Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Казах эйр” болон “Корэйн эйр” компаниуд Орос руу хийх нислэгээ зогсоовУншсан1,681

Тус компани даатгалын асуудлыг шийдвэрлэх хүртэл ОХУ руу нислэг үйлдэх боломжгүй болж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 12-нд Новосибирск руу хийх нислэг цуцлагдсаныг “Казах эйр”-ийн хэвлэлийн алба онцолсон байна.

Казахстаны “Казах эйр” компани ОХУ руу нисэх чиглэлийн нислэгүүдээ түр зогсоохоор болсноо зарлалаа. Энэ шийдвэр нь Украины асуудалтай шууд холбоогүй бөгөөд Оросын агаарын орон зайд даатгалын компаниуд үйлчилгээ үзүүлэхгүй гэж зарласан тул ийм шийдвэрт хүрчээ.

Тус компани даатгалын асуудлыг шийдвэрлэх хүртэл ОХУ руу нислэг үйлдэх боломжгүй болж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 12-нд Новосибирск руу хийх нислэг цуцлагдсаныг “Казах эйр”-ийн хэвлэлийн алба онцолсон байна.

Түүнчлэн БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Корэйн эйр” компани Москва, Владивосток чиглэлийн нислэгээ түр зогсоосон талаар СNN агентлаг мэдээлэв. “Корэйн эйр” Москва, Владивосток чиглэлийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг дөрөвдүгээр сарын эцэс хүртэл түр зогсоохоор болжээ.

Харин Сөүлээс Европ руу чиглэсэн нислэгээ байлдааны ажиллагаа явагдаж байгаа бүс нутгийг тойруулан Хятад, Казахстан, Туркийн нутгаар дамжуулан өөрчлөх бөгөөд нислэгийн хугацаа хоёр цаг 45 минут хүртэл уртсах аж. Хойд Америкийн зүүн бүс нутгаас Сөүл хүрэх нислэгийг Аляска болон Номхон далай дээгүүр өөрчлөх бөгөөд зарим нислэгийн хугацаа хоёр цаг орчим нэмэгдэх аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэний нисэхийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн төсөлд гарын үсэг зурж, Оросын компаниудын түрээсэлсэн гадаадын нисэх онгоцыг дотооддоо нислэг үйлдэхэд бүртгэх, тэдэнд гэрчилгээ олгох боломжийг олгосон хэмээн ТАСС агентлаг онцлов. ОХУ-ын Агаарын тухай хууль болон бусад хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлт нь цаг үеийн байдалтай уялдуулан Оросын агаарын тээврийн компаниудад гадаадын нисэх онгоцыг бүртгэх, дотоодын шугамд ашиглах боломжийг олгож байгаагаараа  онцлог аж. Сүүлийн үед үүссэн дайны байдалтай холбоотойгоор ОХУ-ын иргэний нисэхийн салбар барууны орнуудын хоригт хүчтэй шахагдаж байгаа юм. Барууны нисэх онгоц үйлдвэрлэгчид ОХУ-ын агаарын тээврийн компаниудын ашиглаж байсан лизингийн онгоцуудыг буцаан татах шийдвэр гаргаснаар тус улсын дотоод дахь нислэгүүд цуцлагдах байдалд шилжсэн билээ.

ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлот компанийн 51 хувь төрийн эзэмшилд байдаг. Нийт 30 мянган ажилтантай тус компани 2022 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийн 52 улсын 146 чиглэлд нислэг үйлдэж байв. Гэвч ОХУ, Украины хооронд дайны байдалтай болсны улмаас Европын холбооны гишүүн 27 улс, Их Британи болон Канад тэргүүтэй орнууд Оросын онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: ТАСС, CNN

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]