Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Шайо гол цусаар үерлэв (9-р бүлэг)Уншсан4,085

Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

  Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


9-р бүлэг.
Шайо гол цусаар үерлэв

 

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.

Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлон бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.

Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.

Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.

Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]