Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд гаминд баригдсан ба тэдэнд хараал хийсэн ньУншсан13,940

1920 онд өвлиин тэргүүн сарын шинэдээр Барон Унгерн, Их хүрээнд ойртож ирсэн юм. Энэ үед гамин цэрэг чангарч хүрээний хүмүүсийн морьд уналга, эмэээл хазаар зэргийг хураан авч байв.

XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэн хууч яриаг ихэд сонирхож "ойрмог шиг болсон явдалд оролцсон буюу үзсэн хүмүүсийн дурсамж яриаг ардууд хууч хөөрөх гэдэг бөгөөд үүнд бид анхаарлаа хандуулж сурвалжлах, цуглуулах, бичиж авах, тэмдэглэх хэрэгтэй байна" хэмээн онцолж энэ чиглэлд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсний нэгээхэн хэсэн нь "Өвгөн Жамбалын яриа" билээ. "Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэг болох "Богд гаминд баригдсан тухай" түүхийг уншигчдадаа хүргэе.

1920 онд өвлиин тэргүүн сарын шинэдээр Барон Унгерн, Их хүрээнд ойртож ирсэн юм. Энэ үед гамин цэрэг чангарч хүрээний хүмүүсийн морьд уналга, эмэээл хазаар зэргийг хураан авч байв. Нэг өдөр үдээс хойш цахар Самбуу, Го Си-Лин, шанзав Дашдорж нар нэлээд хятад цэрэг дагуулж Туулын Доод сүм дээр Богдын ордонд очоод: “Хунхууз горигүй болов. Бид таныг хамгаална" гээд Богдыг бараа бологчид ба цэргийн нь хамт Эрдэнэ вангийн хоёр давхар байшинд аваачаад Богдыг таван хүнтэй үлдээж шадар цэргий нь өөр газар тууж очоод морь, буу ээвсгийг хурааж авав. Тэгэхэд би хуучин ёнзон ламын шарилын газрын нярав байв. Хуучин ёнзон Балданчоймбол бол наймдугаар Богдын багын ёнзон багш байсан юм. Далан настай үхсэн юм гэнэ. Түүний биеийг хатааж, Богдын өргөмжлөлөөр Чойжин ламын зүүн талд тусгай сүмд хадгалж байсан юм. Энэ газар бол Далай ламын сангийн мэдэлд байсан юм. Богдын хамт, ёнзонгийн шарилын сүмийн сойвон Жанцан, Номчийн аймгийн Мэгз сойвон, Голын сүмийн тахилч Жамц, хоол ундыг хийх Баатар зам, түүний зарц сангай лам Дэмбэрэл баригдсан юм. Сүүлийн хоёр нь гамингийн тогооны байшинд хоол унд хийж байсан.

Гурав хоног гаднаас хоол унд ч оруулахгүй айлтгалч ч оруулахгүй байсан. Тэгтэл нэг өдөр Богд, багштаных (шарилын сүм)-аас "Нэг данх цай хийж өгнө үү. Эндхийн цай тун муу юм гэж байна" гэж сангай дам Дэмбэрэл хэлж ирэв.

“За тэгье” гээд (намар, зул сарын үед) цай бэлтгэж: "Хэн хүргэж очих билээ?" гэхэд, "Шарилыг сахина" гэж хэлээд сойвон Манъалжав явсангүй. Хоёр тахилч нь: "Бид тахилч болохоос биш, зоог өргөхөд юуны хамаа байх вэ" гэв. Ингээд би тулгагдаж явах болов. Би сангай лам Пунцагцэрэнг дагуулаад, Дэмбэрэлтэй хамт гурвуулаа явлаа. Хуучин засгийн газар байсны дэргэд Дотоод Яам гэж байсан газар очсонд хоёр гамин тохиолдож, олон хүн явж болохгүй гэхээр Пунцагцэрэн буцав. Дэмбэрэл бид хоёр цааш явж, гамингийн гал тогооны байшинд орж, тогоочийн дарга гэдэг очиж зөвшөөрлийн бичиг хийлгэж аваад, Богдын хоригдож байсан газар очив.

Эрдэнэ вангийн өндөр гэдэг байшинд байсан юм. Үүдэнд нь хятад цахар хоёр хүн байв.
 “Та юу гэж яваа хүн бэ?" гэхэд, би: "Богдод зоог хүргэж явөө хүн” гэж хэлээд хятад бичгийг үзүүлтэл, нимгэн ногоон торгон хөшгийн цаанаас нэг хүн гарч ирэв. Богд төмөр ор дээр сууж байв. "Ямар хүн ирэв?" гэж асуухад "Жамбал нярав иржээ!" гэв.

   Богд: "Хоёр ноёнд айлтга. Энэ хүнээр өдөрт нэг удаа, цай авчруулж байвал болно уу?" гэсэнд цахар ноён: "Болно" гэв. "Тэгвэл бичиг хийж хайрла" гэв. Тэд гөлөнгөр дээр бичсэн тамгатай бичгийг миний зүүн ханцуй дээр хадаж өгөв. Би тэгэхэд нэг морь унаж явдаг байв. Маргааш нь 12 цагт цай аваад очиход хоёр ноён хоолонд ороод байв. Богдын хэлүүлсэн нь: "Хамба, шанзав хоёрт хэл. Миний бие сайн байна. Хамба багштныхаас зоог оруулж байна. Энэ хүнийг явуулахад албаны хувцасгүй явуулж байна шүү" гэв. Албаны Хувцас гэдэг нь барга малгай, аяганы алчуур, хэт хутга, хиазтай дээл, орхимж зэрэг болно. Бас Богдоос ёнзон хамбад хэлүүлсэн нь "Очирдар бурханд мандал өргүүл. Дар эхэд, дар эхийн мандал шиваа өргүүл" гэв. Би тэндээс гарч, ёнзон хамба Лувсанхаймчогт очиж тэр үгийг хүргэхэд, намайг байж байхад ёнзон хамба цогчин гэсгүй Шаравдоог дуудав.

Би шанзав ноён (бөгтөр Дашдорж)-д очихоор явав. Шанзавын үүднийд ороод аягачаар нь дамжуулан, орох зөвшөөрөл айлтгуулав. Шанзав: "Хэлэх үгээ дамжуул" гэв. Дахин хэлүүлсэнд "Дамжуул" гээд хүлээж авдаггүй.

Ингэхлээр Сандуй бичээч гэдэгт: "Би аргагүй биеэр орох хэрэгтэй юмсан" гэж хэлэв. Сандуй: "За би нэг ороод хэлье" гээд Шанзав дээр орж ирээд "Луухаан ууртай л байна, ор гэж байна" гэв. Би шанзавт бараалхаж ороод:" Би өөрөө айлтгах юмгүй. Богдын зарлиг дамжуулах гэж яваа” гэв. "За их сайн байна. Буман шавь нарын дотроос Богдыг хоригдоод байхад унд хүргэх шавь нь ганц чи юм байна. Чамайг оръё, оръё гээд байхад, бас л нэг нь үглэх дуулах гэж яваа биз гэж бодож байсан юм" гэв. Тэгээд шанзав: "Орой бүр ирж Богдын байдлыг над дуулгаж бай" гэсэн юм. Түүнээс хойш би шанзавт орой бүр үргэлж ордог болов. Богдоос шанзавт даалгах элдэв үүрэг бараг өгдөггүй. Ёнзон ламд, Ихийн зуу, Очирдар, Ганжуурын Аюуш, 21 дар эх энэ хэдэд их даатгал, мандал хийлгэхийг хэлүүлдэг байсан.

Дараа өдөр нь Богдод цай хүргээд гартал түүний хэлсэн нь: "Шарилын санд хонож байгаарай. Чамайг би шөнө өдөр дуудуулах магадгүй” гэсэн ёсоор би 40 гаруй хоног үргэлж хамбын шарилын сүм дээр хонож байсан билээ.

   Нэг өдөр намайг цай авч очиход, "Маргааш өглөө эрт ир" гэв. Тэр ёсоор өглөө эрт нар битүү байхад очив. Хаалганы цэрэгт үзүүлэх жимин (пропуск) бичигтэй, бас зүүн ханцуй дээр хадсан бичигтэй учир аль дуртай цагтаа ордог байв. Богдыг хамгаалсан үүдний хүмүүс намайг хамаагүй оруулж гаргадаг байв. Намайг очиход Богд босчихсон байв. Зоог бариад ороход, хятад цахар хоёр байхгүй байв. "Үүнийг Дархан ванд аваачиж өгөөд ноён, ахайтан (ноён хатан хоёулан) сайн морилж ирэв үү? Намайг энд баригдаад сууж байна гэж дуулсан уу?” гэж хэлээд, "тун бушуу буцаж ир" гэж хэлж явуулав. Тэр нь жаахан муутуу цаасанд боосон дөрвөлжин юм байв. Түүнийг авч гараад байдаг газартаа цайны савыг орхиод, тэр даруй Дархан вангийнд очив. Дархан вангийн өргөө одоогийн нэгдүгээр арван жилийн сургуулийн тэнд байв.

    Энэ үед Дархан ван Монгол амбанаар сууж байв. Тэр нь гамин, Самбуу цахар нартай их нийлж байсан хүн. Дархан ван, Богдыг бариулсан гэж хүн ярьдаг юм. Дархан ван, Пунцагцэрэн 40 орчим насны хүн байв. Тэнд очоод: "Оръё" гэсэн чинь хиа нар нь: “Ноён дээшлээгүй, хүлээж бай" гэв. Бушуу явах ч үхсэн нь байх вэ. Хүлээсээр байгаад нар үд дунд хүргэв. “Ноён дээшиллээ" гэж хиа нар цай цүй бариад гүйгээд байв. "Гүдэн (шарилын) хамбын нярав Жамбал гэж хэлээрэй гэж хэлүүлсэнд "Ор" гэв. Гэр дотор дулаан гоо сайхан гэдэг нь учиргүй байв. Би ноёны амрыг эрээд суув. Цай идээ өгснийг амсав. "За та юу гэж яваа хүн бэ?” гэв. "Богдын заларч байгаа газраас ирлээ. Богдоос танд үүнийг хүргэж өгөөд ир гэж явуулав" гээд өнөөх боодолтой юмыг өгөв. Түүнийг ноён шүүрч аваад: "Чи ямар ухаантай тэнд байдаг хүн бэ?" гэв. "Би тэнд богдод цай хүргэж өдөр бүр очдог хүн. Хамба багшийн гүдэнгийн нярав хүн" гэж хэлэв. Ноён, боодолтой юмыг бурхны өмнө ширээн дээр чулуудаж тавьсанд цаас нь урагдаж, хэдэн жижиг мантуу хивс дээгүүр өнхрөв. Тэгээд ноён хэлэв. "За Богдод айлтга. Мэдэж байнаа. Чадал мөхөсдөж байна. Лагшингаа тэгшилж заларч бай гэж айлтга. Ахай хөдөөнөөс морилж ирээгүй байна. Хэд хоногоос морилж ирнэ гэж айлтга" гэв.

  Тэгээд буцаад Богдын зоогийг авч торгон вааданд хийгээд бага үдийн үед Богдод очиж вангийн хэлүүлсэн үгийг айлтгуулав. Гэтэл Богд хилэнтэйгээр хэлүүлсэн нь: "Чамайг хурдан явж ир гэж байхад яасан хүн бэ? Чи хурдан явж болдоггүй хүн юм уу? Би хэлдэггүй үг хэлээ юу?" гэж хэлэв: "Би урьд өмнө ноёд ихсэд бараалхаж явж үзээгүй, уранхай дээлтэй, туранхай царайтай хүн юм. Дархан вантан оруулахгүй байсаар удав. Вангийн ахайтан морилж ирээгүй, 2-3 хоногоос ирнэ гэж байна.

Баруун урд хаяанд нь багашигхан хүүхэн нүүр гараа угааж байна. (Тэр нь хатан нь биш юм байх). Хүүхэн авчирч хоноод байгаа юмсанжээ" гэж дамжуулан айлтгуулав. "За хирээ хир. Би мэдэж байна. Чиний зөв" гэв. "Одоо Ширнэн жонон ванд очоод ир. Миний бие муу байна. Намайг гаргаж авах арга байна уу гэж хэлээд ир" гэв. Би саваа орхиод явав. Ширнэн жонон вангийнх одоогийн төв театрын ард урагш харсан том хашаанд байв. Ширнэн ванд очиж бараалхаад, Богдоос хэлүүлсэн үгийг айлтгасанд орон дээр хэвтэж байсан ван босоод шарласан биеэ үзүүлэв: "Би ингээд өвчтэй аргагүй ядарч байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдөр шөнийн бодол болж байна. Үнэхээр чадал хүрэхгүй байна. Урдаас нэг амбан ирэх гэж байгаа юм. Тэр таньдаг хүн шиг дуулдах юм" гээд хятад нэрийг хэлж байв. Одоо би тэр нэрийг мартжээ. "Түүнийг ирэхэд чадлаараа оролдъё. Ламыгаа хүний гараас гаргахыг хүсэж залбирч байна" гэж айлтгуулав. Тэгээд нэг төгрөг, хадгийн хамт барьж өгөв. Тэндээс хүрч ирээд: Ширнэн жонон ван, аргагүй өвчтэй шарлачихаад байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдөр шөнийн бодлого болгож байна. Урдаас 2-3 хоногийн дараа нэг амбан ирэх юм гэнэ. Таньдаг хүн шиг дуулдах юм. Түүнийг ирэхэд чадлаар оролдоно гэж байна" гэж Богдод айлтгав. "За буц даа" гэж савыг гаргаж өгөв. Маргаашнаас эхлэн хэдэн өдөр цай зөөхөд гойд айлдвар гарахгүй байв. Нэг өглөө цай хүргээд очсон чинь Богдоос: "Би хүний гарт ороод байна. Хятадын гараас мөд гарах нь уу, хэд хоногт гарах нь вэ? Ямар юмнаас шалтаж би хятадад баригдаж байна? Үүнийг Бандидийн аймгийн ловон ламаас асуугаад ир" гэв. Бандидын аймгийн ловон лам гэж нэг өвгөн лам байдаг юм. Тэр цогчинд бороо, шуургатай ч байсан хамаагүй тогтмол хурдаг. Ихийн зуу бурханд өдөр бүр мөргөдөг хүн байсан. Богд хэлсэн нь: "Багшийн сангаас хадаг авч очоорой. Миний төлөө юу гарсан бүгдийг тэмдэглэж байгаад сүүлд надаас аваарай" гэж айлдав. Би хадаг аваад саваа орхиод, Бандидын аймагт очиж ловов ламын гэрийг сураглавал Бандид ламын баруун хамар хашаа юм гэнэ. Тэнд нь очсон чинь зэвхий цагаан хаалга байна. Түүнийг цохиж дуудахад лам өөрөө гарч ирэв. Жижигхэн бор гэртэй. Хашаа нь дүүрэн өвс ургачихсан байв. Би морио гадна нь уяад оров. "Та сайн байна уу?”, "Сайн байна". "За юу гэж яваа вэ?". "Би Богдод зоог хүргэдэг хүн. Богд айлдаж байна" гэтэл өвгөн лам “богд” гэхтэй зэрэг босов. "Би хэчнээн хоног хятадын гарт байх юм бэ? Үүнээс гарах арга байна уу? Ямар шалтгаанаар ийм болов? Таныг айлдаж хайрла гэж байна гэв. “За” гээд хадгийг авч бурхныхаа өмнө тавиад Богдод айлтга: "Өнөө шөнө бурханд айлтгана. Маргааш хариугаа ав" гэв. Тэндээс буцаад сав хүйтэн цайтай Богдод очив. Энэ үед өюс олддоггүй боловч би морьтой байсан ба хүрээний эмээл морийг уөм гамин түүсэн боловч миний гар дээр бичиг байх учраас над халдахгүй, би морьтойгоо үлдэв. Би ламынд очиж хаалгыг цохисонд ловон өөрөө хаалгаа тайлж оруулаад "За би урьд шөнө бурханд айлтгалаа. Би бурхны зарлигийг толгой барьж айлтгана. Гаминг ер нь үнсэн чандруу болно гэж айлдаж байна. Богдын шавдан бат 40-50 хоногоос нааш гарахгүй гэж айлдаж байна. Үүнийг би толгой барьж айлтгана. Юунаас шалтгаалав гэж бурханд айлтгалаа. Бурхан, намрын тэргүүн сарын эхээр Бадамдорж шанзав нэг олбог, түшлэг, санжай гүсүг (орос хоргой) хэрэгсэлтэй малгай Богдод өргөжээ. Үүнээс шалтгаалсан байна. Үүнийг яаж аргалах вэ гэхэд үдэш бүрий болоход Шаравнямбуу уншаад тэр өргөсөн юмыг зүүн тийш нь гаргавал таарна. Богдын дэргэд тэр юмыг байлгаж болохгүй гэж бурхан айлдаж байна. Ламын шавдан, хар шар нийтэд юу уншуулбал сайн бэ гэж бурханд айлтгалаа. Би үүнийг толгой барьж айлтгана. Бурхан, Дагва жинсрэг цутга. Го Си-лингийн дүрсийг адилхан хийлгэж өвөрт нь мөнгө торго хийгээд олон цэргий нь тойруулж зогсоогоод мөн Бадамдоржийг түүний адил хийж албаны дээлийг өмсгөн, Го Си-лингийн дэргэд инээмсэглэсэн янзаар зогсоож, тэр хоёрыг их баяртай хөөртэй ярьж байгаа шиг зогсоогоод тэр хоёрын дээр Дагва жинсрэг цутга. Энэ жинсрэгт гамингийн үсийг оруулбал сайн байна. Ингэвэл хар шар олон тайван болж, гамин үнсэн товрог мэт байхгүй болно. Тэгэхгүй бол болохгүй гэж бурхан айлдаж байна. Үүнийг Богдод айлтга. Бурхан айлдсаныг би хэлж байна. Би өөрөө юм мэдэхгүй хүн дээ" гэж хэлэв. Бас нэмж над хэлсэн нь: "Чи багштаны нярав хүн юм. Би чамд хэлье. Орос цаас удаан зарагдахгүй байхаа. Энэ чинь Богдод айлтгах юм биш шүү" гэв.

Тэндээс нар гарах үед буцав. Богдын зоогийг бэлтгэж байгаарай гэсэн хүмүүст өөрийн учрыг хэлдэггүй байв. Гаднаас дуудаж цайг аваад Богдод очсон чинь өнөөх гамин цахар хоёр сууж байна. Богд цайг аваад: "Өдөр дахин нэг цай авчирч өг" гэж хэлүүлэв. "За" гээд буцав. Өдрийн 12 цагийн алдад бас цай хийгээд аваад очсонд өнөө хятад цахар хоёр байхгуй байв. Өвгөн ламын хэлсэн үгийг цөм ёсчлон хэлүүлэв, Нэлээд удсаны дараа савыг гаргаж ирэв. "Энэ гүрмийг багштаны дээр хийлгэ. Шинэ ёнзон ламаар (Лувсанхаймчогоор) хийлгэ. Жинсрэг цутгуул. Ямар янзтайгаар харуулахыг Ялгуусан ламтай ярьж гүйцэттэ" гэв. Ялгуусан лам бол арваад настай байхад нь Богдын өргөж авсан хүүхэд юм. Тэр үед 14 орчим настай байсан. Богдын бүх мөнгө юмыг тэр хүн эрхлэн мэдэж байсан юм. "Хэзээ хурахыг над мэдэгдээрэй. Өөр уг над байхгүй" гэж хэлүүлэв.

  Саваа авчирч тавиад ёнзон ламынд очиж Бандидын ловон ламын хэлснийг айлтгасанд "Үүнийг гүйдэтгэхэд хэцүү дээ. Одоо хурал ном хуруулахгүй цаг юм. Мойв (сүжиг сэтгэлээ хөнгөн) янзаар цутгана" гэж хэлэв. Тэгээд: “Том гэр бий юу?" гэв. "Хангал хурдаг дөрвөн баганатай том гэр бэлэн бий" гэж хэлэв. Түүний тулганы өр төмөр байна уу гэж надаас асуув. "Шавар туйпуутай юм гэж хэлэв. "Тэр тулга туйпууг авахуулж, доош нь хоёр сугацаа (2 метр) ухуул" гэв. "Үүнийг хүнд мэдэгдэж болохгүй шүү" гэсэн билээ. "Багштанд үнэнийг айлтгая. Түлээ хагалдаг хоёр өвгөн буй. Тэр хоёрт хөлсий нь ихээхэн өгөөд үнэнийг хэлээд ухуулъя. Бусад хүнд Жигжидийн цогчдыг ёнзон багшаар өргүүлнэ гэж хэлээд гүйцэтгэе" гэж хэлсэнд ёнзон, "Тэгье, түүнийг та гүйцэтгэ" гэв. "Үүнд юу орох вэ?" гэж асуусанд “Нохой хошуу гурил орно. Би эндээс хүн явуулъя. Шар тос орно. Би өөрөө хачинтайгаа хоёул хонх дамар хэрэглэж цутгая. Юм хийх хүн нь би эндээс өөрийн уншлаганы Майрдаг гэдэг уран хүн буй. Түүнийг явуулья. Нөгөөдрийн маргааш цутгана. Урьд өдөр нь түүнийг явуулж юмыг бэлтгүүлье" гэв. "За" гэв. “Гамингийн үс гэсэн, түүнийг яах вэ?", “Яах ч аргагүй мойвоор болгодог юм уу даа. Хар архи шар тос нэлээд орно шүү. Го Си-лин, Бадамдорж энэ тэрийг Майрдаг хийнэ. Ялгуусан лам та нар юмыг бэлтгэж бай.Цутгах өглөө би лоовуузтайгаа явна. Хонх дамрыг тэнд бэлтгэнэ. Манай хачин миний бараа харагдах газраас дагаж явна. Майрдаг тэндээ хоноод байж байг" гэв.

  Би Ялгуусан ламд очиж уулзахаар явав. Бичигтэй учраас над саад болох юмгүй байв. Ялгуусан лам Дээд сүм (голын музей байсан) дээр байв. Тахилч нар дээр очиж: "Ялгуусан ламтай уулзах гэсэн юмсан" гэж Мөрням тахилчид хэлэв. "За та эндээ байж бай. Би айлтгаад ирье" гэв. "Хоёр давхар байшингийн хаалганы шатан дээр ир" гэв. Ялгуусан лам гарч ирээд: "Жамбал гуай сайн уу?" гэв. "Сайн" гэв. "Та юу гэж ирэв?" гэж яаран надаас асуув, "Богдын дэргэд би өдөр бүр зоог өргөдөг юмсан". "Аа тийм үү? Ямар янзтай байна. Сайн байна уу?" гэж асуув. "Дэргэд нь Жанцан сойвон, Мэгж сойвон, Жамц нар байна" гэж хэлэв. "Ямар янзтай байна? Хэцүү зовлонтой байна уу?" гэв. "Үгүй, зүгээр сайн байна. Богдоос ловон ламд очуулсан, Дагва жинсрэг цутгуул гэсэн юм. Богдод Бадамдоржийн барьсан олбог түшлэг, малгай буй, түүнийг зүүн тийш нь Ширнэн уншаад гаргах хэрэгтэй гэж байна" гэв. "Тийм, тийм, тэр үнэн шүү. Юу болсныг мэдэхгүй. Нэг өдөр Бадамдорж олбог түшлэг хоёр, сайхан барга малгай нэгийг Богдод өргөсөн юм. Олбог түшлэг хоёрыг ч яах вэ. Ширнэн уншиж зүүн тийш нь гаргаад зуухад шатаая. Малгайгий нь яах билээ? сайхан малгай юм. Богд түүнд их дуртай байсан юм. Сүүлд надаас заавал асууж нэхэх болно. Түүнийг яадаг билээ?" "Яахыг та мэднэ дээ. Би юу гэх вэ". "За түүнийг бид мэдэж аргыг ольё. Одоо биднээс юу хэрэгтэй вэ? ", “Го Си-лин, Бадамдорж хоёрын дүрсийг хийлгэж, мөнгө цаас өвөртлүүл гэсэн юм" гэсэнд, жижиг мөнгө элдэв юм өгөв. Бас санжай-гү-сүг хоргой хэсгийг өгч Бадамдоржийн малгайн оройг хийлгэх болов. Жижиг хоргой, торго, мөнгө ээргийг өвөрт нь хийлгэхээр өгөв. "За өөр юу хэрэгтэй вэ?" гэсэнд "Ёндон лам хачинтайгаа уг номыг уншина гзж байна. Тэр хоёр ламд барих барьцны юм хэрэгтэй болно" гзв. "Юу өгөх билээ? Торго өргөвөл зүгээрсэн. Одоо авч явж болохгүй байна. Ёндон ламд 100 цаасны алтан маниад (монет) өргөе. Хачин ламд нь 10 цаасны алтан маниад (монет), Майрдагт 5 хятад цаас өргөе" гэж түунийг над өгөв. Тэгээд над хэлсэн нь: Та л хамаг ажлыг туүгээрээ гүйцэтгэ. Авах юмыг надаас аваарай” гэв. Тэр ёсоор сүүлд нь хоёр өвгөний хөлсөнд тус бүр 20 цаас, тос ба архины үнийг бодож Ялгуусан ламаас авсан болно.

  Бичин жилийн өвөл гэхээс өөр өдөр, сарыг мэдэхгүй байна. Нөгөө жинсрэг цутгуулах өдрийн өглөө болов. Жинсрэгт орох хар архийг авахаар Гүдэн хамбын сангийн түнш байсан бүдүүн Луусангийн пүүсэнд (зүун хойд харчуулд) муу морио унаад, нэг галуун хузүүт лонх тэврээд явав. Замдаа Сэлбэ дээр морьтойгоо хальтарч унаад, би нэг хавиргаа гэмтээгээд, морь хамраа шалбалж билээ. Арай гэж мориндоо мордоод, бүдүун Луусангийн пүүсэнд орсон чинь байшинд олон хүн шулганаад байв. Би гурван жин ордог галуун хүзүүтээ нэг хятадад өгч: "Хэдэн жин хар архи аль" гэв. Тэгээд галд дулаацаж суутал, тэнд хоёр гамин хаалганы цаана үсээ авахуулж байгаа харагдана. Үсийг нэг хятад хумьж аваад гадгаш гарав. Цонхоор ажиглаж байтал тэр хятад өнөөх үсээ жорлонгийн дэргэд хаяж байлаа. Тэгээд хоёр гамин (буу сэлэмтэй юм) хоолонд орох шиг болов.  Бүдүүн Луусйнгийн "Нүцгэн" гэж бидний нэрлэдэг хятадыг гуйж “Би мориноос ойчоод даараад ядарч байна. Чи намайг мордуулж аль” гэж хэлэв. Тэр хятад миний архийг бариад зогсож байв. Би морио үүднээс тайлж: "Чи энэ морийг хөтлөөд гарч бай. Би шээгээд ирье” гээд шээх дүр үзүүлж байгаад баруун гараар самардан өнөөх үснээс нэг атга дүүрэн шүүрч авав.  Тэгээд мориндоо мордож, лонхтой архиа хавчуулж гэлдэрсээр хамба багшийнд ирэв. Мориноос буух гэтэл гар бээрсэн учраас бууж чадсангүй, хүн дуудаж архиа өгөөд өөрөө мориноос бууж, Майрдаг дээр орж: ”3а би гамингийн үс олоод ирлээ” гэсэнд “Худал байлгүй дээ. Хаанаас гамингийн үс олдог юм” гэв. Би гараа арай гэж тэнийлгэн: “Энэ байна” гэхэд “За их сайн байна. Үүн дээр хий" гэж тулганы өрийн тэнд нүхэнд хийсэн Бадамдорийн дүрсийг заав. Би өнөөх үсийг Бадамдоржийн толгой дээр дээр цацав.

  Тэгээд өдөр дундын үед жинсрэг цутгав. Дагва жинсрэгийг Жигжид бурхны нэрийн өмнөөс цутгадаг юм байх. Жигжидэд цогчид өргөх нэрээр өргөл балин хийв. Ламын барих эрих хүртэл төмөр байх ёстой ба шөнө дунд төмөр бүрээ үлээж, хар хувцас өмсөх ёстой, хураангуй янзаар хийв. Бүрээ бишгүүр дуугаргахыг цөм хорьсон байж билээ. Го Си-лин, Бадамдорж хоёрын дүрсийг тохой хэр хэмжээгээр маш гоё сайхан хийсэн байна. Бас олон цэрэг тойруулан зогсоосон байна. Түүнийг шатааж жинсрэгийг цутгаж дуусав. Тэгээд лам ч морилоод явчив. Тэр нүхийг бөглөж туйпуу дэвсэж хуучин ёсоор болгов. Ингэж дуусав гэж Богдод айлтгав. Мөн өдөр хийнэ гэдгийг өглөө нь Богдод айлтгасан юм. Тэгэхэд "За" гэхээс өөр хариу хэлүүлсэнгүй. Бадамдорж бол Богдод Монгол бичиг заасан багш нь болох учраас энэ хэрэгт Богд өөрөө оролцохгүй байгаа юм гэж Ялгуусан лам хэлж байсан юм. Тэгээд Ялгуусан ламд урагш очиж учрыг хэлсэнд: "За боллоо. Гарсан зарлага юмыг тэмдэглэж надаас сүүлд аваарай. Багшийн санг үрж болохгүй шүү" гэсэн тэр ёсоор уг зарлагыг сүүлд Ялгуусан ламаас авсан юм.

  Би мөн цайгаа зөөгөөд яваад байсан. Хэд хоносны дараа Богд бас Бандидын ловонд явуулав. "Тэр уншуулсан ном одоо болж уу? Би одоо хэд хоноод гарах вэ? Үүнийг асуугаад маргааш өглөө цайны хамт хариуг авчир" гэв. Тэр ёсоор Бандидын ловонд очвол "За өглөө хариуг ав" гэв. Өглөө нь очтол "Бурханд айлтгалаа. За болжээ. Олон амьтан ба ламын шавданд харшлах юм одоо байхгүй. Гамин, чандруу мэт болно. Богд одоо удахгүй гарна. Урдаас удахгүй хүн ирнэ. Тэр тусална гэж бурхан айлдаж байна. Би толгой барьж айлтгана" гэж хэлэв.

  Үүнийг Богдод уламжлахад "За буц" гээд цайны савыг өгөв. Тэр Бандидын ловон бол Лувсанцэрэн нэртэй шиг санагдаж байна. Утайд удаан сууж айхтар их юм мэддэг болсон юм гэж дуулсан. Би энэ явдлыг хүнд огт хэлдэггүй байсан.

  48 дахь хоногийн өглөө Богдын  хоригдож байгаа газар очиход хашаагаар дүүрэн тав зургаан машин (форт), олон гамин цуглаад байсан. Цайгаа аваад ортол Богдын дэргэд Жалханз лам, дайчин, жонон ван Цогбадрах, дархан ван Пунцанцэрэн, Ширнэн жонон ван нар байлцав. Шанзав ноён Дашдорж байв. Намайг хараад инээж байв. Бадамдорж байхгүй. Богд одоо гарахаар босох гэж байв. Өнөөх бүрхүүлийн торыг ярсан байна. Богдтой тулж уулзав. "Багшийн (шарилын сүмийн) нярав Жамбал, зоог авчирчээ" гэж айлтгав. Богд "Аа цай авчирч уу? Нааш нь оруул" гэв. Цайг дор нь уув. Би очоод мөргөв. Сахал үс нь их ургажээ. Ер нь шоронд суусан янзтай байсан. "За багштаны шарилын нярав уу? Миний арын жанчийг багш таны нярав аваад сүм дээр хүргэж өгөөрэй" гээд босов. Шар пүүсүү өнгөтэй, улаан үстэй багван жанч нөмөрч байсан хэвээр хана түшиж байсныг татаж авахад торго нь ханатай наалдаж хөлдсөн байв. Торгоны гадар өнгө зулгаагдаж, үлдэж байсан юм. Эд нар байшингийн хоёрдугаар давхраас буухад би саваа бариад, жанчаа мөрөн дээгүүрээ тавиад хойноос нь буусан билээ. Богд тэндээс машинд суугаад олон гамин бас машинаар явж өгөв.

  Урдаас амбан ирээд хоёр хоноод Богдыг шоронгоос гаргасан юм. Тэр 48 хоног болж тохиолдсон юм. Би саваа сүмд орхиод жанчийг аваад голын сүм дээр очиж хоёр давхар байшингийн доод давхарт орж Мөрням тахилчид өгөв. Тэгэхэд хааш хаашаа алд хир дөрвөлжин ширээн дээр хятад боов овоолсныг олон (50-60) идэцгээж байсан юм. "Гамингийн ноёд байна" гэж хэлэв.

  Гамингуудыг тэндээс явахад нь хуй хуйгаар торго, хадагтай барьж өгч байсныг би харсан билээ. Тэр орой Жанцан сойвон, хамба багштаны сойвон тул буцаж ирэв. Богд чамайг "Их тус болов" гэж ярьж байсан гэж ярилаа. Нөгөөдөр нь Жанцан сойвонг Богд дуудуулсанд тэр уяа мориор өглөө 11 цагт яваад 2-3 цагийн үед эргэж ирэхдээ хоёр ембүү, тав таван цэн хоёр алтан бөгж, нэг дээлийн торгыг Богд хайрлалаа гэж авчрав. Жанцан сойвонгоор надад нэг ембүү өгүүлсэн. Тэгээд: "Чи бид хоёр ямба ёсоор яах вэ? Чамд идэж уух юм л хэрэгтэй" гэж хэлүүлсэн юм. Хамт баригдсан бусад хүмүүстээ их юм өгсөн. Жанцан сойвонд хөөрөг, даалин зэрэг их юм өгчээ гэж дуулдсан. "Надад ганц ембүү өгдөг яасан юм бэ?" гэж би гомдож байсан билээ. Тэр цагт бүдүүлэг болохоор би мэдэгдэхгүй явж байсан юм. Хэрэв баригдвал гаминд толгой алдах ажилд оролцож явсан юм. Гэтэл намайг албаар явуулсан гэж үзэж, зөвхөн нэг ембүү өгсөн юм уу гэж үздэг билээ. Богдын дэргэдийн дээд доод албаны хүмүүст ихээхэн зүйлүүдийг өгч байсан юм. За үүнийг тодруулахад тэр хүмүүсийн нэр нь над тодорхой байна. Сүм орон сайн сахиж байсан гэж нэг хүн бүрд 30 лан, дээлийн торго, 50 их хадаг өгч байсан юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 1. 23:05
Зочин

их британичууд манжууртай хар тамхины дайн хийснээс хойш манжын хүч суларсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]