Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Э.Энхбат: Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үгээ л хэлж байсанУншсан158,390

Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ.

Өнөө цагийн улсын начин цолтнуудын манлай, хамгийн жудагтай бөх гэгддэг Булган аймгийн Могод сумын харьяат “Хангарьд” спорт хорооны бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг олон залуус, залуу бөхчүүд үлгэр дууриаллаа болгож, хүндэлж явдаг. Түүний хэвлэлд ярьсан, залуу бөхчүүдэд хэрэгтэй сургамжийн үгсээс хүргэж байна.


-Таны нас 30 гараад явчихлаа. Цолоо ахиулчих боломж хэр байсан бэ?

-Надад начин цолтой дуусахад харамсаад байх зүйл алга. Хэн ч намайг муу начин гэж хэлэхгүй байх. Цолондоо дүүрэн байх сайхан шүү дээ. Том цол авч түрүүлж, үзүүрлэх сайхан л байх. Гэхдээ хүн сайн барилдах нь чухал. Нэг их том цол авчихдаг, унаад байж болохгүй биз дээ. Томдчихсон дээлтэй хүүхэд шиг онцгүй. Би ч өөрийгөө 30 гарчихлаа, хөгширлөө гэж санаад байдаг. Сая наадмаар дунд шөвөгт шалгарсан найман бөхийн зургаа нь манай үеийнхэн байсан шүү. Бас ч гэж юу юугүй зайгаа тавиад өгчих болоогүй ээ, манайхан (инээв).

 

-Ер нь ямар зорилго өвөртөлж бөхийн ертөнцөд орж ирэв. Зорилгодоо хүрч чадсан уу та?

-Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ. Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үг л хэлж байсан. Хожим аваргын үүсгэн багуулсан “Аварга” дээд сургуульд элсч амжилтын гараагаа эхэлж байсан юм даа. Өвөө маань хүүгийнхээ сумын заан болохыг л харчих юмсан гэж хэлдэг байж билээ. Жаахан хүү байхад л би бөх болно гэсэн сэтгэхүй миний ой тойнд суучихсан байсан. Бөхийн спортоор оргилд нь гарна гээд л бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Сумын наадам гэснээс энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Гэр бүлийнхэнтэйгээ сумын наадам үзээд явж байсан олон дурсамж надад бий. Наадмын өглөө аавыгаа дагаад гарна гэдэг аз жаргал шүү дээ. Бага байхдаа хурдны морь их унана. Арай хүнддээд ирэхээрээ бөх үзээд суучихдаг болсон. Ноцолддог болоод ирэхээр наадам илүү гоё. Үеийнхээ залуусаас онцгойрч түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Түрүүлчхээд зогсож байх ч дэндүү сайхан шүү дээ. Наадамчид бүчээд л баяр хүргээд.

-“Бөхийн өргөөн”-ний барилдаануудад хэзээнээс гарч эхэлсэн бэ. Анх ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Жүдогийн бэлтгэл хийнэ. Завсар зайгаар нь заалны барилдаанд гарна. Бүтэн жил аманд гарч унасан байдаг юм. Ёстой нэмэргүй. Том бөхчүүдэд түлхүүлээд л унана. Гэхдээ тэр бүртээ хүн чинь чангараад л байдаг юм билээ. 2003 онд юм уу даа. Хаврын улирлын хаалтын барилдаанд Увсын Эрдэнээгийн Батбаатар харцагыг аймгийн арслан байхад нь өвдөг шороодуулж байлаа. Батбаатар чинь аймаг цэргийн цолтнуудын барилдаанд таван удаа түрүүлчихээд байсан босоо үе нь шүү дээ. Тэр жилээ улсын харцага цол хүртэж байсан санагдаж байна. Аймгийн арслан болж ирчихээд гайгүй үзсэн шүү. Өмнөговийн С.Идэрсүрэн арслантай үлдэж анх удаагаа аймаг цэргийн цолтнуулын барилдаанд түрүүлж байлаа.

-Булганы Энхбат гэж туранхай, нарийхан залуу И.Доржсамуу гарьдаар тав давж улсын начин болж байсныг тань санаж байна. Та начин болохдоо хэдэн кг-ын жинтэй байсан бэ?

-2009 онд шүү дээ. 80 гаруй кг жинтэй залуу улсын начин болж байлаа. Одоо бол захын сумын заан 80 гаруй кг жинтэй болсон. Тэр жил дөрвийн даваанд Г.Элбэг харцагатай оноолт таарч их хүнд барилдаан хийж туг тойрч байлаа. Элбэг харцага ч жин ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладгийг хэлэх үү. Амаргүй байсан шүү.

-Шинэ начин бөхийн өргөөнд бас л шуугиулж байсан шүү дээ?

-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцдог, ачаалалтай бэлтгэл хийдэг, өндөр формтой байлаа шүү дээ. Анх улсын арслан До.Ганхуягийг өвдөг шороодуулж дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлж байлаа.

-Бөх хүн ямар байх ёстой вэ. Танаас үлгэрлэж өгсөж яваа олон залуус бий дээ?

-Энэ их соёлыг өвлөж дараа үедээ залгамжилж үлдээж байгаа. Бидний ах нар зөв үлгэрлэж бидэнд үлдээсэн. Иймээс бид хазгай гишгэх эрхгүй юм даа. Залуу үеийн хүчтэнүүдэд зөв үлгэр дуурайл өвлүүлэх ёстой. Ингэж байж л төгөлдөр их Монгол бөх мөнх оршино шүү дээ. Биеэ зөв авч явж уран сайхан барилдаж олон хүмүүсийг үндэсний бөхрүү татах нь бидний үүрэг гэж боддог. Бөх хүн “Би ингээд дуусч байна, маргааш Монгол бөх ямар байх нь надад хамаагүй” гэж сэтгэж болохгүй. Энэ замаар явж энэ зэрэгт хүрсэн болохоор сайхнаар нь авч явж дараа үедээ үлдээх ёстой гэж боддог юм.

-Бөхөөр хичээллээд та юу хожив. Амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авсан бэ?

-Үндэсний бөх хүн хүндлэх ухаан, тэвчээр хатуужил гээд амьдралд хэрэгтэй бүх л зүйлийг хүнд суулгаж өгдөг дөө. Энэ бүгдийг би үндэсний бөхөөс суралцсан.

-Одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирэх дөхөж байгаа байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Байж болохгүй зүйл. Өнөөдөр допинг хэрэглээд барилдаж буй цөөхөн хүмүүс байгаа. Гэхдээ манай үзэгчид бөхчүүд бүгд хэрэглэж байгаа юм шиг ойлголттой болчихжээ. Хий хоосон хардаад л. Тэр тийм хэрэглэдэг. Тэдэн төгрөг өгөөд хариуг нь аргалчихсан ч гэх шиг. Монгол бөх өнөөдөр арай ийм дээрээ тулаагүй ээ. Бэлтгэлийн сайнаар цол чимэг аваад явж байгаа залуус олон бий. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд сайн мэднэ.

-Гарч ирсэн цагаасаа л “Хангарьд” спорт хороогоор зарлуулж байсан. Одоо хэвээрээ юу?

-Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөгүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв таван компани, байгууллагын нэр дээрээс зэрэг барилдаад байгаа бөхчүүдийг нэг их таашаадаггүй юм. Миний хувьд “UFC” группийн нэр дээрээс барилддаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]