны аюулгүй байдлыг хариуцна. Жинчид үүнийхээ төлөө мөнгө төлнө. Аянчид өртөөний байшинд сайн хоол, адууны шинэ махаар цадтал хооллоно, харуулын өртөө бүр 100-200 адуутай. Төрийн элч нар энэ морьдоор өдөр шөнөгүй довтолгоно. Морь эцсэн бол заавал солино, зөрчвөл толгойгүй болно. Бүх мужаас яг тогтсон өдөр мэдээ ирнэ. Хөтөлгөө морьтойгоо хоногт 50 лиг давхих буюу 3 өдөр тасралтгүй давхидаг элчийг эмир хүндэлнэ. Товчхондоо Төмөр Монголчуудын өртөө улааны системийг тэр чигээр нь авч хэрэгжүүлжээ.

Газар өмчлөх, татварын албыг Төмөр мөн шийджээ. Төмөрийн цэрэг улсын сангаас цалинжина. Цэрэг нь ард түмнээс дураараа алба гувчуур авах эрхгүй. Ямар ч цэрэг онцын шалтгаангүй бол айлын гэрт үл орно. Төмөрийн арми өөрийн гэсэн онцлогтой байлаа. Хэрвээ Чингис хааныг цэргүүд нь итгэл үнэмшлээр дагаж, туган дор нь нэгдэж байсан бол Төмөрийг цэргүүд нь мөнгөний төлөө дагаж байжээ. Төмөрийн арми бол мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн, хөлсний голдуу цэргүүд байсан юм. Тэднийг өндөр цалингаар хангаж, тогтоон барина. Хэрвээ цалин өгөхгүй бол Төмөрийн арми бутрахад бэлэн байжээ. Тийм ч учраас Төмөр өөрийн армиа цалинтай, ажилтай байлгахын тулд байнгын дайн тулалдаан хйж, олз хайж байв. Эцэс төгсгөлгүй хийдэг дайны шалтгаануудын нэг нь энэ. Төмөр маш сайн тагнуулын системтэй, тэд голдуу худалдаачид, гуйлгачдын дүрээр эсрэг этгээдийн хот тосгон, сууринд нэвтэрч эд баялаг, олз байгааг мэдэж ирнэ. Төмөр энэхүү мэдээлэл дээр үндэслээд цэргийн зөвлөл дээр танилцуулж, хэрхэн олз олж болох талаар өгүүлнэ. Ингээд олзоо тодорхойлсны эцэст зохион байгуулалт бүхий арми аянд мордоно. Төмөр Дели, Османыг байлдан дагуулсан боловч хэзээ ч цэрэг орхиогүй юм. Харин авч болох бүхнийг хуу хамна.

 Цэргээ хайрладаг ч гэсэн Төмөрийн хувьд сахилга бат чухал. Хэрвээ Төмөрийн харьяанд орсон нутгийн энгийн нэгэн айлыг Төмөрийн харьяаны цэрэг орж доромжлох, охид эмсийг нь бузарлавал Төмөр тэр цэргийг айлын эзэнд ч юмуу бузарлуулсан бүсгүйн эцэгт шилжүүлдэг байв. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ хууль дүрэм нь зөвхөн Төмөрийн харьяанд орж, түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүст л хамаатай байв. Төмөрийн цэрэг арми өөрийгөө тэжээх чадалтай байсан гэдэг. Цэргийнхэн хаана байна тэр газар заавал ус нөөцөлнө, ургац хурааж хүнсээ бэлдэнэ. Харин Төмөр гуйланчдыг үздэггүй байв. Гуйлачлалыг багасгах гэж их олон арга хэмжээ авсан байдаг. Гуйланчлалтай тэмцэх тал дээр Төмөр хүч мөхөсдөж, хана мөргөж байлаа. Төмөр хулгайтай амжилттай тэмцэж чадав. Хулгайг газар дээр нь баривал шийтгэл нь хатуу, хулгайг илрүүлэх явдлыг өртөөний даамлуудад хариуцуулав. Хэрвээ хулгай гараад илрүүлж чадаагүй бол өртөөний эзэн өөрөөсөө төлдөг байлаа.

 Атар газар ба үе залгамжлагчгүй өмч эмирийнх болно. Тариачин хүн атар газар усжуулах, гүүр барих, зам барихад оролцвол нэг жил татвараас чөлөөлнө. Дараа жил нь хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар авна. Гурав дахь жилээс хөрөнгө чинээг нь харж байгаад татвар онооно. Татварыг ургац хураасны дараа ногдуулна. Усалгаа сайтай газрын татвар өндөр. Татварын хэмжээ нь бүх бүтээгдэхүүний 1/3 нь болно. Тариачин усан сангаас ус хэрэглэснийхээ төлөө татвар төлнө. Улсын хил дээр ирсэн худалдаачид татвар төлнө. Татварын тогтолцоог Төмөр Монголын жишээн дээрээс санаа аван зохиожээ.

Торгоны замын гол зангилаануудыг хянаж байсан учраас Төмөрийн улсын орлогын эх үүсвэр нь худалдаачдаас авдаг татвар байжээ. Худалдааны гол замууд нь Хорасаны их зам, говь цөлийг гатлан Алмалыкаар дайран Самаркандад ирж, тэндээс Султаниа, Тебризээр дайран Хар тэнгис орно. Төмөр хуурай газар дээрх худалдааны замыг хянаж байв. Дан ганц Тебризийг хянаснаар Төмөр Францын вангийн жилийн орлогоос ч илүү орлого олж байв. Төмөрийн засаглал худалдаачдад ээлтэй байсан. 5 сар Төмөрийн нутгаар худалдаа хийсэн худалдаачид зөвхөн бараа товарын гаалийн татвар төлнө.

Төмөр бүх зүйл дээр Чингисийн хууль журмыг хэлбэрэлтгүй даган мөрдөж байв. Төмөр исламын шашинтай хүн байсан ч гэсэн хэрэг дээрээ Чингисийн хууль журмыг илүүд үздэг байсан гэж зарим судлаачид бичдэг. Төмөрийн цэргийн захирагч нар голдуу Жалайр, Барулас овгийнхон байв. Тэд цэргээ хайрладаг, бас хатуу гараар барьдаг байв. Сахилга баттай, зохион байгуулалттай цэрэг нь Төмөрийн ялалт, амжилтын суурь нь байсан юм.

 Төмөрийн байгуулсан эзэнт улс бараг 140 жил оршин тогтносон гэж судлаачид үздэг. Энэ нь барагцаагаар 1370-1507 он юм. Төмөрийн улсын цөм нь түүнийг амьд байхад Мавераннахраар төвлөрсөн Хорезм, Хорасан буюу Афганистан, Кавказ байв. Өөрөөр хэлбэл өнөөгийн Иран, Кавказ, Афганистан юм. Төмөр энэ эзэмшил нутгаа бөөнөөрөө нийлсэн 3 цагирагаар дүрсэлж, туг сүлдэндээ онцолдог байжээ. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагийн эзэн гэж тайлбарладаг.

Төмөрийг залуу наснаас нь дагаж, зүтгэж байсан 313 хүн түүний төр, армийн ноён нуруу байв. Цэргээ ч Монголчуудын системээр аравт, зуут, мянгат, түмт гэж хуваахын зэрэгцээ төмөр мэт сахилга бат, байлдаанд сайн оролцвол урамшуулал өгөх гэх мэт систем тэдэнд үйлчилж байв. Хөнгөн морин цэрэг нь нум, 30 сумтай, илд, сүх, жадаар зэвсэглэнэ. Харин хүнд морин цэрэг нь хуяг дуулга, бамбай, нум сум, сэлэмтэй. Морин цэрэг болгон хөтөлгөө морьтой учраас холын зайг сайн туулна. Төмөрийн цэргүүдийн дунд явган цэрэг ч байсан. Холын аянг туулахын тулд тэд бас л морь унана. Ингэснээр давшилт нь хурдан болдог байлаа. Харин бүслэлтийн үед Төмөр катапульт буюу чулуу шиддэг оньсыг ашигладаг байсан. Чингис хаан болон Бат хаанаас ялгаатай нь Төмөрийн цэргүүд өндөр цалин авдаг байжээ. Гэнэтийн довтолгооноос сэргийлэхийн тулд өөрийн гол хүчний өмнө талд 5-8 км зайтай сэргийлэх анги явуулж, тэднийг мөн тэр зайд буудаллуулдаг.

Төмөрийн цэргийн хүчний бас нэг анхаарах, заавал ярих ёстой зүйл нь харваачид болон тэдний нум, сум, саадаг байлаа. Нэг гуяндаа байрлуулсан задгай саадагт нумаа, нөгөө гуяндаа бэхэлсэн хоромсогондоо сумаа авч явна. Нумандаа төмөр болон эвэрлэг ялтас давхарлаж нааснаар улам ч бат бөх болдог. Ийм нумаар зэвсэглэж, сайн эзэмшсэн дайчид галт зэвсгээр зэвсэглэсэн дайчидтай адилхан аюултай. Төмөрийн дайчид сурмаг, шаламгай хөдөлгөөнөөр нумынхаа хөвчийг сумтайгаа хамт татан маш хурдан, бараг зогсолтгүй шахам ойр ойрхон харвадаг байсан нь дайсанд аюултай байсан юм. Нумын саадаг нь гар бууны гэртэй төстэй хэмээн Харольд Лемб өөрийн бүтээлдээ бичсэн байдаг.

 

Дөтгөөр бүлэг: Алтан Ордны улстай дайтсан нь буюу
Төмөр Тохтамыш нарын ээдрээтэй харилцаа

 

Төмөрийг Дундад Азид бужигнуулж, эрх мэдлээ бэхжүүлж байх тэр үед Алтан Ордны хаант улс дотооддоо хэд хэд хуваагдаж тулалдаж байв. Цагаан Ордын Урус хаан Алтан Ордод эзэн суухыг санаархав. Түүнийг Туй Хожа эсэргүүцжээ. Урус хаан Туй Хожаг цаазалсан боловч Туй Хожагийн хүү Тохтамыш амьд үлджээ. Урус хаан Ижил мөрний зүг давшилт хийхдээ өөрийн эзэмшил Цагаан Ордыг өөрийн хүү Кутлуг Бухад үлдээв. Харин энэ зуур Тохтамыш өрсөж, 1375 онд Кутлуг Буха руу буюу Цагаан Орд руу цэрэглэж оров. Анхны тулалдаанд Кутлуг буха алагдав. Гэвч Тохтамыш Цагаан Ордын цэрэгт цохигдон ухарчээ. Ялагдсан, хүч султай Тохтамыш хожим Төмөрийг бараадсан юм. Тохтамыш ер нь их сонин хүн. Хувь тавилан нь нэн ээдрээтэй, зарим хүн Тохтамышийг шинэ Чингис хаан, Бат хаан гэж байсан бол зарим нь увайгүй, хаан ширээнд суух эрхгүй этгээд гэдэг. Тохтамыш эрэлхэг, зоримог, эрсдэлд дуртай хүн байсан ч нөгөө талаараа бол архи, дарс, сайхан хүүхнээс буцдаггүй, туйлбаргүй нэгэн байжээ.

Төмөр зугтан ирсэн Тохтамышийг өндөр хэмжээнд, ханхүүгийн түвшинд хүлээн авчээ. Учир нь Тохтамыш бол алтан ургийн хүн байсан юм. Энэ үед Төмөр Персид дайн хийж байсан тул хоёр фронт дээр зэрэг дайтах сонирхолгүй байв. Тэрбээр цаг хожиж, Алтан Ордны дотоодын хагарал гүнзгийр, Цагаан Ордыг завгүй байлган, хил залгаа худалдааны хотуудыг авахыг санаархаж байлаа. Тиймээс Төмөр зальжин, дипломат бодлого явуулав. Тохтамышт алт мөнгө, мал сүрэг, цэрэг, зэвсэг таслан өгч ихэд хүндлэн дайлахын зэрэгцээ түүнийг Цагаан Орд, Сыгнакийг эзлэхээр турхирч чадлаа. Гэвч Төмөрийн санаснаар болсонгүй, Тохтамыш цэрэглэн Цагаан Орд руу хөдөлсөн боловч ялагдаж, арайхийн зугтан, Төмөрийн ордонд хоёр дахь удаагаа шившигтэйгээр иржээ.

Энэ хооронд Төмөр 1376 онд жалайруудын эсрэг хөдөлжээ. Учир нь жалайрууд Төмөрийг Мавераннахрын эмир болсны дараа захирагдахгүй, бие даах болсон юм. Төмөр тэдэнд гэсгээл хүртээж тараан, харь эмирүүдэд хэсэг хэсгээр нь өгчээ. Ийнхүү Төмөр Монголын нэгэн хүчирхэг овгийг тасчин хаясан нь харамсалтай.

1377 онд Төмөр өөрөө цэрэглэн Цагаан ордын Урус хааны эсрэг хөдөлсөн ч Урус хаан нэгэнт нас барсан байв. Энэ үед Тохтамыш дахин нэг бүтэлгүй ялагдлыг амссан юм. Хүчирхэг Урусын залгамжлагч Цагаан Ордын шинэ хаан Төмөр Мелик Оклан архи дарс, хүүхэн, тоглоом наадамд толгойгоо мэдүүлж, нэр хүнд нь унасан нэгэн байв. Цагаан Ордод түүний эсрэг хүмүүс олширч, зарим нь Тохтамышийг дэмжиж эхлэв. Үүнээс хойш Тохтамышийг хувь заяа түшсэн гэж хэлэхэд болно. Төмөр ч үүнийг анзаарч цэрэг гарган сүүлийн удаа итгэл үзүүлж, Тохтамышт захируулжээ. Цагаан Орд руу хийсэн Тохтамышийн дөрөв дэх удаагийн аян дайн амжилттай болж, тэрээр Цагаан Ордын хаан боллоо. Сыгнакийг эзлэн авмагц Тохтамыш сайтар бэлдэж байгаад 1377-1378 оны хооронд дахин цэрэглэж, Алтан Ордын нийслэл Сарайг эзлэн авчээ. Ийнхүү агуу хүчирхэг Алтан Орд дахин нэгдэх боломжтой болжээ. Гэвч Алтан Ордын баруун хэсэгт алтан ургийн бус угсааны нэгэн ноён гарч ирсэн нь Мамай байлаа. Мамай бол Төмөрийн адил Монгол хүн боловч алтан ургийн бус хүн юм.

 Төмөр Тохтамышийг Мамайн эсрэг турхирч байв. Алтан Ордын мэдлийн Оросын ноёдууд ч хуваагдлаа. Мамай өөрийгөө хаан болоход тохирох хүн гэж үзсэнээр Оросын ноёдууд зарим нь Мамайг дагаж, Дмитрий Донский тэргүүтэй ноёдууд Тохтамышийг дэмжив. 

Энэ үед Төмөрийн улсад үймээн гарав. Сартуулын Юсуф ноён Төмөрт тэрсэлж, Бухар хот руу цэрэглэжээ. 1379 онд Төмөр өөрийн цэргийн хамт Юсуфийг дайлж, ширүүн тулалдааны дараа Төмөрийн цэрэг Ургенчийг бүслэв. Гурван сар бүсэлсний эцэст Ургенч унаж, Юсуф дарагдав. Өмнөх жишгээр энгийн иргэдийг хядаж, гар урчууд, сэхээтнүүдийг үлдээжээ.

1380 онд Дмитрий, Мамай хоёр цус урсгасан тулалдаан хийж Мамай ялагдав. Энэ тулалдааны дараа оросууд нэгдэж чадах юм бол Монголчуудыг дийлэх юм биш үү гэсэн ойлголт авч үлджээ. Мамай ялагдлынхаа дараа хүчээ сэлбэж оросуудтай дахин үзэлцэхээр бэлдэж эхэлжээ. Харамсалтай нь хүч нь суларсан Мамайг Тохтамыш цэрэглэж, Калка голын хөвөөнд Мамай, Тохтамыш нар халз тулалдан олон ч Монгол цэргүүдийн цусаар гараа угаасан гэдэг. Тохтамыш бүрэн ялалт байгууллаа. Мамай зугтаж яваад алагдав.

Монголчуудын өөр хоорондын зөрчил Алтан ордыг мөхөөж, оросууд нэгдэх эхлэлийг тавьсан юм. Гэхдээ оросуудын хувьд ялалт өдий байлаа. Тохтамыш Алтан Ордын хаан болов. Төмөр Тохтамышийг дэмжсэн учир түүнийг өөрийн түшмэг, хараат улс болгохыг хүсэв. Тохтамыш үүнийг хүссэнгүй, тэдний маргаан торгоны зам дагуух Алтан Ордын мэдэлд байсан том худалдааны зангилаа хотуудыг Тохтамыш буцаан өгөхийг өмгөөлөгч Төмөрөөсөө шаардсанаар эхэлсэн юм. Ийнхүү Төмөрийн ээлжит дайсан нь Тохтамыш болж хувирлаа. Гэхдээ Төмөр болон Тохтамышийн харилцаа хүйтэрсэн нь дан ганц Тохтамышаас болсон хэрэг биш. Төмөрт ч гэсэн Төв Азийг нэгтгэх, Алтан Ордны улсыг атгах санаа байсан нь нууц биш. Юун түрүүнд Тохтамыш газар нутгаа тэлж, Москвагийн толгой даах гэсэн эрмэлзлийг няц дарлаа. 1382 оны 8-р сарын 23-нд Тохтамыш Москваг бүсэлж, Доны Дмитрий цэрэг цуух цуглуулж ирэх гэсээр байтал Тохтамыш Москваг шатаагаад, цөлмөж орхижээ.

1388 он гэхэд Тохтамыш аварга том армитай болов. Гэхдээ Төмөрийн армиас ялгаатай нь Тохтамышийн цэргүүд мэргэжлийн гэхээсээ илүү тариачид ихтэй байжээ. Тохтамышийн цэрэг Монгол, орос, кипчак, алан, черкес, башкирууд байв. 1388 онд Тохтамыш цэрэглэн хөдөлж, Төмөр армитайгаа өмнө зүгт байгааг далимдуулан улсынх нь хойд хэсэгт халдав, эмир ч энэ мэдээг авмагц хөвгүүддээ цэрэг аван хөдлөхийг тушааж, өөрөө өмнө зүг хийж буй дайнаа яаралтай зогсоон эргэв. Төмөр айсуйг мэдсэн Тохтамыш шийдвэрлэх тулаан хийхээс зайлсхийн цэргээ авч ухарчээ. Энэ сэжмийг ашиглан Төмөр Самарканд орчим цэргээ хуарагнуулж, бэлтгэлээ базаасны эцэст хойд зүгт хөдөллөө. Дайн зайлшгүй тулж ирлээ.

Шалтгаан нь:

  1. Тохтамыш Төмөрийн дэмжлэгтэйгээр Алтан Ордын хаан болсон ч итгэл эвдэж Төмөрөөс урвасан
  1. Тохтамыш өөрөө түрүүлж Төмөрийн улсад халдсан
  1. Тохтамышийг дарахгүй бол Төмөрийн улсын умард хязгаар байнгын аюулд учрах нь тодорхой байв.

Төмөр дайснаа яв цав үнэлж, давуу талуудыг нь сайн тооцжээ. Тохтамыш нийтдээ 50 түмэн цэрэг гаргах боломжтой. Энэ дайн Алтан Ордын нутагт болох ба 2500 км өргөн цөлийг туулах шаардлагатай, хэцүү аян байх болно гэдгийг Төмөр сайн мэдэж байв. Харин Төмөрийн давуу тал гэвэл байлдааны туршлага, сахилга бат бүхий арми, ар талаа сайн бэхжүүлж авсан зэрэг болно.

Төмөр Алтан Ордын эсрэг хийх дайнд зам харгуйг нарийвчлан тооцож, зам дагуу аль болох хүнс нөөцлүүлэн, зэр зэвсэг, хуяг дуулгаар цэргээ бүрэн хангаж, замдаа ан ав хийж, шувууны өндгөөр хүртэл хооллож явав.

Урал мөрнийг гатлах гурван гарам бүрт Тохтамыш цэрэг бүгүүлж, Төмөрийн цэрэг гармаар гарвал занганд орох нь тодорхой байлаа. Үүнийг мэдсэн Төмөр Урал мөрний дээд урсгалаар хоёр хоногийн турш цэргээ хөвүүлэн гаргажээ. Уралыг гарзгүй гаталмагц Төмөрийн толгойн сэргийлэх ангиуд тагнах ажиллагааг идэвхтэй явуулан Тохтамыш их цэргээ засан хүлээж байгаа мэдээг олж авав. Нэг зүйл их тодорхой боллоо. Төмөрийн хувьд түргэвчлэх тусам ашигтай бол, Тохтамышийн хувьд цаг хугацаа өнгөрөх тусам ашигтай. Удвал Алтан ордын өнцөг бүрээс цуглах цэрэг ирж, Тохтамыш бүх хүчээ нэгтгэх бөгөөд Төмөрөөс хоёр дахин их цэрэгтэй болох байв.

Төмөр дайсныхаа зүүн талд гарч, гэнэтийн цохилт өгөх шийдвэр гаргалаа. Энэ нь нөгөө талаараа Тохтамышийн нутгийн гүн рүү ухрах замыг хаах давхар санаа ч агуулж байлаа. Эмирийн цэрэг 6-р сарын 4-ний өдөр Самара голыг гатлан Алтан Ордны нийслэлийг чиглэн урагшиллаа. Тохтамышийг төөрөгдүүлэхийн тулд Төмөр хүү Омарыг 20000 цэрэгтэй Тохтамышийг тосч байлдуулах даалгавар өгөв. Омар Тохтамышийн их цэргийг тогтоон барьж, цус асгаруулсан ширүүн тулаан хийж байх үед Төмөр Тохтамышийн араас бүх хүчээрээ довтолжээ. Хоёр тал 1391 оны 6-р сарын 18-нд цус асгаруулсан шийдвэрлэх тулаанд орлоо. Тулалдааны өмнө Төмөр Алтан Ордын тугчдыг хахуульдан авч байлдааны ид үед тугаа хаян зугтаалгахаар тохирчээ. Яг тохирсоны дагуу болж, ширүүн дайралтын үед Тохтамышийн тугчид тугаа хаян зугтахад цэргүүд нь ч эмх замбарагаа алдаж ухрав. Тохтамыш шахагдаж эхэлмэгц бүх хүчээрээ Төмөрийн зүүн жигүүр рүү морьт цэргийн сөрөг дайралт хийв. Ийм арга нь олон тулаанд үр дүнгээ өгдөг төдийгүй, энэ байдалд Төмөрийн зүүн жигүүрээр цөмрөн гарч зугтаад байлдааныг сунжруулжах байв. Гэвч энэ арга бүтсэнгүй. Сөрөг дайралт няцаагдаж эмирийн цэргүүд ялалт байгууллаа. Төмөр асар их олз олж, Алтан Ордны нутгийг шүүрдэн, нэг цэрэг 20-100 агттай болж буцан иржээ.

Тохтамышийг дарсан Төмөр аяны дөрөөгөө татсангүй. Шууд өмнө зүгт хөдөлж Персид халдав. Энэ аян дайныг “7 жилийн аян дайн” гэх бөгөөд 1392-1398 оны хооронд болжээ. 300 мянган цэрэг бүхий хүчээр Самаркандаас хөдлөн, Хамадан, Шираз, Исфахан, Иран, Багдадыг дайлж, цааш Сирийн газар нутагт цөмрөн, Ахмед хэмээх султаныг нэхжээ. Ахмед зугтаасаар Египет хүрэв. Төмөр Багдадыг авмагцаа одон орончид, гар урчуудыг олзлов. Энэ үед Египетийн султан Төмөрийн хүчирхэгжилтэд таагүй хандаж болгоомжлон, Османы Баязидтэй холбоо тогтоосон гэдэг.

Тохтамыш ялагдаж, улс орон нь тонон дээрэмдүүлсэн ч хүчирхэг хэвээр үлджээ. Тохтамыш энэ удаа Сирид элч явуулж Төмөрийн эсрэг хамтарч тэмцэх, мөн ар талаа баталгаажуулахын тулд Литовтой ч холбоотон болов. Бэлтгэлээ хангаж дуусаад Тохтамыш 1394 онд цэрэглэн Төмөрийн улсын умард хязгаарт дахин халдав. Уурссан Төмөр хойд зүгт эргэж замдаа Гүржийг газрын хөрстэй тэгшлээд Эльбрус уулын ойролцоо Самур голын хөндийд Тохтамышийн цэргийг бараг л явуут дундаа бутниргэв. Эмирийн арми Тохтамышийн албатуудыг талж, хот тосгодыг шатаан түйвээж, олон хүн олзоллоо. 1395 оны 4-р сарын дундуур Терек голын хөндийд Тохтамыш эцсийн удаа Төмөрийн эсрэг томоохон тулаан хийв. Тулалдааны үед Алтан Ордны томоохон ноён бусадтайгаа муудсанаас болж цэргээ аван зугтаж, (энэ ч магадгүй Төмөрийн зохион байгуулсан ажил байх талтай) хүчний тэнцвэрийг өөрчилсөн тул Тохтамышийн цэргийн эгнээ задарч ухрав. Тохтамышийн олон цэрэг Төмөрт дагаар орж, зарим нь Унгар руу хүртэл зугтав. Тохтамыш өөрөө цөөхөн хүний хамтаар Булгар руу дутаахад Төмөрийн хүү Миран шах Тохтамышийг нэхсэн боловч барьж чадсангүй.

Төмөр эргэх замдаа Астраханийг шатаагаад, Алтан ордын нийслэл Сарайг чиглэн хөдөлсөн байдаг. Замдаа таарсан хот балгадыг үнсэн товрог болгоод нутгийн зүг явжээ. Төмөр 1389, 1391, 1395 онд Алтан Ордыг 3 удаа дайрч цэргийг нь хиартал цохисон. Сүүлийн хоёр аян дайн нь үр дүн сайтай, ач холбогдол өндөр байв. Төмөрийн энэхүү ялалт Алтан Ордныг дахин өндийх ямар ч чадавхигүй болгож, мөхөх замд нь оруулсан юм. Төмөр Перс, Хорасан, Алтан Ордыг бутцохиж, эдийн засгийн чадавхийг нь доройтуулсан юм.

Үргэлжлэл нь: Байлдан дагуулагч Төмөр: Энэтхэгт довтолж, Европыг чичрүүлэв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]