Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Худалдагдсан хүүхдүүдийн зовлонт түүхУншсан27,255

Алдартай зургийг авах үед энэ хүү ээжийнхээ гэдсэнд байсан ба мөн л эгч, ах нар шигээ зарагдсан хүн. Түүнийг МакДэниел хэмээх гэр бүлийнхэн үрчлэн аваад Дэвид гэж нэрийг нь өөрчилсөн ба хэдийгээр хатуу ширүүн зан аашаар хүмүүжүүлж байсан ч үнэн сэтгэлээсээ хайрлаж байж

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

40 настай Рэй Чалифукс, 24 настай Люсиль Чалифукс гэсэн нэгэн гэр бүлийн хоёр өөрсдийн дөрвөн хүүхдээ зарахаар зар тавьсан нь ямар нэг үнэ хаялцуулах худалдааны зарлал шиг л харагдаж байгаа биз.

Энэ гэрийн өрхийн тэргүүн ажилгүй болсныхоо дараа хэдэн сар өлөн хоосон амьдарч байгаад аргагүйн эрхэнд, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ийм шийдвэр гарган зар тавьсан байгаа зураг нь тухайн үеийн Америкийн төдийгүй дэлхий дахины олон сонин сэтгүүлд нийтлэгдэж бөөн шуугиан тарьсан байдаг.

“Гэрийнхээ үүдний шатан дээр зэрэгцэн суусан дөрвөн хөөрхөн, хайр хүрмээр жаахан амьтад инээмсэглэн байх бөгөөд тэд эгч дүү нар. Тэдгээрийн хажууд том самбар дээр эдгээр хүүхдүүдийг зарна гэсэн зар, ард нь царайгаа нуух ээж нь... Ээжийн гэдсэнд тав дахь хүүхэд нь байгаа бололтой.”

Зураг дээр байгаа хүүхдүүдийн хамгийн том нь 6 настай Лана, дараа нь 5 настай охин  Рей Анна, дор суугаа Милтон хүү 4 настай бол хамгийн бага охин Сью Эллен нь ердөө л хоёр настай.

Нэгэн үе Америкийг шуугиулсан энэ зургийн эзэд, хүүхдүүдийн хувь заяа хэрхсэн талаар олон арван жилийн дараа сэтгүүлчид нэхэн сурвалжилсан бөгөөд тэдгээр хүүхдүүд бүгд л зарагдаж, таран одож, зарим нэг нь олон жилийн дараа нэгнийгээ олж уулзалдсан байдаг ба бараг бүгд л амьдралын хүнд хэцүүг туулсан нэгэн адил гэмээр хувь заяатай хүмүүс байжээ.

1950 онд 7 настай Рей Анна охиныг фермер Зоетманы гэр бүлийнхэн худалдаж авахаар ирэхэд эгчийгээ явуулахгүй, хамт байх гэж уйлж чарласан Милтон хүүг хамтад нь явуулсан байна. Шинэ аав ээж нь хүүхдүүдийн нэрийг тэр даруй сольж Беверли болон Кеннет Зоетман болгон өөрчилжээ. Зураг дээр хоёр хүүхэд шинэ аав ээжтэйгээ цуг, инээмсэглэсэн, аз жаргалтай байгааг харж байгаа биз. Гэтэл үнэндээ тэдний амьдрал огт сайхан байсангүй.

Рей Анна охин болон Милтон хүү

Хүүхдүүд гэрт биш агуулах шиг юманд амьдардаг, өдөр нь тариан талбайд ажиллаж, жаахан л сэтгэл дундуур юм хийвэл байнга зодуур амсаж, янз бүрээр хэлүүлдэг байж. Милтоныг анх авчирсан өдрөө л “Одоо та нар боол болсон шүү“ гэж шинэ аав нь хэлсэн гэдэг бөгөөд тэр үед бяцхан Милтон боол гэдэг үгийг мэддэггүй, ямар нэг сайхан зүйл юм болов уу гэж бодож байжээ. Энэ үгийнхээ дараа Милтоныг шонд хүлж байгаад сайн гэгч зодсон нь урьдчилан сануулж, хүмүүжүүлж байгаа нь тэр юм байж.

Он жил явсаар... олон жил зодуур амсаж өссөн Милтон нэгэн удаа тэсвэр алдан хариуг нь өгөөд үүнийхээ төлөө цагдаад баригдаж шоронд орох дөхсөн ч сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй гэж үзсэн учир эмч нар түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлгээс гараад Милтон “шинэ” гэртээ эргэж очилгүй өөрийнхөө жинхэнэ ээжийг хайсаар олж очиход ээж нь ааваас нь салаад өөр нөхөртэй болсон, энэ нөхрийнхөө дахиад 4 хүүхдийг төрүүлсэн хүн байж байв. Милтон ээжтэйгээ бараг сар цуг байсны дараа ээж хүү хоёрын хооронд хэзээ ч үл арилах саад хана бий болсныг ойлгон эргэж явсан байна. Ингэж явахад ээжийнх шинэ нөхөр бас их “нэмэр” болсон гэдэг.

Ингээд Милтон хүү ээжийгээ орхиод Чикаго хотод очиж ажиллаж байгаад удалгүй эхнэр авч, эмчийн зөвлөснөөр Аризона мужид амьдрах болсноор угаасаа хөндийрсөн байсан эгч нараасаа бүр ч холдон оджээ.

Харин Милтонтой цуг зарагдсан Рей Анна нь мөн л боолчлогдож, зарцлагдаж явсаар 17 настайдаа муу хүмүүст хулгайлагдаж, жирэмсэн болж. Шинэ “аав” нь давхар биетэй болсныг мэдээд Аннаг “хүүхэдтэй, нөхөргүй эмэгтэйчүүдийн асрах” (ийм хачин нэртэй газар байдаг юм гэнэ) газар аваачиж өгчээ. Аннаг хүүхдээ төрүүлсний дараа “эцэг эх” нь буцаан авсан боловч харин төрсөн үрийг нь авсангүй. Төр засаг ч өгөхгүй гэж байсан бололтой.

Бүр дараа нь Рей Анна төрсөн ээжтэйгээ бас нэг удаа уулзсан боловч тэдний хооронд ямар ч уян зөөлөн яриа огт болж чадалгүй өнгөрчээ.

Рей Анна, Сью Эллен

Рей Анна 70 нас хүрсэн хойноо сэтгүүлч нарын ачаар өөрийн дүү Сьюг олж чаджээ. Тэр үед Сью хүнд өвчтэй, ярьж чадахаа байж, хүнтэй зөвхөн бичгээр л харилцдаг болсон хүн болсон ба 67 нас хүрч байв. Эгч дүү хоёр уулзалдаж, уйлалдаж дуулалдан байхдаа эгч нь өөрөө зарагдах үедээ өмсөж явсан бяцхан даашинзаа гаргаж ирэн хоёр талаас нь үнэрлээд л уйлаад байсан гэдэг.

Энэ үед Сью эхийнхээ тухайд “тэр хүнийг хэзээ ч уучилж чадахгүй, тамын ёроолд шатаасай” гэсэн гэдэг. Бодвол энэ хүний амьдрал эгч Анна Рейгийн үзсэн туулснаас дутахгүй хүнд хэцүү байсан бололтой.

Бедфорд

Алдартай зургийг авах үед энэ хүү ээжийнхээ гэдсэнд байсан ба мөн л эгч, ах нар шигээ зарагдсан хүн. Түүнийг МакДэниел хэмээх гэр бүлийнхэн үрчлэн аваад Дэвид гэж нэрийг нь өөрчилсөн ба хэдийгээр хатуу ширүүн зан аашаар хүмүүжүүлж байсан ч үнэн сэтгэлээсээ хайрлаж байж. Хамгийн сонирхолтой нь Дэвид хүү өөрийн эгч, ах болох Рей, Милтон хоёрын амьдардаг газраас хэдхэн км-ийн зайд амьдарч байв. Тэрээр Зоетманы фирм дэх хэцүү амьдралтай хүүхдүүд өөрийн эгч, ах болохыг мэдсэний дараа тэр хавиар мориор, дугуйгаар үе үе явж ах эгчийнхээ хүлүүлсэн байхыг олон удаа харсан байжээ.

Дэвид өвгөрч эхлэх насан дээрээ бүх л ах дүү нарыгаа олж, хамтдаа цуглах юмсан гэж мөрөөдөж зүтгэсэн боловч 2013 онд тэднийхээ сургийг гаргахад хамгийн том эгч Ланна нь хорт хавдраар эрт өнгөрсөн, Сью Эллен ч нас бараад удаагүй байгааг олж мэдсэнээр насан багадаа тарж бутарсан эгч дүү нарт дахин бөөнөөр уулзалдах хувь заяа тохиосонгүй өнгөрсөн байна.

Дэвид бусдыгаа бодвол илүү аз жаргалтай хангалуун дүүрэн амьдралаар өсөж том болсон хүн болоод ч тэр юм уу ах эгч нар шигээ ээжийгээ буруутгаж чаддаггүй хүн байв. Тэрээр “Хүн болгон амьдралдаа алддаг. Магадгүй ээж маань биднийг өлсгөж үхүүлэхгүйн тулд тийм юм хийсэн ч юм бил үү. Бид нар түүнийг шүүх эрх байхгүй ээ” хэмээн хэлсэн гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]