Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Хулд уул Монголд үлдсэн түүхУншсан11,541

1785 онд Манжийн Хар мөрөн мужийн жанжин Хиншүү ирж, уул заргыг баргын талд ашигтайгаар шийдвэрлэж бүр халх нарыг Хапхын голын цаана гарч нутаглахыг цаазлан хориглосон байна.

Хулд уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зүүн зах, Монгол Улс, БНХАУ-ын хил дээр орших бэсрэгхэн уулыг Хулд уул гэдэг. БНХАУ-ын ӨвөрМонголын Хөлөнбуйрын шинэ барга нар Манжийн найралт төвийн 11 он буюу 1733 онд Халхын сэцэн ханы захиргаанаас гарч Манжийн хар мөрөн мужид харьяалагдах болсон учир Халхын Хэрлэн барс хотын чуулганы дарга Чойжив Манжийн хар мөрөн мужийн жанжин Загдан нар халх, баргын хоорондын нутгийг зааглан хил тогтоохдоо Хулд уулын баруун өмнө байдаг Өмхий булагт хилийн овоо босгож хил тогтоосон байна.

Үүний үр дүнд Хулд уул баргын нутаг болжээ. Халхын Илдэн Сүжигт ван Тогтохтөр хошууны нутгийн зүүн захад байдаг Хулд уул ийнхүү баргад шилжсэн нь ванд таалагдсангүй. Тогтохтөр 1822 онд Илдэн вангийн хошууны засаг ноён болоод барга нартай Ар булаг, Модон хашаат зэрэг газрын талаар заргалджээ.

1785 онд Манжийн Хар мөрөн мужийн жанжин Хиншүү ирж, уул заргыг баргын талд ашигтайгаар шийдвэрлэж бүр халх нарыг Хапхын голын цаана гарч нутаглахыг цаазлан хориглосон байна.

1847 онд Тогтохтөр Жүн ван цолтой Сэцэн хан аймгийн Хэвэй тушаалд хоёр дахь удаагаа томилогдсоны дараа Сэцэн ван аймгийн чуулганы даргад Илдэн вангийн хошууны баргатай хил залгаа орчмын газар нутгийн маргааны тухай долоон зүйлийн гомдол гаргажээ. Энэ гомдлыг таслан шийдвэрлэхээр Манжийн талаас 1849 онд нэг ноён ирж шүүсэн боловч баргыг хамгаалж, ван Тогтохтөрийг буруутгажээ.

Гэвч Тогтохтөр ван шантарсангүй гомдлоо манжийн хаанд хүргэж айлтгахдаа "Миний өвөг дээдэс зургаан үеийн вангуудын шарилыг Хулд уланд бунхалсан. Бид жил бүр Хулд ууланд зул, хүж өргөн тахиж явсаар 100-гаад жил өнгөрвө. Гэтэл бидний Халхын голын зүүн талд гаргахыг хориглосон учир Хулд ууланд байгаа өвөг ээдсийнхээ бумба бунханыг эргэж чадахгүй болов" хэмээн гомдол гаргажээ.

1858 онд Манжийн зарлигаар Манжийн Гирин мужийн жанжин Хинлүн ирж шалгаад Тогтохтөр ван өвөг дээдсийнхээ бумба бунханыг эргэж тойрч байг. Халхын ноёдын шарилыг оршуулсан болохоор Халхын нутаг байна гээд Хулд уулын баруун өмнө байсан Өмхий булагийн хилийн овоог нурааж, Хулд уулын зүүн хойно зургаан газар /нэг газар 576 метртэй тэнцүү/-ын зайтай шинээр овоо босгож, Халхын Өмхий булагийн харуулыг "Хулд харуул" хэмээн нэрлэсэн байна.

Ийнхүү жанжин Хинлүний зарлигаар Хулд уул Халхын уул болж, халх нар голынхоо зүүн талд зүүн талд чөлөөтэй нутаглах болжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед хилийн 24 дүгээр отрядын Эрс уулын болон Сүмбэрийн заставыг хүч нэмэгдүүлэн Японы цэргийн байрлал, улсын хил хоёрын хооронд тагнуулын үүрэг гүйцэтгэхээр фронтын командлалаас томилсон юм.

Сүмбэрийн застав 1939 оны зургадугаар сарын 6-ны шөнө дайсны байрлалын цаана гарч Хулд уулын өмнө таван км очиж байрлав. Зургадугаар сарын 7-ны орой заставын дарга П.Чогдон /Монгол Улсын баатар/ тасгийн дарга Б.Дамар ахлагчтай найман хүний бүрэлдэхүүнтэй тагнуулыг томилон явуулж Хулд уулан дээр байгаа дайсны байрлалыг тагнах, бага хүч байвал устгах, их хүч байвал эргэж мэдэгдэх үүрэг өгч явуулав.

Тэд Хулд уулын шил дээр таван асар, дөрвөн машин, шатахууны агуулах илрүүлж 8-ны өглөө гэгээ гармагц Б.Дамар хилчин Б.Туваансүрэн, Т.Чүлтэмсүрэн нарыг явуулжээ. Дайсны нойрмоглож байгаа манааг Б.Туваансүрэн цохиж, Т.Чүлтэмсүрэн аманд нь алчуур чихээд чирч иржээ.

Хилчид дайсны байрлалд очиж шатахууны агуулах автомашиныг шатааж, асруудад гранат шидэхэд дайсны цэргүүдийн зарим нь алагдаж, зарим нь дотуур хувцастайгаа зугтан зайлжээ.

Ийнхүү манай хилчид дайсны холбооны 60 гаруй хүнтэй томоохон буудлыг устган Хулд уулыг эзлэн авав. Гэтэл зургадугаар сарын 10-нд япончууд 10 гаруй танк, 300 гаруй цэргийн хүчээр Хулд уулыг довтлоход Сүмбэрийн застав хүчинд автагдан Хулд уулыг орхин Үнэгт рүү ухарчээ.

1939 оны зургадугаар сарын 20-ны үед Сүмбэрийн заставын улстөрийн удирдагч Лааганы Нанзадын удирдсан хилчид Хулд ууланд байсан дайсны байрлалыг довтолж, шатахууны агуулах гурван машиныг шатааж, дөрвөн офицер, 20 гаруй цэргийг устгаж, нэг машиныг олзлон авч Хулд уулыг чөлөөлжээ.

Ийм байдлаар Сүмбэрийн заставын хилчид Хулд уулыг дайснаас гурван удаа чөлөөлж, хоёр удаа орхиж ухарчээ. Халхын голын байлдаан манай ялалтаар дууссаны дараа хоёр талын комисс Буйр нуурын зүүн эргээс Соёлзын Амралтын уул хүртэл хилийн шугамыг 1940 онд тодруулан хилийн тэмдэг тавихад Хулд уулан дээр есийн 76 дугаар тэмдэг тавьж Хулд уул хилийн уул болжээ.

Энэ нь БНМАУ, БНХАУ-ын хоорондын улсын хилийн тухай 1962 оны гэрээгээр баталгаажин одоо Хулд уулан дээр Монгол, Хятадын хилийн 1403 дугаар тэмдэг бий. Хулд уулыг дархан уул гэж нэрлэдэг. Энэ нь он удаан жил олон үеийн ноёдоо бунхалсан учир тухайн үеийн засаг захиргаа зарлиг шийдвэр гаргаж дархалсан байж болох боловч батлах баримт надад олдсонгүй. Ямар ч байсан хилчид орон нутгийн хүмүүс хүндэтгэж байвал зохих түүхтэй уул ажээ.

Бэлтгэл хурандаа Г.Хүүжий

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]